Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00297

 

Н.П, Р.Б, Э.З, Д.Н,

Н.Э, Ц.Б, Б.Э, Ц.Ж,

М.Тнарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01438 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2079 дүгээр магадлалтай,

Н.П, Р.Б, Э.З, Д.Н, Н.Э, Ц.Б, Б.Э, Ц.Ж,М.Тнарын нэхэмжлэлтэй

“М С”ХХК, “ УБ Х Б “ ХХК-д тус тус холбогдох

Барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал, Т.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, Ц.Энхбүрэн нар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2012 онд "Могул таун" ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжид байрлах "Могул таун" хотхоны 1А байрнаас нэхэмжлэгч Н.П306 тоот, Р.Б 406 тоот, Э.З 105 тоот, Д.Н 204 тоот, Н.Э 104 тоот болон ГГ-47, ГГ-48 тоот автозогсоол, Ц.Б 906 тоот орон сууцыг тус тус худалдан авсан байдаг. Гэрээ байгуулах үед байсан 1А байр нь 98 дугаар байр гэсэн дугаартай болж хаягжилтад өөрчлөлт орсон. Нэхэмжлэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлж барагдуулж, одоо уг орон сууцнуудад оршин сууж байгаа. “М С”ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/15 тоот хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, хавсралтаар өөрийн 50 хувийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч “Могул таун” ХХК-ийг хувьцаагаа шилжүүлж хасагдахад нь хувьцаанд ногдох хөрөнгө, төлбөрт тооцон тус хотхоны 1А байрны нэхэмжлэгч нарын дээрх орон сууцнуудыг “Могул таун” ХХК-д шилжүүлсэн байдаг. Үүний дагуу Могул таун ХХК төлбөрт авсан орон сууцнуудаас нэхэмжлэгч нарт худалдан борлуулсан байдаг. Энэ талаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 637 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 621 дүгээр тогтоолд дурдаж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч 6 иргэнийг уг орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Э, Ц.Ж нарын хувьд Хан-Уул дүүрэг, 11 хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 907 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-02 тоот автомашины зогсоолыг анх иргэн Ц.Одонгийн “М С”ХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээг харилцан тохиролцож эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч, улмаар 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “М С”ХХК-тай Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг шинэчлэн байгуулж, худалдан авсан. Нэхэмжлэгч нар гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3828 дугаар шийдвэрээр Б.Э, Ц.Ж нарыг уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалган шийдвэрлэсэн. Иргэн бидний хувьд иргэн Ц.Одонгийн “М С”ХХК-тай байгуулсан гэрээг шилжүүлэн авсан бөгөөд уг гэрээ нь “ УБ Х Б “ болон “М С”ХХК-ийн хооронд байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-нээс өмнө байгуулагдсан байхаас гадна тухайн үед “М С”ХХК нь бидэнд дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаатай талаар огт мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрээр дээрх орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Б.Э, Ц.Ж нарыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож баталгаажуулсан. “М С”ХХК нь зохих этгээдийн зөвшөөрлийг авч барьцааны гэрээ байгуулах ёстой байтал мэдэгдээгүй хийсэн байх тул дээрх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус юм. НэхэмжлэгчМ.Тнь “М С”ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, мөн 2013 оны 09 дүгээр сарын 04, 23-ны өдөр тус тус “Нэмэлт гэрээ”-г байгуулан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны 207 тоотод байрлах, 100.53 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ-2-55 автомашины зогсоолуудын хамт хариуцагчаа худалдаж авсан. Улмаар гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3949 дугаар бүхий шийдвэрээр түүнийг уг орон сууц автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон. Уг шийдвэрийн дагуу Улсын бүртгэлд хандсан боловч бүртгэхээс татгалзсан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, бүртгэлийн байгууллагыг бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт заасны дагуу “М С”ХХК болон “ УБ Х Б “ны хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/110727 тоот зээлийн барьцааны гэрээнээс дээрх иргэдийн өмчлөлийн хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцсоноор уг гэрээнд зарчмын өөрчлөлт орохгүй, уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд “М С”ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бусад эд хөрөнгөөс гаргуулах боломжтой гэж үзэж байна. Иймд “ УБ Х Б “ Могул СкайХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/110727 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нээс нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсангийн гудамж Могул таун хотхон 98 дугаар байрны 306, 406, 105, 204, 104, 907, 207, 906 тоот орон сууц, ГГ-47, ГГ-48, 1А-02,1А-09, ГГ-2-55 тоот автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М С”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М С”ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Могул таун” нэртэй 315 айлын орон сууцны хотхон байгуулж байгаагаа тайлбарлаад тус хотхоны 1А байрны барилгад шаардлагатай 2,5 тэрбум төгрөгийн хэмжээтэй барилгын санхүүжилтийн зээл “ УБ Х Б “наас зээл хүссэн. Улмаар “ УБ Х Б “тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун хотхоны 17025, Ар зайсангийн 1А байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга уг хаягт байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй автомашины зогсоолыг барьцаалсан. Тухайн үед 1А барилгад арматур нийлүүлэхээр санал ирүүлсэн "МҮХК" ХХК “ УБ Х Б “тай тохиролцон зуучилж 2,5 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж өгсөн бөгөөд зээлийн гэрээнд “Зээлдэгч зээлийг арматур худалдан авахад ашиглана.” гэж зааснаас маргааны үндэслэл үүссэн юм. Энэ заалтаар гэрээний талуудын чөлөөт байдлыг алдагдуулж, улмаар төлөвлөсөн ажлыг алдагдуулж зээлээ эргэн төлөх чадварыг доройтуулснаар өнөөдрийн энэ байдал үүсэх шалтгаан болсон. Гэхдээ манай компанийн зүгээс “ УБ Х Б “тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэх ёстойг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрсдийн бүх боломжоо ашиглан зээлээс тодорхой хэсгийг төлсөн байгаа. Түүнчлэн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар өөрсдөөс шалтгаалах бүхий л бололцоогоо судалж арга хэмжээ авч ажиллаж байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд дээрх дуусаагүй барилгыг барьцаалсан талаар нэхэмжлэгч иргэд мэдээгүй. Уг 98 дугаар байр нь 3564 мкв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын Ү-2206018350 дугаарт “М С”ХХК-ийн өмчлөлд 2011 оны 6 дугаар сард бүртгэгдсэн бөгөөд манай компани өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд банкны барьцаанд барьцаалж зээл авсан. Энэ үйлдлээрээ нэхэмжлэгч иргэдийн өмчлөх эрхэд хохирол учруулж тэдний хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй. Зээлийн гэрээний үүргийг манай компани өөрөө арилган биелүүлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид банкнаас нийт 3,5 тэрбум төгрөгийг зээлж, энэ хугацаанд 3,3 тэрбум орчим төгрөгийг төлсөн. Ингэж зээлийг төлж байгаа мөнгө нь иргэдийн захиалгаар бариулах гэрээний дагуу мөнгө орж ирж байгаа явдал байсан. Уг барилга дан ганц банкны хөрөнгөөр бүтээгүй, иргэдийн мөнгөн хөрөнгө орсон хөрөнгө. Одоо зээлээс 1,8 тэрбум төгрөг дутуу байгаа. Дээрх 98 дугаар барилгыг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч 100 хувийн гүйцэтгэлтэй болсноор барилгын үнэ их хэмжээгээр нэмэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 24 орчим тэрбум төгрөгийн үнэтэй гэж тогтоосон. Гэтэл банк 2 тэрбум төгрөгийг 24 тэрбум төгрөгийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа нь орон сууцыг худалдан авсан оршин суугчдын эрхийг хөндөж байгаа. Анх 98 дугаар байрыг 83 айлын орон сууц байхаар тооцоолж банкны зээлийн барьцаанд барьцаалсан ч улсын комисст хүлээлгэн өгөхөд 93 айлын орон сууц болсон нь үнэн. ГГ-2-55 тоот авто зогсоол нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт барьцааны гэрээнд заагдсан 80 хувийн гүйцэтгэлтэй байсан авто зогсоолд хамаарч байна. Бусад авто зогсоол болон орон сууцнууд нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн барьцааны зүйл мөн гэжээ.

Хариуцагч “ УБ Х Б “ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ УБ Х Б “ ХХК нь “М С”ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Могул таун” хотхоны 17025 Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан “М С”ХХК нь 2011 онд нийт 3,5 тэрбум төгрөгийг зээлсэн ч үүргээ гүйцэтгээгүй тул шүүхэд хандсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “М С”ХХК-иас 2 055 460 140 төгрөг гаргуулж манай банкинд олгохоор, хэрэв шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох орон сууц, авто зогсоол зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэдгийг шүүх дүгнэсэн байгаа. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш 190 орчим сая төгрөг төлөгдөж, одоо 1,8 тэрбум төгрөгийг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. “ УБ Х Б “ “М С”ХХК-тай барьцааны гэрээг байгуулахдаа 30 хувийн дуусаагүй барилга, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, мөн хаягт байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт бүхэлд нь барьцаалж энэ тухай гэрээндээ тусган, бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Нэхэмжлэгч нарын тухайд барьцааны гэрээ байгуулагдснаас хойш худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдсан байна. Түүнчлэн нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хэзээ хэрэгжиж эхлэх талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэрт тодорхой дурдсан тул хүчин төгөлдөр шийдвэртэй, шийдвэрлэгдсэн асуудал. Өөрөөр хэлбэл “М С”ХХК төлбөрөө төлж дуусган барьцаанаас хөрөнгийг чөлөөлснөөр нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хэрэгжиж эхлэх талаар дүгнэсэн байгаа. Бид барьцаанд авахдаа уг хөрөнгөд үүрэг ногдуулсан эсэхийг бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч, ямар ч үүрэг ногдоогүй гэдгийг мэдсэний үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Мөн Зээлдэгч “М С”ХХК-иас зээлийн гэрээг байгуулснаас хойш 3,3 тэрбум төгрөг төлсөн ч зээлийн төлөлт хийгдэхэд гүйлгээний утгад иргэдийн нэр тухайлан зааж орж ирдэггүй байсан тул үүнийг банк мэдэх боломжгүй. Иймд барьцааны эрх нь өмчлөх эрхээс түрүүлж үүссэн, барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01438 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Улаанбаатар банк, “М С”ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ний 3.9-д заасан барьцаа хөрөнгөнөөс нэхэмжлэгч Б.Э, Ц.Ж нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 98 дугаар байрны 907 тоот орон сууц, 1А-02 тоот авто зогсоолд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.П, Р.Б, Э.З, Д.Н, Н.Э, М.Төрмөнх, Ц.Б нарын мөн байрны 306, 406, 105, 204, 104, 207; 906 тоот орон сууц, ГГ-47, ГГ-48, 1А-09 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлээс ГГ-2-55 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8267 451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25 033 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Төрмөнхөд, дутуу төлсөн 112 462 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э, Ц.Ж нараас гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч “М С”ХХК, “ УБ Х Б “наас 8 242 380 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н.Пд 912 150 төгрөг, Р.Бд 786 450 төгрөг, Э.Зд 844 941 төгрөг, Д.Нт 924 150 төгрөг Н.Эт 1 532 250 төгрөг, Б.Э, Ц.Ж нарт 1 315 962 төгрөг, М.Төрмөнхөд 1 165 167 төгрөг, Ц.Бт 761 310 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2079 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “М С”ХХК, “ УБ Х Б “ ХХК-д холбогдуулан барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэгч Н.П, Р.Б, Э.З, Д.Н, Н.Э, Ц.Б, Б.Э, Ц.Ж,М.Тнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ УБ Х Б “ ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 121 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №2079 дугаар магадлалын эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. 1. Магадлалын хянавал хэсэгт “...М.Төрмөнхийн өмчлөлийн ГГ-2-55 тоот авто зогсоол ороогүй бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл мөн гэж үзсэн болно” гэжээ. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь “ УБ Х Б “ болон “М С”ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/110727 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээс нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууц болон автомашины зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан билээ. Хариуцагч “ УБ Х Б “ болон “М С”ХХК-ийн тайлбарлаж байгаагаар “ УБ Х Б “ болон “М С”ХХК-ийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2,5 тэрбум төгрөгийн зээлийн болон зээлийн барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин 1 тэрбум төгрөгийн нэмэлт зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг. Нэмэлт зээлийн гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж Г95 тоот авто машины зогсоолын зориулалттай барилгын 80%-ийн дуусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан. Иргэн М.Т-ийн өмчлөлийн ГГ-2-55 дугаар авто зогсоол нь дээрх Г95 тоот авто зогсоолд хамаардаг болно. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.06.09-ний №183/Ш32017/06582 дугаар захирамжаар ““ УБ Х Б “, “М С”ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээнээс өөр үүрэг ногдуулсан бүртгэл бий эсэх, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт зээлийн гэрээний үүрэг уг хөрөнгөнд хамаарч бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг, холбогдох баримтын хамт гаргуулахаар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалган” холбогдох баримтыг гаргуулсан. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №836 дугаар албан бичгээр “М С”ХХК “ УБ Х Б “тай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ0001/110727 тоот барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй. Өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдээгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн болно. Өөрөөр хэлбэл “ УБ Х Б “ болон “М С”ХХК-ийн хороонд байгуулсан 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин 1 тэрбум төгрөгийн нэмэлт зээлийн болон барьцааны гэрээтэй холбоотой бүртгэл хийгдээгүй байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийн заана” гэж, 156.3-д “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлага хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан. Иймээс нэмэлт зээлийн барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд нэмэлт зээлийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус тул уг гэрээний зүйл болох Г95 тоот авто машины зориулалттай барилгад хамаарах иргэн М.Т-ийн өмчлөлийн ГГ-2-55 гоот авто зогсоол нь барьцааны зүйл биш юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг судлалгүй, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй тул дээрх дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2. Магадлалын хянавал хэсэгт “...Б.Э, Ц.Ж нарын 98 дугаар байрын 97 тоот орон сууц, 1А-02 тоот авто зогсоол ... нь тус тус барьцааны зүйл гэж тодорхойлогдоогүй тул барьцааны зүйл болохгүй юм” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Хэдийгээр давж заалдах шатны шүүхээс иргэн Б.Э, Ц.Ж нарын өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг “ УБ Х Б “болон “М С”ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний зүйл болохгүй гэж дүгнэж байгаа ч гэсэн эдгээр иргэдийн орон сууц болон авто зогсоолын бүртгэлтэй асуудалд дүгнэлт өгөөгүй. Хавтаст хэрэгт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн № 1/4194 дугаар албан бичиг авагдсан бөгөөд уг албан бичгээр “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 3828 тоот шийдвэрт барьцааны эрх нь “М С”ХХК-д үлдэх үү, иргэн Ц.Ж, Б.Э нарын өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгөнд хэвээр хадгалагдах уу гэдгийг шийдвэрлээгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу барьцааны эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль журмыг зөрчөөгүй байна” гэсэн. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн газарт иргэн Ц.Ж, Б.Э нарын өмчлөлийн орон сууц болон авто зогсоол нь “ УБ Х Б “ны барьцааны бүртгэлд бүртгэлтэй байгаа учраас шүүхэд хандан өөрийн өмчлөлийн эд хөрөнгөнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс уг асуудалд дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №2079 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал хяналтын гомдолдоо: Н.Пнарын 5 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 2079 тоот магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дор дурьдсан гомдлыг гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүх иргэдийн захиалан бариулах гэрээгээр худалдан авсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсангийн гудамж Могул таун хотхон /17025/, Ар зайсангийн гудамж 98 байрны орон сууцнууд нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4- д заасны дагуу “ УБ Х Б “ны зээлийн барьцаанд бүртгэгдээгүй байна гэж үзэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. 2. Шүүх нь хэдийгээр тухайн орон сууцны барьцааны асуудлыг хуульд нийцүүлж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгч Н.Эын 2012 оны 11 сарын 16 өдрийн 1А/04 тоот захиалан бариулах гэрээг худалдан авсан өмчлөгчөөр тогтоогдсон ГГ-47, ГГ-48 тоот авто зогсоолууд нь хууль ёсоор “ УБ Х Б “ны барьцаанд байна. Н.Э нь тухайн авто зогсоолын эрхийн бүртгэлийг шалгах үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон ЭХӨЭТХЭХБЭУБ-ийн тухай хуульд эрхийг бүртгэлийг шалгахаар үүрэгжүүлсэн зохицуулалт байхгүй, тухайн авто зогсоолууд нь дангаар өмчлөх талбайн хэсгээр улсын бүртгэлд нэг бүрчлэн бүртгэгдээгүй байсан болно. 3. Нөгөө талаас тухайн авто зогсоолуудын өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр 3 шатны шийдвэр байсаар атал өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур түүнд мэдэгдэхгүйгээр Улаанбаатар банкны барьцааг хангахыг Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16/ 3 хэсэг болон Иргэний хуулийн 101.1 болон 101.6-д заасан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсангийн гудамж Могул таун хотхон /17025/, Ар зайсангийн гудамж 98 байрны зоорийн давхарын ГГ-47, ГГ-48 тоот зогсоолуудыг “М С”ХХК болон “ УБ Х Б “ хоорондын 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/110727 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нээс чөлөөлөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ УБ Х Б “ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргал хяналтын гомдолдоо: Иргэн Н.Пнарын нэхэмжлэлтэй “М С”ХХК, “ УБ Х Б “анд холбогдох иргэний хэрэгт 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №2079 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дараах байдлаар гомдол гаргаж байна. 1. Хянавал хэсэгт (10-р талын эхний догол мөр) “...Дээр дурдсан хоёр барьцааны гэрээнд барьцаалагч болон барьцаалуулагч нарын тохиролцсон орон сууцны барилгын болон 80 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолын ирээдүйд бий болох гүйцэтгэл нь бодитоор бий болсон боловч барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар “ УБ Х Б “ХХК нь барьцааны гэрээний дагуу ирээдүйд бий болох гүйцэтгэлээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шаардах эрх үүсээгүй байна...” хэмээн тайлбарлаж байгаа нь хууль буруу тайлбарласан тухайд: А. Тус заалтыг үндэслэн хянавал хэсэгтээ шаардах эрхгүй хэмээн дурдаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан иргэн Н.П/306 тоот/, Р.Б /406 тоот/, Э.З /105 тоот/, Д.Н /204 тоот/, Ц.Б /906 тоот/, Н.Э /104 тоот/ нарын өмчлөгчөөр тогтоолгосон 2016 оны 01-р сарын 22-ны Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт (шийдвэрийн 11-р талын 2 дахь догол мөр) “...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах талаар заасан байх бөгөөд 28.1-д “Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосноор “ УБ Х Б “ны барьцааны шаардлага хэвээр хадгалагдах ба хариуцагч “М С”ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлж, дээрх орон сууцуудыг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгч нар нь эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болохыг дурдав гэж заасан байдаг. Энэ шийдвэрт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн (“ УБ Х Б “) гомдлыг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №637 дугаар магадлал, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №001/ХТ2016/00621 дугаар тогтоолоор Анхан шатны шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээсэн ба тогтоолын хянавал хэсэгт (тогтоолын 9-р талын 4 дэх догол мөр) “...Нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосноор “ УБ Х Б “ны барьцааны шаардлага хэвээр хадгалагдах тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй...” хэмээн дүгнэсэн. Мөн нэхэмжлэгчдийн зүгээс тус барьцааны эрх “ УБ Х Б “инд хадгалагдаж үлдэх талаар дурдсан асуудалд ямар нэгэн байдлаар гомдсон үгүйсгэсэн нэг нөхцөл байдаггүй уг асуудлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №4010 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт (шийдвэрийн 10 дугаар талын сүүлийн 2 догол мөр) “...Харин барьцаанд бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 17025, Ар зайсангийн 98, 1А байрны 306, ...406,105, 204, 906, 104, ... тоот орон сууцыг бусдад шилжүүлсэн гэрээг хүчингүй болгохыг хүссэн шаардлагыг хангах боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан 40 орон сууцны гэрээ нь Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх гарчигтай ч гэрээний агуулга, нөхцөл, үндсэн шинж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх ба мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг учиртай. (шийдвэрийн 11 дүгээр талын 1 дэх догол мөр) “Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан 40 орон сууцны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй” гэж тус тус дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна. Гэтэл Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны 2079 дугаар магадлалын хянавал хэсэгт үндэслэж буй дээрх заалт нь хуулийг илтэд буруу тайлбарласан болох нь харагдаж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаас үзэхэд нэгэнт өмчлөгчөөр тогтоосон шийдвэр, магадлал, тогтоолд барьцааны эрх хөндөгдөхгүй талаар тусгасан нэхэмжлэгч нь ил асуудлаар ямар нэгэн гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн нотлох баримт хэрэгт авагдсаар байтал давж заалдах шатны шүүхээс барьцааны эрх үүсээгүй байна хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нөхцөл байдал байна. Б. Дээрх заалтын дагуу иргэн Б.Э /907 тоот/,М.Т/207 тоот/ нарын хувьд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №4010 дугаар шийдвэрийн ( 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №13 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор хүчин төгөлдөр болсон) үндэслэх хэсэгт (шийдвэрийн 10 дугаар талын сүүлийн 2 догол мөр) “...Харин барьцаанд бариулсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 17025, Ар зайсангийн 98, 1А байрны ..., 907, ...207, ... тоот орон сууцыг бусдад шилжүүлсэн гэрээг хүчингүй болгохыг хүссэн шаардлагыг хангах боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан 40 орон сууцны гэрээ нь Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх гарчигтай ч гэрээний агуулга, нөхцөл, үндсэн шинж нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байх ба мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг учиртай. (шийдвэрийн 11 дүгээр талын 1 дэх догол мөр) “Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан 40 орон сууцны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй” гэж тайлбарласан байдаг. Үүнээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнд тогтоогдсон нотлох баримтыг үгүйсгэж дахин нотлох замаар үндэслэж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Хянавал хэсэгт (10 дугаар тал 3 дахь догол мөр) “...Дээр дурдсан орон сууц болон 80 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг барьцаалсан хоёр барьцааны гэрээнд шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоогдсон нэхэмжлэгч Н.Пын 98 дугаар байрны 306 тоот орон сууц, Р.Бгийн мөн байрны 406 тоот орон сууц, Э.Згийн мөн байрны 105 тоот орон сууц, Д.Нийн мөн байрны 204 тоот орон сууц, Ц.Бын мөн байрны 906 тоот орон сууц, Н.Эын мөн байрны 104 тоот орон сууц, Б.Э, Ц.Ж нарын 98 дугаар байрны 907 тоот орон сууц, 1А-02 тоот авто зогсоол, М.Т-ийн мөн байрны 207 тоогп орон сууц, 1А-09 тоот авто зогсоол тус тус барьцааны зүйл гэж тодорхойлогдоогүй тул барьцааны зүйл болохгүй юм” хэмээн хянавал хэсэгт үндэслэсэн нь хууль зөрчсөн тухайд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт (шийдвэрийн 11-р талын 2 дахь догол мөр), Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёр дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №4010 дугаар шийдвэрийн (2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №13 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор хүчин төгөлдөр болсон) үндэслэх хэсэгт (шийдвэрийн 10 дугаар талын сүүлийн 2 догол мөр, 11 дүгээр талын 1 дэх догол мөр, Тогтоох хэсгийн 3 дахь хэсэг) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дээрх хөрөнгүүд нь барьцаанд байгааг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд тус тус тайлбарлан дүгнэсэн байдаг. Дээрх хянавал хэсэгт дүгнэсэн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс нэгэнд тогтоогдсон буюу дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан барьцааны эрх хэвээр хадгалагдаж байгаа талаар дурдсаар байтал дурдаагүй хэмээн тайлбарлаж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй дүгнэлт хийсэн байна. Ер нь захиалгын гэрээ хэзээ байгуулагдснаас хамааран барьцааны гэрээ хүчинтэй эсэх талаар үнэлэлт өгөх, Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгүүдийг нэхэмжлэлийн шаардлагад хамаарна гэж тайлбарлаж байгаа нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх /ИХ 183/ суурь зарчим, эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр байх тухай зохицуулалт /ИХ 110.1/-ыг тус тус буруу тайлбарлаж байгаа явдал гэж үзэж байна. Мөн уг маргаанд барьцаалуулагч этгээдийн буруугаас барьцаалагч-арилжааны банк, нөгөө талд захиалгын гэрээ байгуулсан иргэдийн ашиг сонирхолд үүссэн зөрчлийн үр дагаварыг зориуд иргэдэд бус 1 арилжааны банкинд хариуцуулах нь илүү зүйтэй гэж үзсэн субъектив шийдэл нь шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэлүүдээ хожим бий болгосон гэх эргэлзээ байгаагаа ч энд дурдая. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №2079 дугаар магадлалын хянавал хэсэгт дурдсан барьцааны зүйлтэй холбоотой дүгнэлтийг өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн дүгнэлтийг зөвтгөж, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчид мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч “ УБ Х Б “ны гомдлыг хангах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.П, Р.Б, Э.З, Д.Н, Н.Э, Ц.Б, Б.Э, Ц.Ж,М.Тнар нь хариуцагч “М С”ХХК, “ УБ Х Б “ ХХК-д тус тус холбогдуулан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээний ...өөрсдийн өмчлөлийн орон сууц, автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “М С”ХХК маргаагүй, харин хариуцагч “ УБ Х Б “ ХХК зөвшөөрөөгүй байна.

Нэг хариуцагчид холбогдох хэд хэдэн нэхэмжлэгч нарын хэргийг нэгтгэсэн шүүхийн ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 68 дугаар зүйлийн 68.3 дах хэсгийг зөрчөөгүй байна.

Хариуцагч “М С”ХХК болон “ УБ Х Б “ ХХК-ийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, “М С”ХХК нь өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын 30 хувийн гүйцэтгэлийг болон уг барилгын ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, мөн хаягт байрлах Г97 тоот автомашины зогсоолын зориулалттай барилгын 95 хувийн гүйцэтгэлийг, ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүний дараа 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барьцааны нэмэлт гэрээ байгуулж, ...дээр дурдсан хаягт байрлах Г95 тоот автозогсоолын зориулалттай барилгын 80 хувийн гүйцэтгэлийг, ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан агуулгатай гэрээ бичгээр байгуулагджээ.

Барьцааны зүйлд нэхэмжлэгч нарын  өмчлөлийн орон сууц, автозогсоол  багтсан тул тэдгээрийн эрх ашиг хөндөгдсөн, зохигчид барьцааны гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр эсэх, барьцааны зүйлээс эд хөрөнгийг  чөлөөлөх эсэх талаар мэтгэлцсэн байхад  давж заалдах шатны шүүх  зохигчдын мэтгэлцээгүй асуудлаар буюу “...нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй, тэдгээрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө барьцааны зүйл болоогүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Зээлийн үүргийг хангуулах зорилгоор байгуулсан барьцааны гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын 30 хувийн гүйцэтгэл бүхий эд хөрөнгийн өмчлөгч,  мөн хаягт байрлах Г97 тоот автомашины зогсоолын зориулалттай 95 хувийн гүйцэтгэл бүхий барилгын өмчлөгч “М С”ХХКомпани болох нь улсын бүртгэлийн Ү-2206018351, Ү-2206018350 тоот гэрчилгээгээр тогтоогджээ.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.”гэж заасан тул “ УБ Х Б “ бүртгэлийн агуулгыг үнэн зөв гэж тооцох эрхтэй байна. Иймд “ УБ Х Б “ ХХК зээл олгохдоо зээлдэгчийн өмчлөлд бүртгэлтэй дээрх эд хөрөнгийг барьцаалсан нь хууль зөрчөөгүй бөгөөд ипотекийг шударгаар олж авсан байна.

Нөгөө талаар “М С”ХХКомпани зээлийн үүрэгт баталгаа болгож, дээрх үл хөдлөх хөрөнгөд ипотекийн үүрэг ногдуулсан тул уг эд хөрөнгө барьцааны эрхээр хязгаарлагдсан хөрөнгө болжээ. Улмаар барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны үүрэг хэвээр үлдэх үр дагавартай байна.

Нэхэмжлэгч Н.П2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны үнэ 150 840 000 төгрөгийг төлсөн, Р.Б 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж орон сууцны үнэ 125 700 000 төгрөгийг төлсөн, Г.Санчир,Э.З нар 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, 137 398 200 төгрөгийг төлсөн, Д.Н 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулж 153 240 000 төгрөгийг төлсөн, Н.Э 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулж 274 860 000 төгрөгийг төлсөн, Б.Э, Ц.Ж нар 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, Т.М.Т2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, орон сууцны үнийг төлсөн байна.

“М С”ХХКомпани эдгээр нэхэмжлэгч нарт орон сууцыг худалдахаас өмнө 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг зээлийн үүрэгт барьцаалсан байх ба  нэхэмжлэгч нарын зүгээс эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэл, эд хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэл бий эсэхийг бүртгэлийн байгууллагаас лавлаагүйгээс, нөгөө талаар худалдагч этгээдийн зүгээс барьцааны үүрэг байгаа талаар мэдээлэл өгөөгүйгээс нэхэмжлэгч нар хязгаарлагдмал эрхтэй эд хөрөнгийг худалдан авсан байдал тогтоогджээ. Нэхэмжлэгч нарын хувьд эрх ашгаа хамгаалах хуулийн боломж нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан бүртгэл үнэн зөв эсэхийг шалгаж, нягтлах, эд хөрөнгийн эрхийн талаар тэмдэглэгээ бий эсэхийг шалгаж үзэх явдал байжээ.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д зааснаар барьцааны зүйл нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх, түүнчлэн ирээдүйд бий болох хөрөнгө байна. Барьцааны зүйл нь дутуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгөөс гадна ирээдүйд хийгдэх гүйцэтгэл буюу үл хөдлөх хөрөнгө байгаа нь хууль зөрчөөгүй байна.

“М С”ХХК болон “ УБ Х Б “ ХХК-ийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний зүйл нь 3564 мкв талбай бүхий 81 айлын орон сууц , 2717 мкв талбай бүхий авто зогсоол тул эдгээр эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны үүрэг эд хөрөнгийн хамт хэвээр шилжинэ.

Тухайн барилгын дангаар өмчлөх орон сууц дугаарлагдаж, өмчлөгч өөрчлөгдсөн байдал нь  барьцааны гэрээнд нөлөөлөхгүй бөгөөд ...нэхэмжлэгч Н.Пын өмчлөлийн 98 дугаар байрны 306 тоот, Р.Баясгалангийн өмчлөлийн 406 тоот, Э.Згийн өмчлөлийн 105 тоот, Д.Нийн өмчлөлийн 204 тоот  Н.Эын өмчлөлийн 104 тоот, Ц.Бын өмчлөлийн 906 тоот орон сууц, Б.Э, Ц.Ж нарын өмчлөлийн 907 тоот орон сууц, 1А-02 тоот автозогсоол, М.Төрмөнхийн өмчлөлийн 207 тоот орон сууц, 1А-09 тоот автозогсоол нь тус тус барьцааны зүйл гэж тодорхойлогдоогүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 166 дугаар зүйлийн 1661.1-д заасан зохицуулалтыг зөрчжээ.

Барьцааны гэрээнд дутуу баригдсан барилгаас гадна ирээдүйд хийгдэх гүйцэтгэл буюу барилгыг барьцаалсан тул барилга баригдаж, улсын комисс 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан байдлаар, ...дээрх орон сууц, автозогсоол нь барьцааны зүйлд багтсан болно.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “М С”ХХКомпаниас 2.055.460.140 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул таун хотхоны 17025, Ар Зайсангийн 98 тоот барилга, мөн хаягт байрлах Г97 тоот, автомашины зогсоол, Г95 тоот барилга, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 29 дүгээр байрны 37 тоот орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны 221 тоот орон сууц, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 143 дугаар байрны зоорийн давхрын 6 тоот нэг автомашины зогсоол зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2079 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 70 200 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 270 450 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 382 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “ УБ Х Б “ ХХК хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЦАГААНЦООЖ 

                     ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА