Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2079

 

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2017/02079

 

 

 

Н.П, Р.Б, Э.З, Д.Н, Н.Э, Ц.Б, Б.Э, Ц.Ж, М.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01438 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.П, Р.Б, Э.З, Д.Н, Н.Э, Ц.Б, Б.Э, Ц.Ж, М.Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МС” ХХК, “УХБ” ХХК-д тус тус холбогдох,

 

Барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн “УХБ” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхбадрал, Ц.Цэрэнжаргал

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: З.Сүхбаатар

Хариуцагч “МС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхбүрэн, С.Ичинхорлоо

Хариуцагч “УХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, Э.Жаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар 2012 онд "МТ" ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамжид байрлах "МТ" хотхоны 1А байрнаас нэхэмжлэгч Н.П 306 тоот, Р.Б 406 тоот, Э.З 105 тоот, Д.Н 204 тоот, Н.Э 104 тоот болон ГГ-47, ГГ-48 тоот автозогсоол, Ц.Б  906 тоот орон сууцыг тус тус худалдан авсан байдаг. Гэрээ байгуулах үед байсан 1А байр нь 98 дугаар байр гэсэн дугаартай болж хаягжилтад өөрчлөлт орсон. Нэхэмжлэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлж барагдуулж, одоо уг орон сууцнуудад оршин сууж байгаа.

“МС” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 11/15 тоот хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, хавсралтаар өөрийн 50 хувийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигч "МТ" ХХК-ийг хувьцаагаа шилжүүлж хасагдахад нь хувьцаанд ногдох хөрөнгө, төлбөрт тооцон тус хотхоны 1А байрны нэхэмжлэгч нарын дээрх орон сууцнуудыг "МТ" ХХК-д шилжүүлсэн байдаг.

Үүний дагуу “МТ” ХХК төлбөрт авсан орон сууцнуудаас нэхэмжлэгч нарт худалдан борлуулсан байдаг. Энэ талаар Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 637 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 эны 05 дугаар сарын 31-ний өдрийн 621 дүгээр тогтоолд дурдаж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч 6 иргэнийг уг орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч Б.Э, Ц.Ж нарын хувьд Хан-Уул дүүрэг, 11 хороо, Ар зайсан гудамж, МТ хотхоны 98 дугаар байрны 907 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-02 тоот автомашины зогсоолыг анх иргэн Ц.О-гийн “МС” ХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан гэрээг харилцан тохиролцож эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авч, улмаар 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “МС” ХХК-тай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г шинэчлэн байгуулж, худалдан авсан. Нэхэмжлэгч нар гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдаг.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3828 дугаар шийдвэрээр Б.Э, Ц.Ж нарыг уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгэхийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалган шийдвэрлэсэн.

Иргэн бидний хувьд иргэн Ц.О-гийн “МС” ХХК-тай байгуулсан гэрээг шилжүүлэн авсан бөгөөд уг гэрээ нь УХБ болон “МС” ХХК-ийн хооронд байгуулсан "Зээлийн барьцааны гэрээ"-нээс өмнө байгуулагдсан байхаас гадна тухайн үед “МС” ХХК нь бидэнд дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаатай талаар огт мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрээр дээрх орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр Б.Э, Ц.Ж нарыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож баталгаажуулсан. “МС” ХХК нь зохих этгээдийн зөвшөөрлийг авч барьцааны гэрээ байгуулах ёстой байтал мэдэгдээгүй хийсэн байх тул дээрх барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус юм.

Нэхэмжлэгч М.Төрмөнх нь “МС” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ", мөн 2013 оны 09 дүгээр сарын 04, 23-ны өдөр тус тус "Нэмэлт гэрээ"-г байгуулан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Ар зайсан гудамж, МТ хотхоны 98 дугаар байрны 207 тоотод байрлах, 100.53 мкв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-9, ГГ-2-55 автомашины зогсоолуудын хамт хариуцагчаа худалдаж авсан. Улмаар гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3949 дугаар бүхий шийдвэрээр түүнийг уг орон сууц автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон. Уг шийдвэрийн дагуу Улсын бүртгэлд хандсан боловч бүртгэхээс татгалзсан тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, бүртгэлийн байгууллагыг бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт заасны дагуу “МС” ХХК болон УХБны хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/110727 тоот зээлийн барьцааны гэрээнээс дээрх иргэдийн өмчлөлийн хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцсоноор уг гэрээнд зарчмын өөрчлөлт орохгүй, уг гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд “МС” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бусад эд хөрөнгөөс гаргуулах боломжтой гэж үзэж байна.

Иймд УХБ “МС”ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №ЗБГ0001/110727 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-нээс нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ар Зайсангийн гудамж МТ хотхон 98 дугаар байрны 306, 406, 105, 204, 104, 907, 207, 906 тоот орон сууц, ГГ-47, ГГ-48, 1А-02, 1А-09, ГГ-2-55 тоот автозогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “МС” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд "МТ" нэртэй 315 айлын орон сууцны хотхон байгуулж байгаагаа тайлбарлаад тус хотхоны 1А байрны барилгад шаардлагатай 2,5 тэрбум төгрөгийн хэмжээтэй барилгын санхүүжилтийн зээл УХБнаас зээл хүссэн.

Улмаар УХБтай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо МТ хотхоны 17025, Ар зайсангийн 1А байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга уг хаягт байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй автомашины зогсоолыг барьцаалсан.

Тухайн үед 1А барилгад арматур нийлүүлэхээр санал ирүүлсэн "МҮХК" ХХК УХБтай тохиролцон зуучилж 2,5 тэрбум төгрөгийн зээлийг гаргуулж өгсөн бөгөөд зээлийн гэрээнд "Зээлдэгч зээлийг арматур худалдан авахад ашиглана." гэж зааснаас маргааны үндэслэл үүссэн юм. Энэ заалтаар гэрээний талуудын чөлөөт байдлыг алдагдуулж, улмаар төлөвлөсөн ажлыг алдагдуулж зээлээ эргэн төлөх чадварыг доройтуулснаар өнөөдрийн энэ байдал үүсэх шалтгаан болсон.

Гэхдээ манай компанийн зүгээс УХБтай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэх ёстойг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрсдийн бүх боломжоо ашиглан зээлээс тодорхой хэсгийг төлсөн байгаа. Түүнчлэн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар өөрсдөөс шалтгаалах бүхий л бололцоогоо судалж арга хэмжээ авч ажиллаж байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд дээрх дуусаагүй барилгыг барьцаалсан талаар нэхэмжлэгч иргэд мэдээгүй.

Уг 98 дугаар байр нь 3564 мкв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын Ү-2206018350 дугаарт “МС” ХХК-ийн өмчлөлд 2011 оны 6 дугаар сард бүртгэгдсэн бөгөөд манай компани өөрийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхийн хүрээнд банкны барьцаанд барьцаалж зээл авсан.

Энэ үйлдлээрээ нэхэмжлэгч иргэдийн өмчлөх эрхэд хохирол учруулж тэдний хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй. Зээлийн гэрээний үүргийг манай компани өөрөө арилган биелүүлэх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид банкнаас нийт 3,5 тэрбум төгрөгийг зээлж, энэ хугацаанд 3,3 тэрбум орчим төгрөгийг төлсөн.

Ингэж зээлийг төлж байгаа мөнгө нь иргэдийн захиалгаар бариулах гэрээний дагуу мөнгө орж ирж байгаа явдал байсан. Уг барилга дан ганц банкны хөрөнгөөр бүтээгүй, иргэдийн мөнгөн хөрөнгө орсон хөрөнгө. Одоо зээлээс 1,8 тэрбум төгрөг дутуу байгаа.

Дээрх 98 дугаар барилгыг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч 100 хувийн гүйцэтгэлтэй болсноор барилгын үнэ их хэмжээгээр нэмэгдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 24 орчим тэрбум төгрөгийн үнэтэй гэж тогтоосон. Гэтэл банк 2 тэрбум төгрөгийг 24 тэрбум төгрөгийн барьцааны хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа нь орон сууцыг худалдан авсан оршин суугчдын эрхийг хөндөж байгаа.

Анх 98 дугаар байрыг 83 айлын орон сууц байхаар тооцоолж банкны зээлийн барьцаанд барьцаалсан ч улсын комисст хүлээлгэн өгөхөд 93 айлын орон сууц болсон нь үнэн. ГГ-2-55 тоот авто зогсоол нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт барьцааны гэрээнд заагдсан 80 хувийн гүйцэтгэлтэй байсан авто зогсоолд хамаарч байна. Бусад авто зогсоол болон орон сууцнууд нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн барьцааны зүйл мөн гэжээ.

 

Хариуцагч УХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “УХБ” ХХК нь “МС” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус компанийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, "МТ" хотхоны 17025 Ар зайсангийн гудамжны 98 дугаар байрны 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалсан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан “МС” ХХК нь 2011 онд нийт 3,5 тэрбум төгрөгийг зээлсэн ч үүргээ гүйцэтгээгүй тул шүүхэд хандсан.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “МС” ХХК-иас 2 055 460 140 төгрөг гаргуулж манай банкинд олгохоор, хэрэв шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох орон сууц, авто зогсоол зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэдгийг шүүх дүгнэсэн байгаа. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш 190 орчим сая төгрөг төлөгдөж, одоо 1,8 тэрбум төгрөгийг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа.

УХБ “МС” ХХК-тай барьцааны гэрээг байгуулахдаа 30 хувийн дуусаагүй барилга, түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, мөн хаягт байрлах 95 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт бүхэлд нь барьцаалж энэ тухай гэрээндээ тусган, бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Нэхэмжлэгч нарын тухайд барьцааны гэрээ байгуулагдснаас хойш худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хэзээ хэрэгжиж эхлэх талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дүгээр шийдвэрт тодорхой дурдсан тул хүчин төгөлдөр шийдвэртэй, шийдвэрлэгдсэн асуудал. Өөрөөр хэлбэл “МС” ХХК төлбөрөө төлж дуусган барьцаанаас хөрөнгийг чөлөөлснөөр нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хэрэгжиж эхлэх талаар дүгнэсэн байгаа.

Бид барьцаанд авахдаа уг хөрөнгөд үүрэг ногдуулсан эсэхийг бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч, ямар ч үүрэг ногдоогүй гэдгийг мэдсэний үндсэн дээр зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан.

Мөн Зээлдэгч “МС” ХХК-иас зээлийн гэрээг байгуулснаас хойш 3,3 тэрбум төгрөг төлсөн ч зээлийн төлөлт хийгдэхэд гүйлгээний утгад иргэдийн нэр тухайлан зааж орж ирдэггүй байсан тул үүнийг банк мэдэх боломжгүй. Иймд барьцааны эрх нь өмчлөх эрхээс түрүүлж үүссэн, барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан Улаанбаатар банк, “МС” ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн "Зээлийн барьцааны гэрээ"-ний 3.9-д заасан барьцаа хөрөнгөнөөс нэхэмжлэгч Б.Э, Ц.Ж нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, МТ хотхоны 98 дугаар байрны 907 тоот орон сууц, 1А-02 тоот авто зогсоолд холбогдох хэсэг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Пүрэвдулам, Р.Батбаясгалан, Э.Золзаяа, Д.Наранцэцэг, Н.Эрдэнэбаяр, М.Төрмөнх, Ц.Басбаяр нарын мөн байрны 306, 406, 105. 204, 104, 207; 906 тоот орон сууц, ГГ-47, ГГ-48, 1А-09 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлээс ГГ-2-55 тоот авто зогсоолд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 267 451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 25 033 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Төрмөнхөд, дутуу төлсөн 112 462 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э, Ц.Ж нараас гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагч “МС” ХХК, УХБнаас 8 242 380 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Н.Пүрэвдуламд 912 150 төгрөг, Р.Батбаясгаланд 786 450 төгрөг, Э.Золзаяад 844 941 төгрөг, Д.Наранцэцэгт 924 150 төгрөг Н.Эрдэнэбаярт 1 532 250 төгрөг, Б.Э, Ц.Ж нарт 1 315 962 төгрөг, М.Төрмөнхөд 1 165 167 төгрөг, Ц.Басбаярт 761 310 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “УХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

“МС” ХХК-иас УХБтай зээлийн барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгч Б.Э, Ц.Ж нар нь барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан мэтээр дүгнэж, Иргэний хуулийн 56.1.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хуулийн үндэслэлийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

УХБ нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “МС” ХХК-тай ЗГ0001/110727 тоот зээлийн гэрээ, ЗБГ0001/110727 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн барьцааны гэрээгээр Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, МТ, Ар зайсангийн гудамж 98 тоот баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын 30 хувийн дусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж Г97 тоот автомашины зогсоолын зориулалттай барилгын 95 хувийн гүйцэтгэлтэй дусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан.

Талууд барьцааны гэрээг байгуулах үед барьцаа хөрөнгийг гуравдагч этгээд эзэмшил эсвэл өмчлөлдөө авсан буюу барьцаа хөрөнгөнд хамаарах гуравдагч этгээдийн өмчлөх эрх үүсээгүй байсан.

Хэрэгт авагдсан материалаас үзвэл, нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяа нь анх 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “МС” ХХК, Иргэн Ц.Одонтой харилцан тохиролцсоны үндсэн дээр Эрх шилжүүлэх гэрээ, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг ба нэхэмжлэгч нар нь маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байдаг.

Үл хөдлөх эд хөрөнгө нь онцлог обьект болохынхоо хувьд өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэх бөгөөд банкны зүгээс маргаж буй үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан, барьцааны гэрээг 2011 оны 07 дугаар сарын 27-ны байгуулах үед гуравдагч этгээдийн эзэмшил, өмчлөлд шилжсэн, улсын бүртгэлд эд хөрөнгийн эрхтэй холбоотой урьдчилсан болон тусгай тэмдэглэл хийгдээгүй байсан тул барьцааны гэрээ байгуулсаны дараа үүссэн нөхцөл байдал болох Б.Э-гийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулж, өмчлөгчөөр 2016 оны 12 дугаар сарын 14-ний улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар банкны зүгээс урьдчилан таамаглаж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай 11.1.9-д заасан барьцааны гэрээнд гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрхийн талаар нөхцөл тусгах боломжгүй юм.

Мөн зээлийн барьцааны гэрээ байгуулсаны дараа барьцаанд бариулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх гуравдагч этгээдэд шилжсэн тул Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13.1, Иргэний хуулийн 157.6.2-т заасан мэдэгдэх үйл ажиллагааг явуулах боломжгүй бөгөөд барьцаалуулагч буюу “МС” ХХК-иас уг үйл ажиллагааг явуулаагүй нь банк болон “МС” ХХК-ийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

Шүүхийн зүгээс барьцааны гэрээний холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56.1.1-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй буюу хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж хуулийн үндэслэлийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 56.1.1-д "хууль зөрчиж" хийсэн хэлцэл нь хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл байх урьдчилсан нөхцөл тавигддаг. Гэтэл тус банкны “МС” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээ нь Иргэний хууль болон бусад хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй, Иргэний хуулийн 156.1, 156.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан тул мөн хуулийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэж үзэхдээ мөн хуулийн 58-60 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцлийг тодорхойлолгүйгээр, хуулийн үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нарт илтэд ашигтай шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Tyc банкны “МС” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээнд бариулсан үл хөдлөх хөрөнгүүд нь гуравдагч этгээдийн өмчлөлд шилжээгүй буюу гэрээг байгуулснаар өмчлөх эрхтэй холбоотой гуравдагч этгээдийн ашиг сонирхол хөндөгдөөгүй байдаг.

Хожим барьцаанд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг “МС” ХХК-иас бусдад худалдсанаар уг хөрөнгөнд холбогдох гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх үүссэн бөгөөд эдгээр өмчлөгчдийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үндэслэлээр "талуудын хооронд өмнө байгуулсан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож" шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг ханган хамгаалах зарчмыг зөрчиж байна.

Нэхэмжлэгч талаас энэхүү хэрэгт гаргаж өгсөн, "Нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосон" агуулга бүхий Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2016/00821 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоохдоо барьцааны эрхийг хадгалагдан үлдэх талаар тодорхой заасан байдаг. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Үл хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосноор УХБны барьцааны шаардлага хэвээр хадгалагдах ба хариуцагч “МС” ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлж, дээрх орон сууцуудыг барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд нэхэмжлэгч нар нь эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой болохыг дурдсан байдаг.

Энэхүү агуулга нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нэгэнт тогтоогдсон асуудал байхад шүүхээс уг нотлох баримтыг үгүйсгэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрхээс үзвэл тус банкнаас “МС” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа нэхэмжлэгч нарын өмчийн халдашгүй байдлыг зөрчөөгүй, мөн Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх шүүхийн шийдвэрт заасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа тул банкны хувьд барьцаа хөрөнгийн шаардлага нь зээлийн төлбөрийг эргэн төлөгдөх баталгаа болж байна.

Тус банкны “МС” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг үндэслэлгүйгээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Н.П, Р.Б, Э.З, Д.Н, Н.Э, Ц.Б, Б.Э, Ц.Ж, М.Т нар нь хариуцагч “МС” ХХК, “УХБ” ХХК-д тус тус холбогдуулан барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “МС” ХХК маргаагүй, хариуцагч “УХБ” ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “МС” ХХК болон “УХБ” ХХК-ийн хооронд 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, зээлийн барьцаанд “МС” ХХК нь өөрийн өмчлөлийн, Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, МТ, Ар зайсангийн гудамж 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын 30 хувийг гүйцэтгэлийг болон уг барилгын ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, мөн хаягт байрлах Г97 тоот автомашины зогсоолын зориулалттай барилгын 95 хувийн гүйцэтгэлийг, ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт, 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдирийн барьцааны гэрээгээр дээр дурдсан хаягт байрлах Г95 тоот автозогсоолын зориулалттай барилгын 80 хувийн гүйцэтгэлийг, ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт /энэ маргаанд хамааралгүй бусад барьцааны зүйлийг орхиж тодорхойлов/ барьцаалсан, барьцааны гэрээг бичгээр байгуулсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

            Барилга баригдаж дууссан, улсын комисс 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн үйл баримтын талаар талууд маргаагүйгээс гадна Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ын өдрийн 102/ШШ2016/00821 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэгдсэн байдал, “МТ” ХХК-иас улсын бүртгэлийн албанд хандаж гаргасан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16/12/01/3, 16/12/01/05, 16/12/01/06, 16/12/01/4, 16/12/01/2 тоот хүсэлт зэрэг шууд бус нотлох баримтад дурдагдсан байдлаар тогтоогдсон гэж  дүгнэхээр байна.

 

            Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар ирээдүйд бий болох хөрөнгө нь барьцааны зүйл байж болох юм.

 

Дээр дурдсан хоёр барьцааны гэрээнд барьцаалагч болон барьцаалуулагч нарын тохиролцсон орон сууцны барилгын болон 80 хувийн гүйцэтгэлтэй автозогсоолын ирээдүйд бий болох гүйцэтгэл нь бодитоор бий болсон боловч барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт зааснаар “УХБ” ХХК нь барьцааны гэрээний дагуу ирээдүйд бий болох гүйцэтгэлээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шаардах эрх үүссээгүй байна.

 

Харин 95 хувийн гүйцэтгэлтэй автозогсоолын барилгын хувьд ирээдүйд бий болох гүйцэтгэлийн хэмжээ 5 хувь байх тул энэ автозогсоолыг барьцаалсан барьцааны гэрээг тухайн автозогсоолд бүхэлд нь хамаарахаар байгаа тул барьцаалагч “УХБ” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангагуулахаар шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан орон сууц болон 80 хувийн гүйцэтгэлтэй автозогсоолыг барьцаалсан хоёр барьцааны гэрээнд шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгчөөр тогтоогдсон нэхэмжлэгч Н.Пүрэвдуламын 98 дугаар байрны 306 тоот орон сууц, Р.Баясгалангийн мөн байрны 406 тоот орон сууц, Э.Золзаяагийн мөн байрны 105 тоот орон сууц, Д.Наранцэцэгийн мөн байрны 204 тоот орон сууц, Н.Эрдэнэбаярын мөн байрны 104 тоот орон сууц, Ц.Басбаярын мөн байрны 906 тоот орон сууц, Б.Э, Ц.Ж нарын 98 дугаар байрны 907 тоот орон сууц, 1А-02 тоот автозогсоол, М.Төрмөнхийн мөн байрны 207 тоот орон сууц, 1А-09 тоот автозогсоол нь тус тус барьцааны зүйл гэж тодорхойлогдоогүй тул барьцааны зүйл болохгүй юм.

 

Иймд дээрх 2 барьцааны гэрээгээр дээр дурдагдсан иргэдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй тул барьцааны гэрээний заалтыг хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ. Энэ дүгнэлтэд Н.Эрдэнэбаярын өмчлөлийн ГГ-47, ГГ-48, М.Төрмөнхийн өмчлөлийн ГГ-2-55 тоот автозогсоол ороогүй бөгөөд эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл мөн гэж үзсэн болно.

 

ГГ-47, ГГ-48 тоот автозогсоолын өмчлөгчөөр Н.Эрдэнэбаярыг шүүхийн 2016 оны шийдвэрээр, ГГ-2-55 тоот М.Төрмөнхийг шүүхийн 2015 оны шийдвэрээр тус тус тогтоосон, гэрээг тэдгээр нь Н.Эрдэнэбаяр 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, М.Төрмөнх нь 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч “Могулскай” ХХК-тай тус тус байгуулахад уг автозогсоол нь 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан байсан тул худалдан авагч нар нь бүртгэлийг шалгах үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс “УХБ” ХХК болон “МС” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн барьцааны гэрээний холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Улсын бүртгэлийн үйл ажиллагааг явуулах эрх хариуцагч “УХБ” ХХК болон “МС” ХХК-д байхгүй тул өмчлөгч нарыг өмчийг улсын бүртгэлд бүртгүүлсэн, өөрчлөлт оруулахыг даалгах тухай холбогдох нэхэмжлэлийн хариуцагчид нь биш болно.

 

Энэ үндэслэлээр нэхэмжлэгч нарын холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй болжээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсэн бөгөөд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасан үндэслэл бүрдсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн бүрэлдэхүүн дүгнэлээ.

             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01438 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “МС” ХХК, “УХБ” ХХК-д холбогдуулан барьцааны гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, өөрчлөлт оруулахыг даалгуулах тухай нэхэмжлэгч Н.П, Р.Б, Э.З, Д.Н, Н.Э, Ц.Б, Б.Э, Ц.Ж, М.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “УХБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 121 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАЙГАЛМАА

 

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА