Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0106/З |
Дугаар | 473 |
Огноо | 2020-08-05 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 473
“О” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагч Ц.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “О” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Э, Н.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаар шийдвэрээр: “ Зөрчлийн тухай хуулийн /2019.03.22-ны өдөр өөрчлөлт орсон/ 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “О” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Н.Х нарын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210300271 дүгээр шийтгэлийн хуудсын тогтоогдсон нөхцөл байдал хэсгийн 1-д заасан 2,313,477,080.20 төгрөгийн нөхөн татвар, 681,758,078.20 төгрөгийн торгууль, 454,505,385.40 төгрөгийн алданги, нийт 3,449,740,543.80 /гурван тэрбум дөрвөн зуун дөчин есөн сая долоон зуун дөчин мянга таван зуун дөчин гурван төгрөг наян мөнгө/ төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Х.А нар шүүхэд гаргасан гомдолдоо: “... “О" ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч Ц.Э, Н.Х нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаар шийдвэр нь хуульд нийцээгүй гэж үзэн эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт ...маргаан бүхий шийтгэлийн хуудас нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг үндэслэн бичигдсэн бөгөөд уг хуулийн заалтаар "...татварын тусгахгүй орхигдуулсан... зардлыг үндэслэлгүйгээр өсгөж тайлагнасан" тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг зохицуулжээ.
Тус компанийн татварын цахим тайланд хийсэн үзлэгээр илэрсэн баримтад гомдол гаргагчийн зүгээс "албан татвар суутгуулаагүй орлогын дүн" байдлаар хариуцагч нарын нөхөн ногдуулсан дүнг тухай бүр тайлагнасан байхад хуулийн дээрх заалтыг баримтлан шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэснийг дараах байдлаар гомдол гаргаж байна.
1.1 Татвар төлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн талаар гомдол гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй" гэж заасныг ноцтой зөрчсөн байна.
1.2 Түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д ““Суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг", 11 дүгээр зүйлийн 11.1.5-д “Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал”, 11.1.6-д “Үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална", 26.1.1-д “Энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, ...тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх”, 26.2-т “Суутгагч энэ хуулийн 26.1.2-26.1.5-д зааснаар гүйцэтгэсэн ажиллагааг албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулна”, 26.3-д “Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж хариуцлага хүлээлгэсэн.
Өөрөөр хэлбэл татварын хуульд заасан суутгагчийн үүргээ биелүүлж татвар суутгавал зохих этгээдээс татварыг тухай бүр суутган авч татварын тайландаа тусган төсөвт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон.
2. Шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт "Гомдол гаргагчийн зүгээс маргааны үйл баримтын талаар тодруулахаар удаа дараа Татварын ерөнхий газар, холбогдох татварын хэлтсүүд рүү хандаж зөвлөмж чиглэл авч байсан болох нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогдож байна”, ... “Дээрх албан бичгүүдээс дүгнэхэд гомдол гаргагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...2014 он хүртэл нийт зуучлагчаар ажиллаж байгаа бизнес эрхлэгчийн орлогоос хувь хүний орлогын албан татварыг суутгаад, суутгасан татвараа тайлагнадаг байсан. 2014 онд Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс бичиг ирсэнтэй холбоотойгоор маргаан үүсч холбогдох газрууд руу хандсан, ...захиргааны байгууллага нэгдсэн ойлголтгүйгээр акт тавьсан...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй гэжээ. Үүнийг дараах байдлаар үгүйсгэж гомдол гаргаж байна.
2.1 Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 3.2-т “Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна”, 18 дугаар зүйлийн 18.1.1-д “Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “Татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана”, 24.1-д “Хууль тогтоомжоор эрх олгосноос бусад тохиолдолд үүрэг хүлээлгэхийг хориглоно” гэж заасныг тус тус удирдлага болгон татварын хяналт шалгалтаар татварын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлийг илрүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэх буюу улсын төсөвт төлбөл зохих татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл зөвхөн хууль тогтоомжоор татвараас хөнгөлөх, чөлөөлөх, ногдуулах, төлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахаас бус хэн нэгэн этгээдийн зөвлөмж, чиглэлээр татварын харилцааг зохицуулдаггүй байна.
2.2 Мөн гомдол гаргагчийн "захиргааны байгууллага нэгдсэн ойлголтгүйгээр акт тавьсан" гэх тайлбарыг шүүх хүлээн авч шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.
Учир нь 2014 оноос хойш буюу татварын хууль тогтоомж зөрчигдөж байгааг энэхүү хяналт шалгалтаар тогтоосон бөгөөд Татварын алба нь 24 дүгээр зүйлийн 24.1-д "Татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллана”, 24.1-д “Хууль тогтоомжоор эрх олгосноос бусад тохиолдолд аливаа этгээд татвар ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон асуудлаар бусдын өмнө үүрэг хүлээхийг хориглоно” гэж заасныг удирдлага болгон ажилласан. Өөрөөр хэлбэл хууль тогтоомжийг өөр өөр байдлаар тайлбарлан шийдвэр гаргаагүй нь хяналт шалгалтын томилолт болон хамрагдвал зохих хугацаанаас үзвэл ойлгогдохоор байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...хэрэгт авагдсан "О" ХХК-иас худалдааны зөвлөхүүдтэй байгуулсан гэрээ, гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд худалдааны зөвлөхүүдийн үйл ажиллагаа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасан "Хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл арилжааны орлогод хамаарахаар байна" гэжээ. Үүнийг дараах байдлаар үгүйсгэж байна.
3.1 Эхлээд татварын хяналт шалгалтын субъект нь хэн бэ гэдгийг шүүх тодорхойлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, "О" ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байхад хувь хүн буюу иргэдийн татвар ногдуулалт төлөлтийн харилцааг хооронд нь ялгахгүйгээр шийдвэрлэсэн байдаг.
Тодруулбал, 2015 онд 8,456,746,246.90 төгрөг, 2016 онд 7,124,208,820.10 төгрөг, 2017 онд 6,599,417,674.60 төгрөгийн худалдааны зөвлөхүүдэд мөнгөөр олгосон шагнал, урамшуулал, мөн 2014 онд 409,501,528.30 төгрөг, 2016 онд 99,139,281.30 төгрөг, 2017 онд 152,226,881.90 төгрөгийн бараа материалаар нь олгосон урамшууллаас хувь хүний албан татвар суутган авч төсөвт төлөөгүй нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “ “Суутгагч” гэж албан татвар албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, 11 дүгээр зүйлийн 11.1.5-д “Гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал”, 11.1.6-д “Үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого", 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална”, 26.1.1-д “Энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, ...тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх”, 26.2-т “Суутгагч энэ хуулийн 26.1.2-26.1.5-д зааснаар гүйцэтгэсэн ажиллагааг албан татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийж баталгаажуулна”, 26.3-д “Сурагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж нийт 23,134,770,801.70 төгрөгийн зөрчилд 2,313,477,080.20 төгрөгийн нөхөн татвар, 681,758,078.20 төгрөгийн торгууль, 454,505,385.50 төгрөгийн алданги оногдуулсан нь үндэслэлтэй.
"О" ХХК нь 2014 оныг дуустал худалдааны төлөөлөгч буюу зөвлөхүүддээ гэрээний дагуу Орифлэйм брэндийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад зуучлах үйл ажиллагаа явуулсны төлөө олгосон шагнал урамшууллыг тогтмол бус үйл ажиллагааны орлого гэж үзэн “Суутгагчийн хувьд хүнд олгосон албан татварын тайлан” ТТ-12 маягтаар тайлагнан хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлүүлж ирсэн.
Гэтэл 2015 оноос тухайн орлогыг хувь хүмүүст олгохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Үйл ажиллагааны орлого”, 12.1-д “Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр бие даан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа эрхэлж олсон дараахь орлогыг хамруулна”, 12.1.2-т “Хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл арилжааны орлого” гэж тайлагнан татвар суутгагчийн үүрэггүй гэж үзэж хувь хүний орлогын албан татвар суутгаагүйгээр шууд олгосон нь хууль тогтоомжид нийцээгүй.
3.2 Хяналт шалгалтын ажлын явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрчүүдээс авсан мэдүүлгээс үзвэл тухайн худалдааны зөвлөхүүдтэй хийсэн гэрээ, үйл ажиллагаатай нь танилцахад бие даан мэргэжлийн үйлчилгээ явуулаагүй, ямар ч мэргэжлийн ямар ч ажил эрхэлдэг хүмүүс байж болдог, мөн ямар нэгэн үйлдвэр явуулдаггүй, бараа бүтээгдэхүүн борлуулдаггүй, арилжаа эрхэлдэггүй зөвхөн "О" ХХК-ийн дотоод данс бүртгэлд байгаа бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч худалдан авагчид борлуулахад зуучлах үйл ажиллагаа явуулдаг байсан.
Иймд энэ нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12.1, 12.1.2 дугаар зүйлд заасан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа, эрхэлж олсон орлого биш харин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “Үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” гэж заасан заалтыг “гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөлс, шагнал” юм байна гэж бид үзсэн.
Худалдааны төлөөлөгч нь “О” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу зуучлалын ажил үүрэг гүйцэтгэсний төлөө гэрээгээр авч буй хөлс, шагнал гэж үзсэн. Энэ нь холбогдох гэрээнүүд, гэрээний дагуу авч буй хөлс, шагнал тооцоолох нарийн системүүдээр нь нотлогддог.
Худалдааны төлөөлөгч, худалдааны зуучлагч гэж нэрлэгддэг тэдгээр зөвлөх бүртэй "О" ХХК нь гэрээ байгуулдаг. Зөвлөхүүдтэй байгуулсан гэрээ нь үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ юм.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаар шийдвэр нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагч татварын улсын байцаагч Ц.Э, Н.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т нараас анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад, “О” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, холбогдох хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн тайлбарлан хэрэглэлгүй гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг зөвтгөж, гомдлын шаардлагын зарим хэсгийг нь хангаж, хууль хэрэглээний болон шийтгэлээр оногдуулсан холбогдох торгууль, алдангийг хүчингүй болгож, нийт нөхөн төлбөрийн хэмжээг багасгасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Давж заалдах гомдолд “...татвар төлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн талаар гомдол гаргаагүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн...” гэх тухайд.
“О” ХХК-ийн гомдолд дээрх хуулийн заалтыг зөрчсөн талаар үгчлэн бичигдээгүй ч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тус компанийг 2013-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалтаар шийтгэл оногдуулсан байх тул маргаж буй актын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт хийснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэхгүй.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн дүгнэж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэнд дүгнэлт өгөх ёстой.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Тус компанийн татварын цахим тайланд хийсэн үзлэгээр илэрсэн баримтад гомдол гаргагчийн зүгээс "албан татвар суутгуулаагүй орлогын дүн" байдлаар хариуцагч нарын нөхөн ногдуулсан дүнг тухай бүр тайлагнасан байхад хуулийн дээрх заалтыг баримтлан шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй...” гэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас үгүйсгэж “...татварын хуульд заасан суутгагчийн үүргээ биелүүлж татвар суутгавал зохих этгээдээс татварыг тухай бүр суутган авч татварын тайландаа тусган төсөвт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон...” гэж гомдол гаргасан.
Анхан шатны шүүх “О” ХХК-ийн татварын цахим тайланд шүүхээс хийсэн үзлэгээр илэрсэн баримтад тус компаниас “албан татвар суутгагдаагүй орлогын дүн” байдлаар хариуцагч нарын нөхөн төлбөр ногдуулсан үнийн дүнг тухай бүр тайлагнаж байсныг зөвтгөсөн агуулгаар дүгнэж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар энэхүү зөрчил нь татвар төлөгч хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “татварын тайланд тусгахгүй орхигдуулсан” гэх зөрчилд хамаарахаар байна.
Хэдийгээр “О” ХХК-ийг татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, татвар ногдох зүйлийг багасгасан, эсхүл багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн гэж шууд буруутгах боломжгүй ч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны / 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх суутгагчийн үүргээ биелүүлээгүйг үгүйсгэх боломжгүй.
Учир нь тус компанийн иргэдтэй байгуулсан худалдааны төлөөлөгчийн гэрээ, худалдааны зуучлалын гэрээ, үйл ажиллагаанаас үзэхэд тэдгээр нь бие даан ямар нэгэн мэргэжлийн үйлдвэр, үйлчилгээ явуулдаггүй, аливаа мэргэжлийн болон тусгайлсан шаардлага тавигддаггүй, тус компанийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч, худалдан авагчид борлуулахад сурталчлах, зуучлах үйл ажиллагаа явуулахад ямар ч мэргэжлийн, ямар ч ажил эрхэлдэг хүмүүс "О" ХХК-ийн худалдааны төлөөлөгч, зуучлагч байх боломжтой байна.
Худалдааны төлөөлөгч, зуучлагч нар нь тус компанийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулалтыг нэмэгдүүлснийхээ төлөө авч буй урамшуулал нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12.1, 12.1.2 дугаар зүйлд заасан мэргэжлийн үйлчилгээ, үйлдвэрлэл, арилжаа, эрхэлж олсон орлого гэж үзэхээргүй байхад энэ талаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Харин энэ нь гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэсний төлөө авч буй хөдөлмөрийн хөлс, шагнал тэдгээртэй адилтгах орлого гэж үзэхээр байх тул "О" ХХК-ийн иргэдтэй байгуулсан худалдааны төлөөлөгчийн, худалдааны зуучлагчийн гэрээг үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг няцаах боломжгүй.
Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “Үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого” гэж зааснаар "О" ХХК нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-д “Энэ хуулийн 11 дүгээр зүйл, 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар, ...тус тус албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэх”, 26.3-д “Суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Түүнчлэн “О” ХХК нь 2014 он хүртэл нийт худалдааны зуучлагч,төлөөлөгчөөр ажиллаж байсан бизнес эрхлэгчийн орлогоос хувь хүний орлогын албан татварыг суутган авч төлж байсан, 2014 онд Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс бичиг ирсэнтэй холбоотойгоор эргэлзээ үүсч Татварын ерөнхий газар, холбогдох татварын хэлтсүүд рүү хандахад өгсөн зөвлөмж, чиглэлийн улмаас дээрх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр[1] тогтоогдож байна.
Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.3 дугаар зүйлд “Шударга ёсны зарчим”, мөн зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтыг баримтлан хариуцагчийн буруутай үйл ажиллагаа нь татвар төлөгчийг зөрчил үйлдэхэд нөлөөлсөн байдлыг харгалзан маргаан бүхий шийтгэлийн хуудсаар 1 дэх зөрчилд оногдуулсан 681,758,078.20 төгрөгийн торгууль, 454,505,385.40 төгрөгийн алдангийг тус тус хүчингүй болгож, 2,313,477,080.20 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээх нь шударга ёсны зарчимд нийцэх болно.
Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Н.Х нарын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210300271 дүгээр шийтгэлийн хуудсаар тогтоогдсон 2 зөрчилд шийтгэл оногдуулснаас "О" ХХК-иас зөвхөн 1 дэх зөрчил болох худалдааны зөвлөхүүдэд мөнгөөр олгосон шагнал, урамшуулал, бараа материалаар олгосон урамшууллаас хувь хүний орлогын албан татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгох гомдол гаргасныг тэмдэглэвэл зохино.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 345 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дугаар зүйлийн 4.1.4, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “О” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Э, татварын улсын байцаагч Н.Х нарын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210300271 дүгээр шийтгэлийн хуудсаар тогтоогдсон 1 дэх зөрчилд оногдуулсан 681,758,078.20 төгрөгийн торгууль, 454,505,385.40 төгрөгийн алдангийг тус тус хүчингүй болгож, үлдэх 2,313,477,080.20 төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
[1] 2 дахь хавтаст хэргийн 186-187 дахь тал