Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2020/0463

 

  

Д.Б, Э.А нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Билгүүн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Э.А*ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Б, Э.А нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгч М.Б нарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 386 дугаартай шийдвэрээр: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч М.Б-т холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ 9,452,830 төгрөгийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6, 54.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.А, Д.Б нараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, улсын бүртгэгч М.Б-т холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204047998 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ, 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, хохиролд 9,452,830 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэлийн үндэслэлээ Улсын бүртгэлийн байгууллага илт хууль бус бүртгэл хийж, үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг өөрчлөн орон сууцны зориулалттай болгон гэрчилгээ олгоогүй байсан бол бид уг эд хөрөнгийг худалдан авахгүй, зээл авахгүй, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан хэмээн тайлбарлан маргах боловч илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй бүртгэл нь нэхэмжлэгч маргаж буй эд хөрөнгийг худалдан авахаас өмнөх цаг хугацаанд хийгдсэн бүртгэл байна.

Өөрөөр хэлбэл ... B-7 тоотын эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаар бүртгэгдсэн нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлээ болгож буй үйл баримтаас цаг хугацааны хувьд өмнө үүссэн байхын зэрэгцээ уг эд хөрөнгө нь Б.Б-ийн өмчлөлд үйлчилгээний зориулалтаар дахин бүртгэгдсэн. 12018.11.07-ны өдөр буюу нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоо шаардаж буй бүртгэл нь хүчингүй болсон байх тул хүчингүй болсон бүртгэлийг шүүхээс "илт хууль бус болохыг тогтоосон"-оор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэх байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э.А нь дахин орон сууцны ипотекийн зээлэнд хамрагдах боломжгүй хохирсон гэсэн тайлбар нь түүний хариуцагчаар тодорхойлсон захиргааны байгууллагын үй ажиллагаанд хамааралгүйн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр энэхүү эрх сэргэхээргүй байна." гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх хэсгийн заалтыг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь: ЗХШХШТ хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шүүхийн шийдвэр ... үндэслэл бүхий байна” гэж заасан. Хуулийн дээрх зүйл, хэсгийн заалтыг иш татсан учир анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл заахдаа ...нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй бүртгэл нь хүчингүй болсон байх тул нэгэнт хүчингүй болсон бүртгэлийг шүүхээс "илт хууль бус болохыг тогтоосон”-оор нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна гэсэн нь шүүхийн шийдвэрийг тодорхой, үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна.

Учир нь шүүх ... бүртгэл нэгэнт хүчингүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хүчингүй болсон тухайн бүртгэлийн хууль зүйн үндэслэлийг шийдвэртээ тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй бүртгэл нь хэзээ, ямар үндэслэлээр хүчингүй болсон түүний хууль зүйн үндэслэлийг шийдвэртээ тодорхой заагаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэхээргүй байгаа юм. Тодруулбал нэхэмжлэгч маргаж буй эд хөрөнгийг худалдан авахаас өмнөх цаг хугацаанд хийгдсэн тухайн бүртгэл нь илт хууль бус байсан ба энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Тухайлбал нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2018.04.09-ны өдрийн 02-01/1183 дугаартай хариу хүргэх хуудсанд “Улсын байцаагч Б.Эрдэнэсүрэн нь ... БНбД-ийн 31-01-10-ын 5.6-д заасан “Орон сууцны барилгын зоорийн болон хаяавчны давхарт айлын орон сууцны зориулалттай өрөө, тасалгаа төлөвлөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, дүгнэлт гаргасан байна.

Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй бүртгэлийг эрх бүхий байгууллагаас илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон байх тул ... гэж нэмэлт өөрчлөлт оруулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв:

            Нэхэмжлэгч Э.А, Д.Б нараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-000 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000248848 гэрчилгээ,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-000 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 000254699 гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, илт хууль бус бүртгэлийн улмаас учирсан 9,452,380 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] гаргажээ.

            Хавтас хэрэгт цугларсан баримтаас нэхэмжлэгч нарын илт хууль бус болгуулахаар маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-000 бүртгэлтэй 000 дугаартай Б.Б-т орон сууцны зориулалттай 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр олгосон гэрчилгээ нь нэхэмжлэгч Э.А-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-000 бүртгэлтэй 001 дугаартай орон сууцны зориулалттай гэрчилгээг[2] 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосноор хүчингүй болсон, харин нэхэмжлэгч Э.А-ийн үл хөдлөх эд хөрөнгийн 00 дугаартай гэрчилгээ нь гуравдагч этгээд Б.Б*т үл хөдлөх өмчлөх эрхийн Ү-000 бүртгэлтэй 000 дугаартай гэрчилгээг[3] 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгосноор хүчингүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна.

            Тухайлан хэлбэл, нэхэмжлэгч нараас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч нарын илт хууль бус болгуулж, хүчингүй болгуулахаар маргаж байгаа улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон байжээ.

            Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.Б, Э.А нар нь Ү-000 бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны  дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

            Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” хэлэхээр заасан.

Уг хуулийн заалтын дагуу хүчинтэй байгаа Б.Б-ийн үл хөдлөх өмчлөх эрхийн Ү-000 бүртгэлтэй 001 дугаартай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон гэрчилгээ нь нэхэмжлэгч нарт чиглээгүй, тэдэнд хамааралтай нөхцөл байдал байхгүй, уг гэрчилгээний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байхгүй тул нэхэмжлэгч нарыг уг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг  илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй.

            Түүнчлэн нэхэмжлэгч нараас “...үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны зориулалттай гэж мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргаснаас шалтгаалж улсын бүртгэл хийгдэж, доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон, банкны зээл авч, хүү төлж санхүүгийн хувьд хохирсон, ипотекийн зээлд дахин хамрагдах боломжгүй болсонтой холбоотой хохирлыг эрх бүхий байгууллага хариуцах үүрэгтэй...” гэж маргасан.

Энэхүү маргаж буй үндэслэлийн талаар Чингэлтэй дүүргийн 2018 оны 132 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 611 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны  иргэний хэргийн шүүх хуралдааны 1069 дүгээр тогтоолоор “орон сууцны зориулалттай гэж худалдсан байр нь уг зориулалтаар ашиглах боломжгүй байгаа тохиолдолд доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ, ...улсын бүртгэлийн гэрчилгээнд үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны зориулалттай гэж бичсэн тохиолдолд нэхэмжлэгч Э.Амраагийн хувьд уг хөрөнгийг орон сууцны зориулалттай ашиглах боломжгүй...гэж дүгнэн худалдах худалдан авах гэрээг цуцалсныг баталж, Б.Б-ээс 54,000,000 төгрөг гаргуулж, Э.Амраад олгохоор шийдвэрлэсэн”, мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 370 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 761 дүгээр  магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 214 дүгээр тогтоолоор “...Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа дүгнэлт буруу гаргасан нь ... төрийн албан хаагчийн хууль бус үйлдэлд хамаарна. ...хариуцагч байгууллагын албан хаагч буруу дүгнэлт гаргасны улмаас нэхэмжлэгч “орон сууцны бус” зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч, цаашид уг гэрээнээсээ татгалзаж, үүний улмаас банкны зээлд хүү төлж, алдагдал үүссэн байх тул гэм хорын хохиролд хамаарах бөгөөд төрийн албан хаагчийн үйлдэл, үүссэн хохирлын хооронд шалтгаант холбоотой.. гээд ...22,320,000 төгрөгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргуулахаар” тус тус шийдвэрлэжээ.

             Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нар нь “...үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг орон сууцны зориулалттай гэж мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргаснаас шалтгаалж улсын бүртгэл хийгдэж, доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсны улмаас эрүүл мэндээрээ хохирсон, банкны зээл авч, хүү төлж санхүүгийн хувьд хохирсон, ипотекийн зээлд дахин хамрагдах боломжгүй болсонтой холбоотой хохирлыг эрх бүхий байгууллага хариуцах үүрэгтэй...” гэж маргаж байгаа үндэслэлээр холбогдох этгээдээс гаргуулах хохирлыг гаргуулах талаар иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа, энэхүү үйл баримтад иргэний хэргийн шүүхээс дүгнэлтүүд өгсөн бөгөөд харин хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Үүний учир нэхэмжлэгч нарын хохирол гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа ” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын 9,452,830 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Э.Амраа, Д.Б нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж мөн тогтоох хэсэгтээ шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй, утга агуулгын алдаатай, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 357 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.А, Д.Б нараас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-000 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 001 гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-000 бүртгэлтэй орон сууцны зориулалттай 001 гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, илт хууль бус бүртгэлийн улмаас учирсан 9,452,380 төгрөгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 


[1] Хэргийн 2-р хавтас 120-121 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 70-71 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 73, 2-р хавтас 53 дахь тал