Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 01191

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 1957 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 08 дугаар байрны 08 тоотод оршин суух, /регистийн дугаар ФА57022204/, Монгол  овгийн Ёндонгийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 онд төрсөн, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 18 дугаар байрны 70 тоотод оршин суух, /регистийн дугаар МВ81102002/, Хайсан овгийн Буянтэгшийн Мөнхцэцэгт холбогдох 6,342,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчЁ.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнхцэцэг нь капитал банкны салбар урт цагааны тооцооны төвийн эрхлэгчээр ажилладаг байхдаа намайг та яаралтай хүрээд ирээч гэж дуудсан. Яваад очиход Нараа эгчээ та надад мөнгө зээлээч би танд удахгүй өгнө манай найзын дүүд хэрэг болоод байна гэж хэлсэн. Би Мөнхцэцэгт найдвартай хүн биз гэхэд найдвартай гэж хэлсэн. Ингээд би Мөнхцэцэгт итгэж хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг хийж 2 сая 500 мянган төгрөг 2014 оны 12 сарын 1-нд авч Мөнхцэцэгт өөрт нь өгөөд явсан. Удалгүй хэд хоногийн дараа дахин утасдаж надад дахиад мөнгө хэрэг боллоо гэсэн хэдэн төгрөг вэ гэсэн чинь 2 сая төгрөг хэрэг болсон та яваад ир би гэрээг чинь гаргаж байя гээд 2014 оны 12 сарын 9-нд авсан. Уг мөнгийг Мөнхцэцэгт авч өгчихөөд л явсан. Уг мөнгийг одоо болтол хадгаламж барьцаалсан зээл түүний хамт төлөөгүй учраас би Мөнхцэцэгт өгсөн 4 сая 500 мянган төгрөг, зээлийн хүү 1 сая 800 мянган төгрөг нийт 6 сая 342 мянган төгрөгийг гаргуулж өгч миний амьдралд тусална уу гэжээ. 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ё.Нарантуяагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ё.Нарантуяа нь намайг банкинд ажиллаж байхад л хадгаламж барьцаалж зээл аваад хүнд мөнгө зээлүүлдэг  хүн байсан. Тэгээд намайг мөнгө зээлэх хүн байвал хэлээрэй гэдэг байсан. Би хэд хэдэн хүнд хэлж өгч мөнгийг нь зээлүүлж байсан. Ингэхдээ би хүмүүсийг холбож л өгдөг байснаас өөр зүйлгүй. Тэд хоорондоо тохиролцож гэрээ байгуулж мөнгөө өгч авалцдаг байсан. Үүний нэгэн адил 2014 оны 12 дугаар сард миний танил Нямжаргал мөнгө зээлдүүлэх хүн байна уу гэхэд нь би Нарантуяа эгчид миний таньдаг нэг хүн мөнгө зээлье гэнэ та зээлдүүлэх үү гэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингээд тэр хоёрыг би хооронд нь уулзуулж өгсөн. Нямжаргал, Нарантуяа эгчээс 2,500,000 төгрөг зээлсэн. Ингэж зээлэхэд нь би тэр хоёрын хажууд байсан. Тэр хоёр хүү хугацаагаа амаар тохиролцсон. 2,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй тохирцгоосон. Ингээд нарантуяа эгч Нямжаргалд 2,500,000 төгрөгөө тоолж өгсөн. Тэр үед бичгээр гэрээ байгуулаагүй. Амаар л тохиролцсон. Нарантуяа эгч надаас энэ хүн чинь найдвартай юм уу гэж асууж байсан. Би тухайн үед “би таньдаг л хүн. 3-22-т байрладаг Гайхмаараа салонд үсчин хийдэг хүн дээ ” гэж хэлсэн. Тэгээд та өөрөө уулзаад үзэхгүй юу даа гэсэн. Тэгээд л уулзаад л хороондоо тохиролцсон. Гэтэл нарантуяа эгч 2 сарын дараа байх над дээр ирсэн. Нямжаргал мөнгөө өгдөггүй. Хугацаа нь дуусчихлаа. Чи надад ямар хүн олоод өгчихвөө гээд уурлаад байсан. Та өөрөөө л уулз л даа би ажил ихтэй болохоор гарч чадахгүй байна гэсэн. Чи олж өгснөөрөө уулзаж өг гээд сахиад суугаад байхаар нь би Нарантуяа эшчтэй хамт Нямжаргал дээр очсон. Тэгээд уулзсан. Удахгүй өгнө түр хүлээгээч гээд байсан. Тэгээд ядаж хүүг нь өгөөч гэсэн би  маргааш хүүг нь хийчихье гээд байсан. Түүнээс хойш мөн л өгөхгүй байна гээд л Нарантуяа эгч мөн л ирдэг байсан. Нэг удаа 50,000 төгрөг дансаар шилжүүлчихээд дахиад байдаггүй гээд байсан. Бүр ажил дээрээ ч ирэхгүй байна гээд байдаг байсан. Тэгээд би санаа зовоод сураглаж байж нэг удаа гэртээ ирсэн байна гэж дуулаад Нарантуяа эгчтэй хамт Нямжаргалын гэрт нь очиж ажил дээрээ авчирсан. Ингээд тэр хоёр маргалдаад байсан. Ингээд тэр өдөр ядаж бичгэн гэрээ байгуулъя гээд манай өрөөнд бичгэн гэрээ байгуулсан. Тэр хоёр хүү хугацаагаа тооцоод 5,300,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 18-ны дотор өгч авалцахаар болцгоосон. Гэвч Нарантуяа гэч дахиад л нөгөөдөх чинь мөнгөө өгсөнгүй чи л авч өг эсхүл өөрөө төл гээд гэрээгээ надад орхиод яваад өгсөн. Тэгээд надаас мөнгөө байнга нэхдэг болсон. Би санаа зовоод Нямжаргалыг эрж хайгаад одоо болтол олдохгүй байна. Улаанбаатар хотод л байгаа сураг гараад байдаг. Уг нь утас нь холбогдддог. гэвч утсаа авдаггүй. Би хэд хэдэн удаа мессеж бичсэн гэвч хариу өгдөггүй. Нэг л удаа “би Нараа эгчийн мөнгийг өгнө. Та битгий оролцоод бай ” гэсэн хариу ирүүлсэн. Одоо ч гэсэн утас нь холбогддог. Дуудаад байдаг даанч авдаггүй хариу өгдөггүй юм. Иймд би хэдийгээр Нарантуяа эгчийг Нямжаргалд мөнгө зээлэхэд зуучилж өгсөн ч гэлээ өөрөө авагүй учраас Нарантуяа эгчид мөнгө төлөх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                                                ҮНДЭСЛЭХ нь :

              Нэхэмжлэгч Ё.Нарантуяа нь хариуцагч Б.Мөнхцэцгээс хадгаламж барьцаалан зээлийн гэрээ хийж 2014-12-01-ний өдөр 2.500.000 төгрөг, 2014-12-09-нд 2.000.000 төгрөг нийт 4.500.000 төгрөг зээлж авсан боловч эргүүлж өгөөгүй гэж зээлийн хүү нийт 6.342.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлдээ: “Нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй. Харин нэхэмжлэгчийг Нямжаргал гэдэг хүнтэй уулзуулж, Нямжаргал Нарантуяагаас 2.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлж авсан, нэхэмжлэгч уг хүнд 2.500.000 төгрөгийг тоолж өгсөн. Мөн Нарантуяа эгчтэй Нямжаргалын гэрт нь очиж ажил дээрээ авчирсан, тэгээд тэр 2 маргалдаад байсан. Ингээд ядаж бичгэн гэрээ байгуулъя гээд манай өрөөнд бичгэн гэрээ байгуулж, тэр 2 хүү хугацаагаа тооцоод 5.300.000 төгрөгийг 2015-08-18-ны дотор төлөхөөр тохиролцсон” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

              Хариуцагч  нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж 4.500.000 төгрөг зээлж авсан, хүүгийн хамт одоо 6.342.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь нотлогдохгүй байна.

             Нэхэмжлэгч нь харин 2015-07-16-ны өдөр С.Нямжаргалтай зээлийн гэрээг бичгээр байгуулж 5.300.000 төгрөгийг  2015-08-18-ны өдөр хүртэл 34 хоногийн хоногийн хугацаатай,сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

              Нэхэмжлэгч  нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулсан болон 2014-12-01-ний өдөр нийт  4.500.000 төгрөг хариуцагчид өгсөн тухайгаа нотолж чадахгүй байх бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байна.

            Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нийт 6.342.000 төгрөг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэийн шаардлагаа бууруулан 4.500.000 төгрөг шаардсан ба үүнээс 2.500.000 төгрөгийн шаардлагаа татан авч байна гэж мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл энэхүү шаардлагаа дараа тусад нь  гаргахаар татгалзсаныг баталж шийдвэрт тусгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3,116.118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д  заасаныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагчаас 2.500.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын хэсгээ татан авсныг баталсугай.  

2. Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхцэцэгээс 6.342.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,422 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 27,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Нарантуяад буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээрзүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

                                              

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                     Б.БЯМБАСҮРЭН