Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сампилын Уранчимэг |
Хэргийн индекс | 142/2016/00977/И |
Дугаар | 207/ма2016/00168 |
Огноо | 2016-11-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 207/ма2016/00168
**********нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1191 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч **********нэхэмжлэлтэй
Хариуцагч **********холбогдох
“6.342.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч ********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** нь ********** банкны салбар урт цагааны тооцооны төвийн эрхлэгчээр ажилладаг байхдаа намайг та яаралтай хүрээд ирээч гэж дуудсан. Яваад очиход ********** эгчээ та надад мөнгө зээлээч би танд удахгүй өгнө манай найзын дүүд хэрэг болоод байна гэж хэлсэн. Би **********т найдвартай хүн биз гэхэд найдвартай гэж хэлсэн. Ингээд би **********т итгэж хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг хийж 2 сая 500 мянган төгрөг 2014 оны 12 сарын 1-нд авч **********т өөрт нь өгөөд явсан. Удалгүй хэд хоногийн дараа дахин утасдаж надад дахиад мөнгө хэрэг боллоо гэсэн хэдэн төгрөг вэ гэсэн чинь 2 сая төгрөг хэрэг болсон та яваад ир би гэрээг чинь гаргаж байя гээд 2014 оны 12 сарын 9-нд авсан. Уг мөнгийг **********т авч өгчихөөд л явсан. Уг мөнгийг одоо болтол хадгаламж барьцаалсан зээл түүний хамт төлөөгүй учраас би **********т өгсөн 4 сая 500 мянган төгрөг, зээлийн хүү 1 сая 800 мянган төгрөг нийт 6 сая 342 мянган төгрөгийг гаргуулж өгч миний амьдралд тусална уу гэжээ.
Хариуцагч Б.********** шүүхэд гаргасан тайлбартаа: ********** нь намайг банкинд ажиллаж байхад л хадгаламж барьцаалж зээл аваад хүнд мөнгө зээлүүлдэг хүн байсан. Тэгээд намайг мөнгө зээлэх хүн байвал хэлээрэй гэдэг байсан. Би хэд хэдэн хүнд хэлж өгч мөнгийг нь зээлүүлж байсан. Ингэхдээ би хүмүүсийг холбож л өгдөг байснаас өөр зүйлгүй. Тэд хоорондоо тохиролцож гэрээ байгуулж мөнгөө өгч авалцдаг байсан. Үүний нэгэн адил 2014 оны 12 дугаар сард миний танил **********мөнгө зээлдүүлэх хүн байна уу гэхэд нь би **********эгчид миний таньдаг нэг хүн мөнгө зээлье гэнэ та зээлдүүлэх үү гэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ингээд тэр хоёрыг би хооронд нь уулзуулж өгсөн. **********эгчээс 2.500.000 төгрөг зээлсэн. Ингэж зээлэхэд нь би тэр хоёрын хажууд байсан. Тэр хоёр хүү хугацаагаа амаар тохиролцсон. 2.500.000 төгрөгийг 2 сарын хугацаатай сарын 15 хувийн хүүтэй тохирцгоосон. Ингээд **********эгч **********д 2.500.000 төгрөгөө тоолж өгсөн. Гэтэл **********эгч 2 сарын дараа над дээр ирээд **********мөнгөө өгдөггүй. Хугацаа нь дуусчихлаа. Чи надад ямар хүн олоод өгчихвөө гээд уурлаад байсан. Та өөрөө л уулз л даа би ажил ихтэй болохоор гарч чадахгүй байна гэсэн. Чи олж өгснөөрөө уулзаж өг гээд сахиад суугаад байхаар нь би **********эгчтэй хамт **********дээр очсон. Тэгээд уулзсан. Удахгүй өгнө түр хүлээгээч гээд байсан. Тэгээд ядаж хүүг нь өгөөч гэсэн би маргааш хүүг нь хийчихье гээд байсан. Нэг удаа 50,000 төгрөг дансаар шилжүүлчихээд дахиад байдаггүй гээд байсан. Бүр ажил дээрээ ч ирэхгүй байна гээд байдаг байсан. Тэгээд би санаа зовоод сураглаж байж нэг удаа гэртээ ирсэн байна гэж дуулаад **********эгчтэй хамт **********ын гэрт нь очиж ажил дээрээ авчирсан. Ингээд тэр хоёр маргалдаад байсан. Ингээд тэр өдөр ядаж бичгэн гэрээ байгуулъя гээд манай өрөөнд бичгэн гэрээ байгуулсан. Тэр хоёр хүү хугацаагаа тооцоод 5,300,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 18-ны дотор өгч авалцахаар болцгоосон. Гэвч **********гэч дахиад л нөгөөдөх чинь мөнгөө өгсөнгүй чи л авч өг эсхүл өөрөө төл гээд гэрээгээ надад орхиод яваад өгсөн. Тэгээд надаас мөнгөө байнга нэхдэг болсон. Би санаа зовоод **********ыг эрж хайгаад одоо болтол олдохгүй байна. Улаанбаатар хотод л байгаа сураг гараад байдаг. Уг нь утас нь холбогдддог, гэвч утсаа авдаггүй. Би хэд хэдэн удаа мессеж бичсэн гэвч хариу өгдөггүй. Нэг л удаа “би ********** эгчийн мөнгийг өгнө. Та битгий оролцоод бай ” гэсэн хариу ирүүлсэн. Одоо ч гэсэн утас нь холбогддог. Дуудаад байдаг даанч авдаггүй хариу өгдөггүй юм. Иймд би хэдийгээр **********эгчийг **********д мөнгө зээлэхэд зуучилж өгсөн ч гэлээ өөрөө аваагүй учраас **********эгчид мөнгө төлөх боломжгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1191 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагчаас 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хэсгээ татан авсныг баталж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.**********ээс 6.342.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэгч **********нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,422 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 27,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********д буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Б.********** нь нэхэмжлэлийн шаардлагын хариуд гаргасан тайлбартаа “С.**********нь **********эгчээс 2.500.000 төгрөг зээлсэн. Би хажууд нь байсан. Тэр 2 хүү хугацаагаа тохироод 5.300.000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан” гэжээ. Харин 2.000.000 төгрөгийн талаар ямар ч тайлбар өгөөгүй байдаг. Ер нь бол энэ мөнгийг Б.********** өөрөө аваад байсан учраас түүнийг хариуцах ёстой гэж нэхэмжлэгч хэлдэг. 2.000.000 төгрөгийг 2014.12.9-нд аваагүй гэсэн тайлбарыг хариуцагч өгөөгүй, үгүйсгээгүй тул зөвшөөрсөн гэсэн үг юм. Иймд 2.000.000 төгрөгийг **********ээс гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ********** нь хариуцагч Б.**********ээс зээлийн гэрээний үүрэгт 6.342.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ********** нь хадгаламж барьцаалах зээл авч 2014.12.01-ний өдөр 2.500.000 төгрөг 2014.12.09-ний өдөр 2.000.000 төгрөгийг Ж.**********д зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар /хх-17, 27, 15-16, 4-7, 24, дипозит дансны хуулга, зээлийн гэрээ, хариуцагчийн тайлбар, С.**********ын өргөдөл, хадгаламжийн зээлийн болон барьцааны гэрээ/ тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч ********** нь 4.500.000 төгрөгийг хариуцагч Б.********** зээлж авсан гэж маргаж байгаа боловч үүнийгээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан аргаар үнэлэн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.
Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу 2.500.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр татгалзсан байхад шаардлагын зарим хэсгээ татан авсныг баталсугай гэсэн нь мөн нэхэмжлэгч ********** 6.342.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа 2.500.000 төгрөгийг татгалзсан байхад нэхэмжлэлийн нийт шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тус тус буруу болжээ.
Анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно гэсэн ойлголт нь нэхэмжлэгч нэхэмжлэлээ бүхэлд нь буцаан авч шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзаж байгаа зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах, түүнийг дэмжих, татгалзах эсэх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгчийн эрх юм.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах гэдэг нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буй нэг хэлбэр юм.
Нэхэмжлэгч ********** нь нэхэмжлэлээ бүхэлд нь татан аваагүй, нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж байгаа учраас татан авах гэсэн ойлголт хамааралгүй болно. Энэ талаарх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 2.500.000 төгрөг гаргуулах шаардлагыг татгалзаж байгаа ба нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг өөрөө хариуцах учиртай тул түүний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянаж шийдвэрт өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгч **********давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1191 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд “... татан авсныг баталсугай” гэснийг “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын “...Б.**********ээс 6.342.000 төгрөг” гэснийг “...3.842.000 төгрөг...” гэж
3 дахь заалтын “...төрийн сангаас 27.475 төгрөг гаргуулж...” гэснийг хүчингүй болгож “...116.422 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч **********давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР
С.УРАНЧИМЭГ