Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 560

 

 

 

 

 

Г.Ганбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

ялтан Г.Ганбаатарын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2015 2601 0262 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Ганхуягийн Ганбаатар, 1982 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан Өлгийн 2 дугаар гудамжны 43а тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын задгайд түр оршин суудаг,

2005 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр /УДШ-ийн хяналтын шатны шүүх хуралдааны 2005.06.14-ний өдрийн 300 дугаар тогтоолтой/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12-т зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 9 сарын 8-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 23 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, /РД:НД82082375/;

Г.Ганбаатар нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамжны 6 тоотод байрлах нийтийн байранд бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Б.Дорждэрэмийн бие махбодид “зүүн бугалганы гурван толгойт булчинг гэмтээсэн, зүүн бугалганы дотор болон ар дээд хэсгийн нэвт хатгаж зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,

хохирогч Ц.Эрдэнэбилэгийн зүүн булчинг хутгаар хатгаж танхайрсан,

Бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж зэвсэг хэрэглэн танхайрах гэмт хэрэгт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр тооцогдож, мөн өдөр  бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Ганбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Ганбаатарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар түүнийг 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12-д зааснаар оногдуулсан 16 жил хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 1 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Г.Ганбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Г.Ганбаатар давж заалдах гомдолдоо: Би өөрийн ухамсаргүй буруу үйлдэлдээ чин санаанаасаа маш их харамсан гэмшиж байна. Миний ээж Б.Мөнгөнцэцэг өндөр настай бие муутай хүн байдаг ба бага насны хүүхэдтэй минь хамт байгаа. Тэднийг харж, тус дэм болох ах дүү хамаатан садангүй бөгөөд ар гэрийн амьдрал хүнд, амжиргааны түвшин доогуур нэн ядуу амьдардаг ба зээлийн хашаа гэрийн төлбөр болох 300.000 төгрөгийг сар бүр төлдөг. Иймд миний ахуй амьдрал, ар гэрийн байдлыг минь харгалзан  үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт “бүлэглэж” үйлдсэн байхаар заасан. Гэтэл Г.Ганбаатарын үйлдэлд ийм зүйл харагдахгүй байгаа. Г.Ганбаатар нь хутга хэрэглэж хүний биед шинжээчийн дүгнэлтэд зааснаар хүндэвтэр гэмтэл учруулсан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хүний биед хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг зааж өгсөн. Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан. Энэ хэрэг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гарсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үүзэж байна. Иймд шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:   : Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан. Г.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлын хувьд гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэхийг хүссэн байна. Г.Ганбаатарын үйлдсэн хэрэг Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулиар хүндэвтэр гэмт хэрэг болж байгаа хэдий ч тэрээр өмнө нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаа алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа учир ял шийтгэлийг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Ганбаатар нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 15 дугаар гудамжны 6 тоотод байрлах нийтийн байранд бусдыг илтэд үл хүндэтгэн үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Б.Дорждэрэмийн бие махбодид “зүүн бугалганы гурван толгойт булчинг гэмтээсэн, зүүн бугалганы дотор болон ар дээд хэсгийн нэвт хатгаж зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,

хохирогч Ц.Эрдэнэбилэгийн зүүн булчинг хутгаар хатгаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Г.Ганбаатар /хх-30-31, 105, 153/, мөрдөн байцаалтад хохирогч Б.Дорждэрэм /хх-8-9/, Ц.Эрдэнэбилэг /хх-8/, гэрч К.Батсүрэн /хх-81/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 5203 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-25/ болон хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Ялтан Г.Ганбаатарын гаргасан “Би өөрийн ухамсаргүй буруу үйлдэлдээ чин санаанаасаа маш их харамсан гэмшиж байна. Өндөр настай, бие муутай миний ээж Б.Мөнгөнцэцэг ба бага насны хүүхэдтэй минь хамт байгаа. Тэднийг харж, тус дэм болох ах дүү, хамаатан садангүй бөгөөд ар гэрийн амьдрал хүнд, амжиргааны түвшин доогуур, нэн ядуу амьдардаг ба зээлийн хашаа, гэрийн төлбөр болох 300.000 төгрөгийг сар бүр төлдөг. Иймд миний ахуй амьдрал, ар гэрийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

“Ялтан Г.Ганбаатар мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй” гэж анхан шатны шүүх дүгнэж, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Гэвч 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэжээ.

Ялтан Г.Ганбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “бусдыг илтэд үл хүндэтгэж хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийн “догшин авирлан”, “зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэх ердийн болон хүндрүүлэх, онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дүйцэх 20.16  дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-д тусгагдаагүй байна.

Иймд ялтан Г.Ганбаатарт холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан/ зааснаар зүйлчилж, түүнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Ганбаатарын цагдан хоригдсон 57 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 855.000 /найман зуун тавин таван мянган/ төгрөгөөр тооцож, эдлэх ялаас 855.000 төгрөгийг хасаж, түүнийг торгох ял биелэгдсэнд тооцохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуульчилсан бөгөөд тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Г.Ганбаатарт 2005 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.2.11, 91.2.12-т зааснаар 16 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 23 хоногийн хорих ялыг 2014 оны 9 сарын 8-ны өдрийн шүүгчийн захирамжаар тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хяналтын хугацаанд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул үлдсэн хорих ялыг сэргээж,  түүний эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 23 хоногийн хорих ялыг бүхэлд нь биечлэн эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж давж заалдах шатны тус шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ялтан Г.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.