Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0466

 

 

“Х”ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, П.Г, О.Б, хариуцагч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Ц.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х”ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Н.Б, Ц.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13-д заасныг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дугаар зүйлийн 18.1.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6.4, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан “Х” ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын улсын байцаагчийн  2018 оны 12 дугаар  сарын 19-ний өдрийн  297783 дугаар  шийтгэлийн хуудсаар ногдуулсан 4,794,613,795.14 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөрөөс 24,758,000.00 төгрөгийн зөрчилд ногдох 148,548.00 төгрөгийн торгууль, 99,032.00 төгрөгийн алданги, нийт 247,580.00 төгрөгийн төлбөрийг багасаж, 21,270,278.40 төгрөгийн зөрчилд ногдох 787,000.30 төгрөгийн торгууль, 424,980.20 төгрөгийн алданги, нийт 1,211,980.50 төгрөгийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...1. Шүүхээс Татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 297783 дугаар шийтгэлийн хуудсаар ногдуулсан 4,794,613,795.14 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 464,256,688.90 төгрөгийн төлбөрөөс 24,758,000.00 төгрөгийн зөрчилд ногдох 148,548.00 төгрөгийн торгууль, 99,032.00 төгрөгийн алданги, нийт 247,580,000 төгрөгийн төлбөрийг багасгаж, 21,270,278.40 төгрөгийн зөрчилд ногдох 787,000.30 төгрөгийн торгууль, 424,980.20 төгрөгийн алданги, нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй гэж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: 1.Хариуцагч татварын улсын байцаагч Ц , Н.Б нар нь 1.1 . Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.6, 12.1.9, 12 1.21, 12.1.24 дэх заалтуудыг зөрчсөн.

1.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 141.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, 15.9, Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалыг тус тус зөрчсөн.

2. 2017 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчил гаргасан гэж үзээд торгууль, алданги оногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.1, 58.1.2, 58.1.3, 58.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

3. 2014, 2015 оны татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцоогүй гэж үзэн нөхөн төлүүлэхээр 48, 146,770.56 төгрөгийн татварыг нөхөн төлүүлэх шийтгэл оногдуулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 20 дугаар зүйлийн 20 1, 20.2, 20.3-т заасныг зөрчсөн,

4. "  " ХХК-ийн 2013-2017 оны "Дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ" -ын ногдуулалт, төлөлтийн тооцоог үйлдсэн хариуцагч татварын улсын байцаагч Ц.Э, Н.Б нарын гаргасан тооцооны хувьд 2013, 2014, 2015, 2016 оны тооцоолол дээр маргаагүй. Харин 2017 оны тооцоолол дээр Тусгагдсан 1 татвар ногдох орлого, 2 баримтаар нотлогдох зардал, 3.татвар ногдуулах орлого, 4. ногдуулсан татвар, 5 урьд оны илүү, дутуу төлөлт, 6 төлбөл зохих татвар, 7 төлсөн татвар, 8. Эцсийн тооцоогоор гарсан илүү, дутуу төлөлт гэсэн тооцоолол бүхий нотлох баримтыг анхан шатны шүүх дээр нэг бүрчлэн шинжлэн судалсан бөгөөд гомдол гаргагчийн хувьд 2017 оны жилийн эцсийн  тайлангаар 964,622,482.50 төгрөгийн татварын илүү төлөлттэй гэж тайлагнасныг хяналт шалгалтаар 547,088,410.80 төгрөг гэж тогтоон бууруулж, 417,534.071.70 төгрөгийн илүү төлөлттэй гэж гаргасан хэрнээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтууд болох 16 дугаар зүйлийн 16.1, 15.1.2, 15.9 дэх заалтыг хэрэглэхгүйгээр, Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан одох бүртгэлд тусгах журам"-ын 4.1-д "Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган алагчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг шалгаж, албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулах актыг үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ" гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл төлбөл зохих татварыг бууруулж, 417,534,071.70 төгрөгийн татварын илүү төлөлттэй байгаа тухай тооцоо үйлдсэн хэрнээ шийтгэлийн хуудсаар 464,255,688.90 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл оногдуулж болох уу.

5. Гомдол гаргагч /гомдол гаргагч/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалангийн зүгээс Татварын улсын байцаагч нарын Зөрчлийн тухай хуулийн "Татварын ерөнхий хууль зөрчих” гэсэн 11.19 дүгээр зүйлийн 11.19-ийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан байсан. Харин Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргаж уг хуулийн 1 дүгээр зүйлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж баталсан ба уг өөрчлөлт оруулах Татварын хууль зөрчих тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан, 2019.03.22-ний өдрийн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар өмнө нь Зөрчлийн хуульд байсан 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтууд болох 1. Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор, 1.1 татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэлд тусгахгүй орхигдуулсан 1.2 татвар ногдох орлого , орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байсан.

Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйл /Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа/-ийн 4 дэх хэсэгт "Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ", 6 дахь хэсэгт шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан тухайн зөрчилд хариуцлага тооцсон хуулийн зүйл, хэсэг, заалт хүчингүй болсон тохиолдолд зөрчлийн хэрэг нээхгүй", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн Шүүгч зөрчлийг хянан шийдвэрлэж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана. 6.1 дэх заалт “зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн өмнөх хэсэг, заалт болох 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг зөрчилд тооцохгүй болсон байх тул хуулийг буцаан хэрэглэж Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаан дээр гомдол гаргагчийн төлөөлөгч Т.Б хууль буцаан хэрэглэх нөхцөл байдлын талаар нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл болгон тайлбар гаргасан боловч шүүх шийдвэртээ энэ талаар огт дурдаагүйн сацуу хууль буцаан хэрэглэх асуудалд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0371 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Гомдол гаргагч “Х”ХХК-иас “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” тухай “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0297783 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол гаргасан, уг шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч хуулийн этгээдийн 2013-2017 оны санхүүгийн үйл ажиллагааг хянан шалгаж, нийт 464,255,688.90 төгрөгийн төлбөр ногдуулжээ[1].

          Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор гомдол гаргагч “Х”ХХК-ийн гомдлын дагуу маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс нийт 24,580.00 төгрөгийг чөлөөлж, нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг бууруулж, нийт 462,796,128.34 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийг өөрчилжээ.[2]

          Харин анхан шатны шүүхээс 465,255,688.90 төгрөгийн төлбөрөөс 24,758.000.00 төгрөгийн 148,548.00 төгрөгийн торгууль, 99,032.00 төгрөгийн алданги, 245,580.00 төгрөгийн төлбөрийг багасгаж, 21,270,278.40 төгрөгийн зөрчилд ногдох 787.000.30 төгрөгийн торгууль, 424,980.20 төгрөгийн алданги, нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлжээ.

          1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 он) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардлуудыг тусгажээ.

          Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.24-д “..., харуул хамгаалалтын зардал”-ыг хасч тооцсоны үндсэн дээр аж ахуйн нэгжийн орлогоо тодорхойлохоор заасан, энэ нь тухайн аж ахуйн нэгжийн  албан татварын тайлан гаргасан хугацаанд олсон орлого буюу үндсэн үйл ажиллагаанаас олсон орлоготой холбоотойгоор гарсан зардлууд хамаарах юм.

          Гомдол гаргагч “Х”ХХК нь 2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тодорхойлохдоо хасч тооцсон 133.630.000 төгрөгийн “харуул хамгаалалтын зардал” нь “тус компанийн тайлант хугацааны үед явуулж байсан мотоцикл, автомашины дугуй, аккумуляторын худалдаа, үйлчилгээ, шатахуун борлуулалтын үндсэн үйл ажиллагаагаа явуулахдаа харуул хамгаалалтын үйлчилгээг бусад этгээдээс аваагүй харин тус компаниас “Н” зочид буудлыг барих үедээ авсан харуул хамгаалалтын үйлчилгээний зардал буюу барилгын өртөгт тооцогдох, хөрөнгө оруулалтын зардлыг хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 он) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.24-т заасантай нийцээгүй байна.

          Түүнчлэн гомдол гаргагч компани нь 2017 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тодорхойлохдоо хасч тооцсон дуусаагүй барилгын өртөгт тооцогдох хөрөнгө оруулалтын 274,924,673.96 төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний зардлыг орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулсан гэж үзэх үндэслэлтэй.

          Учир нь гомдол гаргагч компани нь татвар төлөгчийн хувьд Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д зааснаар санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны тайлангаа олон улсын стандартын дагуу гаргах үүрэгтэй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 11.5-ийн а-21-д “Гэрээг баталгаажуулах өдрөө түүнийг дуусгавар болгох хүртэлх үед хуваарилагдах зардлыг гэрээний зардалд хамруулна” гэж, барилгыг барьж байгуулахтай холбоотойгоор гарсан зардлууд нь барилгын үндсэн өртөгт орж тооцогдохоор байна.

   Иймээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “улсын байцаагч нар нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.6, 12.1.9, 12 1.21, 12.1.24 дэх заалтуудыг зөрчсөн.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          2.Гомдол гаргагч компаниас гаргасан 2016 оны тайлант хугацааны үйл ажиллагааны орлого болох автомашины дугуй, аккумлятор шатахууны худалдан борлуулалттай холбоогүй “Н” зочид буудлыг барих үед авсан харуул хамгаалалтын үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг гомдол гаргагчаас нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийнхаа худалдан авалт хэсэгт тусгасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.4-т “Дараах бараа, ажил үйлчилгээг ..., худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй ...худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэсэн заалттай нийцэхгүй байна.

          Түүнчлэн хариуцагч улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад гомдол гаргагч компаниас “Н” зочид буудлын барилгыг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ашиглалтад оруулсан байдлыг баримтаар тогтоож, мөн гомдол гаргагч компанийн 2013-2017 онд үл хөдлөх эд хөрөнгө буюу үндсэн хөрөнгөд оруулсан өртгийн задаргааг, мөн үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой 2017 онд дотоодоос худалдан авсан бараа ажил, үйлчилгээнд 2,401,3958276.85 төгрөгийн, импортын бараанд төлсөн 18,773,945,440.11 төгрөгийн, нийт 4,175,340,716.96 төгрөгийн худалдан авалтыг анхан шатны баримтаар улсын байцаагч нар тогтоожээ.

          Гэтэл гомдол гаргагч компани нь 2017 онд 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “...хуулийн этгээдийн ...доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасантай нийцээгүй байна.

   Иймээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “ улсын байцаагч нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 141.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, 15.9, Сангийн сайдын 2015 оны 333 дугаар тушаалыг тус тус зөрчсөн.” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

          3.Гомдол гаргагч компани нь 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан татварын дутуу төлөлт болох 21,270,278.40 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн нь Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Албан татвар төлөгч нь ...улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа он 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж заасантай нийцээгүй бөгөөд татвараа хуульд заасан хугацаанд төлсөн гэж үзэхээргүй байна.

          Түүнчлэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны 17 дугаар  тогтоолоор[3] уг 2016 оны 21,270,278.40 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчилд ногдуулсан 787,000,30 төгрөгийн торгууль, 428,980,20 төгрөгийн алданги нийт 1,211,980.50 төгрөгийн төлбөрийг гомдол гаргагч компанийн гомдлын дагуу бууруулжээ.

   Иймээс гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “2017 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаа хожимдуулан төлсөн зөрчил гаргасан гэж үзээд торгууль, алданги оногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.4, 58 дугаар зүйлийн 58.1, 58.1.1, 58.1.2, 58.1.3, 58.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.” гэж давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй.

          4. Гомдол гаргагч талаас анхан шатны шүүхээс  “хариуцагч нар нь татварын иж бүрэн, төлөвлөгөөт шалгалт хийсэн бөгөөд тус компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2014 оны 371,903,106.89 төгрөгийн алдагдлыг 29,745,049.60 төгрөгөөр бууруулж, 342,158,057.29 төгрөгийн алдагдалтай, 2015 оны 412,285,515.96 төгрөгийн алдагдлыг 141,688,530.70 төгрөгөөр бууруулж, 270,596,985.26 төгрөгийн алдагдалтайгаар тус тус баталгаажуулсан боловч татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэх тооцоог хийгээгүй, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2014, 2015 оны тайлангаар алдагдлыг шилжүүлэн тооцоход аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулах татвар 2016 онд 28,766,216.40 төгрөг, 2017 онд 47,749.669.06 төгрөг байх тул түүнийг төлбөрийн дүнгээс хасч багасгах боломжтой гэж шүүх үзэв.” гэж үндэслэх хэсэгтээ дурдсан атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгтээ төлбөрөөс багасгасан дүнг оруулаагүй нь үндэслэлгүй гэж давж заалдах гомдолдоо маргажээ.

          Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Албан татвар ногдох орлогоос энэ хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ”, 20.2-д “Энэ хуулийн 20.1-д заасан алдагдлыг дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан 4-8 жилийн, бусад салбарын хувьд 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцох бөгөөд ... дэд бүтэц, уул уурхайн салбарын алдагдал тооцох хугацааг Засгийн газрын баталсан журмын дагуу зохицуулна”, 20.3-т “Энэ хуулийн 20.2-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос жил бур хасагдах алдагдлын хэмжээ нь ..., бусад салбарын хувьд 50 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд уг хасагдах алдагдлыг тухайн татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно” гэж тус тус заажээ.

          Уг хуулийн заалтаас үзэхэд алдагдлыг 2 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцохоор заасан боловч уг алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох нөхцөл, боломжийг хуульд заагаагүй байх тул хариуцагч улсын байцаагч нарыг хуульд заагаагүй үндэслэлээр буруутган, гомдол гаргагчийн шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс уг алдагдлыг хасч тооцох нь үндэслэлгүй тул гомдол гаргагчийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          5. Гомдол гаргагч компанийн 2017 оны төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг тайландаа 964,622,482.50 төгрөг гэж тусгасныг татварын шалгалтын явцад 417,534,071,70 төгрөгөөр бууруулан, шалгалтаар тайлант онд төсвөөс авах татварыг 547,088,410,80 төгрөг гэсэн тооцооллыг[4] улсын байцаагч нараас хийжээ.

          Хариуцагч улсын байцаагч нараас гомдол гаргагчийг 2017 оны 4,175,340,716.96 төгрөгийн үндсэн хөрөнгө бий болохтой холбоотой импортоор оруулсан болон дотоодоос худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “...импорт болон дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг 417,534,071.69 төгрөгөөр бууруулсан байдлыг татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээллээр нотолж, татварын дүнг бууруулсан зөрчлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д “...хуулийн этгээдийн ...доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

          Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчилд оногдуулсан төлбөрөөс гомдол гаргагчийн төсвөөс буцаан авах татварын илүү төлөлтийг хасаагүй гэж гомдолд дурдсан үндэслэлээр хариуцагч улсын байцаагч нарыг буруутгах үндэслэлгүй.

          Учир нь гомдол гаргагч нь Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 17 дугаар зүйлд: “17.1 Татвар төлөгч дараах эрх эдэлнэ...17.1.4 илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах:” 58 дугаар зүйлд: “58.1 Энэ хуулийн 17.1.4-т заасны дагуу татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг дараах журмаар шийдвэрлэнэ: 58.1.1 тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох, 58.1.2 татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох 58.1.3 буцаан олгох, 58.2-т илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу төсөвт илүү төлсөн гэдгийг татварын улсын байцаагчдаас хяналт шалгалтын явцад тооцоолсон төсвөөс авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрт суутган тооцуулах, нэхэмжлэн авах эрхтэй байна.

          Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд албан татвар төлөгчийн илүү төлсөн татварыг буцаан олгох журмыг тогтоосон. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  15 дугаар зүйлийн 15.1-д “Албан татвар суутган төлөгчийн илүү төлсөн албан татварыг дараах журмаар буцаан олгоно:15.1.1.албан татвар суутган төлөгч буцаан авах хүсэлтээ албан татварын тооцоо хийж, тайлан тушаах үедээ харьяалах татварын албанд бичгээр ирүүлнэ;15.1.2.харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж тус тус заасан байна.

          Гомдол гаргагч компани нь илүү төлсөн албан татварыг дээр дурдсанаар хуульд заасны дагуу буцаан авах эрхтэй хэдий ч хуульд заасан журмын дагуу харьяалах татварын албанд буцаан авах хүсэлтээ бичгээр хүргүүлсэн эсэх, түүнчлэн уг хүсэлтийг харьяалах татварын алба нь хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй байна.

          Уг асуудлаар гомдол гаргагч компани нь харьяалах татварын албанд хуульд заасан журмын дагуу хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй. Уг эрх нь зөрчигдсөн гэж үзвэл зөвхөн тухайн асуудлаар гомдол гаргагч компани шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй. 

          6. Хариуцагч улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1-д “Татвар төлөгч ...хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор: татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад ...нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, мөн зүйлийн 1.2-д “татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн...бол татварыг нөхөн төлүүлж...хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн заалтыг үндэслэн гомдол гаргагч компанид нөхөн татвар, торгууль, алданги оногдуулжээ.

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан зөрчлийг Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар зөрчилд тооцохгүй болсон учир шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т заасныг баримтлан зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн ...хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу хуулийг буцаан хэрэглэж, зөрчлийн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж давж заалдах гомдолдоо маргажээ.

          Хэдийгээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтад хамааруулахгүй болсон боловч уг хуулийн зохицуулалтыг  УИХ-аас 2019 оны 03 дугаар 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн 82 дугаар зүйлд “82.1.Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.1.төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар; 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар, 82.2.Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгоно.” гэсэн агуулгаар  оруулжээ.

             Мөн Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай (2019.03.22) хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.” гэж заажээ.

          Эдгээр хуулийн шинэ зохицуулалтын агуулгаас дүгнэхэд, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан зөрчлийг зөрчилд тооцохгүй болсон нөхцөл байдал байхгүй, харин уг зөрчлийн агуулгыг Татварын ерөнхий хуульд шинээр тусгасан, түүнчлэн шинэ хуулийн зохицуулалт нь өмнөх Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаас татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй байх тул маргааны тохиолдолд шинэ хуулийн зохицуулалтыг буцаан хэрэглэх нь гомдол гаргагч компанийн эрх зүйн байдалд сөрөг нөлөөтэй тул шүүх шинэ хуулийг хэрэглэх үндэслэлгүй байна. Иймээс өмнө үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан зохицуулалтыг уг маргааны тохиолдолд хэрэглэх зүйтэй байна.

          Харин энэ талаар маргасаар байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 371 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий (2019 оны) хуулийн 82 дугаар зүйл, Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4, 58 дугаар зүйлийн 58.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай (2019 оны) хуулийн 4 дүгээр зүйл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (2006 оны) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.24, 20 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.6.4, 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, Зөрчлийн тухай хуулийн (2017 оны) хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2-д заасныг баримтлан “Х”ХХК-ийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус баримтлан өршөөн хэлтрүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 


[1] Хэргийн 1-р хавтас 12, 33-36 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 57-58 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 57-58 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 31 дэх тал