Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0470

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 374 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4, 106.5, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар “тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Ж” ХХК-ийн МV-1А MV-5 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тус шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “ Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газраас тогтооно” заалтын дагуу Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудыг гаргасан Дээрх тогтоолыг бүртгэж үзэхэд ашигт малтмал ашиглалтын МV-1А тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбай буюу гол, мөрний урсац бүрэлдэх эх газартай хэсэгчлэн давхцалтай байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалт, Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хагаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журмын 5.3 дахь заалт, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалаар батлагдсан нөхөн олговор тооцох дотоод зааврын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Сангийн яамны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1457 албан тоот, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн XX-14 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 333, 440 дүгээр шийдвэрүүдээр тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулж, давхцалтай хэсгийг цуцалж хууль, болон тогтоолд нийцүүлж шийдвэрлэсэн.

Сүүлд гаргасан Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлж, 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн, ойн сан бүхий газрын хилийн заагийн солбицолд тус тус өөрчлөлт оруулж баталсан бөгөөд дээрх тогтоолын хавсралтад оруулсан өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын MV-1А тоот тусгай зөвшөөрлийн талбайн хэсэгт хамаарахгүй байна.

Гэтэл шүүх дахин дахин Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно" заалтыг зөрчин шийдвэр гаргаж буй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020 /0374 дугаар шийдвэрийн хариуцагчийн гомдол гаргаж буй хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч МV-1А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах, “Ж” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах, “Ж” ХХК-д МV-1A, MV-5 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож, үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрүүлэх” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс “ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайгаас чөлөөлөгдсөн, давхцалгүй болсон тул өмнө ашиглаж байсан талбайгаа буцаан авах эрхтэй” гэж, хариуцагчаас “хориглосон талбайтай давхцалтай хэвээр байгаа, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын чөлөөлсөн өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан МV-1А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамааралгүй” гэж маргасан.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэг шаардлагаа “МV-1А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбайг буцаан сэргээж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэл хийхийг даалгах” гэж тодорхойлж, уг нэхэмжлэлийн шаардлагаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор урьд давхцалтай байсан талбайгаас чөлөөлөгдсөн хэсэгт ашиглалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсч байгаа, эсхүл Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болсонтой холбоотойгоор урьд ашиглаж байсан 97.62 га талбайдаа бүхэлд нь ашиглалтын тусгай зөвшөөрлөө сэргээлгэхийг хүсч байгаа эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаагүй, тодорхойлоогүй 97.62 га талбайг сэргээсэн бүртгэл хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасантай нийцэхгүй байна.  

Түүнчлэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны 474 дүгээр тогтоолд “...хориглосон талбайн хэсэг хамаарахгүй болохыг батлах, эсхүл үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, ...хэсэгчлэн цуцалсан үндэслэл арилсан гэж дүгнэхдээ ямар баримтыг үндэслэснээ тайлбарлан дүгнээгүй, ...”, “...нэхэмжлэгчийн буцаан авахыг хүсч буй талбай хориглосон талбайтай давхацсан эсэх, давхцалтай бол аль хэсгээр, ямар хэмжээтэй давхацсан зэрэг асуудлаар шинжээч томилох замаар маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт өгөх шаардлагатай.” гэжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс шинжээч хоёр удаа томилж, шинжээчийн дүгнэлтүүд ирсэн боловч Улсын дээд шүүхийн тогтоолд заасан “...хориглосон талбайн хэсэг хамаарахгүй болохыг батлах, эсхүл үгүйсгэх дүгнэлт ирээгүй, шинжээчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгчийн буцаан авахыг хүсч буй талбай хориглосон талбайтай давхацсан эсэх, давхцалтай бол аль хэсгээр, ямар хэмжээтэй давхацсан” гэдэг нь тодорхой болоогүй байхад анхан шатны шүүхээс “Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан MV-1А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас уг тогтоолын дагуу хасагдсан хэсгийг Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор тогтоосон хил заагт хамаарахгүй байгаа солбицлоор нь буцаан сэргээлгэх боломж нэхэмжлэгчид үүссэн, хуулиар олгогдсон гэж дүгнэн нэхэмжлэгчийн MV-1А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан 97.62 га талбайг сэргээсэн бүртгэл хийж, тусгай зөвшөөрөлд тэмдэглэхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтаар[1] нэхэмжлэгч компанийн MV-1А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд заасан хориглосон талбайн солибоцлоос гадна мөн Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан хориглосон талбайн солбицолд орсон, уг 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан солбицолд Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан, уг өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн талбай хамаарч байгаа эсэхийг шалган тогтоогоогүй, дүгнэлт өгөөгүй, ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн MV-1А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь зөвхөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолд заасан хориглосон талбайн хил заагт хамаарч байгаа талаар тодорхой дүгнэлт өгөөгүй байдал нь анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу, зөрүүтэй үнэлж маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Мөн Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоол нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасныг үндэслэн гарсан.

Уг хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө ойн сан бүхий газарт олгосон ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ойн тухай хуулийн 8.6, 29 дүгээр зүйл, 30.2, 42.1.5-д заасныг хэрэгжүүлнэ. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 200 мeтрээр тогтооно. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан тохиолдолд Усны тухай, Ойн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.” гэж заасан.

Энэ заалтын дагуу Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын 1 дэх хэсгээр усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх ажлыг 2015 оны 10 дугаар сарын багтаан зохион байгуулахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгажээ.

Нэхэмжлэгчийн MV-1А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас хасагдсан талбай нь энэхүү тогтоолд заасан усан сан бүхий газрын эргээс 50 метрт онцгой, 200 метрт энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэх, энэ талаар хэрхэн тэмдэгжүүлэлт хийсэн эсэхтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах нь маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас тогтооход ач холбогдолтой юм. 

Мөн Засгийн газрын 2016 оны 155 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан солбицолд өөрчлөлт орсон, уг өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн маргаж буй талбай хамааралтай, давхцалтай эсэхтэй холбоотой нотлох баримт цуглуулах шаардлагатай.

Дээр дурдсан баримтууд нь хариуцагч талаас “шүүх дахин Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал, хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан, хориглосон талбайтай давхцалтай хэвээр байгаа, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолын чөлөөлсөн өөрчлөлтөд нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан МV-1А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хэсэг хамааралгүй” гэж маргаж байгаа нөхцөл байдалд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

Дээрхээс гадна нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан MV-5 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар, түүнтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батмагнайгийн итгэмжлэлийн[2] хугацаа 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дууссан байхад түүнийг оролцуулан, тайлбарыг нь авч шүүх хуралдааныг явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 474 дүгээр тогтоолд заасан хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг үндэслэлтэй тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлд заасан Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулах, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, хэрэгт авагдсан баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 374 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 


[1] Хэргийн 1-р хавтас 50, 51, 57 дахь тал, 3-р хавтас 2 дахь тал

[2] Хэргийн 2-р хавтас 75 дахь тал