Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00085

 

Б.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01960 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2060 дугаар магадлалтай,

Б.Мын нэхэмжлэлтэй

Б.Бд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10 818 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Бын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Ж.Батмөнх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Багтцогтой 2016 оны 5 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 7 800 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, cap бүр үндсэн мөнгө хүү нийлээд 880 000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн боловч нэг ч удаа хүү болон үндсэн мөнгөө төлөлгүй өдийг хүрлээ. Гэрээнд заасны дагуу хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож нийт 129 хоногийн алданги болох 3 018 600 төгрөг, үндсэн зээлийн 7 800 000 төгрөг, нийт 10 818 600 төгрөгийг Б.Боос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.М бид хоёр 7 800 000 төгрөгийн зээлийн гэрээг хийж нотариатчаар батлуулсан ч үнэн хэрэг дээрээ ямар нэгэн мөнгө төгрөг авч өгөлцөөгүй болно. Надад 2014 онд мөнгөний хэрэг гарч би Б.Маас мөнгө зээлэх хүн байгаа юу гэж асуухад Н.Гантулгатай уулзуулсан. Тэгээд 2014 оны 4 сард Н.Гантулгатай аман хэлцэл хийж 1 cap тутамд 5 хувийн хүү төлж байхаар тохирч, 3 000 000 төгрөг зээлж авсан. Тэгээд хүүгээ төлж явж байгаад 2014 оны 7 сард дахин 3 000 000 төгрөг нэмж зээлээд нийт 6 000 000 төгрөг авсан. Би cap бүр хүүгээ алдалгүй төлж явсаар хамгийн сүүлд 2015 оны 11 сард 300 000 төгрөг шилжүүлсэн. Барилгын салбарт нүүрлэсэн санхүүгийн хямралаас болж надад мөнгө орж ирэхгүй болсноор сүүлийн 6 сарын хүүг төлж чадаагүй байсан юм. Гэтэл Б.М над руу залгаж “би чиний өмнөөс өрийг төлсөн, надад тэр мөнгийг төлөөрэй” гээд байн байн ярих болсон. Тэгээд миний ажил дээр болон эхнэрийн ажил дээр хүртэл ирж дарамтлаад байхаар нь аргагүйн эрхэнд нотариат орж зээлийн гэрээг 7 800 000 төгрөгөөр хийж батлуулсан. Миний хувьд Н.Гантулгаас мөнгө зээлсэн болохоос биш нэхэмжлэгч Б.Маас мөнгө зээлж авч үүрэг хүлээгээгүй, мөн Б.Мыг миний өмнөөс төлөөд өгөөч гэж хүсээгүй, зөвшөөрөл өгөөгүй байхад “би төлсөн, өг” гэж надаас энэ мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Б.Мын нэхэмжилсэн 10 818 600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01960 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Боос 10 818 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 048 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 188 048 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Мд буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2060 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188 048 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б хяналтын гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07-р сарын 06-ны өдрийн дугаар 181/ШШ2017/019660 шийдвэр, 2017 оны 09-р сарын 15-ны өдрийн №2060 магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Шүүх нотлох баримтыг үнэлэн үзэж хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаж үзэлгүй хэргийг буруу шийдвэрлэсэн талаар: Нэхэмжлэгч Б.М нь 2016 оны 05-р сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан ч Иргэний хуулийн 281.1-д заасан зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлж зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанчлан ямар нэгэн мөнгө шилжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зуучлан танилцуулсан Н.Гантулгаас аваад төлөөгүй байгаа зээлийг төлөөгүй сарынх нь хүүг нэмж өөр дээрээ гэрээ байгуулан нэхэмжлэж байгааг нотлохоор шүүхээр гаргуулсан нотлох баримт болох Н.Гантулгын дансны хуулгыг үнэлэн авч үзэлгүй шийдвэрээ гаргасан. Хариуцагч Б.Б миний бие нэхэмжлэгчээс огт мөнгө зээлж байгаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийн зуучлан танилцуулсан Н.Гантулгаас 6 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж төлж байгаад сүүлийн 6 сарын хүүг өгч чадаагүй болохоор Б.М миний өмнөөс Н.Гантулгад өрийг төлсөн тийм болохоор мөнгийг надад өг, зээлийн гэрээ хийнэ гэж шахсаар байгаад зээлийн гэрээ хийсэн тухай хариу тайлбартаа тодорхой бичиж үүнийгээ нотлохоор шүүхээр Н.Гантулгын харилцах дансны хуулгыг гаргуулсан боловч шүүх үнэлэн авч үзээгүй шийдвэрээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр би нотриатаар батлуулсан гэрээн дээр гарын үсэг зурсан нь үнэн боловч үнэхээр мөнгө аваад зурсан уу үгүй юу гэдгийг нягтлан шалгаж үзээгүй бөгөөд нэхэмжлэгч татаас энэ хэмжээний мөнгө үнэхээр байсан, өгсөн эсэхийг нотлохгүй байхад би аваагүй гэдгээ нотлож чадах ганц баталгаа болох Гантулгын дансны хуулгыг хэрэгт хамааралгүй гэж үзсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагааны турш хаанаас ямар их үүсвэртэй мөнгөө авч надад ямар тэмдэгтээр хэдэн цагт хаана хүлээлгэн өгсөн тухайгаа нотлоогүй бөгөөд зөвхөн нотариатаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэн надаас өгөөгүй мөнгөө нэхэмжлэн гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх ханган шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж би үзэж байна. 2. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Иргэний хуулийн 281-р зүйл 281.1 хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлж зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцааж төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан зээлийн гэрээний гол нөхцөл хангагдаагүй мөнгийг өгч авалцаагүй байхад гэрээ байгуулсан гэж үзэн шийдвэрээ гаргасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07-р сарын 06-ны өдрийн дугаар 181/ШШ2017/019660 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09-р сарын 15-ны өдрийн 2060 магадлалыг хүчингүй болгож хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Зохигчид маргааны үйл баримтын талаар бүрэн мэтгэлцэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Боос зээлийн гэрээний үүрэгт 10 818 600 төгрөгийг шаардахдаа 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэл болгожээ.

Харин хариуцагч Б.Б нь уг гэрээнд гарын үсэг зурсан боловч “...гэрээний дагуу мөнгө аваагүй, Н.Гантулгаас авсан 6 000 000 төгрөгийг Б.М нь бидний өмнөөс төлсөн гээд гэрээнд гарын үсэг зуруулсан ...” гэж маргажээ.

Хариуцагч Б.Б нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж, Н.Гантулгын данс, банкны мэдээллийг бичиж, уг баримтыг банкнаас гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2016/08277 дугаар захирамжаар хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Учир нь Б.Б нь энэ шийдвэрээр Б.Мд зээл төлөх үүрэгтэй гэхэд Н.Гантулга нь түүнээс дахин зээл шаардах эсэх асуудал хөндөгдөх тул дээрх хүсэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ. Хариуцагч нь Н.Гантулгаас зээл авсан гэж уг үүргийг Б.Мын нэхэмжлэлийн үндэслэлтэй холбож тайлбарлаж мэтгэлцсэн тул энэ асуудлыг тодорхой болгох нь зүйтэй байна. 

Нэг үүргийг хоёр удаа гүйцэтгэж болохгүй тул хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлэх, улмаар зохигчдын мэтгэлцэх боломжийг бүрэн хангах шаардлагатай байжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлдүүлэгч, зээлдэгч буюу зээлийн гэрээний талууд нь Б.М болон Б.Б нар мөн эсэх, зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх асуудлаар зохигчид бүрэн мэтгэлцэж чадаагүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01960 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2060 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 188 048 төгрөгийг шүүгчийн захиармжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА