Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0521/З |
Дугаар | 548 |
Огноо | 2017-07-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 548
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Өлзийжаргал, шүүгч А.Насандэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгч Э.У , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , гуравдагч этгээд Ж.Г , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б , иргэдийн төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан иргэн Э.У ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.
Нэхэмжлэгч: Э ын У
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ж ийн Г
Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, .. дугаар хороолол, ..-р байрны зүүн талд 20 м.кв талбай бүхий газрыг Э.У өв залгамжлалаар эзэмших эрхтэй тул түүний нэр дээр газар эзэмших эрхийг баталгаажуулахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын А/119 дугаар захирамжаар Ж.Г д олгосон 390 м.кв газраас дугуй засварын газар, гарааш байрлах нийт 40 м.кв газрыг давхардуулан олгосон хэсгийг болон орон сууцны хооронд байрлах галын гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Нийслэлийн Засаг дарга 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А/119 дүгээр захирамж гарган Ж ийн Г д Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо .. дугаар хороолол, .. байрны зүүн талд 390 м.кв талбай бүхий газрыг олгожээ. Гэтэл уг газрын 40 м.кв талбай бүхий газар нь миний эцэг Н ийн Э ын худалдаа үйлчилгээний зориулалтаар 1998 оноос эзэмшиж буй газартай давхцуулан олгогдсон байна. Миний аав 2013 оноос хүндээр өвдөж ухаангүй байж байгаад 2014 оны 4 дүгээр сарын 15-нд нас барж түүний өв залгамжлагчаар том хүү Э.У би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 65 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээ авч уг газрыг өв залгамжлах эрхтэй болсон. Ж.Г нь 2015 оны 10 дугаар сарын 01-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж хариуцагч болсон үеэс Нийслэлийн Засаг дарга газар давхардуулан олгосон байна гэж мэдсэн бөгөөд тус шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх маргааныг шийдвэрлэсний дараа миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж Нийслэлийн Засаг даргад Ж.Г д олгосон А/119 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ааваасаа өвлөж авсан газраа эзэмших эрхтэй болохыг тогтоолгохоор гомдол гаргасан боловч шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дүнжингарав худалдааны төвд байрлах иргэдэд үйлчлэх 1 цэгийн үйлчилгээний төвөөс очиж авсан. Энэ хугацаанд ээж Ц.*******ийн бие өвдөж нурууны хагалгаанд орж түүнийг эмнэлэгт асарч сахиж байсан. Үүнээс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэсэн.
Иймд Э.У намайг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 14 байрны зүүн талд 40 м.кв талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож Нийслэлийн Засаг даргын А/119 тоот захирамжаар олгосон 390 м.кв газраас миний өв залгамжлан авах 40 м.кв газар болон гараж орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Н.Э нь 1998 оноос эхлээд маргаж буй 40 м.кв газар дээр гарааш болон сэлбэгийн дэлгүүр, дугуй засварын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж ирсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3/863 тоот шийдвэр гаргасан. Учир нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо .. дугаар хороолол, .. байрны зүүн талд 30 машины гарааш барих зөвшөөрөл өгсөн. Энэ зөвшөөрлийг бид хотоос газар эзэмшүүлэх, ашиглуулах зохицуулалт хийж өгсөн юм байна гэж ойлгоод энэ эрхийн дагуу “Х-Ө” Хувиараа эрхлэх аж ахуйгаас 40 м.кв газрыг авч гарааш болон үйлчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Энэ үндсэн дээр 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг даргатай газар эзэмших гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д тус тус заасны дагуу газар эзэмших эрх үүссэн. Газар эзэмших эрх нь гэрээний үндсэн дээр үүснэ гэж Газрын тухай хуульд заасан байдаг. Н.Э гэдэг хүн газар эзэмших гэрээг 2008 оны 03 дугаар сард байгуулсан. Гэрээн дээр 5 жилийн хугацаатай гэж байгаа боловч хуулийн хугацаа нь 15-30 жилийн хугацаанд эзэмших эрхтэй байдаг. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусаагүй газрыг давхардуулан олгосон байдаг. Өөрөөр хэлбэл эзэмших эрхийн хугацаа дууссан шалтгаанаар газар давхардуулан олгосон байдаг.
Н.Э гэдэг хүн 2013 онд хүндээр өвчлөөд 2014 оны 04 дүгээр сарын 15-нд нас барсан. Үүнээс хойш 1 жилийн дараа Э.У гэдэг хүн өв нээлгээд Баянзүрх дүүргийн Газрын албаны тухайн хороог хариуцаж байсан газар зохион байгуулагчид хандахад Нийслэлийн засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г д 390 м.кв газар эзэмших эрх нээсэн байгаа тул газрыг шилжүүлэх боломжгүй гэж хариу өгсөн.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны захирамжаар 20 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Нэхэмжлэгчийн аав нь өвчтэй байсан тул шүүхийн журмаар маргалдаж явсаар Э.У нь 20 м.кв газрыг эзэмших эрхтэй байхад нь Нийслэлийн Засаг даргаас хүчингүй болгосон байна. Нөгөө 20 м.кв газрын тухайд дээр дурдсан 1996 оны шийдвэрийн дагуу 14 дүгээр байранд оршин сууж байгаа гараашийг худалдаж авсан иргэний хувьд эзэмших эрхтэй гэдэг нь харагдаж байна. Ослын гарцын тухайд байр болон гараашийн хооронд 3-4 метр хэмжээтэй ганц машин орохоор газар байдаг. Тус зам нь цементэлсэн зам байдаг бөгөөд түргэний машин, галын машин, цагдаагийн машин орж иргэдэд тусламж үзүүлдэг. Нэхэмжлэгч нь тэр байранд буюу гарааш руу харсан талд амьдардаг бөгөөд амьдрах эрхэд нь халдаж байгаа учраас хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Э.У ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн Ж.Г д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Н.Эт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар 20 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
Иргэн Н.Э нь 2014 онд нас барсан гэх бөгөөд Монгол Улсын газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.1.2-т "...газар эзэмшигч иргэн нас барсан..."-аар газар эзэмших эрх нь дуусгавар болно гэж заасан байна.
Иймд түүний хүү Э.У нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Э.У ын нэхэмжлэлтэй, нэхэмжлэгчийг Улаанбаатар хотын 18 дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны зүүн талд 40 м.кв талбай бүхий газрын өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/119 дүгээр захирамжаар олгосон 390 м.кв газраас миний өв залгамжлан авах 40 м.кв газар болон гарааш, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 128/Ш32017/******* дугаар захирамжаар хамтран хариуцагчаар татагдаж, дараах тайлбарыг хүргүүлж байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны 221/МА2017/******* дугаар магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 40 м.кв талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох гэх хэсгийг тодруулах замаар хариуцагч нь хэн болохыг тогтоох шаардлагатай байна” гэж дурджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс тус шаардлагад хэнийг хариуцагчаар татах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан зүйл байхгүй байна.
Нэхэмжлэгчийн өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжилж буй 40 м.кв газрын 20 м.кв газрыг иргэн Н.Эт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар дүүргийн 18дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгосон бөгөөд тус газарт дугуй засвар ажиллуулдаг, үлдсэн 20 м.кв газарт Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зөвшөөрснөөр гарааш барьж эзэмшсэн учраас 40 м.кв газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Э.У т иргэн Н.Эт олгосон 20 м.кв газар эзэмших эрхэд Баянзүрх дүүргийн нотариатч В.О нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 065 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, эрхийн гэрчилгээ гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт зааснаар Газрын тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгоно” гэж заасан байна.
Иргэн Н.Эт 2006 онд газар эзэмших эрхийг 5 жилээр олгож, 2008 онд газар эзэмших гэрчилгээ олгосон байх бөгөөд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д “Сумын газрын даамал, дүүргийн газрын алба нь Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” гэж зааснаас үзэхэд эзэмших эрх олгож байгаа дүүргийн Засаг даргын шийдвэрийн дагуу дуусгавар болох хугацаа нь 2011 он байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заасны дагуу дуусгавар болсон байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Э.У ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох
1. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны зүүн талд 40 м.кв талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож,
2. Нийслэлийн Засаг даргын А/119 тоот захирамжаар олгосон 390м2 газраас миний өв залгамжлан авах 40 м.кв газар болон гарааш, орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна.
Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 5328 дугаар захирамжаар миний бие Ж.Г г гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд нэхэмжлэлтэй танилцсаны үндсэн дээр дараах тайлбар, нотлох баримтыг хүргүүлж байна.
Иргэн Н.Эт Баянзүрх дүүргийн засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний 125 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Уг гэрчилгээ олгогдсоноос хойш хугацааг сунгаагүй байх бөгөөд 2011 онд хугацаа нь дууссан байна.
Н.Э нь нас барахаасаа буюу 2014 оноос өмнө уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг хуулийн дагуу сунгуулаагуй байх тул гэрчилгээ нь хүчингүй болж, газар эзэмших эрх нь дуусгавар болсон байна.
Иймд Н.Э агсны хүү Э.У т уг газрын талаар шаардах эрх байхгүй бөгөөд өв залгамжлалын асуудал нь захиргааны шүүхийн маргааны зүйлд хамаарахгүй юм. Иргэн Ж.Г миний хувьд 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 тоот шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүрэг, 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 390м2 бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшиж байгаа юм.
Гэтэл миний эзэмшил газарт хэд хэдэн иргэн гарааш эзэмшдэг гэх бөгөөд тээврийн хэрэгсэл бусад эд зүйлсээ хадгалах, дугуй засварын газар ажиллуулах зэргээр хууль бусаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд минь саад учруулдаг байсан. Үүний нэг нь Э ын хүү Э.У бөгөөд тэрээр тэнд дугуй засварын газар ажиллуулдаг байсан.
Ингээд газраа чөлөөлүүлэхээр удаа дараа хандаж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар 01-ны өдөр харьяалах иргэний шүүхэд хандахад Э.У нь аавынхаа энэ газрыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өв залгамжлах эрхийн гэрчилгээг гаргуулж авахаар хөөцөлдөж гаргуулж авсан байдаг.
Гэтэл хүчингүй болсон газрын гэрчилгээг үндэслэн өвлөх эрх нээж өгсөн холбогдох нотариатын үйлдэл нь хууль зөрчсөн байна.
Иймд иргэн Э.У ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдэд олгосон газраас 20 м.кв газрыг хүчингүй болгуулах, хоёрдугаар шаардлага нь дүүргийн Газрын албанд өв залгамжлалын талаар гаргасан өргөдлийг хүлээж авч шийдвэрлүүлэхийг даалгуулах шаардлага гаргаж байх шиг байна. Гэтэл өнөөдөр нэгдүгээр шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн эрх ашиг яаж хөндөгдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хүний өвлөх эрх нь нээгдээгүй юм.
Мөн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлэхдээ гэрчээс асуусан гэж хэлж байна. Тэгэхээр гэрч асуухад миний зүгээс “Өв залгамжлалын асуудал яригдаж ирсэн үү” гэж асуухад гэрчийн зүгээс “Өвийн асуудал огт яригдаагүй ба энэ талаар би ч сонирхоогүй” гэдэг хариулт өгсөн нь хэрэгт авагдсан байх. Тэгэхээр нэхэмжлэгчийн ямар эрх ашиг нь хөндөгдөж байгаа нь тодорхойгүй байна.
Иргэн Н.Э ын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Тэгэхээр 2011 онд дуусгавар болж байгаа юм. Гэрээг 2008 онд байгуулсан гэж өөрсдөө ярьдаг ба гэрээний хугацааг тоолохоор 2013 онд дууссан ба гэрээний ард талын стандарт заалт буюу 1 жилийн хугацаанд 30 хоногийн өмнө 2 талаас хүсэлт гаргаагүй тохиолдолд 1 жилийн хугацаагаар сунгагдана гэсэн заалтыг бариад 2014 оны 03 дугаар сарын 11-нд хугацаа дууссан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл Н.Э гэдэг хүн 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан байдаг ба үүнийг тайлбарлахдаа 2013 онд өвчтэй байсан бөгөөд улмаар 2014 онд нас барсан гэж тайлбарладаг.
Өмнөх 3 шатны шүүх хуралдаанд зөвхөн эрүүл мэндийн магадлагааг үндэслэсэн байдаг ба тус магадлагааг сүүлд нөхөж хийсэн магадлагаа байна гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлахад давж заалдах шатны шүүхээс тус нотлох баримтыг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр буцаасан бөгөөд шүүхээс нотлох баримтыг дахин бүрдүүлэхэд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн магадлагаа нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд сүүлд нөхөж хийсэн баримтууд байдаг. Ийм учраас өвчтэй байсан гэдэг асуудлаар тайлбарлаж байгаа үндэслэл нь үгүй болж байгаа юм.
Гуравдугаарт. 2013 оны 05 дугаар сараас өвдөж эхэлсэн гэж нотлох баримтгүйгээр тайлбарладаг боловч энэ хүн өвдөхөөсөө өмнө итгэмжлэл өгөөд энэ асуудлыг шийдвэрлүүлэх боломж байсан. Хэрэв Засаг даргын захирамж болон гэрчилгээг үндэслэж байгаа бол 2011 онд хугацаа нь дуусаад байхад 2013 он хүртэл 2 жил эрүүл байсан хүн тус газрын гэрчилгээний асуудлыг сунгах талаар ярьж, хэлэлцэж яваагүй байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн 2 шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, мөн эрх ашиг сонирхол нь нэгдүгээр шаардлагын хүрээнд хэрхэн хөндөгдөж байгаа нь тодорхой бус бөгөөд түүнийг нотолсон баримт байхгүй байна.
Дөрөвдүгээрт. Давхардуулан олгосон гэдэг нь гуравдагч этгээдийн газартай давхардуулан олгосон шаардлагыг ярьдаг. Энэ талаар захиргааны хэргийн шүүхээс талуудыг байлцуулж байгаад үзлэг хийлгэсэн байдаг. Тус үзлэгээр тухайн газрын орц, гарц нь маргаан бүхий орон сууцны барилгын баруун урд талд байна гэж дүгнэсэн. Үүний дараа нэхэмжлэгч талаас шинжээч томилуулахаар хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын газар шинжээчээр дүгнэлт гаргахдаа “Гуравдагч этгээд Ж.Г д газар олгосонтой холбоотой асуудлаар гаргаагүй, 14 дүгээр байр болон тус байрны зүүн урд байрлах 30 автомашины гарааш нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг зөрчсөн буюу тухайн барилгаас 6 метрээс багагүй зайд байна гээд 2 метр 20 сантиметр байна гээд өөрийнх нь гараашийн асуудал галын орц, гарцыг зөрчсөн байна” гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнд нэг зүйл нэмж хэлэхэд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд Ж.Г д газар олгохдоо 390 м.кв газар олгосныг Онцгой байдлын дүгнэлттэй холбож тайлбарлахад Нийслэлийн Засаг дарга газар олгохдоо галын орц, гарцын талаар дүгнэж захирамж гаргах боломжгүй юм. Тухайн газрыг авсан иргэн 390 м.кв газарт бүхэлд нь барилга барина гэсэн ойлголт байхгүй юм. Өөрөөр хэлбэл тухайн үйлчилгээний зориулалттай барилгыг барихдаа барилгын зураг төсөл хийдэг, мөн Барилгын хөгжлийн төвөөс магадлагаа гаргуулдаг бөгөөд галын орц, гарцыг шууд хаагаад барилга барина гэсэн ирээдүйд бий болох зүйлийг дүгнэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээж авах боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.У шүүхэд анх "Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны зүүн талд 40 м.кв талбай бүхий газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г д газар олгосон 390 м.кв газраас миний өв залгамжлан авах 40м.кв газар болон гарааш орон сууцны хооронд байрлах галын гарцыг давхардуулан олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1038 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2017/******* дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 130 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн.
Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу тус хэрэгт Баянзүрх дүүргийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татсан бөгөөд хэрэг нэхэмжлэгч Э.У шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа "Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, .. дугаар хороолол, ..-р байрны зүүн талд 20 м.кв талбай бүхий өв залгамжлалаар авсан газрыг Э.У ын нэр дээр шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Э.У ын нэр дээр шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/119 дүгээр захирамжаар Ж.Г д олгосон 390 м.кв газраас дугуй засварын газар, гарааш байрлах нийт 40 м.кв газрыг давхардуулан олгосон хэсгийг болон орон сууцны хооронд байрлах галын гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох" гэж тодруулсны хүрээнд шүүх хэргийг хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
1. "Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, .. дугаар хороолол, ..-р байрны байрны зүүн талд 20 м.кв талбай бүхий өв залгамжлалаар авсан газрыг Э.У ын нэр дээр шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг Э.У ын нэр дээр шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах" нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 125 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар байрны зүүн талд нэхэмжлэгчийн аав Н.Эт худалдаа үйлчилгээний зориулалтаар 20 м.кв газар эзэмшүүлэх эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх" ******* дугаартай гэрээг 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 5 жилийн хугацаатай байгуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргаас ******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 5 жилийн хугацаатай иргэн Н.Эт олгосон байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар иргэн Н.Э дүүргийн Газрын албатай "Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх" гэрээг 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулснаар түүний газар эзэмших эрх, үүрэг албан ёсоор хэрэгжиж эхлэх
бөгөөд түүний газар эзэмших эрх 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болсон байна. Харин тус гэрээний 5.5-д Гэрээний талууд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл: "Газар эзэмших гэрээний хугацаа хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг нэг жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ" гэсэн нь гэрээний загвар заалт гэж үзэхээр байна учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т "... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ", 34.8-т "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх..." гэж тус тус заасны дагуу дүүргийн газрын алба иргэн Н.Этай газар эзэмших гэрээг байгуулахдаа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 125 дугаар захирамжийг үндэслэж дээд тал нь 5 жилийн хугацаатай байгуулах ёстой эс тэгвээс энэ нь дүүргийн Засаг даргын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх хуулиар олгогдсон бүрэн эрхэд нь халдсан асуудал болох бөгөөд газар эзэмшүүлэх шийдвэрийг гагцхүү тухайн шатны Засаг дарга гаргадаг бөгөөд газрын алба нь түүний шийдвэр, захирамжийг хэрэгжүүлдэг босоо удирдлагын тогтолцооны нэгж юм.
Иймд тухайн газрыг эзэмшигч Н.Э нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ёстой байсан ба мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 "Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгах хүсэлт гаргаагүй" гэж зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтээ 2013 оны 2 дугаар сарын 11-ний өдөр гаргах ёстой байжээ.
Иргэн Н.Э /РД:******* 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсныг улсын бүртгэлийн 1983 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон бөгөөд тэрээр хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй үндэслэлийг нэхэмжлэгч Э.У эцгийнхээ эрүүл мэндийн биеийн байдалтай холбон тайлбарладаг.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан өвчтөний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэргээс дүгнэхэд Н.Э нь 2013 оны 5 дугаар сарын 22-ний өдрөөс Улсын гуравдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байсан байна. Мөн нэхэмжлэгч Э.У шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүнээс "аав чинь удаан хугацаанд өвчтэй байсан уу, хэдийнээс биеийн байдал нь муудсан бэ" гэх асуултад "...2013 оны 5 дугаар сарын 22-ний өдөр гэнэт тархинд нь цус харвалт болоод шууд эмнэлэгт хүргэгдсэн, ... архаг ужиг өвчин байгаагүй..." гэх тайлбар хийснийг тэмдэглэх нь зүйтэй юм. Учир нь иргэн Н.Э нь цус харвалтын улмаас жил орчмын хугацаанд биеийн эрүүл мэндийн байдал нь муу байсаар 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барж, нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өв нээлгэх үед түүний өвлөн авсан гэх тухайн газрын эзэмших эрхийн хугацаа дээр дурдсанаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу дуусгавар болсон байжээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн "...аавын бие гэнэт муудаж, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах боломжгүй байсан..." гэх тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй хэдий ч шүүх гагцхүү хуульд захирагдаж хэрэг маргааныг шийдвэрлэх ёстойгоос гадна гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх, газар эзэмших, ашиглахад тэгш байдлыг хангах зарчмыг баримтлах нь зүйтэй юм.
Захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл нь захиргааны байгууллагын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай. Хэдийгээр нэхэмжлэгч өвлөн авсан газрын асуудлаар Баянзүрх дүүргийн газрын албаны газар зохион байгуулагчтай уулзаж байсан нь тухайн хорооны газар зохион байгуулагчаар ажиллаж байсан Д.П гийн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх боловч Газрын тухай хуульд зааснаар албан ёсны хүсэлтээ нэхэмжлэгч Газрын албанд гаргаагүйгээс гадна тухайн үед нэхэмжлэгчийн өвлөн авсан газрын эзэмших эрх дуусгавар болсон, тухайн газар нь нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээдэд олгосон газартай давхцалтай гэх үндэслэлээр дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч тухайн газрыг Э.У ын нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өвлөн авсан 20 м.кв газар эзэмших эрхийг Э.У ын нэр дээр шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дугаар захирамжаар Ж.Г д олгосон 390 м.кв газраас дугуй засварын газар, гарааш байрлах нийт 40 м.кв газрыг давхардуулан олгосон хэсгийг болон орон сууцны хооронд байрлах галын гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох" нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Гуравдагч этгээд Нийслэлийн газрын албанд 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан өргөдөлд "...Хавдар судлалын үндэсний төвийн баруун урд үзүүрт..." мөн оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн тус газарт гаргасан өргөдөлд "... Хавдар судлалын үндэсний төвийн баруун талд... " үйлчилгээ, офиссын зориулалтаар барилга барих хүсэлтийг тус тус гаргаж байсан байх ба 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр 6.177.600 төгрөгийн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/119 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо .. дугаар хороолол, .. байрны зүүн талд 390 м.кв газрыг контор үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болжээ. Нийслэлийн газрын албанаас 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Г д олгож, "Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ"-г 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байна.
Энэ нь Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т "... хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ..." гэсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэж тухайн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч маргаан бүхий газар дээр анх Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1996 онд "Х-Ө" ХЭАА-д гарааш барих газрын зөвшөөрөл олгосноор тухайн гараашууд баригдаж, түүний эцэг Н.Э 40 м.кв газар бүхий 2 гараашийг худалдан авч, эзэмшиж байсан, нэг гарааш нь дугуй засварын үйлчилгээний зориулалтаар ашигладаг тул үйлчилгээний зориулалтаар гараашийн доорх 20 м.кв газрыг эзэмших гэрчилгээг олгосон, харин нөгөө нэг гараашийн хувьд ахуйн зориулалтаар буюу хувийн машинаа тавьдаг бөгөөд гараашийн газарт гэрчилгээ олгохгүй гээд доорх 20 м.кв газрын гэрчилгээг одоог хүртэл олгоогүй хэмээн тайлбарладаг боловч тухайн 2 гараашийг хэрхэн хэдээр, хэзээ, яаж худалдаж авсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн шүүх хуралдаан дээр "... шүүхэд гаргаж өгсөн баримтаас өөр нэмж өгөх нотлох баримт байхгүй, ... байгаа нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй..." гэдгээ илэрхийлсэн бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар маргадаггүй.
Иргэн Н.Э 40 м.кв газар бүхий 2 гараашийг худалдан авч, эзэмшиж байсан, одоо нэхэмжлэгч Э.У ашиглаж байгаа гэдэгтээ талууд маргадаггүй бөгөөд хэргийн үйл баримт нь 2 гараашийн эзэмшил, өмчлөлийн асуудлыг бус харин маргаан бүхий газрын эзэмших эрхтэй маргаж байгаа. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр "... 2012 он хүртэл гараашийн газарт газрын зөвшөөрөл, гэрчилгээ олгож байсан, түүнээс хойш хотын өнгө үзэмж, ерөнхий төлөвлөгөөтэй уялдаад олгохгүй байгаа..." гэх тайлбарыг хийсэн бөгөөд нэхэмжлэгч Э.У тус хоёр гараашийг одоог хүртэл ашиглаж байгаа, дугуй засварын газрын доорх 20 м.кв газрын өвлөх эрхийн гэрчилгээтэй нөгөө гараашийн газарт гэрчилгээ олгохгүй гээд одоо хүртэл гэрчилгээ олгоогүй гэж тайлбарлах боловч Газрын тухай хуульд зааснаар тухайн шатны Засаг даргад энэ асуудлаар хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримт байхгүйгээс гадна нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг.
Хэдийгээр нэхэмжлэгч болон түүний эцэг 20 м.кв гараашийн доорх газрын эзэмших эрхийн зөвшөөрөл, гэрчилгээгүй, энэ талаар тухайн шатны Засаг даргад хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй байх боловч анх 1996 онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зөвшөөрлөөр эдгээр гараашууд баригдаж, тухайн үедээ байрны оршин суугчдын авто зогсоолын асуудлыг шийдвэрлэж байжээ гэж дүгнэхээр байна. Эдгээр гараашууд нь анхнаасаа төрийн захиргааны эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй баригдсанаар оршин суугчид худалдан авч, одоогоор бодит байдалд нэхэмжлэгч нь тус дүүргийн 18 дугаар хороо, .. дугаар хороолол, .. дүгээр байрны .. тоотод оршин суугчийн хувьд уг гараашд машинаа тавьдаг гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.
Эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр тухайн үед баригдсан гараашуудыг нийслэл хотын өнгө үзэмж, хөгжил дэвшлийн эрхээр нүүлгэн шилжүүлэх шаардлага гарч байгааг мөн үгүйсгэх боломжгүй бөгөөд гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр "... эдгээр гараашийн эзэдтэй тохиролцож заримыг худалдаж авсан, зарим нь хэлэлцэж, тохиролцох шатанд байгаа, нэхэмжлэгчид гараашийг худалдаж авах санал тавьсан, ... тохиролцоход бэлэн..." гэх тайлбарыг хийсэн.
Хэргийн оролцогчид тухайн гараашийг нэхэмжлэгчийн эцэг худалдаж авсан, одоо нэхэмжлэгч ашиглаж байгаа гэдэгтээ маргадаггүй боловч гараашийг эзэмших эрх, түүний доор байгаа 20 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, зөвшөөрөлтэй эсэх асуудал нь эд хөрөнгийн болон газар эзэмших эрхийн хоёр тусдаа өөр харилцаа юм.
Анхнаасаа зөвшөөрөлтэй баригдсан эдгээр гараашийн 20 м.кв газар дээр байрлах эцгийнхээ худалдаж авсан гэх нэг гараашийг нэхэмжлэгч өнөөдөр бодит байдал дээр эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд хэрэв нийслэл хотын өнгө үзэмж, ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой гараашийн зориулалтаар газар эзэмших гэрчилгээ, зөвшөөрөл олгохгүй байгаа бол нэхэмжлэгч өөр зориулалтаар тус газрыг эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах боломжтой.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зөвшөөрлөөр анх 1996 онд тухайн гараашийг барисанаас хойш тус газарт нийслэл болон дүүргээс зохион байгуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Мөн гуравдагч этгээд газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө эдгээр гараашууд баригдсан, бусдын эзэмшилд байсан гэдгийг Ж.Г хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг даргын зүгээс гуравдагч этгээдэд маргаан бүхий 390 м.кв газрыг эзэмшүүлэхдээ тухайн газартаа давхардаж буй 20 м.кв газар дээрх гараашийг эзэмшиж, ашиглаж байгаа эрх, ашиг нь хөндөгдөх этгээдэд урьдчилан мэдэгдэж, газар дээр нь очиж, шалгаж тогтоогоогүй нь буруу байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар дээр нэхэмжлэгч бодит байдал дээр өөрийн эзэмшилд байлгаж, ашиглаж буй анхнаасаа төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй баригдсан 20 м.кв газар бүхий гарааш байхад давхардуулан гуравдагч этгээдэд олгосон нь газар эзэмших, ашиглахад тэгш байдлыг хангах зарчимд нийцээгүй нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөнджээ гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч маргаан бүхий газрын дэргэд байрлах 14-р байрны оршин суугчийн хувьд галын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэх үндэслэлээр гуравдагч этгээдэд олгосон 390 м.кв газраас өв залгамжлалаар авсан дугуй засварын 20 м.кв газар, гараашийн 20 м.кв газар буюу нийт 40 м.кв болон орон сууцны хооронд байрлах галын гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгохоор маргаж байгаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд тухайн акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчигдсөнийг тогтоох ёстой.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 1996 оны 3/863 дугаар актын дагуу төлөвлөгдөж баригдсан гарааш нь галын аюулгүй байдлын холбогдох дүрэм журамтай нийцэхгүй болохыг тогтоожээ.
Гуравдагч этгээд эзэмшиж буй 390 м.кв газартаа барилга барих тохиолдолд Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгаа төлөвлөж барих ёстой. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-д “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх”, 12.8-д “... барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж эзэмшил газрын барилгажих талбайн хэмжээг хуулиар зохицуулсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/119 тоот захирамж нь барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэр биш учраас энэхүү захирамжийг галын аюулгүй байдлын холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй тул орон сууцны хооронд байрлах галын гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/119 тоот захирамжаар гуравдагч этгээд 390 м.кв газрыг олгосон нь 14-р байрны 16 тоотод оршин суугч Э.У ын галын аюулгүй байдлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагын “Баянзүрх дүүргийн 18-р хороо, ..-р хороолол, ..-р байрны зүүн талд байрлах 20 м.кв газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” гэсэн хэсгээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3, 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.У ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г д олгосон 390 м.кв газраас Баянзүрх дүүргийн 18-р хороо, ..-р хороолол, ..-р байрны зүүн талд байрлах гараашийн доорх 20 м.кв газрын давхцалтай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох "Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, .. дугаар хороолол, ..-р байрны зүүн талд байрлах өв залгамжлалаар авсан 20 м.кв талбай бүхий газрыг Э.У ын нэр дээр шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э.У ын нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжаар Ж.Г д олгосон 390 м.кв газраас дугуй засварын газар байрлах 20 м.кв газрыг давхардуулан олгосон хэсгийг болон орон сууцны хооронд байрлах галын гарцтай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгох" шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн “Баянзүрх дүүргийн 18-р хороо, ..-р хороолол, ..-р байрны зүүн талд байрлах 20 м.кв газрыг өв залгамжлалаар эзэмших эрхтэй болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧИД А.НАСАНДЭЛГЭР
Л.ӨЛЗИЙЖАРГАЛ