Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 484

 

 

  “ИЭМ” ХХК-ийн

             нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

 

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “ИЭМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЭМДЕГ-ын  эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч И.Э, Х.С, улсын байцаагч Р.Д, Б.О, А.У нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэрээр: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3 дахь заалтыг баримтлан “ИЭМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ЭМДЕГ-ын  эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/03 дугаартай актыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр “ИЭМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/03 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/03 дугаартай актын үндэслэл болох “ИЭМ” ХХК-ийн Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн аргаар оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/196 дугаар тушаалаар батлагдсан “Хепатитын В, С ... вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг нь in verto diagnostics IVF Сертификат бүхий багаж тоног төхөөрөмж, оношлуураар үйлдвэрлэгчийн заавар”-ын дагуу хийх гэж заасныг зөрчсөн зөрчлийг эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь “ИЭМ” ХХК нь 1 хүний сорьцод 2 урвалжаар шинжилгээ хийн дундаж үзүүлэлтээр нь хариу гаргах, 1 оношилгоонд 5 стандарт урвалж ашиглан үүсгэсэн регрессийн муруйтай харьцуулж шинжилгээний хариуг бичих үйлдвэрлэгчийн зааврыг зөрчиж, 2017 оны 08 дугаар сараас хойш 1 хүний сорьцод 1 урвалж ашигласан, оношилгоонд стандарт урвалж ашиглаагүй гэдгээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн.

Энэхүү үйлдэл нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан даатгуулагч нь эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ авах эрхийг ноцтой зөрчсөн байна.

“ИЭМ” ХХК нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд нийт 14578 хүнд В, С вирусын идэвхжил тоолох шинжилгээ хийснээс Оросын Холбооны Улсын “ДТ” ХХК-ийн хагас автомат төхөөрөмжөөр үйлдвэрлэгчийн заавар зөрчин хийсэн шинжилгээ бүрт ашиглах ёстой байсан ч хэмнэлт гарган ашиглаагүй урвалжийн үнийг Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэх нь зүйтэй юм.

1 биш 2 урвалжаар В, С вирусын идэвхжил тоолох хийж байж сая үйлдвэрлэгчийн нийцэж хүлээн зөвшөөрөхүйц хариу гарах ёстой бөгөөд хүлээн зөвшөөрөхүйц байдлаар шинжилгээ хийснийхээ төлөө даатгуулагчдын мөнгөн хөрөнгөөс хүртэж байх нь шударга ёсонд нийцнэ.

Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч нарын хийсэн хяналт шалгалтаар нийт 14578 шинжилгээний хэд нь ДТ буюу хагас автомат төхөөрөмжөөр хийсэн гэдгийг нарийвчлан тогтоогоогүй, зөрчил илэрмэгц идэвхжилгүй хариутай 3406 хүнд хийсэн шинжилгээний үнийг Эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдвэрлэгчийн заавар зөрчиж хийсэн шинжилгээний тоог нотлох баримтаар гаргуулж авах, цаашлаад маргаан бүхий захиргааны актын төлбөрийн хэмжээг багасган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан шүүх нотлох зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч нарын өмгөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад, шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, захиргааны актын зарим үндэслэлийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн дүгнэж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэнд дүгнэлт өгч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхилоо.

ЭМДЕГ-ын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/90 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шинжилгээний бодит хүртээмж, шинжилгээний арга зүй, ур чадварын сорил, иргэдийн гомдол гэсэн 4 чиглэл бүхий удирдамжийн дагуу Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд гепатитын вирусын идэвхжил тодорхойлох нарийвчилсан тоон шинжилгээг хийж буй 27 лабораторид шалгалт хийж, ЭМДЕГ-ын  2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/102 дугаар тушаалаар 15 лабораторийн даатгалын сангаас олгосон санхүүжилтийг түр зогсоосон бөгөөд үүнд Итгэл лаборатори багтжээ.

Хариуцагч ЭМДЕГ-ын эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч нар тус лабораторийн шинжилгээний мэдрэг чанар хангалтгүй тоног төхөөрөмж, технологиор үйлдвэрлэгчийн зааврыг зөрчиж шинжилгээ хийсэн, элэгний В, С  вирусын нуклейн хүчил ялгах болон полемеразын гинжин урвал хийсэн тоног төхөөрөмж дээрх цахим бүртгэлгүй, олон улсын чанарын гадаад хяналтад тэнцээгүй, шалгалтын явцад хяналтын дээжид хийсэн шинжилгээ алдаатай гарсан зэрэг зөрчилд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/03 дугаартай “272,480,000 төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх тухай” актыг тавьсан.

Нэхэмжлэгчээс уг актыг хүчингүй болгуулахаар маргаж, нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч, хариуцагч нарын өмгөөлөгчөөс “... шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах...” гомдлыг гаргажээ.

Итгэл лаборатори нь “ДТ” үйлдвэрлэгчийн тоног төхөөрөмж, технологийг ашиглан 2017 оны 06 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд шинжилгээ хийлгэсэн вирусын идэвхжил тоологдоогүй нийт 3406 даатгуулагч бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүх “...1 хүний сорьцод 2 урвалжаар шинжилгээ хийх, стандарт урвалжийг ашиглах үйлдвэрлэгчийн зааврыг зөрчсөн болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг...хэдийгээр шинжилгээний үр дүн хэлбэлзэл бага, оношлуур тогтвортой, лаборантын ур чадвар өндөр гэж үзсэн ч энэ нь 1 сорьцыг 2 урвалжаар оношлох үйлдвэрлэгчийн зааврыг зөрчсөнийг зөвтгөхгүй, үйлдвэрлэгчээс зааврыг өөрчлөх зөвшөөрөл амаар авсан гэх ч энэ нь зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй...” гэж зөв дүгнэсэн атлаа “... вирусын идэвхжил тоологдоогүй 3406 даатгуулагчдад хамаарах 272,480,000 төгрөгийн санхүүжилтээр хийсэн оношилгоог бүхэлд нь буруу гэж үзэх, эрүүл мэндийн даатгалын санд энэ дүнгээр хохирол учирсан гэж үзэх үндэслэл болохгүй...” гэх агуулгаар гаргасан зөрчлийг үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. 

Ийнхүү шийдвэрлэхдээ “...1 сорьцод 2 урвалж ашиглах нь шинжилгээний үр дүнг илүү баталгаатай болгох үйлдвэрлэгчээс тавьсан шаардлага болохоос биш үүнийг зөрчсөнөөс идэвхжил илрээгүй бүх шинжилгээний дүнг буруу гэж шууд үзэх үндэслэл болохгүй...” гэж дүгнэжээ.

Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг in verto diagnostics IVF сертификат бүхий багаж тоног төхөөрөмж, оношлуураар үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийх гэж заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн хэдий ч маргаан бүхий актыг бүхэлд нь хүчингүй болгосноор шийдэл нь дүгнэлтээ үгүйсгэсэн байдлаар хоорондоо зөрчилджээ.  

Иймд давж заалдах гомдолд “... шүүх ... ТҮЧГ/А-0004/03 дугаартай актын үндэслэл болох “ИЭМ” ХХК-ийн Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн аргаар оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна”, ... вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг нь in verto diagnostics IVF Сертификат бүхий багаж тоног төхөөрөмж, оношлуураар үйлдвэрлэгчийн зааврын дагуу хийх гэж заасныг зөрчсөн зөрчлийг Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэснийг үгүйсгэх боломжгүй.

Итгэл лаборатори шалгалтад хамаарах 2017-2019 оны хугацаанд нийт 14578 хүнд В, С вирусын идэвхжил тоолох шинжилгээ хийснээс 4000 орчим хүнд бүрэн автомат төхөөрөмж ашиглаж хийсэн гэх боловч шалгалтаар тухайн даатгуулагчид хийгдсэн шинжилгээг ямар төхөөрөмжөөр хийсэн, чухам ямар төхөөрөмжөөр хийсэн шинжилгээний хариу ямар гарсан, идэвхжилгүй гарсан 3406 хүнд хийсэн оношилгоог хагас автомат төхөөрөмжөөр буюу 1 урвалжаар хийсэн гэж тодорхой тогтоогоогүй тул хагас автомат төхөөрөмжийн нэгжийн үнэ болох 80,000 төгрөгийг идэвхжилгүй гарсан 3406 хүний тоогоор автоматаар үржүүлж 272,480,000 төгрөгийн акт тавьсан нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч компани шалгалтад хамаарах хугацаанд нийт 14578 хүнд В, С вирусын идэвхжил тоолох шинжилгээ хийж, зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гэрээний дагуу гаргуулсан, 2017 оны 08 дугаар сараас хойш 1 хүний сорьцод 1 урвалж ашигласан, оношилгоонд стандарт урвалж ашиглаагүй үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрч байхад шүүх үйлдвэрлэгчийн заавар зөрчиж хийсэн шинжилгээний тоог тогтоох, маргаан бүхий актаар тавигдсан хохирлын хэмжээг тодорхой болгохтой холбоотой нэмэлт тайлбар, баримтыг талуудаас гаргуулж, хэргийг нэг мөр эргэлзээгүй байдлаар шийдвэрлэх ёстой байжээ.

Ингэж байж Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцах гэсэн хуулийн хэрэгжилтэд хариуцагч эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч нар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, үр дүнд хяналт тавих эрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж, даатгуулагч нь эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авах нөхцөл бүрдэх юм.

Хэдийгээр нэхэмжлэгчээс “... бид үйлдвэрлэгчтэй зөвшилцөн үйлчлүүлэгчийн сорьцыг 1 давталттайгаар хийж болох зааврыг авсан, аман зөвлөмжийг баталгаажуулан 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр “...шалгуур үзүүлэлт (багц оношлуурын зааварт өгөгдсөн хяналтын сорьцын шалгуур үзүүлэлт үр нөлөөтэй, үр дүнтэй байгаа тохиолдолд)-ийг харгалзан үзэж шинжилгээний сорьцыг нэг давталттай хийж, шинжилгээний хариуг дүгнэхийг зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг  хийсэн боловч тухайн албан бичиг нь цаг хугацааны хувьд маргаан бүхий ТҮЧГ/А-0004/03 дугаартай акт гарснаас хойших огноотой байхаас гадна уг албан бичгийг үйлдвэрлэгчийн зааврын хэмжээнд үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр “... үйлдвэрлэгчийн заавар зөрчиж хийсэн шинжилгээний тоог нотлох баримтаар гаргуулж авах, ... актын төлбөрийн хэмжээг багасган шийдвэрлэх бүрэн боломжтой байсан, ... шүүх нотлох зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй, ... хагас автомат төхөөрөмжөөр үйлдвэрлэгчийн заавар зөрчин хийсэн шинжилгээ бүрт ашиглах ёстой байсан ч хэмнэлт гарган ашиглаагүй урвалжийн үнийг Эрүүл мэндийн даатгалын санд буцаан төлүүлэх нь зүйтэй...” гэх гомдол үндэслэлтэй байх тул үйлдвэрлэгчийн заавар зөрчиж хийсэн шинжилгээний тоог тогтоож байж маргаан бүхий актаар тавигдсан хохирлын хэмжээг тодорхой болгож хууль тогтоомжид нийцүүлэн дахин шинэ акт  гаргах хүртэл хариуцагчийн 2019 оны ТҮЧГ/А-0004/03 дугаар актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Хариуцагч нарын өмгөөлөгчөөс гаргасан гомдол үндэслэлтэй ч анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байна. Учир нь үйлдвэрлэгчийн заавар зөрчиж хийсэн шинжилгээний тоо, ашиглаагүй урвалжийн үнийн дүнг шүүх эрүүл мэндийн даатгалын улсын байцаагч нарын өмнөөс тогтоож тэдгээрийн эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 385 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.3-д заасныг баримтлан ЭМДЕГ-ын  эрүүл мэндийн даатгалын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ТҮЧГ/А-0004/03 дугаартай “Даатгалын сангийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтад “72000” гэснийг “70200” гэж өөрчилж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                      Э.ЛХАГВАСҮРЭН

 

                               ШҮҮГЧ                                       Д.ОЮУМАА

 

                               ШҮҮГЧ                                       Н.ДОЛГОРСҮРЭН