| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 106/2023/0809/Э |
| Дугаар | 2025/ХШТ/56 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ХШТ/56
Я.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Я.Г, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 122 дугаар магадлалтай, шүүгдэгч Я.Г-д холбогдох эрүүгийн 2102003440120 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ... овогтой Я-ийн Г;
Шүүгдэгч Я.Г нь “...” ТӨХК-ийн “...” цайны газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн махнаас нийт 1,272,6 кг махыг өөрийн эзэмшлийн ... дугаартай “...” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “...” цэцэрлэг рүү зөөвөрлөж, уг цэцэрлэгт “...” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, “...” цэцэрлэгийн ...-тай байгуулсан гэрээний дагуу “...” зочид буудалд короновируст халдварын цар тахлын улмаас тусгаарлалтад байрлаж байсан иргэдэд хоол нийлүүлж, өөртөө болон “...” цэцэрлэгт давуу байдлыг бий болгон, “...” ТӨХК-д 12,605,805 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, прокуророос түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Я.Г-г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Я.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 6,000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Я.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү гаргасан гомдолдоо “... Анхан болон давж заалдах шашны шүүх Я.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан, хууль хэрэглээний зөрүү гаргасан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
1.Анхан болон давж заалдах шатны шүүх Я.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтанд хамаарна буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектийн шинжийг хангаж байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүд нь тусгай субъекттэй онцлог гэмт хэргүүд байдаг. Миний үйлчлүүлэгч Я.Г нь уг гэмт хэргийн субъектийн шинжийг хангадаггүй буюу нийтийн албан тушаалтан биш юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан” гэдгийг Аутентик буюу хууль тогтоогчоос гаргасан албан ёсны тайлбараар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно” хэмээн заасан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” ойлгохоор заасан бөгөөд тус хуулийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” хэмээн заасан байна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” хамаарна гэж зохицуулсан бөгөөд Компанийн эрх бүхий албан тушаалтан гэдгийг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан боловч “...” ТӨХК нь Компанийн тухай хуульд нийцүүлэн эрх бүхий албан тушаалтнуудаа тус хуулийн 84.2 дахь хэсэгт “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтнуудынхаа жагсаалт, бүтцээ тодорхойлсон.
Уг нотлох баримт нь 8 дугаар хавтас хэргийн 87 дахь талд авагдсан бөгөөд “...” ТӨХК-ний албан ёсны вэб сайтад байршсан болно. ...
Үүнээс үзвэл “...” ТӨХК нь өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтнуудаа жагсаалтаар баталсан тул Компанийн тухай хуулийн 84.1 дүгээр зүйлд заасан албан тушаалтнуудыг тус компанийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал:
1.1.”...” ТӨХК-ийн дүрмийн 9.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, албадын дарга нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэсэн зохицуулалтад хэлтсийн даргын доод албан тушаалтан болох “...” цайны газрын дарга Я.Г хамааралгүй болно. (6 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал)
1.2.Мөн дээр дурдсанаас гадна анхан болон давж заалдах шатны шүүх Я.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангаж байгаа гол үндэслэл нь түүний ажлын байрны тодорхойлолтын 11.10 дахь хэсэгт “Хариуцсан албатай хамтарч худалдан авалтыг зохион байгуулж, гэрээ байгуулах” гэж заасан боловч мах худалдан авах гэрээг байгуулж байгаагүй. (5 дахь хавтаст хэргийн 31, 34, 37, 57 дахь тал)
Харин бусад бүтээгдэхүүнтэй холбоотой гэрээ байгуулахад оролцсон хэдий ч компани нь эрх бүхий албан тушаалтнуудыг нэгэнт жагсаалтаар баталсан учир Я.Г гэрээ байгуулах ажилд оролцсон ч эрх бүхий албан тушаалтанд тооцогдохгүй юм.
1.3.Түүнчлэн “...” ТӨХК нь өөрийн онцлогтоо тохируулан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах компанийн эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг тус компанийн гүйцэтгэх захирал ... тушаалаар баталсан байх бөгөөд тус жагсаалтад Я.Г багтсан гэсэн үндэслэлээр нийтийн албан тушаалтанд хамаарна гэж үзсэн. Гэвч хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалтыг хуулийн этгээдийн захирал гаргахдаа хуульд заасан эрх хэмжээгээ хэтрүүлэн нийтийн албан тушаалтанд хамаарахгүй албан тушаалыг тус жагсаалтад оруулж, эрх бүхий албан тушаалтан биш цех, хэлтэс, газрын дарга нарыг нийтийн албан тушаалтны хуулийн зохицуулалтад тушаалаар оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байх субъектийн шинжийг Я.Г нь хангахгүй байтал анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүү гаргасан байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” хэмээн заасан. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар” тогтоолын 1.10 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна” хэмээн заасан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт өмгөөлөгч миний гаргасан “гэрчүүд ам дамжсан яриаг мэдүүлсэн, мэдүүлгийн эх сурвалж эргэлзээтэй” гэсэн тайлбарыг үгүйсгэн няцаахдаа “гэрчүүд нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгчийг махны бэлдцээс авч гарч байсныг өөрийн нүдээр хараагүй, хамт байгаагүй боловч нэр бүхий гэрчүүд нэгэн адил үйл баримтыг тал бүрээс нь өөрийн мэдэх хэмжээнд мэдүүлснийг нотолгооны ач холбогдлыг сулруулах нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлж буй үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар мах дутсан үйл баримт болон Я.Г-ийн үйлдэл хоорондын шалтгаант холбоог шалгаж тогтоосон байна” гэж дүгнэсэн байна.
Гэвч энэхүү няцаалт нь эх сурвалжгүй гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн шийдвэрлэсэн болохыг илтгэж байх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдсан шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хариулт “2021 оны 1 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын хооронд “...” ТӨХК-ийн “...” цайны газрын даргаар Я.Г, цайны газрыг хариуцсан нягтлан бодогчоор Г.А, хүнс хариуцсан нярваар Б.Б нар ажиллаж байсан. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар тогтоогдсон 1272.615 кг мах буюу 12,605.805.37 төгрөгийн дутагдал нь “...” ТӨХК-ийн “...” цайны газарт учирсан хохирол бөгөөд дутагдлыг хэн хариуцах талаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгагдаагүй тул дутагдлыг хэн хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” хэмээн үзсэн. Өөрөөр хэлбэл уг дутагдлыг зөвхөн Я.Г дутаасан гэж дүгнээгүй бөгөөд нэг тодорхой зүйл нь мах дутсан байна, харин үүнийг хэн хариуцах вэ гэсэн асуудлыг мөрдөн байцаалтаар тодорхой болгох хэрэгтэй хэмээн үзсэн ч мөрдөн байцаалтын ажиллагаагаар уг асуудлыг тогтоогоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтуудаар Я.Г-г 1,275 кг махыг хууль бусаар авсан гэдэг нь хөдөлбөргүй нотлоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тодорхойлсон боловч уг хэргийн гэрчүүдийн мэдүүлгүүд эх сурвалжгүй, хүнээс дам сонссон шинжтэй байдаг. Энэхүү нөхцөл байдлыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №919 дугаар цагаатгах тогтоолоор дүгнэсэн бөгөөд уг шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх няцаан үгүйсгэж чадаагүй болно.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах гэрч нарын мэдүүлгийг үндэслэж Я.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэсэн боловч эдгээр мэдүүлэгт гэмт хэрэг үйлдэж мах болон бэлдцийг авсан талаар мэдэхгүй байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн үндэслэл болгосон:
- Гэрч М-ий мэдүүлэгт “Я.Г-г хэдэн кг мах авч гарсан гэх асуудлын талаар өөрийн нүдээр хараагүй, мэдэхгүй байна”, “ам дамжсан ярианаас сонсоход ... харуулын цэрэгт өдрийн 3 хоол өгөхөд хашаагаар юм асуудалгүй гаргана шүү дээ гэж байсан” /6 дахь хавтас хэргийн 68 дахь тал/,
- Гэрч Ц.Ж мэдүүлэгт “Я.Г даргыг станцын ажилчдын хоолны махнаас машиндаа ачиж авч явж байгааг өөрийн нүдээр харж байгаагүй”, “Я.Г дарга төлбөр мөнгийг төлж авсан гэж байсан”, “яг хаанаас авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна” /6 дахь хавтаст хэргийн 31 дэх тал/,
- Гэрч Д.Г-н мэдүүлэгт “Ер нь бол цайны газрын ажилчдаас Г даргыг хоолны мах ажил дээр бэлтгүүлээд авч яваад байгаа гэдгийг сонсож байсан” /8 дахь хавтаст хэргийн 248 дахь тал/,
- Гэрч В.Э-ийн мэдүүлэгт “Тухайн сав дотор яг юу байгааг би мэдэхгүй, би ойлгохдоо буяны хоол юм уу гэж бодож байсан”, “савтай болон цаасан хайрцагт юу гэдгийг задалж хараагүй учраас мэдэхгүй” /9 дэх хавтаст хэргийн 2 дахь тал/,
- Гэрч М.Э-ийн мэдүүлэгт “Бөөрөнхий мах нь бодвол ажил дээр бэлтгүүлээд авчирсан мах байх”, “гараар татсан мах байсан, түүнийг хаанаас бэлдүүлж авчирсныг би мэдээгүй” /9 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,
- Гэрч Д.О-ы мэдүүлэгт “...-т мах дутсан асуудал нь шинээр ажилд орсон А-ын буруу бодсоноос махны дутагдал гарсан” /5 дахь хавтаст хэргийн 186 дахь тал/,
- Гэрч Г.Г-ын мэдүүлэгт “алба хаагч нар амнаас ам дамжин дарга Я.Г-ийн асуудлын талаар ярьдаг байсан”, “саванд тэдэн кг мах байсан гэдгийг хэлж мэдэхгүй” /5 дахь хавтаст хэргийн 197 дахь тал/,
- Гэрч Х.Э-ийн мэдүүлэгт “Я.Г-ийн машиныг ... алба хаагч нар шалгана гэж юу байхав дээ” /5 дахь хавтаст хэргийн 208 дахь тал/,
- Гэрч Д.Д-ийн мэдүүлэгт “махан бүтээгдэхүүний мөнгийг төлөөд гардаг байсан гээд цаас үзүүлж байсан” /6 дахь хавтаст хэргийн 92 дахь тал/,
- Гэрч Г.А-ын мэдүүлэгт “ажлын байрнаас хоол үйлдвэрлээд аваад гарсан эсэх талаар би мэдэхгүй” /5 дахь хавтаст хэргийн 175 дахь тал/,
- Гэрч Ү.Т-ийн мэдүүлэгт “мах, хоол үйлдвэрлэх бараа материал зөөж байсан гэж тус цайны газрын ажилчид хэлж ярьдаг” /5 дахь хавтаст хэргийн 202 дахь тал/ гэсэн мэдүүлгүүдэд Я.Г-г мах, махан бүтээгдэхүүн хууль бусаар авч явсан болохыг харж байгаагүй гэрч нар бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримт биш, харин гэмт хэргийг үгүйсгэсэн нотлох баримтууд байна.
Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрчийн мэдүүлэг нь эх сурвалжгүй, зөвхөн иргэд хоорондын үл ойлголцлын улмаас үүссэн асуудлыг гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн шинжээчийн 159 дугаар дүгнэлт, мөрдөгчийн магадлагаанд хоолны технологийн картыг мөрдөж ажиллаж байсан талаар огт дүгнээгүй бөгөөд 2020 оны 12 сар, 2021 оны 01, 02, 03 дугаар саруудад хоолны үлдэгдэл, хаягдал, хорогдол, устгал болон махны яс, өөх, годон, сүүл зэргийг махны үлдэгдэл тооцоонд оруулаагүй, мөн “...” ТӨХК-ийн ажилтан албан хаагч болон бусад төрийн байгууллагын хоол, хоолны бэлдэц худалдан авсан тооцоог дүгнэлтэд тусгаагүй болохыг шинжээч М.Г 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А нь шүүхийн хэлэлцүүлэгт хоолны /махны/ хаягдал их гарч байсан, үүнийг шалгалтын тайланд огт тусгаагүй, махны дутагдлын тооцоонд оруулаагүй, хоолны технологийн картын дагуу эд хариуцагч, ахлах тогооч бүртгээгүй учраас махны дутагдал үүссэн гэж удаа дараагийн шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Өөрөөр хэлбэл 1,272 кг махны дутагдлын тооцоонд хоолны хаягдал, хорогдол, устгасан махны тооцоог оруулаагүй, ..., ..., ажилтан албан хаагч нарыг худалдан авсан хоолны тооцоог мөн оруулаагүйн улмаас махны дутагдлын тооцоо үнэн зөв гараагүй болохыг шүүх хуралдаанаар тогтоосон боловч энэхүү асуудалд шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсаар байна.
Хэрвээ махны хаягдал, хорогдол, худалдан борлуулсан хоолны махны тооцоог үндэслэсэн тохиолдолд тус компанид махны дутагдал үүсэхгүй байх боломжтой байсан, мөн эд хариуцагч, ахлах тогооч нар нь хоолны технологийн картыг баримтлан үйл ажиллагаа явуулсан бол энэхүү тооцооны зөрүү гарахгүй байсан. Гэтэл мөрдөгч Б.Э нь /уг хэрэгт мөрдөгчөөр ажиллаагүй/ мөрдөгчийн магадлагаа гаргахдаа Я.Г-г дээрх махны дутагдал бий болгосон хэмээн шууд дүгнэсэн бөгөөд ийнхүү дүгнэхдээ ямар нотлох баримтаар нотолж буйгаа тодорхойлж чадаагүй. Үүнийг анхан болон давах шатны шүүх мөн үнэлэхдээ ямар хууль зүйн үндэслэл магадлагаагаар Я.Г-г буруутгасан болохыг тогтоож чадаагүй.
Харин 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн хуралдаанд хууль сануулан мэдүүлэг өгсөн шинжээч М.Г мэдүүлэхдээ “... махны дутагдлыг хэн хариуцахыг мэдэхгүй, махны дутагдлыг албан хаагч нар хамтран хариуцах ёстой” гэж мэдүүлсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар шинжээчийн дээрх мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгээгүй.
Мөн ... 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “...” ТӨХК-ийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын материал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, “...” ТӨХК-ийн дотоод аудитын тайлан зэрэгт махны дутагдал нь ахлах тогооч, эд хариуцагч нарын ажлын уядлаа холбоогүй байдлын улмаас үүссэн болохыг тогтоосон, тэрхүү нотлох баримтууд нь хэрэгт хуульд заасан шаардлагыг хангаж авагдсан байтал дээрх нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлсэн тохиолдолд Я.Г-тай холбогдож буй махны дутагдал нь технологийн карт мөрдөж ажиллаагүйн улмаас үүссэн тооцооллын алдаа болох нь тогтоогдох юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор, шүүх нь гэмт хэргийг хэзээ, яаж, ямар сэдэлт зорилгоор, хэн үйлдсэн болохыг нотолсон байх ёстой. Гэтэл Я.Г-г тухайн хэмжээний мах гэх зүйлийг хэзээ, яаж, ямар хэмжээтэй, юуг авч явсан талаар хөдөлбөргүй нотлоогүй бөгөөд “...” цайны газрын нийт ажилчдаас мэдүүлэг аваагүй атлаа мэдүүлэг өгсөн гэрчүүдийн өөр хоорондоо зөрүүтэй, хэт субъектив, дам яриагаар сонссон мэдүүлгүүдийг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл зарим гэрч нарын мэдүүлэгт хоолны бэлдэц бэлдүүлэн авсан гэх боловч тэрхүү цаг хугацаа нь 2021 оны 01, 02, 03 дугаар сар мөн эсэх, ямар хэмжээтэй байсан, төлбөр төлөгдсөн эсэх, хоолны саванд мах байсан эсэх талаар мэдүүлдэггүй. Я.Г-ийн 2019, 2020, 2021 онд компанид төлбөр төлж хоол худалдан авсан /7 дахь хавтаст хэргийн 134-156 дахь тал/ үйл явдал, 2021 оны 03 дугаар сард нягтлан бодогч Х.Т-ийн хоол худалдан авсан асуудал /6 дахь хавтаст хэргийн 6З, 64 дэх тал/, төрийн бусад байгууллагын захиалгын хоолыг гаргаж буй үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг гэмт хэргийг нотолсон мэдүүлэг гэж дүгнэж болохгүй юм.
Мөн 2021 оны 01, 02, 03 дугаар саруудад буюу ковидын онцгой нөхцөл байдлын үед Я.Г нь хэд хоног ажилласан болон тухайн ажилласан өдрүүдэд хэчнээн килограмм мах зөөвөрлөсөн болохыг тогтоох ажиллагаа явуулаагүй хэрнээ тухайн цаг хугацаанд эд хариуцагч болох ахлах тогооч, нярав нарын тооцооны алдаанаас үүдэлтэй махны дутагдлыг шууд Я.Г-д хариуцуулах нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн, бодитойгоор тогтоосон байх ёстой. Гэтэл Я.Г 01, 02, 03 дугаар саруудын хэдний өдрүүдэд хэчнээн килограмм махыг хэрхэн, яаж авсан болохыг ямар ч гэрч нотлон мэдүүлээгүй бөгөөд гэрч н.Г, н.А нарын мэдүүлэг, гэрэл зурагт туссан цаг хугацаа нь ойлгомжгүй байхаас гадна тухайн зөөсөн гэх зүйл нь нягтлан бодогч П.Т-ийн буяны ажилд зориулан худалдан авсан хоол болох нь тогтоогдсон.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн “нотлох баримтуудаар мах дутсан үйл баримт болон Я.Г-ийн үйлдэл хоорондын шалтгаант холбоог шалгаж тогтоосон” гэсэн боловч энэ нь үндэслэлгүй юм. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг. Гэмт этгээдийн ямар үйлдлийн улмаас хохирол учирсан бэ буюу ямар үйлдлийн улмаас 1.275 кг мах дутсан бэ гэдгийг нотолсон баримт байхгүй бөгөөд үндэслэл болгосон нотлох баримт нь ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэж үзэх боломжгүй, таамаг дээр тулгуурласан мэдүүлгүүд тул анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэртээ гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга болон өмгөөлөгчийн санал үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заалгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 122 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат гаргасан гомдолдоо “... Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй эх сурвалжаа зааж чадахуйц нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлж дүгнээгүй, хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй болно.
Хууль зүйн үйл явдал. Мах дутаж хариуцлага тооцож төлсөн талаар:
- 2021 оны 2 болон 3 дугаар сард “...” ТӨХК-ийн “...” цайны газарт аудитын шалгалт оров.
- 2021 оны 04 сарын 26-ны өдөр Аудитын дүгнэлтээр 1292.62 кг мах дутав.
- 2021 оны 04 сарын 26-ны өдрийн Дотоод Аудитын дүгнэлтийн 1 дэх хэсэгт “2012 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар ...-ийн төв салбар ахлах тогооч нараас 1292 кг махны дутагдал нь ...-ийн ахлах тогооч (Д.О) нар болон хариуцсан нягтлан бодогчийн хоорондын ажлын уялдаа алдагдаж, Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлуудаа тухай бүр гүйцэтгээгүйгээс үүссэн байна” гэж дүгнэжээ.
- “...” ТӨХК-ийн санхүүгийн алба 1292.62 кг мах дутсан талаар актаар баталгаажуулсан байна.
- 2021.05.16-ны өдөр Б/143 тушаалаар “...” цайны газрын ахлах тогооч эд хариуцагч Д.О-г 1292.62 кг мах дутсан үндэслэлээр ажлаас чөлөөлж сахилгын шийтгэл оногдуулав.
- 2021.06.18-ны өдөр дутсан махны үнийг төлөхөөр акт үйлдэж, цалингаас суутгахаар “...” ТӨХК-ийн санхүү алба Д.О-той баталгаажуулж гарын үсэг зурсан байна.
- 2023.04.20-ны өдөр Ахлах тогооч Д.О 1292 кг махны дутагдал 13,029,500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан актыг “...” ТӨХК-ийн санхүүгийн албанд баталгаажуулж төлбөр бүрэн барагдуулсан байна.
Я.Г-ийн хувийн байдал:
1.Я.Г нь тогооч мэргэжилтэй, “...” ТӨХК-д 1991.07.08-ны өдөр Тогоочоор ажилд орж улмаар ахлах тогооч, цайны газрын даргаар 32 жил ажилласан.
2.2022.03.24-ний өдрийн “...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын Б/139 тоот тушаалаар ажлаас халагдсан.
3.“...” ТӨХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д эрх бүхий албан тушаалтнуудыг тодорхойлсон уг тодорхойлолтод Я.Г нь Нийтийн албан тушаалтанд хамаарахгүй байна.
4.“...” ТӨХК-ийн “...” цайны газрын ахлах тогооч Я.Г-ийн ажлын байрны тодорхойлолтоор Цайны газрын эд хариуцагч биш удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэй.
5.“...” ТӨХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-д эрх бүхий албан тушаалтнуудыг бүтцийн схемээр Я.Г нийтийн албан тушаалтан биш болох нь тогтоогддог.
Хохирол хор уршиг шаардсан талаар:
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч шүүхийн өмнөх шат болон шүүхийн шатанд хохирол болох 1292 кг махны төлбөрийг эд хариуцагч ахлах тогооч Д.О 13,029,500 төгрөгийг бүрэн төлсөн гэж мэдүүлнэ, Я.Г дарга одоо 1292 кг махны төлбөр болох НӨАТ хасаад 1292 кг махны үнэ болох 12,605,805 төгрөгийг төлүүлэх санал гомдолтой байр суурийг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Д.О-ы төлсөн төлбөрийг давхардуулан Я.Г-аас гаргуулах гэж улсын яллагч, хохирогч нар хүсэлт гаргаад байгаа нь үндэслэлгүй, бодит хохирол Я.Г учруулаагүй, учруулсан этгээд нь шийтгэл авч зохих өр төлбөрийг барагдуулсан байгаа нь хэрэгт цугларсан үйл баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоно.
Улсын яллагч яллах дүгнэлт, түүний үндэслэл болгож буй баримтууд:
Я.Г нь “...” цайны газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ... цайны газраас хоолны бэлдэц “...” цэцэрлэг рүү зөөвөрлөж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож “...” ТӨХК-д 12,605,805 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Я.Г нь нийтийн албан тушаалтан мөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж ялласан.
Яллах дүгнэлтийн үндэслэл болгож иргэний нэхэмжлэгч Ч.А-ийн мэдүүлэг, гэрч Н.М-ий мэдүүлэг, Ц.Ж-ы мэдүүлэг (эх сурвалж нь ажлаар Я.Г дарга байнга мах авч гараад байна гэсэн ам дамжсан яриа яваад байсан, хэдэн кг мах хэзээ яаж зөөсөн талаар мэдэхгүй, эх сурвалжаа нотлоогүй таамгийн шинжтэй), Г.Л-ийн мэдүүлэг (эх сурвалж нь тэмдэглэлийн дэвтэр Я.Г-ийн авч гарсан махны тэмдэглэл байгаа гэдэг боловч тэмдэглэлийн дэвтэр хэрэгт авагдаагүй), гэрч Д.Г хоолны бэлдэц мах хаанаас ирж байгаа, хэдэн кг авчирч байгааг огт мэдэхгүй, гэрч М.Э ... төв дээр нэг удаа очиж хоол хийж байсан, гэхдээ хаанаас яаж бэлдэц авч байсныг мэдэхгүй, гэрч Г.Г ачигч би хоёр удаа төмөр савтай мах “...” цэцэрлэг рүү хүргэж өгч байсан, шүүхийн шатанд төмөр саванд мах байсныг би мэдэхгүй үзээгүй, тухайн үедээ мөрдөгчид тэгээд хэлчихсэн юм гэх мэдүүлгүүд нь тогтворгүй, эргэлзээтэй.
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн магадлагаа нь эдийн засгийн тусгай мэдлэг шаардаж гаргасан хохирол учирсан тоо тооцоолол санхүүгийн аудитын дүгнэлт хийсэн байдаг боловч дүгнэлтийн төгсгөлд Я.Г хохирлыг учруулсан гэж хэтэрхий таамаглалын өөрийн эрх хэмжээнээс хальсан дүгнэлт хийсэн. Уг 13 дугаартай магадлагааг Я.Г-д холбогдуулж үнэлэх боломжгүй, мөрдөгчид ийм эрх хэмжээ байхгүй.
ШШҮХ-ийн шинжээчийн 159 дүгээр дүгнэлтэд “Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн махны дутагдал гаргасан тооцоо үндэслэлтэй байна. Харин мах дутсан бүтээгдэхүүний хохирлыг хэн хариуцах талаар ажлын байрын тодорхойлолтод тодорхой тусгаагүй тул хэн хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэжээ. 2021 оны 01 сараас 03 сар хүртэл буюу гэмт хэрэг гарах цаг хугацаанд Я.Г мөнгө төлж хоолны бэлдэц худалдаж аваагүй гэж яллах дүгнэлтэд тусгажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/841 тогтоолоор Я.Г-г “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн болно.
Давж заалдах шатны шүүх “...Шүүгдэгч Я.Г нь “...” ТӨХК-ийн “...” цайны газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн махнаас өөрийн үүсгэн байгуулсан “...” цэцэрлэг рүү зөөвөрлөж, цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэсэн талаар гэрчүүд нэг үйл баримтыг мэдүүлсэн, мөн тухайн мэдүүлгүүдийг шинжээчийн дүгнэлт болоод бусад нотлох баримтуудаар шалган тогтоосон байх тул яаж Я.Г нь өөртөө 12,605,805.37 төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна. Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн болно. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ...
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон” гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
Давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй нотлох баримтын эх сурвалжийг зааж чадах нотлох баримтыг иш татан хэрэглээгүй, хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийж чадаагүй, магадлал хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
1.ШШҮХ-ийн шинжээчийн 159 дүгээр дүгнэлтэд “Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн махны дутагдал гаргасан тооцоо үндэслэлтэй байна. Харин мах дутсан бүтээгдэхүүний хохирлыг хэн хариуцах талаар ажлын байрын тодорхойлолтод тодорхой тусгаагүй тул хэн хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэснийг үндэслэн 12,605,805,37 төгрөгийн махыг Я.Г-г дутаасан мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.
ЭХХШтХ-ийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой байтал тал еэвэнгийн үлгэр мэт яллах талд ашигтай баримтыг нь тасдаж шинжээчийн дүгнэлтийн эхний хэсгийг авч харин шүүгдэгчид ашигтай дүгнэлтийн төгсгөлийн агуулга хэсэг, түүнийг бататгасан мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан махны дутагдлын төлбөрийг төлсөн, хэн хариуцсан, хэнд хариуцуулсан зэрэг үйл баримтад огт дүгнэлт өгөхгүй шийдэж байгаа нь үндэслэлгүй байна.
Харин Шинжээчийн дүгнэлтийг бататгах өөр эх сурвалжаа зааж чадсан хууль ёсоор цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлбөргүй Я.Г-г буруутгах баримт хэрэгт байхгүй юм.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд болон шүүхийн шатанд Я.Г нь мах дутсан асуудалтай огт маргаагүй, харин махыг хэний буруутай үйлдлээс дутаасан, хэн хариуцах ёстой талаар, хэн хариуцлага хүлээсэн, хохирлыг хэн төлсөн талаар тодорхой мэдүүлж хэрэгт авагдсан баримтуудаар Я.Г-д огт хамааралгүй болох талаар мэдүүлж ирсэн.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт өгөлгүй мах дутсан үйл баримттай маргаж байгаа талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
3.Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А “Манай байгууллага 7 дугаар сард шинжлэх ухааны сургуулийн багш нар болон мэргэжлийн хүмүүстэй хамтран хоолны орц, норм зэргийг тусгасан технологийн зарыг боловсруулан гаргасан. Хоолны үлдэгдэл гардаг байсан бөгөөд өдөрт хэдэн хүн хоолонд орохыг урьдчилан мэдэх боломжгүй, хоол үлддэг учраас автоматаар 5 хувийн хорогдол нэмж тооцдог...” гэх мэдүүлгийг шийтгэх тогтоолын үндэслэл болгожээ.
Гэтэл 2021 оны 04 сарын 26-ны өдрийн Дотоод Аудитын дүгнэлтийн 1 дэх хэсэгт “махны хорогдол тооцож, хоолны орц нормын технологийн карт ашиглаагүй байна” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 159 дугаар “Махны хорогдол тооцож дүгнэлт гаргаагүй” гэсэн дүгнэлт зэрэг 3 эх сурвалжаа зааж чадах баримтуудаар анхан шатны дээрх дүгнэлт бүрэн үгүйсгэгдэж хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
4.”... гэрчүүд нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгчийг махны бэлдцээс авч гарч байсныг өөрийн нүдээр хараагүй, хамт байгаагүй боловч нэр бүхий гэрчүүд нэгэн адил үйл баримтыг тал бүрээс нь өөрийн мэдэх хэмжээнд мэдүүлснийг нотолгооны ач холбогдлыг сулруулах нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй юм.” гэж дүгнэсэн.
Гэрч Ц.Ж-ы “Ажлаар Я.Г дарга байнга мах авч гараад байна гэсэн ам дамжсан яриа яваад байсан, хэдэн кг мах хэзээ яаж зөөсөн талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг нь эх сурвалжаа нотлоогүй, таамгийн шинжтэй,
гэрч Г.Л “Я.Г-ийн авч гарсан махны тэмдэглэл байгаа” гэдэг боловч тэмдэглэлийн дэвтэр хэрэгт авагдаагүй,
гэрч Д.Г “хоолны бэлдэц мах хаанаас ирж байгаа, хэдэн кг авчирч байгааг огт мэдэхгүй”,
гэрч М.Э “... төв дээр нэг удаа очиж хоол хийж байсан, гэхдээ хаанаас яаж бэлдэц авч байсныг мэдэхгүй”,
гэрч Г.Г “би хоёр удаа төмөр савтай мах ... цэцэрлэг рүү хүргэж өгч байсан, шүүхийн шатанд төмөр саванд мах байсныг би мэдэхгүй үзээгүй, тухайн үедээ мөрдөгчид тэгээд хэлчихсэн юм” гэх мэдүүлэг тогтворгүй эргэлзээтэй, ЭХХШтХ-ийн 16.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг, мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хаацайлан хууль ёсны үндэслэл бүхий болсон гэж дүгнэсэн байгаа нь давж заалдах шатны шүүх хууль зүйн фактад хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийж, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэрийг гаргаагүй байна.
5.Анхан шатны шүүх “...Эдгээр харуул хамгаалалтын ажилтнуудын мэдүүлгүүд нь шүүгдэгч Я.Г-г “...” зоогийн газрын ажилтнуудын хоолны махнаас авч гарсныг үзэж хараагүй, мэдээгүй ч түүний хууль бус үйлдлийг нотолсон гэрч Н.М, Ц.Ж, Д.Г, Б.Э, Д.О, В.Б, Г.Г, Х.Э, Д.Д, Т.А нарын мэдүүлгийг үгүйсгэх болон шүүхийн шийдвэрт нөлөө болохуйц эргэлзээ төрөхүйц нотлох баримт болохгүй юм” гэж дүгнэсэн.
Давж заалдах шатны шүүх хэргийг гомдлын хүрээнд бус хэргийг бүхэлд нь хянаж үзэх ёстой атал дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг илтэд хаацайлан, Я.Г-г зөвхөн яллах тал дээр дүгнэлтийг өгч, цагаатгах талын нотлох баримтыг харьцуулан судлаагүй, хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн. Мөн дээрх дүгнэлтийг харахад анхан шатны шүүх тухайн харуул хамгаалалтын ажилтнуудын мэдүүлгийг хуульд заасан ямар үндэслэлээр нотлох баримт болохгүй гэж үзсэнээ хууль зүйн үндэслэл, эх сурвалжаа зааж чадаагүй байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх зөвхөн яллах тал дээр дүгнэлт өгсөн байгаа нь тод томруун харагдаж байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад харьцуулан бүхэлд нь дүгнэлт хийгээгүй тухайд:
Цагаатгах талын дараах баримтууд хэрэгт хангалттай хүрэлцээтэй байхад анхан шатны шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр гэмт буруутай байна гэж үзэж хэрэгт ач холбогдолтой үйл баримтуудад огт дүгнэлт өгөөгүй. Тухайлбал
- “...” ТӨХК-ийн дотоод аудитын дүгнэлт,
- Эд хөрөнгө хариуцах ёстой ажлын байрын тодорхойлолтоор ахлах тогооч, нярав нарын чиг үүргийн дагуу махны төлбөрийг төлүүлэхээр гаргасан шийдвэр,
- Д.О-д сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр,
- дутсан 1292 кг махны төлбөрийг ахлах тогооч Д.О төлж хохиролгүй болгосон “...” ТӨХК-ийн санхүүгийн албанаас Д.О-той хийсэн акт,
- гэрч Э, Г.Г, Д.О нарын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
- Я.Г-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг,
- Ковид цар тахлын үед тусгаарлалтад байсан хүмүүст “...” цэцэрлэгийн хоолоор үйлчлэхэд зориулж 2020 оны 12 сараас 2021 оны 03 сарын 31-ний хооронд ... захаас 18,217,220 төгрөгөөр худалдаж авч байсан махны төлбөр шилжүүлсэн Я.Г-ийн дансны хуулга, махны падаан зэрэг хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж авагдсан баримтууд нь 1292 кг мах “...” ТӨХК-иас Я.Г аваагүйг нотлох баримтууд,
- Нягтлан бодогч Х.Т-ийн тайлбар гэрчийн мэдүүлэг (Т.А-ын 2021 оны 03 дугаар 24 өдөр савтай мах Я.Г-ийн машинд ачсан фото зураг нь манай станцын ажилтны буяны ажилд хэрэглэхээр кассанд мөнгө тушаагаад Я.Г даргаар гаргуулсан гэх үйл баримт, мөнгө тухайн өдөр тушаасан санхүүгийн анхан шатны баримтууд)
Иймд давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж хэрэгт ач холбогдолтой яллах цагаатгах талын нотлох баримтуудыг харьцуулан судлаагүй нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй, цагаатгах талын нотлох баримтууд эх сурвалжаа зааж чадахуйц үнэлэх боломжтой байх дүгнэлт хийгээгүй.
Мөн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтууд нь эргэлзээтэй, таамаглалын шинжтэй, цагаатгах талын нотлох баримтуудаар шууд үгүйсгэгдсэн, гэрчүүд нь ам дамжсан яриагаар мэдүүлэг өгсөн, баримтад түшиглээгүй үйл баримтыг тулгуурласан.
Я.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал олгосон гэх үйлдлийн субъектив талын үндсэн шинж гэмт хэргийг санаатай хүсэж үйлдэж, хор уршиг хохирлыг “...” цайны газарт учруулсан шунахайн сэдэлтэй үйлдэл нь таамаглалын шинжтэй, өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй гэрчүүдийн мэдүүлэг үндэслэл болгох нь гэм буруугүй этгээдийг хэлмэгдүүлж байгаа хэлбэр юм.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/841 дүгээр шийтгэх тогтоол, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ДШМ/122 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Я.Г-г цагаатгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Я.Г нь “...” ТӨХК-ийн албан тушаалын схемээр нэгжийн цехийн даргаар ажилладаг. Энэ байгууллага нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаа тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, “Компанийн дүрэм”-д заасны дагуу компанийн гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөл, нарийн бичгийн дарга, менежер, албадын дарга нарыг эрх бүхий албан тушаалтанд тооцно. Тус компанийн бүтцийн хувьд, алба, дараа нь хэлтэс, түүний дараа цех гэх тогтолцоотой. Цехийн буюу нэгжийн дарга нь Я.Г юм. Тэгэхээр Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, компанийн дүрмийн 9.1-д заасны дагуу тэрээр компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцогдохгүй. Гэтэл хоёр шатны шүүх Я.Г-г эрх бүхий албан тушаалтанд тооцож дүгнэсэн нь хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг бий болгосон гэж үзэж байна.
Хоёрдугаарт, давж заалдах шатны шүүх нэмэлт дүгнэлт хийхдээ “Я.Г нь эрх бүхий албан тушаалтан биш хэдий ч шууд худалдан авалт хийдэг. Өөрөөр хэлбэл, гэрээ, контрактын үр дагаврыг шууд хариуцаж, хоолны цехэд мах, махан бүтээгдэхүүнийг шууд худалдан авах эрхтэй байна” гэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд биш таамаглалын шинжтэй дүгнэлт хийсэн. “...” ТӨХК-ийн “...” цайны газарт худалдан авалт хийж байгаа бүх бүтээгдэхүүн тендерийн сонгон шалгаруулалтаар авдаг бөгөөд зөвхөн тендерийг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурдаг этгээд нь Я.Г юм. Гэтэл хоёр шатны шүүх эдгээр үйл баримтад буруу дүгнэлт хийсэн.
Гуравдугаарт, хохирогч байгууллагын байр суурь анхан шатны шүүх хуралдаанд 2 удаа, давж заалдах шатны шүүх хуралдаанд 1 удаа өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, хохирогч байгууллага энэ үйл явдал эхэлснээс хойш 1275 килограмм мах дутаасан үйл баримт нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүргээрээ ахлах тогооч нар хариуцна гэж дүгнэлт гаргаж, анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “бид хохирлоо н.О-оос авсан. Прокурорын байгууллага “энэ хэрэгт хохирогчоор оролц” гэсэн тул бид шүүх хуралдаанд оролцож байна” гэж мэдүүлсэн. Харамсалтай нь хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцсаны дараа хохирогчийн байр суурь дахин өөрчлөгдөж, “Я.Г хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул учирсан хохирлоо түүнээс нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд хохирогч байгууллага нь 1275 килограмм махны 12,805,000 төгрөгийг н.О-оор төлүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн дээрх мэдүүлгийг хэрэгт авагдсан эргэлзээгүй, хөдөлбөргүй, анхдагч эх сурвалжаа зааж чадах агуулгаар үнэлж чадаагүй. Хоёрдугаарт, прокурор болон анхан шатны шүүх гэмт хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаа буюу 91 хоногийн турш үйлдсэн гэж үзсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 01 дүгээр сард 495 килограмм, мөн оны 02 дугаар сард 778 килограмм мах дутсан болох нь тогтоогдсон. Я.Г нь энэ хугацаанд буюу ковидын хатуу хөл хориотой үед 22 хоног ажилласан байдаг. Тэгэхээр биечилж ажилласан өдрийн дунджаар тэрбээр өдөрт 60 килограмм мах авах нөхцөл байдал үүсэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх дээрх үйл баримтыг буруу дүгнэж шийдвэр гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Талуудын хэн аль нь мах дутсан үйл баримтын талаар маргадаггүй. Тухайн цаг хугацаанд тус байгууллагад өдөрт 450-600 хүн ажилладаг, түүний 300 гаруй нь өвчлөлийн 1, 2 дугаар хавьтал гээд тусгаарлагдсан. Үүнтэй холбоотой тухайн ажлыг хариуцсан 2 тогооч хоолны хорогдлыг тооцоогүйн улмаас мах дутсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. н.О, н.Э нарын мэдүүлэг нь цагаатгах талын нотлох баримт байхад хоёр шатны шүүх яллах талын нотлох баримт болгож, Я.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан зөрчлийг бий болгосон.
Хоёрдугаарт, анхан болон давж заалдах шатны шүүх Я.Г-г гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан 2 ширхэг фото зургийг үндэслэл болгосон. Хэрэгт фото зурагт байх мах, махан бүтээгдэхүүн, эсхүл өөр ямар нэгэн зүйлийг Я.Г нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн гэх гэрч н.Г-ын мэдүүлэг авагдсан. Гэтэл тэрээр шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлгээ өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, тэрээр “мах ачаагүй, юу ачиж байгааг нь мэдээгүй” гэж мэдүүлсэн. Нэг удаагийн фото зургийг байнгын давтамжтай, үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх яллах талын нотлох баримтыг бүрэн дэмжих нотолгооны эх сурвалж биш гэж үзэж байна.
Гуравдугаарт, Я.Г-г “...” цэцэрлэгт ажлын бус цагаар ажилчдыг ажиллуулсан гэж буруутгасан. “...” ТӨХК-ийн дүрэм, ажлын байрны дотоод журам, ажилчдын “Хөдөлмөрийн гэрээ”-нд ажлын бус цагаар өөр ажил эрхлэхийг хориглосон зохицуулалт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид албаны эрх мэдлээ урвуулах гэсэн шинжийг тусгасан. Өөрөөр хэлбэл, Я.Г-г гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн гэдэг агуулгаар ялласан. Гэтэл ажлын бус цагаар ажилчид өөр газарт ажиллах эрхийг хуулиар хориглоогүй.
Дөрөвдүгээрт, Я.Г-г “...” цэцэрлэгт 12 сая төгрөгийн мах өгч давуу байдал үүсгэсэн гэж ялласан. Гэтэл Я.Г тус махыг авсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, мах, хоолны бэлдцийг “...” ТӨХК-иас ажилчид буяны ажил, хүлээн авалт, өөр бусдаар худалдаж авдаг тухай үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Уг асуудлыг компанийн дүрмээр хориглосон, хязгаарласан зүйл байдаггүй. Гэмт хэрэг гарах үеийн хугацаанд Я.Г нийт 1,700,000 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүний бэлдцийг өөрийн нэр дээр бичүүлж авсан байдаг. Энэ нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Дээр дурдагдсан 2 фото зургийн хувьд, н.Т гэх хүний гэрт ажил явдал гарсан тул буяны ажлын хоолны махыг гаргаж байсан үеийн зураг болохыг н.Г, н.Т нарын мэдүүлэг, н.Т-ийн мөнгө шилжүүлсэн баримтаар хөдөлбөргүй тогтоогддог.
Хоёр шатны шүүх хуульд заасны дагуу нотлох баримтын эх сурвалжаа зааж чадах баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Шүүх хэрэгт авагдсан 8 гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгож, тус мэдүүлгүүдийг мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүдтэй нийцүүлж Я.Г-г гэм буруутайд тооцсон. Гэтэл дээрх гэрчүүд Я.Г-г гэмт хэрэг үйлдсэнийг хараагүй, шууд зааж мэдүүлээгүй, ам дамжсан яриаг мэдүүлсэн. Дараа нь цагаатгах талын нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтуудыг өмгөөлөгч нарын зүгээс Я.Г-г цагаатгах үндэслэл болгож мэтгэлцсэн. Энэ талаар хяналтын журмаар гаргасан гомдолдоо хангалттай дурдсан тул дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ. Тус 14 төрлийн баримтуудад хоёр шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Гэмт хэрэг үйлдэгдэх үед “...” цэцэрлэг махаа хаанаас бэлтгэж байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож, 2020 оны 12 дугаар сарын 31-нээс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд “...”, “...” зэрэг захаас 18,605,000 төгрөгийн мах худалдаж авсан болохыг тодруулсан. Уг үйл баримт хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаар нотлогддог. Гэтэл энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Я.Г-г цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг үндэслэж, шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн талаар гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд, мөрдөн байцаах шат, шүүхийн шатны аль алинд Я.Г-г нийтийн албан тушаалтан мөн эсэх талаар тодруулах тухай хүсэлтийг гаргасан. Гэтэл Я.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн эсэх талаар прокурорын болон шүүхийн шатны аль алинд дүгнэлт хийгээгүй. Өмгөөлөгч Д.Отгонбат “Я.Г нь эрх бүхий албан тушаалтан биш. Тэрээр компанийн дүрэмд заасны дагуу эрх бүхий албан тушаалтанд тооцогддоггүй” гэж тайлбарласан.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,3-т зааснаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд тооцно. Өөрөөр хэлбэл, “...” ТӨХК-ийн дүрмээр “...” цайны газрын даргыг эрх бүхий албан тушаалтанд тооцохгүй. Иймээс прокурор, шүүх гэмт хэргийн субъектийг зөв тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу. Прокурор, шүүх Я.Г-г нийтийн албан тушаалтанд хамаарна гэж үзэхдээ харилцан зөрүүтэй дүгнэлт гаргасан.
Нэгдүгээрт, Я.Г нь хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг учраас нийтийн албан тушаалтанд хамаарна гэх байдлаар тайлбарласан. Гэтэл хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг “...” ТӨХК-ийн захирал гаргасан. Хуулийн этгээдийн захирал нь албан хаагчийг нийтийн албан тушаалтанд тооцдог хуулийн зохицуулалт байхгүй. Авлигатай тэмцэх газраас хэргийг шалгаж эхлэхдээ л хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан учраас нийтийн албан тушаалтан мөн гэх үндэслэлээр гэмт хэргийн субъектэд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.
Хоёрдугаарт, Я.Г-г шууд гэрээ байгуулдаг этгээд гэх үндэслэлээр буруутгасан. “...” цайны газрын хүнсний бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд зарим тохиолдолд эд хариуцагч буюу ахлах тогооч оролцдог. Тухайн албан тушаалтан нь нийтийн албан тушаалтан биш. Гэрээнд оролцсон хүн болгоныг нийтийн албан тушаалтанд тооцвол хуулийг зөрүүтэй хэрэглэсэн асуудал үүснэ. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийн шинжийг хангахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн Улсын дээд шүүх урьд нь энэ төрлийн маргааныг шийдвэрлэж байсан. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн оролцоотой компанийн газрын дарга нь нийтийн албан тушаалтан мөн эсэх асуудалд Улсын дээд шүүх дүгнэлт гаргасан болохыг дурдаж байна.
Гуравдугаарт, Я.Г-г 2 нотлох баримтаар буруутгадаг. Нэг нь гэрчийн мэдүүлэг, хоёр дахь нь шинжээчийн дүгнэлт. Шинжээчийн дүгнэлтэд “хэний хариуцлагагүй байдлын улмаас мах дутсан болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох ёстой” гэж тусгагдсан. Энэ дүгнэлт нь Я.Г-г гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлон тогтоогоогүй. Түүнчлэн энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй мөрдөгч н.Э магадлагаа гаргасан. Гэвч мөрдөгч ямар үндэслэлээр, ямар нотлох баримтаар Я.Г 1,290 килограмм мах дутаасныг тогтоож чадаагүй, зүгээр л “Я.Г нь 1,290 килограмм мах дутаасан байна” гэх магадлагаа гаргасан. Өөрөөр хэлбэл, мөрдөгч таамаглалд үндэслэж магадлагаа гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх тус магадлагааг үндэслэж шийдвэр гаргасан бөгөөд энэ талаар гаргасан өмгөөлөгчийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ дурдаагүй.
Эцэст нь, мөрдөн шалгах ажиллагаа маш дутуу явагдсан гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар хөдөлбөргүйгээр шууд нэрлэн заасан мэдүүлэг биш. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй гэж үзэж байна. Хэрэгт Я.Г нь хэзээ, хэрхэн, 1,290 килограмм махыг зөөвөрлөснийг нотлох баримт авагдаагүй. Иймд хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Я.Г-г цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Я.Гэрэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “Миний бие “...” ТӨХК-д 31 жил тасралтгүй ажиллаж, удирдах ажлыг сүүлийн 10 гаруй жил гүйцэтгэж байна. Энэ хугацаанд миний хариуцаж байсан эд хөрөнгө ямар нэгэн байдлаар дутаж байгаагүй. Тухайн жилүүдэд ковидын онцгой хүнд үед тохиосон. Миний бие гэм буруугүй гэдгээ тангараглаж байна. Манай байгууллага харуул хамгаалалттай, 2 буутай цагдаа 2 хаалгыг хамгаалдаг, машины дээд, доод талыг камераар хардаг. Би мах авсан зүйлгүй, тайлан тооцоогоо цаг тухайд нь хийгээгүй, тооллого хийгээгүй, хяналт тавиагүй нь миний алдаа болсон. Намайг цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүгдэгч Я.Г-д холбогдох хэргийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Я.Г нь “...” ТӨХК-ийн “...” цайны газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн махнаас өөрийн үүсгэн байгуулсан “...” цэцэрлэгээр дамжуулан 1292 кг махны үнэ болох 12,605,805.37 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлох баримт хангалттай цугларсан, шүүгдэгч Я.Г-ийн гэм бурууг тогтооход нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдсан гэж дүгнэж байна. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл дараах хоёр асуудалд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Нэгдүгээрт, шүүгдэгч Я.Г нь нийтийн албан тушаалтан мөн үү,
хоёрдугаарт, шүүгдэгч Я.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан уу, эсхүл өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн үү гэх асуудлуудад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй.
Авлигын эсрэг хууль болон Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд компанийн удирдах, гүйцэтгэх болон эрх бүхий албан тушаалтныг компанийн дүрмээр зохицуулахаар хуульчилсан. “...” ТӨХК-ийн дүрмийн 9.1-т удирдах, гүйцэтгэх болон эрх бүхий албан тушаалтныг тодорхойлсон. Я.Г-ийн ажлын байрны тодорхойлолтын 11.10-т “Хариуцсан албатай хамтарч худалдан авалтыг зохион байгуулж, гэрээ байгуулах” гэж заасан. Энэ нь Я.Г-г тухайн зоогийн газрыг төлөөлж эрх эдэлж, үүрэг хүлээж байгааг илэрхийлж байна. Иймээс тэрээр нийтийн албан тушаалтанд хамаарч байна. Энэ талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хоёр дахь асуудлын хувьд, хэргийн нөхцөл байдлаас харахад зоогийн газарт ирсэн мах, хүнсний бүтээгдэхүүн нь Я.Г-ийн албан тушаалын ямар байдлыг урвуулах, хэтрүүлэх буюу гэмт хэргийн объектив талын ямар шинж хангагдсан талаарх асуудал эргэлзээтэй байна. Зоогийн газарт хүнс зориулалт, өдрийн нормын дагуу ирдэг. Өөрөөр хэлбэл, Я.Г нь өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж зоогийн газарт хүнс ирүүлдэг гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Эсрэгээрээ шүүгдэгч нь тухайн зоогийн газарт ирсэн хүнсний бүтээгдэхүүн, махыг өөрийн шунахай сэдлээр авч, “...” цэцэрлэгээр дамжуулан хоол, хүнс болгон худалдан борлуулж, ашиг олсон нөхцөл байдал харагддаг.
Шүүхийн практикаас үзэхэд, шүүх энэ төрлийн хэргийг үйлдсэн этгээд нь нийтийн албан тушаалтан бол албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал олгосон гэж дүгнэж шийдвэрлэж байна. Гэтэл гэмт хэргийн субъектив санаа, зорилго, объектив талын шинж зэргийг харгалзан үзвэл энэ төрлийн гэмт хэргийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгахгүйгээр Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа тохиолдол цөөнгүй гарч байна. Тэгэхээр энэ шүүх хуралдаанаас эхэлж хэргийн үйл баримтад хийж байгаа дүгнэлт, хууль хэрэглээг нэг мөр болгохгүй бол болохгүй гэж үзэж байна. Учир нь, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд хуулийг хэрэглэхэд хүндрэл учирч байна.
Шүүгдэгч Я.Г-ийн хувьд, тэрээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн субъектэд нийтийн албан тушаалтан хамаарна. Шүүгдэгч нь шунахайн сэдэлтээр хувийн ашиг, хонжоо олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн тул хяналтын шатны шүүх хоёр шатны шүүхийн шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээс хүнд эрүүгийн хариуцлагатай. Хяналтын шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй тул Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлал 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр огноологдсон атал шүүх хуралдааны тэмдэглэл нь 1 хоногийн дараа гарсан байна. Нийтэд илэрхий мэдээлэл болох давж заалдах шүүх хуралдааны зар болон товыг мэдэгдсэн хуудсыг тулгаж үзэхэд шүүх хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болсон байх тул шүүх хуралдааны тэмдэглэлийн бичих техникийн алдааг зөвтгөх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат нарын гаргасан гомдлыг үндэслэн Я.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн арга, гэмт халдлагад өртсөн харилцаа, эрх ашиг сонирхол, халдлагын зүйл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн шалгаж, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлснээр шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг бодит байдлаар сэргээн тогтоож, хэргийг зөв зүйлчлэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ.
Энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр анх хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Нийслэлийн прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Я.Г-д эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж (5 дахь хавтаст хэргийн 144 дэх тал), Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусган, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Я.Г-д холбогдох хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд, 919 дугаартай цагаатгах тогтоолоор Я.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг (10 дахь хавтаст хэргийн 139 дэх тал) Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 335 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дагуу (10 дахь хавтаст хэргийн 199 дэх тал) Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хэргийг дахин хэлэлцэж, 841 дүгээр шийтгэх тогтоолоор Я.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан судалж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцэхүйц байдал хангагдсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Я.Г-г “...” ТӨХК-ийн “...” цайны газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн махнаас нийт 1272,6 кг махыг өөрийн эзэмшлийн ... дугаартай “...” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “...” цэцэрлэг рүү зөөвөрлөж, уг цэцэрлэгт “...” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, “...” цэцэрлэгийн ...-тай байгуулсан гэрээний дагуу “...” зочид буудалд короновируст халдварын цар тахлын улмаас тусгаарлалтад байрлаж байсан иргэдэд хоол нийлүүлж, өөртөө болон “...” цэцэрлэгт давуу байдлыг бий болгон, “...” ТӨХК-д 12,605,805 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Я.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэмээн буруу дүгнэлт хийж, тухайн зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцээгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг хяналтын шатны шүүх хуралдаанаас зөвтгөж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3.Төрийн болон байгууллагын өмч, хөрөнгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шунахай сэдэлтээр завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг, эсхүл 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн холбогдох зүйл, хэсгээр зүйлчлэхээс хамаарч тухайн гэмт хэргийн ангилал, оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ, мөрдөн шалгах болон прокурорын хяналтын харьяалал өөрчлөгдөхөөс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөх бусад хууль зүйн үр дагавар үүсч болохыг анхаарч, албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших гэмт хэргийг бусад төсөөтэй гэмт хэргээс ялгагдах шинжийг зөв тодорхойлох шаардлагатай болно.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр бүрмөсөн өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авах гэсэн санаа зорилгоор үйлдэгдэхээс гадна тухайн эд хөрөнгөнөөс өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд эдийн ашигтай байдлыг бий болгож, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан байдаг онцлогтой юм.
Хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг шунахай сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн хууль бус эзэмшил, өмчлөлд шилжүүлж захиран зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.
Нийтийн албан тушаалтан өөртөө, эсхүл бусдад хууль бус давуу байдал бий болгох зорилгоор, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн болон байгууллагын өмч, хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших”-аас гадна 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн зарим шинжийг давхар агуулдаг тул тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 болон 22.1 дүгээр зүйлд зааснаар давхар зүйлчлэхгүй, харин нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх шунахай сэдэлтээр, албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийснийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэх арга буюу урьдчилсан үе шат гэж үзэн, хэргийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завших” гэмт хэргээр хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэнэ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь тухайн төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
Өөрөөр хэлбэл, нийтийн албан тушаалтан төрийн болон байгууллагын өмч хөрөнгийг өөрийн, эсхүл хамаарал бүхий бусад этгээдийн эзэмшилд бүрмөсөн шилжүүлэн завших, тухайн хөрөнгөнд өөрийн хууль бус өмчлөлийг тогтоох гэсэн шунахай зорилгыг агуулаагүй, харин өөртөө, эсхүл хамаарал бүхий бусад этгээдэд хууль бусаар эдийн болон бусад ашигтай байдал бий болгох санаа зорилготой байсан бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэх нь урьд нь шүүхийн практикт тогтсон хууль хэрэглээний ойлголт болно.
Тухайлбал, Монгол Улсын дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд “Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар ашиг хонжоо олсон байдаг хэдий ч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө авах болон бусдын өмчлөлд шилжүүлээгүй байдгаараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдана” хэмээн албан ёсоор тайлбарласныг дурдах нь зүйтэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” хэмээн заасан билээ.
Монгол Улсын нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн 17 дугаар зүйлд “Оролцогч улс бүр нийтийн албан тушаалтан өөрийн болон бусад хувь хүн, хуулийн этгээдийн ашиг тусын тулд аливаа эд хөрөнгө, нийтийн болон хувийн өмч хөрөнгийг санаатайгаар хулгайлсан, үрэгдүүлсэн, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шаардлагатай хууль тогтоомжийг ашиглаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад арга хэмжээг авна” гэж заасан.
Мөн тус Конвенцийн 19 дүгээр зүйлд “Оролцогч улс бүр нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа өөрт болон өөр бусад хувь хүн, хуулийн этгээдэд хууль бус давуу байдал олж авах зорилгоор хууль зөрчиж аливаа үйлдэл гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байх буюу санаатайгаар чиг үүргээ буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг харгалзаж үзнэ” гэж тус тус заасан бөгөөд Конвенцийг соёрхон баталсан гишүүн улс орнуудыг үндэсний хууль тогтоомждоо нийтийн албан тушаалтны үйлдсэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглах болон хөрөнгө завших гэмт хэргийг Конвенцын үзэл санаанд нийцүүлэн хуульчлахыг үүрэг болгосон юм.
Хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол ...” хэмээн тодорхойлсноос үзэхэд “давуу байдал олж авах” нь гэмт хэргийн субъектив шинжид бус гэмт үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавар мэтээр томъёолж бичигдсэн нь Авлигын эсрэг конвенцын 19 дүгээр зүйлд “... хууль бус давуу байдал олж авах зорилгоор...” гэж заасантай агуулгын хувьд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Ийнхүү Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд гэмт хэргийн субъектив талын шинжид хамаарах “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилго” гэсэн оюун санааны элементийг объектив талын шинжид хамаарах үйлдлийн /эс үйлдлийн/ үр дагаварт бий болох үр дүн гэх агуулгаар буюу “давуу байдал бий болгосон” гэж томьёолон хуульчилсан нь нийтийн албан тушаалтны шунахай сэдэлтээр, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хөрөнгө завшсан гэмт хэргийг зарим прокурор, шүүх Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэхийн оронд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргээр буруу зүйлчлэн шийдвэрлэх, улмаар хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж, нийтийн албан тушаалтан ял завших нэг шалтгаан нөхцөл болж байна.
6.Шүүгдэгч Я.Г-ийн хувьд “...” ТӨХК-ийн “...” цайны газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, тус цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн махнаас нийт 1272,6 кг буюу 12,605,805 төгрөгийн махыг хувьдаа завшсан үйлдлийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөөгүй алдааг давж заалдах шатны шүүх давтаж, мөн адил хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Я.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хяналтын шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан хийсэн огноог “2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр” гэж магадлалын огнооноос зөрүүтэй бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 841 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 122 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн 2102003440120 дугаартай хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Я.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР