Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00226

 

А.Бий нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаарсарын07-ныөдрийн181/ШШ2017/02071дугааршийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2189 дугаар магадлалтай,

А.Бий нэхэмжлэлтэй

НШГАнд холбогдох

Албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч А.Бий гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлболон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:НШГА нь шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1206 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн “О И” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 81 525 655 төгрөгийг хангуулахаар 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, миний өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 40а байрны зоорийн давхрын 3 тоот, 93 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ээж Ц.Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлах 23/1 байрны 34 тоот, 42.5 м.кв талбайтай орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хураан авсан.Улмаар өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 140 000 000 төгрөгөөр тооцож санал болгосон ч төлбөр авагч дээрх үнийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хөндлөнгийн үнэлгээчин уг хөрөнгийн зах зээлийн үнийг 125 000 000 төгрөгөөр тогтоож, ээж Ц.Туяагийн өмчлөлийн орон сууцыг 84 000 000 төгрөгөөр үнэлж төлбөр авагч тал хүлээн зөвшөөрсөн. Ингээд би 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудах эхний худалдаа 2015 оны 07 дугаар сарын 10-нд зарлагдсаныг мэдсэн.Миний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийн анхны үнийг 88 130 000 төгрөгөөр үнэлсэн, уг үнээр дээрх үл хөдлөх хөрөнгө шууд зарагдана гэдэгт би итгэлтэй байсан. Учир нь 2014 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 150 000 000 төгрөгөөр худалдан авах санал ирж байсан юм. Эхний албадан дуудлага худалдаагаар уг хөрөнгө болон ээжийн өмчлөлийн орон сууц борлогдоогүй. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд анхны үнийг зах зээлийн үнийн 50 хувиар тогтоож оруулсан ч хоёр үл хөдлөх эд хөрөнгө мөн л худалдагдаагүй.Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдагдаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч “О И” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн өдрийн хуралдаанаар комисс төлбөр авагч, төлбөр төлөгч хоёроос санал авсан. Миний хувьд өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлж төлбөр авагчид өмчлөлийг шилжүүлье, үлдэгдэл хэсгийг мөнгөөр төлж барагдуулъя гэдэг санал тавьсан ч комисс хүлээж аваагүй. Дээрх комиссын шийдвэр гарснаас хойш төлбөр авагчтай удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулах саналууд тавьсан ч мөн хүлээж аваагүй ба энэ хугацаанд үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах хүсэлтэй хувь хүмүүс 60-70 сая төгрөгөөр худалдан авах санал тавьсан ч албадан дуудлага худалдааны комиссын шийдвэрээр төлбөр авагчид шилжсэн гэдгийг мэдэгдмэгц худалдан авах хүсэлгүй болж байсан.Дээрх байдлаас харвал энэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдан авах сонирхолтой хувь хүмүүс, албан байгууллагууд байгаа, улмаар нэхэмжлэлийн шаардлагын 80-90 хүртэл хувийг барагдуулах боломжтой гэж харж байна. НШГА Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47-р зүйлийн 47.1, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэсэн заалтуудыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх байгууллага анхны албадан дуудлага худалдааны зарыг өөрийн цахим хуудсанд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийтэлж, нийтэд мэдээллэсэн хэрнээ 7 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан байсан.Мөн хоёр дахь албадан дуудлага худалдааны зарыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нийтэд мэдээлж, 2015 оны 08 дугаар сарын 07-нд явуулж, дуудлага худалдаа явагдахаас 7 хоногийн өмнө мэдээлсэн нь хууль зөрчсөн байна. НШГАны үйл ажиллагаа, гаргасан тогтоол нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж улмаар миний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгө болон ээжийн өмчлөлийн орон сууцыг зохиомлоор үнэгүйдүүлэх нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй тул 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгийг хураах, битүүмжлэхдээ болон мэдэгдэл, тогтоолуудыг ээж Ц.Туяад мэдэгдэхдээ надад хамт тухайн өдрүүдэд өгч байсан. Надад үнэлгээний мэдэгдлийг 2015 оны 06 дугаар сарын 23, анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдсэн нь үнэн. Мөн хураасан, битүүмжилсэн ажиллагаанд гомдол гаргаагүй. Зөвхөн дуудлага худалдаа явагдахаас 14 хоногийн өмнө нийтэд мэдээллэх ёстой байтал 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийтэд мэдээлж, 2015 оны 07 дугаар сарын 10-нд анхны албадан дуудлага худалдааг явуулсан байх тул анхны албадан дуудлага худалдаанд гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжаар А.Бээс 81 525 665 төгрөг гаргуулж “О И” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А.Бий үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40а дугаар байр 03 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч А.Б зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 140 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 125 000 000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ц.Т34 тоот орон сууцаа 84 000 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг 2015 оны 06 дугаар сарын 23-нд төлбөр төлөгч А.Б, өмчлөгч Ц.Тнарт мэдэгдсэн байна. Анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40а дугаар байр 03 тоот 93 м.кв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнэ 125.000.000 төгрөгийн 70 хувь буюу 88 130 000 төгрөгөөр, Ц.Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42,5 м.кв талбайтай орон сууцыг харилцан тохиролцсон үнэ 84 000 000 төгрөгийн 70 хувь буюу 58.800.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй. Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч “О И” ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч А.Бий төрсөн эх Ц.Талбадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01685 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 902 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/00884 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 002/ХТ2017/00195 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Бий ээж Ц.Тнь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тухай дүгнэсэн. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Мөн нэхэмжлэгч Г.А.Бий хувьд тэрээр 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдлийг хүлээн авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй тул гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02071 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай А.Бий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2189 дүгээр магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 08 дугаар сарын07-ныөдрийн 181/ШШ2017/02071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Бий давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Б хяналтын гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 9-ний өдрийн 2189 дугаартай магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч миний бие НШГАны үйл ажиллагаа, тус байгууллагын гаргасан тогтоол Иргэний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөн талаар нэхэмжлэл гаргасан. НШГА нь Шүүхийн 2015-04-30 өдрийн 1206 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн “О И” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 81 525 655 төгрөгийг хангуулахаар 2015-05-06 өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, миний хүү А.Бий өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороололд байрлах 40а байрны зоорийн давхрын 3 тоот, 93м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Цэдэндоржийн Туяа миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороололд байрлах 23/1 байрны 34 тоот, 42.5м.кв талбайтай орон сууцыг 2015-05-29 өдөр хураан авсан. Улмаар А.Бий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 140 000 000 төгрөгөөр тооцож санал болгосон ч төлбөр авагч тал дээрх үнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс хөндлөнгийн үнэлгээчин уг хөрөнгийн зах зээлийн үнийг 125 000 000 төгрөгөөр тогтоосон. Харин миний өмчлөлийн орон сууцыг 84 000 000 төгрөгөөр үнэлж төлбөр авагч тал хүлээн зөвшөөрсөн. Ингээд бид 2015-07-01-ний өдөр дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудах эхний худалдаа 2015-07-10-нд явагдах болсныг мэдсэн. 2015-08-07-нд хоёр дахь албадан дуудлага худалдаагаар анхны үнийг зах зээлийн үнийн 50%-аар тогтоож дуудлага худалдаанд орсон. Уг дуудлага худалдаагаар хоёр үл хөдлөх хөрөнгө мөн л худалдагдаагүй. НШГАнаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12-р зүйлийн 12.1.4-т заасан үндэслэлээр Шүүхийн 2015-04-30-ны 1206 тоот гүйцэтгэх хуудас гарсан өдрөөс эхлэн НШГА, түүний үйл ажиллагаа буюу тус албаны томилсон албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн 2015-07-10-ны өдөр албадан дуудлага худалдааг зохион байгуулах хүртэл хугацаа нь Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.6-д заасан хугацаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 45-р зүйлийн 45.2-т заасан хугацаанаас тус тус хэтэрсэн, Нийслэл шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах үйл ажиллагаа, Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн дуудлага худалдааны зарыг өөрийн цахим хуудсанд 2015-06-30-ны өдөр нийтэлж, олон нийтэд мэдээлсэн нь Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.7-т заасан “Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47-р зүйлийн 47.1 “Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн НШГАны 2 дахь албадан дуудлага худалдаа 2015-08-07-нд явагдах тухай албадан дуудлага худалдааны зарыг 2015-07-31-ны өдөр буюу дуудлага худалдаа явагдахаас 7 хоногийн өмнө мэдээлсэн нь мөн Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.7-р заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47-р зүйлийн 47.1-р заалтуудыг тус тус зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болсон. Гэтэл анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй, хэргийн шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 сарын 7-ны өдрийн 181/ШШ2017/02071 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2107 оны 10 сарын 9-ний өдрийн 2189 дугаартай магадлалыг ИХШХШТХ-н 176.2.5-т заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэгч А.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч НШГАнд холбогдуулан 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулахдаа 14 хоногийн өмнө нийтэд мэдээлэх байтал 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нийтэлж хууль зөрчсөн гэх үндэслэлээр уг албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “О И” ББСБ зөвшөөрөөгүй байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар шүүгчийн захирамжаар А.Б нь 81 525 665 төгрөгийг “О И” ББСБ-д төлөх, ...барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

Шүүх шийдвэр гаргасан тул барьцааны зүйлээс үүргийг хангуулахын тулд хариуцагч НШГА барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах, 40а байрны зоорийн давхрын 3 тоот, 93мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 23/1 байрны 34 тоот, 42,5 мкв талбай бүхий орон сууцыг битүүмжилсэн, хураасан, төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад  талууд ...орон сууцны зах зээлийн үнэ 84 000 000 төгрөг болохыг харилцан тохиролцсон, харин ...үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийг тохироогүй тул шинжээч томилсон, Мөнх-Оргил трейд ХХКомпани уг эд хөрөнгийг 125 000 000 төгрөгөөр үнэлсэн, хоёр хөрөнгийн үнэлгээний нийлбэр 209 000 000 төгрөг болсон байна. Хариуцагч нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг, хоёр дахь дуудлага худалдааг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус тус явуулсан боловч эд хөрөнгө борлогдоогүй, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар дээрх хоёр хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон, төлбөр авагч зөвшөөрсөн баримтууд хэрэгт авагджээ.

Барьцааны зүйлийн өмчлөгч Ц.Тшийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 195 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ. /хх 53-61/

Хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэсэн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч А.Бий шүүхэд мэдүүлэх эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус болохыг анхаараагүй нь буруу байна.

1.Нэхэмжлэгч нь “...анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах...” тухай шаардлагыг гаргасан, шүүх хуралдаан дээр энэ шаардлагаа дэмжсэн боловч  нэхэмжлэлийн үндэслэлээ “...анхны албадан дуудлага худалдааны зарыг хуульд заасан хугацааг зөрчиж зарласан... гэснээс гадна ...үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн, ...төлбөр авагчтай удаа дараа уулзаж өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж, үлдэх хэсгийг нь мөнгөөр төлье гэсэн боловч хүлээж аваагүй,...үйлчилгээний зориулалттай хөрөнгийг хүмүүс 60-70 сая төгрөгөөр худалдаж авах санал тавьсан ч төлбөр авагчид шилжүүлсэн комиссын шийдвэрийг мэдээд авахаа больж байсан... энэ байдлаар төлбөрийн 80-90 хувийг барагдуулах боломжтой ...эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна...” гэсэн үндэслэлийг гаргасан нь үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон ажиллагааны талаар гомдол гаргасан гэж үзэх эсэх нь тодорхой бус болжээ.

            2. Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацааг хэтрүүлсэн талаар шүүх дүгнэхдээ хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан бий эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

            3. Шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. Хугацаа хэтрүүлсэн нь тодорхой гэх үндэслэлээр үйл баримтыг тодруулахгүй орхих, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлыг нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх ажиллагааг орхигдуулах учиргүй болно.            

Нэхэмжлэгч нь хариуцагчийг анхны албадан дуудлага худалдааг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зарласан болохыг“www.nshga.cd.gov.mn сайт”-ад тавигдсан гэх баримтыг, хариуцагч нь 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн” Өнөөдөр” сонинд нийтэлсэн гэх баримтыг гаргасан ба шүүх эдгээр баримтын аль нь бодитой болохыг тодруулаагүй, хариуцагчийн гаргасан баримтыг үндэслэлтэй гэж үзсэн баримт, нотолгоог шийдвэр, магадлалд тусгаагүй байна.

            Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байх тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5  дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02071 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2189 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА