Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/02071

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 07 өдөр                 Дугаар181/ШШ2017/02071                  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ....................... оршин суух, А.Б /Регистрийн дугаар:.............../-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: .....................байрлах, НШГГнд холбогдох,........................

Дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НШГГ нь шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1206 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн “ОИ ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 81.525.655 төгрөгийг хангуулахаар 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, миний өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороололд байрлах 40а байрны зоорийн давхрын 3 тоот, 93 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, миний ээж Цэдэндоржийн Туяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороололд байрлах 23/1 байрны 34 тоот, 42.5 мкв талбайтай орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хураан авсан.

Улмаар өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 140,000,000 төгрөгөөр тооцож санал болгосон ч төлбөр авагч тал дээрх үнийг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс хөндлөнгийн үнэлгээчин уг хөрөнгийн зах зээлийн үнийг 125,000,000 төгрөгөөр тогтоосон. Миний ээж Ц.Тгийн өмчлөлийн орон сууцыг 84,000,000 төгрөгөөр үнэлж төлбөр авагч тал хүлээн зөвшөөрсөн.

Ингээд би 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудах эхний худалдаа 2015 оны 07 дугаар сарын 10-нд зарлагдсаныг мэдсэн. Миний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийн анхны үнийг 88,130,000 төгрөгөөр үнэлсэн. Харин миний хувьд уг үл хөдлөх хөрөнгө дээрх үнээр шууд зарагдана гэдэгт итгэлтэй байсан. Учир нь 2014 онд дээрх үл хөдлөх хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр худалдан авах санал ирж байсан юм. Харамсалтай нь эхний албадан дуудлага худалдаагаар уг хөрөнгө маань худалдагдсангүй. Мөн миний ээж Ц.Тгийн өмчлөлийн орон сууц эхний дуудлага худалдаагаар бас борлогдоогүй. 2015 оны 08 дугаар сарын 07-нд хоёр дахь албадан дуудлага худалдаагаар анхны үнийг зах зээлийн үнийн 50 хувиар тогтоож дуудлага худалдаанд орсон. Уг дуудлага худалдаагаар хоёр үл хөдлөх хөрөнгө мөн л худалдагдаагүй.

Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдагдаагүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч “ОИ ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн өдрийн хуралдаанаар комисс төлбөр авагч, төлбөр төлөгч хоёроос санал авсан. Миний хувьд өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлж төлбөр авагчид өмчлөлийг шилжүүлье, үлдэгдэл хэсгийг мөнгөөр төлж барагдуулъя гэдэг санал тавьсан ч комисс хүлээж аваагүй. Дээрх комиссын шийдвэр гарсанаас хойш төлбөр авагчтай удаа дараа нэхэмжлэлийн шаардлагыг барагдуулах саналууд тавьсан боловч хүлээж аваагүй. Мөн энэ хугацаанд миний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах хүсэлтэй хувь хүмүүс 60-70 сая төгрөгөөр худалдан авах санал тавьсан ч албадан дуудлага худалдааны комиссын шийдвэрээр төлбөр авагчид шилжсэн гэдгийг мэдэгдмэгц худалдан авах хүсэлгүй болж байсан.

Дээрх байдлаас харвал энэхүү үл хөдлөх хөрөнгийг худалдан авах сонирхолтой хувь хүмүүс, албан байгууллагууд байгаа, улмаар нэхэмжлэлийн шаардлагын 80-90 хүртэл хувийг барагдуулах боломжтой гэж харж байна.

НШГГ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47-р зүйлийн 47.1, Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.7-т зааснаар дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.” гэсэн заалтуудыг зөрчиж шийдвэр гүйцэтгэх байгууллага анхны албадан дуудлага худалдааны зарыг өөрийн цахим хуудсанд 2015 оны 06 дугаар сарын 30-ний өдөр нийтэлж, нийтэд мэдээлсэн хэрнээ 7 дугаар сарын 10-ны өдөр дуудлага худалдаанд оруулсан байсан байна. Мөн хлёр дахь албадан дуудлага худалдааны зарыг 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нийтэд мэдээлж, 2015 оны 08 дугаар сарын 07-нд явуулж, дуудлага худалдаа явагдахаас 7 хоногийн өмнө мэдээлсэн нь мөн хууль зөрчсөн байна.

НШГГны үйл ажиллагаа, гаргасан тогтоол нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж улмаар миний өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгө болон миний ээж Ц.Тгийн өмчлөлийн орон сууцыг зохиомлоор үнэгүйдүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй тул дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардлагаа тодруулж байна.

Шийдвэр гүйцэтгэх албанаас эд хөрөнгийг хураах, битүүмжлэхдээ болон мэдэгдэл, тогтоолуудыг миний ээж Ц.Тд мэдэгдэхдээ надад хамт тухайн өдрүүдэд өгч байсан. Надад үнэлгээний мэдэгдлийг 2015 оны 6 дугаар сарын 23-нд, анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2015 оны 6 дугаар сарын 30-нд мэдэгдсэн нь үнэн. Мөн хураасан, битүүмжилсэн ажиллагаанд гомдол гаргаагүй. Зөвхөн дуудлага худалдаа явагдахаас 14 хоногийн өмнө нийтэд мэдээлэх ёстой байтал 2015 оны 6 дугаар сарын 30-нд нийтэд мэдээлж, 2015 оны 7 дугаар сарын 10-нд анхны албадан дуудлага худалдааг явуулсан байх тул анхны албадан дуудлага худалдаанд гомдол гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар захирамжаар А.Бээс 81.525.665 төгрөг гаргуулж “ОИ ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж А.Бий үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40а дугаар байр 03 тоот 93 мкв талбай бүхий зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ц.Тгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42,5 мкв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч А.Б зоорийн давхарын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 140.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-г шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход 125.000.000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ц.Т 34 тоот орон сууцаа 84.000.000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч уг үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг 2015 оны 06 дугаар сарын 23-нд төлбөр төлөгч А.Б, өмчлөгч Ц.Т нарт мэдэгдсэн байна. Анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 40а дугаар байр 03 тоот 93 мкв талбай бүхий зоорийн давхрын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэгдсэн үнэ 125.000.000 төгрөгийн 70 хувь буюу 88.130.000 төгрөгөөр, Ц.Тгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 23/1 байрны 34 тоот 42,5 мкв талбайтай орон сууцыг харилцан тохиролцсон үнэ 84.000.000 төгрөгийн 70 хувь буюу 58.800.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй. Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдааны комиссын хуралдаанаар төлбөр авагч “ОИ ББСБ-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч А.Бий төрсөн эх Ц.Т албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01685 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 902 дугаар магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/00884 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 002/ХТ2017/00195 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргэсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна. А.Бий ээж Ц.Т нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Уг шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тухай дүгнэсэн. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Мөн нэхэмжлэгчГ.Бий хувьд тэрээр 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр мэдэгдлийг хүлээн авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй тул гомдол гаргах хугацаа өнгөрсөн байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч  А.Б нь НШГГнд холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар шийдвэрээр А.Бээс 81.525.665 төгрөг гаргуулж “ОИ ББСБ-д олгох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-39/

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2042 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2017/00195 дугаар тогтоолоор НШГГнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Уг шийдвэр, тогтоол, магадлалд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 903 дугаар шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Ц.Тгийн өмчлөлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 14-нд, А.Бий өмчлөлийн хөрөнгийг 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус тус битүүмжилж, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хураан авсан, үнийн саналыг авч улмаар албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр хүргүүлж,  2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7/170 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр оруулсан, мэдэгдлийг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тогтоолын хамт Ц.Тд шуудангаар хүргүүлсэн болохыг тус тус дурдан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, зөрчөөгүй болохыг дүгнэсэн байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт тул хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргаж байх боловч дээрх хэрэгт нэхэмжлэгч А.Бий зүгээс оролцоогүй, гомдлыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу гуравдагч этгээдийн зүгээс гаргаж байсан байх тул шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөгч Ц.Тд хариуцагч байгууллагаас мэдэгдэл, тогтоол өгөх бүртээ давхар өөрт нь мөн өгч байсан гэж тайлбарлаж байх ба тэрээр үнэлгээг 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, дуудлага худалдааг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлээр тус тус мэдэгдсэн гэж тайлбарлав. Түүнчлэн хураасан, битүүмжилсэн ажиллагаанд гомдол гомдол гаргаагүй байна.

Харин 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг явагдахаас 14 хоногийн өмнө нийтэд мэдээлэх байтал 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийтэд мэдээлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж,  2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардаж байна.

Хариуцагч байгууллага 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дуудлага худалдаагаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах тухай өдөр тутмын хэвлэл болох Өнөөдөр сонингийн 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 148 дугаарт зарлаж, нийтэд мэдээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэж байна.

Мөн нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3-д зааснаар анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай А.Бий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ