Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0038/З |
Дугаар | 480 |
Огноо | 2020-08-11 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 480
“МАФ” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “МАФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М” ХК-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 367 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус үндэслэн “М” ХК-д холбогдуулан “МАФ” ХХК-иас гаргасан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах М/201901060 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтын 3 дугаар багцад “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд:
“... хэрэгт нотлох баримтаар авагдсан Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах М/201901060 дугаартай нээлттэй тендер сонгон шалгаруулалтын цахим баримт бичиг болон холбогдох бусад баримтаар “СМГ” ХХК болон “М” ХХК-иуд нь тус тендер шалгаруулалтад тус тус оролцсон, тэдгээрийн хооронд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б-д заасанчлан хамтран ажиллах гэрээ байгуулаагүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь “М” ХХК нь “СМГ” ХХК, ОХУ-ын “РА” нийгэмлэгтэй хамтран 2009 онд байгуулсан компани бөгөөд “М” ХХК нь “СМГ” ХХК-ийн хараат компани юм.
Ийнхүү толгой компани нь өөрийн хараат компанитайгаа нэг тендерт оролцож өрсөлдөж байгаа нь тендерт оролцогчид тэгш шударгаар оролцох нөхцөл боломжийг алдагдуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Өрсөлдөх тэгш боломжтой” байх зарчмыг зөрчиж байна.
Түүнчлэн тендерийн баримт бичгийн 26.1-д “Тендерт оролцогч нэгээс дээш тендер ирүүлсэн эсхүл ирүүлэхэд оролцсон бол түүний ирүүлсэн бүх тендерээс татгалзана” гэж өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг тендерийн баримт бичигт тусгасан байна.
Хэрэв толгой компани өөрийн хараат, охин компанитайгаа нэг тендерт орж өрсөлдөх нь хуульд нийцнэ гэж үзвэл хуульд заасан өрсөлдөх тэгш боломжтой байх зарчим хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүснэ.
Иймд анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 /б/ дэх заалт, тендерийн баримт бичгийн 26.1 дэх заалтыг буруу хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх” зохицуулалтыг тус тус тусгасан байдаг.
Тендерийг хянан үзэхдээ уг тендерт оролцогч нь эрх бүхий эсэхийг нягтлах зорилгоор 14-16 дугаар зүйлд заасныг хангаж байгаа ээхэд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл өр төлбөр, санхүүгийн байдал, туршлага зэргийг магадлах зохицуулалт юм. Харин тендерийг үнэлэх журам нь тусдаа бөгөөд үнийг гол хэмжүүр болгон баримталж хугацаа болон бусад зүйлсийг эрэмбэлэн үнэлэх аргачлалыг хуулийн 27 дугаар зүйлд тодорхой заасан.
Гэтэл захиалагчийн зүгээс Сангийн яамны шийдвэрээс өөр үйл ажиллагааг явуулж тендерийн үнэлгээний үе шатанд хамаагүй буюу тендерийг хянан үзэх үе шатыг хийж үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан. Энэ нь тендерийн ажиллагааг будлиантуулж манай тендерийг хамгийн сайн үнэлгээ авч шалгарсан байсныг хууль бусаар цуцалж, өөр компанийг шалгаруулж гэрээ байгуулах эрхийг олгосон нь хууль бус байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны хүрээнд хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
М/201901060 дугаартай Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт багц гурав нь 1,213,630,000 төгрөгийн төсөвт өртөгтэй агаарын хөлгийн шатахуун тээвэрлэх, хадгалах, агаарын хөлгийг сумлах үйлчилгээ үзүүлэх тендерт “ИСН” ХХК, ”СМГ” ХХК, “М” ХХК, “МАФ” ХХК оролцжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан. Энэ нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь төсвийн хөрөнгийг хариуцлагатайгаар, эдийн засгийн хэмнэлттэй, үр ашигтай байдлаар тендерт оролцогчдод ил тод байх, өрсөлдөх тэгш боломжийг олгохыг ойлгоно.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “ “тендерт оролцогч” гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно”, 5.1.6.а-д “дангаараа тендер ирүүлсэн этгээд”, 5.1.6.б-д “хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд” гэж зааснаас үзэхэд гомдолд заасан тендерт оролцогч “М” ХХК, “СМГ” ХХК нь захиалагчаас хараат бус, дангаараа тендер ирүүлсэн этгээдүүд байх тул хуулийн шаардлагад нийцсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар толгой компани өөрийн хараат охин компанитай нэг тендерт оролцохыг хориглоогүй бөгөөд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.2-т “Захиалагч тендерийн урилга болон тендерийн баримт бичигт багцуудын талаарх мэдээлэл, тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн, эсхүл бүх багцад саналаа ирүүлж болохыг заах” гэсний дагуу Агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх Тендерийн баримт бичиг ТОӨЗ-ны 15.8-д “Тендерт оролцогч нэг эсхүл түүнээс олон багцад тендер ирүүлэх эрхтэй” гэж заасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
Тендерийн баримт бичгийн 26.1-д “Тендерт оролцогч нэгээс дээш тендер ирүүлсэн эсхүл ирүүлэхэд оролцсон бол түүний ирүүлсэн бүх тендерээс татгалзана” гэсэн нь тендерт оролцсон 4 компани тус тусдаа нэгээс дээш тендер ирүүлсэн эсвэл ирүүлэхэд оролцсон бол тендерээс татгалзах зохицуулалт байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.б дэх заалт, тендерийн баримт бичгийн 26.1 дэх заалтыг буруу хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, 28 дугаар зүйлд “Тендерийг үнэлэх” талаар зохицуулсан бөгөөд Үнэлгээний хороо тендерийг үнэлэхийн тулд тендерт оролцогчийн тендерийн баримт бичигт тавигдах шаардлагыг хангасан эсэхийг хянаж байж, дараа нь шаардлага хангасан тендерийг үнэлж, дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай тендерт оролцогч бүрт бичгээр мэдэгдэх хуулийн зохицуулалттай.
Тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх гэсэн ойлголтыг хуулиар тусад нь зохицуулсан ч хоорондоо харилцан хамааралтай бөгөөд дэс дарааллын хувьд ч эхлээд тендерийг хянан үзээд, шаардлага хангасан бол тендерийг үнэлэхээр байна.
Өөрөөр хэлбэл, шаардлага хангаагүй тендерийг үнэлэх боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд “...Захиалагчийн зүгээс Сангийн яамны шийдвэрээс өөр үйл ажиллагааг явуулж тендерийн үнэлгээний үе шатанд хамаагүй буюу тендерийг хянан үзэх үе шатыг хийж үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...толгой компани нь өөрийн хараат компанитайгаа нэг тендерт оролцож өрсөлдөж байгаа нь тендерт оролцогчид өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрчиж байна” гэж тайлбарлах боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө ШӨХТГ-т ... гаргана” гэсэн хуулийн зохицуулалттай болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН