Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 725

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЗ61071018, Нурдолоо овогт Бумаагийн Нанжидын нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газарт холбогдох, 481.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан, хариуцагчийн төлөөлөгч С.Дэлгэрномин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Б.Нанжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2014 онд Малчин, бичил үйлчилгээ эрхлэгч, хувираа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөлд хамрагдаж урьд нь ял шийтгэгдэж байсан гэх шалтгаанаар ажил олдохгүй байгаа иргэн Н.Рэгзэнг ажлын байраар хангаж түүнтэй хамтран ажиллах зорилгоор Хөдөлмөрийн хэлтэс, Төрийн банктай гурван талт гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд заасан ёсоор 3.000.000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан зээлдэж мал худалдан авах нөхцөлтэй байсан ба миний бие гэрээнд заасан ёсоор 30 эх хонь худалдан авсан. Улмаар Н.Рэгзэнтэй хамтран малаа малласан ба сайн дурын даатгалд даатгуулж нийгмийн даатгалын шиймтгэлийг төлж байсан. Түүнчлэн тухайн зээлийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүүгийн хамт 481.870 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан юм. Гэрээнд заасан ёсоор зээлийн хүүгийн төлбөрийг буцаан авахаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэст удаа дараа хандсан боловч 2.000.000 хүртэлх зээлийн хүүг буцаан олгоно, харин 3.000.000 төгрөгийн зээлийн хүүг буцаан олгохгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Иймд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн хүүгийн нөхөн төлбөрийн хэмжээ 481.870 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “МУ-ын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журмын 3 дахь заалтад зээлийн хүүгийн төлбөр нөхөн төлөх тухай заалт тусгагдсан. Үүнд:

3.1 Зээлийн хүүгийн төлбөр нөхөн төлөх үйл ажиллагаанд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.7-д заасан ажил олоход хүндрэлтэй иргэн хамрагдана.

3.2 Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж сангаас хоёр сая хүртэл жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг сангаас нөхөн төлнө.

3.3 Иргэний хүсэлт, зээлийн гэрээ, зээл болон  зээлийн хүүгийн төлбөрийг банкинд төлсөн баримт, материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэргийг худалдан авсан санхүүгийн баримтыг үндэслэн зээлийн хүүгийн нөхөн төлбөрийг олгоно. Журмын 3.1-д заасан ажил олгоход хүндрэлтэй иргэн гэдэг нөхцлийг хангахгүй байна. /үүнд хорих ангиас  суллагдсан иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэн/ хэлнэ. Б.Нанжид нь Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн баазад 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнээр бүртгэлгүй байгааг хариуцсан мэргэжилтнээр баталгаажуулан хүргүүлж байна. Журмын 3.2-д заасан ажил олоход хүндрэлтэй иргэн хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг сангаас нөхөн төлнө гэж заасан байгаа тул Б.Нанжидын авсан зээл гурван сая төгрөг учраас журмын заалтыг зөрчиж зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн олгох боломжгүй тайлбарыг өгч байна” гэжээ.

    Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрномин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагаас олгогддог хувиараа хөдөлмөр эрхлэгч болон  нөхөрлөл хоршоог дэмжих зорилгоор иргэнд жижиг зээл олгогддог. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жижиг зээл олгох журмыг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 375 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан. Тухайн этгээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээс 2.000.000 төгрөгийг аваад хугацаандаа төлж дууссан тохиолдолд зээлийн хөнгөлөлтийг олгоно гэж заасан. Энэхүү журмын дагуу 2.000.000 төгрөг олгох ёстой байтал иргэн Б.Нанжид 3.000.000 төгрөгийн зээл авсан. Ийм учраас манай байгууллага Засгийн газрын тогтоосон журмаа Б.Нанжидад танилцуулж, шаардлагын дагуу зээлийн хүүг нөхөн олгох боломжгүй гэхэд Б.Нанжид шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Ажил олгоход хүндрэлтэй иргэнд хөдөлмөрийн насанд хүрсэн хорих ангиас суллагдсан иргэн, асрамжийн газарт байж байгаад хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан, хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэн, 6 сараас дээш  хугацаагаар хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй байгаа иргэн зэрэг ангиллын хүмүүс ордог. Гэтэл Б.Нанжид гэдэг хүн дээрх дурдсан ангилалд хамрагдахгүй байгаа. Б.Нанжидын хүүхэд болох Н.Рэгзэн хорих ангид ял эдэлж байгаад гарч ирсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв. 

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Нанжид нь хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 481.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хөдөлмөрийн хэлтэст, Зээл олгогч Төрийн банк, зээлдэгч /Б.Нанжид/ нарын хооронд 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Малчин өрхүүдийн бүлэг” гэх гурвалсан гэрээ байгуулагджээ.

   Ингээд Б.Нанжид, Н.Рэгзэн нар Хадгаламж банкнаас 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ¹1608/95837 тоот Малчны барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төлөхөөр авч, гэрээнд заасан хугацаанд төлсөн байна.  

      Мөн 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б.Нанжид, Н.Рэгзэн нар нь Нийгмийн даатгалын байцаагчтай 0046447, 0046448 дугаартай “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай” гэрээ байгуулжээ.

       Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн Засаг дарга Ч.Шомбуузын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 115, 116, 117, 118, 119 тоот тодорхойлолтууд хэрэгт авагджээ.  

      Харин хариуцагчийн зүгээс Б.Нанжидын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Б.Нанжид нь ажил олоход хүндрэлтэй иргэн биш, мөн 2.000.000 төгрөгийн жижиг зээл авсан бол хүүгийн төлбөрийг сангаас нөхөн төлнө гэж заасан гэтэл Б.Нанжид нь 3.000.000 төгрөгийн зээл авсан тул  хүүгийн төлбөрийг олгох боломжгүй юм гэж маргаж байна.  

        Б.Нанжидын зүгээс “Малчин өрхүүдийн бүлэг” гэх гурвалсан гэрээний үүргээ зөрчөөгүй байна.

       Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн бөгөөд хариуцагч энэ талаар маргаангүй байна.

    Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар нь нотлох баримтаар Б.Анхтуяагийн Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдсэн ажил хайгч иргэний бүртгэл гэх баримтыг гаргаж өгсөн ба энэхүү баримт нь Б.Нанжидын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хамааралгүй баримт байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

     Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө” гэж заасан байна.

       Иймд хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас зээлийн хүүгийн төлбөр 481.870 төгрөг гарган Б.Нанжидад олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 15.106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нанжидад олгох үндэслэлтэй байна.

     Нэхэмжлэгч Б.Нанжидад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрномин нь “Нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 481.870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нанжидад олгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нанжидын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 15.106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нанжидад олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР