Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 21

 

 

 

           

 

                                             

 

 

 

Б.Нанжидын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багт  оршин суух, Нурдолоо овогт Бумаагийн Нанжидын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чулуун хариуцагчийн төлөөлөгч С.Дэлгэрномин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 481870  төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “2014 онд Малчин, бичил үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих төсөлд хамрагдаж урьд нь ял шийтгэгдэж байсан гэх шалтгаанаар ажил олдохгүй байгаа иргэн Н.Рэгзэнг ажлын байраар хангаж түүнтэй хамтран ажиллах зорилгоор Хөдөлмөрийн хэлтэс, Төрийн банктай гурван талт гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд заасан ёсоор 3.000.000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан зээлдэж мал худалдан авах нөхцөлтэй байсан ба миний бие гэрээнд заасан ёсоор 30 эх хонь худалдан авсан. Улмаар Н.Рэгзэнтэй хамтран малаа малласан ба сайн дурын даатгалд даатгуулж нийгмийн даатгалын шиймтгэлийг төлж байсан. Түүнчлэн тухайн зээлийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүүгийн хамт 481.870 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан юм. Гэрээнд заасан ёсоор зээлийн хүүгийн төлбөрийг буцаан авахаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэст удаа дараа хандсан боловч 2.000.000 хүртэлх зээлийн хүүг буцаан олгоно, харин 3.000.000 төгрөгийн зээлийн хүүг буцаан олгохгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд хандаж байна. Иймд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээлийн хүүгийн нөхөн төлбөрийн хэмжээ 481.870 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “МУ-ын Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журмын 3 дахь заалтад зээлийн хүүгийн төлбөр нөхөн төлөх тухай заалт тусгагдсан. Журмын 3.1-д заасан ажил олгоход хүндрэлтэй иргэн гэдэг нөхцлийг хангахгүй байна. Үүнд хорих ангиас суллагдсан иргэн, хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнийг хэлнэ. Б.Нанжид нь Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн баазад 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа иргэнээр бүртгэлгүй байгааг хариуцсан мэргэжилтнээр баталгаажуулан хүргүүлж байна. Журмын 3.2-д заасан ажил олоход хүндрэлтэй иргэн хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг сангаас нөхөн төлнө гэж заасан байгаа тул Б.Нанжидын авсан зээл гурван сая төгрөг учраас журмын заалтыг зөрчиж зээлийн хүүгийн төлбөрийг нөхөн олгох боломжгүй байна.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр: “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 481.870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нанжидад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нанжидын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас 15.106 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Нанжидад олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Б.Нанжидыг "Малчин өрхүүдийн бүлэг" болохыг гэрээнд тодотгож өгсөн байтал "Ажил олоход хүндрэлтэй иргэн материал түүхий эд, үр бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө" гэж заасны дагуу хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн баазад 6 сараас дээш хугацаагаар бүртгэлгүй, өөрөө ажил олоход хүндрэлтэй иргэн биш байтал заалтыг гэр бүлд байгаа иргэнд хамааруулан зээл аваагүй Нанжидын хүү Рэгзэнийг зээл авч гэрээ байгуулсан иргэн мэтээр оролцуулан шийдвэр гаргасан нь "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх заалтыг зөрчиж, анхан шатны шүүх хуулийг буруу ойлгож, хууль буруу хэрэглэсэн байна. Зээлийн хүү нөхөн авах санхүүгийн анхан шатны баримтад "Малчин өрхийн бүлэг"-т зээл олгох гэрээ байгуулсан Б.Нанжид нь 3.0 сая төгрөгний зээл авч мал худалдан авсан биш, түүний хүү Б.Рэгзэн нь Наранбулаг сумын Хужирт багийн малчин Ү.Эрдэнээс эх хонь 30-ийг худалдан авсан гэсэн багийн Засаг даргын тодорхойлолт байгаа нь Б.Нанжид мал худалдан аваагүйг нотолсон баримтыг шүүх буруу үнэлсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол бичгээр хүсэлт гаргах ёстой. Гэтэл хүсэлтээ бичгээр гаргаагүй, хуралдаанд ирээгүй энэ нөхцөл байдлыг шүүх хурал даргалагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулж шүүх хуралдаан хийх, үргэлжлүүлэх талаар албан ёсны хүсэлтийг уншиж танилцуулаагүй. Тийм учраас процессийн алдаатай хууль зөрчсөн хурал болсон гэж үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

           

Малчин өрхийн бүлэг дэмжих төсөлд иргэн Б.Нанжид хамрагдаж, 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөрийн хэлтэс, зээлдүүлэгчээр Төрийн банк, зээлдэгч Б.Нанжид нар нь гурвалсан гэрээ байгуулж үндсэн зээлд 3.000.000 төгрөг, хүүнд 481.870 төгрөг төлөхөөр 24 сарын хугацаагаар зээл авч хугацаандаа төлж дуусгавал хүүгийн нөхөн төлбөрт 481.870 төгрөгийг Хөдөлмөрийн  хэлтэс Б.Нанжидад өгөхөөр тусгажээ.

           

Зээлийн зориулалтын дагуу зээлдэгч Б.Нанжид, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Рэгзэн нар 30 эх хонь худалдан авч үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаандаа  төлж дуусган гэрээнд зааснаар зээлийн хүүгийн нөхөн төлбөрт 481.870 төгрөг гаргуулахаар Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс хүсэхэд “2.000.000 төгрөгнөөс дээш зээлд зээлийн хүүгийн нөхөн төлбөрийг Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 375 дугаар тогтоолын 3.2–т Ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр бордоо, мал тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж сангаас 2.000.000 төгрөг хүртэл жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг сангаас нөхөн төлнө гэх заалтыг зөрчих тул зээлийн хүүгийн нөхөн төлбөрийг төлөх боломжгүй” гэсэн тайлбар гаргаж хариуцагч Хөдөлмөрийн хэлтэс маргажээ. 

 

Нэхэмжлэгч Б.Нанжид үндсэн зээл, хүүгээ нэхэмжлэл гаргах үед төлж зээлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, Хөдөлмөрийн хэлтэс, зээл олгогч Төрийн банк, зээлдэгчийн гурвалсан гэрээний 1.3-т зээлийн хүүгийн нөхөн төлбөрийн хэмжээ 481.870 төгрөг байхаар тогтоосон зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлөхөөр заасан гэрээний заалт нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-т заасан “ажил олоход хүндрэлтэй иргэн материал, түүхий эд, үр, бордоо, мал, тэжээвэр амьтан, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл зэргийг худалдан авахад зориулж жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлнө.” гэсэн зохицуулалтанд Б.Нанжид хамрагдах боломжгүй, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.7-т зааснаар зээлийн хүүг нөхөн төлөх хэмжээг Засгийн Газраас тогтоохоор заасан зохицуулалтанд тус тус нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Нанжидыг ажил олоход хүндрэлтэй иргэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг хуулиар зээлийн хүүг нөхөн төлөх хэмжээг тогтоох эрх олгогдсон Засгийн газрын “Журам батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 3.2-т хоёр сая хүртэл төгрөгийн жижиг зээл авсан бол зээлийн хүүгийн төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нөхөн төлөхөөр заажээ. 

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн шүүхийн шийдвэр хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас хариуцагч нь чөлөөлөгдсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15106 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг  нэхэмжлэгч Б.Нанжидын Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 481870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нанжидын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15106 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК 

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН