Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2016/01221

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 14 өдөр

 

 

 

Дугаар 181/ШШ2016/01221

 

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул глд гудамжны 24/2 дугаар байрны 4 тоотод оршин суух Гал Монгол овогт Цэрэндоржийн Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Партизаны гудамж, 24/Б байр Транс капитал ББСБ ХХК /РД:2626209/-д холбогдох

зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн төлөөлөгч О.Алтансүх, түүний өмгөөлөгч Г.Мөнхболд нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Миний бие Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн газарт 5 амины орон сууц барихаар төлөвлөж эхний ээлжинд 2 амины орон сууц барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Транс Капитал ББСБ-тай Зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2.8%-ийн хүүтэйгээр авсан.

Зээлийн гэрээний дагуу 2015 оны 12 дугаар сарыг дуустал үндсэн зээл, хүүгийн хамт нийт 20 511 414 төгрөг төлсөн. Үүнээс хойш 2016 оны төлбөрөө төлж чадаагүй учир шалтгаанаа тайлбарлаж зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт тавьсаар байтал зээл төлөх тухай мэдэгдлийг удаа дараа өгч нэг мөсөн зээл төлөлтийн мөнгө олж ир хэмээн утсаар болон ажилтнуудаа гэрээр явуулж дарамтлаж надад огт мэдэгдэлгүйгээр Монгол банкны мэдээлэлд эрсдэлтэй зээлдэгчийн мэдээлэлд оруулсан.

Энэхүү мэдээллээс үүдэн санхүүгийн байгууллагатай хамтран ажиллан, бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй гэрээ дуусгавар болоогүй байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй бөгөөд зээлдэгч миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Транскапитал ББСБайгууллага болон Ц.Цэвэлмаа нарын хооронд байгууллагдсан зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч Транскапитал ББСБ нь Ц.Цэвэлмаад холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан тухай мэдэгдсэн байх тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Транс Капитал ББСБ-аас 150 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2.8%-ийн хүүтэйгээр авсан зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Транс капитал ББСБ-нь Ц.Цэвэлмаатай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 15082226 дугаартай зээлийн гэрээг байгуулж 150 000 000 төгрөгийг сарын 2,8 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн.

2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 15082226 дугаартай барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд Ц.Цэвэлмаагийн өмчлөлийн Улаанбаатар хот , Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам бор толгой 1-р гудамж 1 тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй, хойд /Ү-2201043234/ болон урд /Ү-2201043235/ талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт барьцаалсан.

Мөн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол Төмөр зам гудамж 65-р байр 170 тоот хаягт байршилтай 30,2 м.кв талбайтай, хоёр өрөө Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьцаалсан.

Зээлдэгч зээл авсанаас хойш үндсэн зээл 1 200 000 төгрөг, хүү 18 810 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500 901 төгрөг, нийт 20 511 414 төгрөг төлсөн.

Бидний зүгээс Ц.Цэвэлмааг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад Цэвэлмаа нь зээлийн гэрээний хавсралтаар тогтоосон графикийн дагуу төлбөр төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн.

Ц.Цэвэлмаа нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 148 800 000 төгрөг, хүү 39 610 752 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 922 150 төгрөг, нотариатын зардал 25000 нийт төгрөг 196 358 304 төгрөгийн төлбөртэй байна.

Иймд Ц.Цэвэлмаагаас зээлийн гэрээний төлбөр 196 358 403 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ц.Цэвэлмаа нь дээрх зээлийг 2 жилийн хугацаатай авсан. Транс капитал ББСБ-нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тооцооллыг алдаатай гаргасан байна.

2015 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 140 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 584 162 төгрөгийн хүү илүү төлсөн гэж бүртгэжээ. Хүүг ашигласан хоногоор авдаг бөгөөд хүү илүү төлнө гэсэн ойлголт байхгүй юм.

Мөн 2015 оны 12 дугаар сарын 27 нд 195 085 төгрөг, 12 дугаар сарын 30-нд 83 608 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 2-нд 222 208 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлүүлж байсан байна. Нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссан тохиолдолд зээлдэгчээс хуулийн дагуу төлүүлдэг торгуулийн хүү юм. Транскапитал ББСБ-ийн зээлийн тооцооллыг зөвтгөн тооцоолоход үндсэн зээлийн үлдэгдэл 148 075 838 төгрөг, хүүгийн үлдэгдэл 39 473 675 төгрөг, болох бөгөөд нотариатын зардал 25 500 төгрөгийг нэмэхэд 187 575 013 төгрөг болж байна.

Зээлдэгч Ц.Цэвэлмаа Транскапитал ББСБ ын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарны 14-ний өдрийн зээлийн гэрээгээр Ц.Цэвэлмаа нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 53 456 030 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Гэрээг цуцлах өдөр хүртэл Ц.Цэвэлмаа нь 18 587 252 төгрөгийн хүү төлсөн байх бөгөөд үлдэгдэл 34 868 778 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэг талын санаачлагаар гэрээ цуцлагдаж байгаа тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх ёсгүй.

Иймд Ц.Цэвэлмаа нь үндсэн зээлд 148 075 838 төгрөг, хүүд 34 868 778 төгрөг, нотариатын зардал 25 000 төгрөг нийт 182 970 116 төгрөг төлөхөөр байна.

Улс орны санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдал, Ц.Цэвэлмаагийн төлбөрийн чадвар муудсан , бусдад их хэмжээний өртэй байдлыг харгалзан үзэж төлөх ёстой хүү 34 868 778 төгрөгнөөс 14 868 778 төгрөгийг хасаж хүүг 20 000 000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Ц.Цэвэлмаа нь 168 101 338 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэстэй.

1.Үндсэн нэхэмжлэлийн хувьд

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь Транскапитал ББСБ-д холбогдуулан зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах үндэстэй.

2. Сөрөг нэхэмжлэлийн хувьд

Хариуцагч Транскапитал ББСБ-нь нэхэмжлэгч Ц.Цэвэлмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 196 358 403 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Зээлдэгч Ц.Цэвэлмаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Транс капитал ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг байна./хх-ийн 48-р хуудас/

Ц.Цэвэлмаа нь тус ББСБ-аас 150 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар сарын 2,8 хувийн хүүтэй зээлж Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам бор толгой 1-р гудамж 1 тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй, хойд /Ү-2201043234/ болон урд /Ү-2201043235/ талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт, Баянгол дүүргийн 3-р хороо, 2- р хороолол Төмөр зам гудамж 65-р байр 170 тоот хаягт байршилтай 30,2 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тэдгээрийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 15082226 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн 15082226 дугаартай Барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Барьцаалбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 30-32,38-49-р хуудас/

Талууд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны гэрээ, мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ тус тус хүчин төгөлдөр болжээ.

Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан Зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж Зээлийн гэрээний 8.2.-т заасны дагуу зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан нь хууль болон гэрээ зөрчөөгүй байна./хх-ийн 46-48, 52-р хуудас/

Зээлдэгч Ц.Цэвэлмаа нь 2015 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 140 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 584 162 төгрөгийн хүү илүү төлснийг гэрээний талууд харилцан тохиролцож дараагийн сард төлөх хүүнээс хасаж тооцсон нь бусдын эрх ашиг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна.

Зээлдэгч нь гэрээний 5.2.3.-т зааснаар зээл зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний 3.1.5. дэх заалтад заасан хугацаа болон гэрээний хавсралт 1-т заасан зээл зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд Иргэний хуулийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй ба энэ үүргээ 2016 оны 1 дүгээр сарын 28- ны өдрөөс хойш биелүүлээгүй байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваар-ийн дагуу Ц.Цэвэлмаа нь зээлийн хүүд 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүртэл 14 сар 14 хоногт нийт 54 565 165,4 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

/10-р сард төлөх хүү 2 375 748:30=79 191.6; 79 191.6x14=1 108 682.4/ / 53456 483+1 108 682,4=54 565 165.4/

Дээрх хугацаанд Ц.Цэвэлмаа нь зээлийн хүүд 18 587 252 төгрөг төлснийг хасахад зээлийн хүүд 35 754 652,4 төгрөг төлөх,

Зээлийн гэрээний 3.1.7-д Зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20%тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зэлдэгч ББСБ-д үл маргах журмаар төлнө. Зээлдэгч баталсан хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тусгасаны дагуу нэмэгдүүлсэн хүүд /зээлийн хүүд төлөх /35 754 652,4 төгрөгний 20% болох 7 150 930,48 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй.

Иймд зээлдэгч Ц.Цэвэлмаагаас зээлд 148 800 000 төгрөг, хүүд 35 754 652,4 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7 150 930,48 төгрөг нийт 191 702 582,88 төгрөгийг нотариатын зардал 25 000 төгрөгийн хамт 191 727 582,88 /нэг зуун ерөн нэгэн сая долоон зуун хорин долоон мянга таван зуун наян хоёр төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулан Транскапитал ББСБ-д олгох, үлдэх 4 630 721 /дөрвөн сая зургаан зуун гучин мянга долоон зуун хорин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.,115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                             ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж Транскапитал ББСБ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.,452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан зээлдэгч Ц.Цэвэлмаагаас 191 727 582,88 /нэг зуун ерөн нэгэн сая долоон зуун хорин долоон мянга таван зуун наян хоёр төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулан Транскапитал ББСБ-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 630 721 /дөрвөн сая зургаан зуун гучин мянга долоон зуун хорин нэг/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 106 дугаар зүйлийн 106.6.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч Транскапитал ББСБ-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 1 140 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж Ц.Цэвэлмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 1 116 588 төгрөг гаргуулан Транскапитал ББСБ-д олгосугай.

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам бор толгой 1-р гудамж 1 тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй, хойд /Ү-2201043234/ болон урд /Ү-2201043235/ талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт, Баянгол дүүргийн 3-р хороо, 2- р хороолол Төмөр зам гудамж 65-р байр 170 тоот хаягт байршилтай 30,2 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                         

             

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО