Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 195

 

Ц.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01221 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Транс капитал ББСБ ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 196 358 403 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Цэвэлмаа нь  Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн газарт 5 амины орон сууц барихаар төлөвлөж, эхний ээлжинд 2 амины орон сууц барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Транс Капитал ББСБ-тай Зээлийн гэрээ байгуулан 150 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай 2,8%-ийн хүүтэйгээр авсан. Гэрээгээр 2015 оны 12 дугаар сарыг дуустал  зээл, хүү нийт 20 511 414 төгрөг төлсөн. Хариуцагч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй гэрээ дуусгавар болоогүй байхад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Транскапитал ББСБ, Ц.Цэвэлмаа нарын хооронд байгууллагдсан зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Транс капитал ББСБ ХХК нь Ц.Цэвэлмаатай 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 15082226 дугаартай зээлийн гэрээг байгуулж 150 000 000 төгрөгийг сарын 2,8 %-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Барьцаанд Ц.Цэвэлмаагийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам бор толгой 1-р гудамж 1 тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй, хойд /Ү-2201043234/ болон урд /Ү-2201043235/ талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт барьцаалсан. Мөн С.Дуламсүрэнгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3-р хороо, 2-р хороолол Төмөр зам гудамж 65-р байр 170 тоот хаягт байршилтай 30,2 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьцаалсан.

Зээлдэгч зээл авсанаас хойш үндсэн зээл 1 200 000 төгрөг, хүү 18 810 513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 500 901 төгрөг, нийт 20 511 414 төгрөг төлсөн. Ц.Цэвэлмаа нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 148 800 000 төгрөг, хүү 39 610 752 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 922 150 төгрөг, нотариатын зардал 25 000 төгрөг, нийт 196 358 304 төгрөгийн төлбөртэй байна. Иймд Ц.Цэвэлмаагаас зээлийн гэрээний үүрэгт 196 358 403 төгрөгийг гаргуулж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ц.Цэвэлмаа нь дээрх зээлийг 2 жилийн хугацаатай авсан. Транс капитал ББСБ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тооцооллын алдаа гаргасан. 2015 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 140 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 584 162 төгрөгийн хүү илүү төлсөн гэж бүртгэжээ. Хүүг ашигласан хоногоор авдаг бөгөөд хүү илүү төлнө гэсэн ойлголт байхгүй юм. Мөн 2015 оны 12 дугаар сарын 27-нд 195 085 төгрөг, 12 дугаар сарын 30-нд 83 608 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 02-нд 222 208 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлүүлж байсан. Нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссан тохиолдолд зээлдэгчээс хуулийн дагуу төлүүлдэг торгуулийн хүү юм. Транскапитал ББСБ-ийн зээлийн тооцооллыг зөвтгөн тооцоолоход үндсэн зээлийн үлдэгдэл 148 075 838 төгрөг, хүүгийн үлдэгдэл 39 473 675 төгрөг, болох бөгөөд нотариатын зардал 25 500 төгрөгийг нэмэхэд 187 575 013 төгрөг болж байна.

Зээлдэгч Ц.Цэвэлмаа Транскапитал ББСБ-ын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарны 14-ний өдрийн зээлийн гэрээгээр Ц.Цэвэлмаа нь 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 53 456 030 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байсан. Гэрээг цуцлах өдөр хүртэл Ц.Цэвэлмаа нь 18 587 252 төгрөгийн хүү төлсөн байх бөгөөд үлдэгдэл 34 868 778 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэг талын санаачлагаар гэрээ цуцлагдаж байгаа тул нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх ёсгүй.

Иймд Ц.Цэвэлмаа нь  зээлд 148 075 838 төгрөг, хүү 34 868 778 төгрөг, нотариатын зардал 25 500 төгрөг нийт 182 970 116 төгрөг төлөхөөр байна. Улс орны санхүү эдийн засгийн хүндрэлтэй байдал, Ц.Цэвэлмаагийн төлбөрийн чадвар муудсан, бусдад их хэмжээний өртэй байдлыг харгалзан үзэж төлөх ёстой хүү 34 868 778 төгрөгнөөс 14 868 778 төгрөгийг хасч хүүг 20 000 000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Ц.Цэвэлмаа нь 168 101 338 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж Транскапитал ББСБ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.,452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан зээлдэгч Ц.Цэвэлмаагаас 191 727 582,88 төгрөгийг гаргуулан Транскапитал ББСБ-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 630 721 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Транскапитал ББСБ-аас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 1 140 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж Ц.Цэвэлмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 1 116 588 төгрөг гаргуулан Транскапитал ББСБ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам бор толгой 1-р гудамж 1 тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй, хойд /Ү-2201043234/ болон урд /Ү-2201043235/ талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт, Баянгол дүүргийн 3-р хороо, 2- р хороолол Төмөр зам гудамж 65-р байр 170 тоот хаягт байршилтай 30,2 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ "...Зээлийн гэрээний 8.2-т заасны дагуу зээлийн гэрээг 2016 оны 10 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан нь хууль болон гэрээ зөрчөөгүй байна" хэмээн зөв дүгнэсэн боловч зээлийн хүүг 2016 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл буюу шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл тооцоолсон нь нэхэмжлэлийн шаардлагаас давсан, үндэслэлгүй шийдвэр болсон хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл нэгэнт зээлийн гэрээ нэг талын санаачлагаар цуцлагдсан өдрөөс хойш хүү тооцсон байна.

Шүүх 34 хоногийн хүүг илүү тооцож оруулсан нь мөнгөн дүнгээр 79,191 төгрөг х 34 хоног = 2 692 494 болж байна. Мөн шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн хэмээн үзэж байна. Хуульд заасан зээл төлж дуусгах хугацаа гэдэг нь 2017 оны 08 сарын 14-ны өдөр бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй болохыг хуульчилсан байна. Зээлдэгч Ц.Цэвэлмаа нь зээлийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд нийтдээ 20.511.414 төгрөг төлсөн байгааг шүүх анхааралдаа авахыг хүсье.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 11 сарын 14-ны өдрийн 181/ШШ2016/01221 дугаар шийдвэрээс 2.692.494 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү болох 7.150.930 төгрөг, нийт 9.843.424 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь хариуцагч Транс капитал ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах эрхгүй болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 196 358 403 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр 150 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож, мөнгөн хөрөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлжээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын ам бор толгой 1-р гудамж 1 тоот хаягт байршилтай 202 м.кв талбайтай, 80%-ийн гүйцэтгэлтэй, хойд /Ү-2201043234/ болон урд /Ү-2201043235/ талын үл хөдлөх эд хөрөнгийг, 18628316006273 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн хамт, С.Дуламсүрэнгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3-р хороо, 2- р хороолол Төмөр зам гудамж 65-р байр 170 тоот хаягт байршилтай 30,2 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц зэргийг барьцаалжээ. Зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 5-7, 38-48 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь 150 000 000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүрэг зөрчсөн талаар маргаагүй, харин хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг үндэслэлгүй гэж тайлбарлаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  нийцжээ. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хүү тооцох хоног болон тооцоололд алдаа гаргаж, нотариатын зардлыг хохиролд тооцсон зэрэг нь үндэслэлгүй болсон тул зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Ц.Цэвэлмаа нь гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлж, зээл, хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлаж,  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлтэй.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тооцооллоор нэхэмжлэгч Ц.Цэвэлмаа нь гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс сөрөг нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцлагдсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 52 613 476 төгрөгийг хүүд төлөх үүрэгтэйгээс 18 810 513 төгрөгийн хүүг төлсөн бөгөөд 33 802 963 төгрөгийн үндсэн хүүг төлөөгүй байна. Иймд дээрх үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү 6 760 592 /33 802 963 х 20%/ төгрөгийг төлөх үүрэгтэй. 

 

Харин нотариатын зардал 25 500 төгрөг шаардсан нь гэрээ цуцлагдсантай шууд холбоогүй, хариуцагчийн өөрийн авсан үйлчилгээний төлбөр байх тул хохирол гэж үзэх үндэслэлгүй  юм.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Цэвэлмаагаас үндсэн зээл 148 000 000  төгрөг, хүүд 33 802 963 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 760 592 төгрөг, нийт 189 363 555 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.  

 

Ц.Цэвэлмаа нь гэрээний үүргийг зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн ч үр дүн гараагүй тул Транскапитал ББСБ ХХК  гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулахаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул дээрх шаардах эрхийн үндэслэл болсон хуулийг тогтоох хэсэгт нэмж баримтлан, мөн хариуцагч хуулийн этгээдийн нэрийг дутуу бичсэнийг “Транс капитал ББСБ” ХХК гэж залруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хувиарлалтад хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01221 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1” гэж нэмж, “191 727 582.88” гэснийг “189 363 555” гэж, “4 630 721” гэснийг “6 994 848” гэж, 3 дахь заалтын “1 116 588” гэснийг “1 104 768” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн “Транс капитал ББСБ” гэснийг “Транс капитал ББСБ ХХК” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цэвэлмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 445 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

  ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                            Ш.ОЮУНХАНД