| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/04900/И |
| Дугаар | 181/ШШ2016/01002 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2016/01002
2016 оны 10 сарын 18 өдөр Дугаар 181/ШШ2016/01002 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:ЦЕГ ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Н нд холбогдох
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаар шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдэж дуусгавар болсонд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах гүйцэтгэгч Д.Л, Сүхбаатар дүүргийн 124 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ц, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Ө.А, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргаар ажиллаж байсан Т.Ө ийг цэргийн байнгын тэтгэвэрт гаргаж, 35 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн. ЦЕГ ын даргын 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 40, мөн оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалуудын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд 2007 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргасан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Т.Ө ийг өмнө эрхэлж байсан үүрэгт ажилд нь эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг 2007.03.16-2007.07.30-ны өдөр хүртэл тооцон нэхэмжлэгчид олгохыг ЦЕГ т даалгасан.
ЦЕГ ын даргын 2007оны 40 дүгээр тушаалаар Т.Ө ийг 2007оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон тэтгэвэрт гаргах үед тэрээр 54 нас 11 сар 25 хоногтой байсан бөгөөд давж заалдах шатны шүүх түүнийг 55 нас хүрээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн.
Шүүх Т.Ө ийг цэргийн тэтгэвэрт гаргаж, тэтгэмж олгох тухай ЦЕГ ын даргын 2007 оны 40, 89 дүгээр тушаалууд хууль бус болохыг тогтоосон тул дээрх тушаалуудын Т.Ө т холбогдох хэсгийг мөн газрын даргын 2008.03.12-ны өдрийн 127 дугаар тушаалаар хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13.1.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухайн хуулийн 8.1, 19.1-д заасныг тус тус баримтлан 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, 35 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа тогтоож алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул тэтгэвэрт гаргахаар шийдвэрлэсэн.
ЦЕГ-ын даргын 2008 оны 127 дугаар тушаал гарах үед Т.Ө 56 нас хүрч, хуульд заасан цэргийн алба хаах насны дээд хязгаар хэтэрсэн байсан.
Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу ажилгүй байсан 2007.03.16-ны өдрөөс 2007.07.30 өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөж олгосон.
Т.Ө Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан 35 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг 2007 онд авч, мөн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэврийг 2008 оноос хойш өдийг хүртэл авч байгаа нь ЦЕГ-ын даргын 2008 оны 127 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.
ЦЕГ ын даргын 2007 оны 40, 89 дүгээр тушаалын Т.Ө т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгосоноор Уулзалт, байцаалтын хэсгийн даргаар томилсон тушаалын үйлчлэл хэвээр, хадгалагдаж албан тушаалдаа хэвээр ажиллаж байгаа гэж үзэн дахин тушаал гаргах шаардлагагүй гэж үзсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш тус байгууллагаас Н нд шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар удаа дараа бичгээр тайлбар хүргүүлсэн бөгөөд 2016.01.19-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/358 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн үндэслэлгүй талаар хариу ирүүлсэн.
ЦЕГ аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 167 тоот магадлал, Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 111 дүгээр тогтоол Монгол Улсын дээд шүүхийн 2008.02.04 ний өдрийн 07 дугаар тогтоол, шийдвэрийг биелүүлсэн байна. Шүүхийн шийдвэрт заасан ажилгүй байсан хугацааны цалинг өгсөн, мөн 127 дугаар тушаалаар 40,89 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож тэтгэмж олгосон, 2008 оноос тэтгэвэрээ тогтоолгосон байгаа нь шүүхийн шийдвэр биелсэн, Т.Ө өөрөө энэ бүхнийг зөвшөөрсний илрэл юм.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелэгдэж, дуусгавар болсонд тооцож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаар шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 358 дугаар захирамж, мөн 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Н наас 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаартай тогтоолоор ЦЕГ т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.
Монгол Улсын дээд шүүхийн 2008.02.04-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ЦЕГ ын даргын 2007.01.29-ний өдрийн 40, 2007.03.07-ны өдрийн 89 дүгээр тушаалуудын Т.Ө т холбогдох хэсгийг хүчингүй болгох, мөн ажилгүй байсан хугацааны цалинг 2007.03.16-ны өдрөөс 2007.07.30-ны өдөр хүртэл тооцон ЦЕГ аас гаргуулж Т.Ө т олгох, Т.Ө ийг Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэжээ.
ЦЕГ т дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар удаа дараа шааардаж 2008.05.07-ны өдрийн 2/4994, 2013.10.02-ны өдрийн 1/12374, 2013.11.11-ны өдрийн 1/15244, 2015.02.10-ны өдрийн 2/3495, 2015.04.28-ны өдрийн 5/720 албан тоот мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.
Т.Ө нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж, Н болон ЦЕГ ыг иргэний хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Улсын Дээд шүүхийн 2015.09.15-ны өдрийн 579 дүгээр тогтоолоор хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаатай холбоотой юмаа.
Т.Ө хэдийгээр тэтгэвэрт гарах насанд хүрч байгаа ч ажил олгогч ЦЕГ шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтныг урьдах албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг хариуцагчид мэдэгдэхэд хариуцагч урьд нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдахь ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно гэж заасан байдаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, шийдвэрлэж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ЦЕГ ын даргын 2007.01.29-ний өдрийн 40, 2007.03.07-ны өдрийн 89 дүгээр тушаалуудын Т.Ө т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Т.Ө ийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хэв хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажилд нь эгүүлэн тогтоосугай, Т.Ө ийн ажилгүй байсан хугацааны цалинг 2007.03.16-ны өдрөөс 2007.07.30 хүртэл тооцон ЦЕГ аас гаргуулж Т.Ө т олгосугай гэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг 2008.05.05-ны өдрөөс эхлүүлсэн.
ЦЕГ нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Т.Ө ийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажилд нь эргүүлэн тогтоосугай гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болно.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.05.05-ны өдрийн 101/Ш32016/18671 дугаартай захирамжаар Т.Ө ийн нэхэмжлэлтэй ЦЕГ т холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Т.Ө нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн тогтоох хүртэл ажилгүй байсан хугацааны олговорыг дараа дахин нэхэмжилнэ.
Шүүхийн шийдвэр биелүүлэх алба нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаар шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 358 дугаар захирамж, мөн 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажмллагаа явагдаж дуусаагүй гээд ажилтан /төлбөр авагч/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хэлээд байхад ажил олгогч дууссан гээд зүтгээд байгаа нь ойлгомжгүй байна.
Т.Ө нь шүүхийн шийдвэрт заагдсан ажилгүй байсан хугацааны олговорыг бол авсан, харин урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь буцаан тогтоолгүйгээр тэтгэвэрт нь гаргачихаад шүүхийн шийдвэр биелүүлсэн гээд байгаа нь хэтэрхий доромжилсон явдал юм. ЦЕГ шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоочихоод дараа нь ажилтайнтайгаа яриад тэтгэвэрт нь гаргасан бол өнөөдрийн энэ байдал үүсэхгүй байж болох байсан.
Иймд ЦЕГ ын гаргасан ЦЕГ т холбогдох 2008.05.05 өдрийн 200 дугаартай Т.Ө ийн нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдэж, дуусгавар болсонд тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч ЦЕГ нь Н нд холбогдуулан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаар шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдэж дуусгавар болсонд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д “хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т” ... хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно” гэж тус тус заажээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 167 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2008 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 07 дугаар тогтоол Монгол Улсын дээд шүүхийн 2008.02.04-ний өдрийн 7 дугаар тогтоолоор “ЦЕГ ын даргын 2007.01.29-ний өдрийн 40, 2007.03.07-ны өдрийн 89 дүгээр тушаалуудын Т.Ө т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Т.Ө ийг Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг 2007.03.16-ны өдрөөс 2007.07.30-ны өдөр хүртэл тооцон ЦЕГ аас гаргуулах”-аар шийдвэрлэжээ./хх-ийн 6-17-р хуудас/
Шүүхийн дээрх шийдвэрийг албадан биелүүлэх тухай 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 358 дугаар захирамж, мөн 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 200 дугаартай тогтоол гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ./хх-ийн 18-21-р хуудас/
Хариуцагч /ажил олгогч/ ЦЕГ нь 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар тушаалаар “ЦЕГ ын даргын 2007.01.29-ний өдрийн 40, 2007.03.07-ны өдрийн 89 дүгээр тушаалуудын Т.Ө т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг 2007.03.16-ны өдрөөс 2007.07.30-ны өдөр хүртэл тооцон олгох шийдвэр гаргаж дээрх хугацааны нөхөн олговорт 1 206 760 төгрөгийг Т.Ө хүлээн авсан байна./хх-ийн 22,139-142-р хуудас/
Мөн тушаалаар Т.Ө ийг 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж 35 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 22, 133-135-р хуудас/
Шүүхийн шийдвэрийн дагуу Т.Өлзий хутагийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох тухай тушаал гаргалгүйгээр ЦЕГ ын даргын 2008 оны 127 дугаар тушаал гарах үед Т.Өлзий хутаг 56 нас хүрч, хуульд заасан цэргийн алба хаах насны дээд хязгаар хэтэрсэн үндэслэлээр түүнийг “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”, “Монгол улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн дагуу Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
ЦЕГ ын даргын 2007 оны 40, 89 дүгээр тушаалын Т.Ө т холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгосоноор Уулзалт, байцаалтын хэсгийн даргаар томилсон тушаалын үйлчлэл хэвээр хадгалагдахгүй.
ЦЕГ нь шүүхийн шийдвэрийн зарим хэсгүүдийг биелүүлж, Т.Ө ийг Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн хэв журмын хэлтсийн уулзалт, байцаалтын хэсгийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох хэсгийг биелүүлээгүй болох нь шүүхийн шийдвэр биелүүлэх албаны тайлбар, ЦЕГ-т удаа дараа хүргүүлж байсан мэдэгдлүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 23-26,49, 110-113 -р хуудас/
ЦЕГ нь Т.Ө ийг ажлаас нь чөлөөлсөн шийдвэрээ 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 127 дугаар тушаалаар хүчингүй болгосон боловч түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тушаал, шийдвэр гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдэж, дуусгавар болсонд тооцох үндэсгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дах хэсэгт зааснаар Н нд холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 191 дугаар шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа биелэгдэж дуусгавар болсонд тооцуулах тухай ЦЕГ ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО