Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цогийн Одмаа |
Хэргийн индекс | 128/2016/0823/З |
Дугаар | 610 |
Огноо | 2017-08-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 610
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаартай тушаалын “С” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаартай тушаалын “С” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Нийслэлийн Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо “Богдхан уулын дархан цаазат газар” Т******* аманд 2 га газрыг “С” ХХК-нд аялал, жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон. Сайдын энэ шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-д заасан нөхцөл, шаардлагын дагуу гарсан.
Иймд манай компани дээрх хууль, журамд заасны дагуу холбогдох төлбөрийг төлсөн ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон. Манай компани уг газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагад захиалан гүйцэтгүүлж дуусгасан. Энэ ажилд багагүй хөрөнгө зарцуулсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А******* дугаартай тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргажээ. Сайдын энэхүү илтэд хууль зөрчсөн шийдвэрийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, багагүй хэмжээний эд хөрөнгийн хохирол учраад байна. Энэхүү шийдвэрийг доорх үндэслэлүүдээр хууль зөрчиж гаргасан акт гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д ...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2-т ... захиргааны акт гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэл хүргүүлж тайлбар, санал гаргах боломжоор хангах талаар заасан байна. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй, манай компанид мэдэгдээгүй, санал, тайлбар гаргах боломж олгохгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан тушаал гаргасан нь хууль зөрчсөн ажиллагаа юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг бичгээр гаргахдаа захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана” гэжээ. Дээрх шийдвэрийг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл буюу “Сайд эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана” гэсэн заалтыг удирдлага болгож гаргасан ба манай компанийн газар ашиглах эрхийг ямар үндэслэлээр цуцалж байгааг тодорхой заагаагүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаартай тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав.”гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаартай тушаалын “С” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Нийслэлийн Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо “Богдхан уулын дархан цаазат газар” Т******* аманд 2 га газрыг “С” ХХК-нд аялал, жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олгосон. Сайдын энэ шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалт, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-д заасан нөхцөл, шаардлагын дагуу гарсан.
Иймд манай компани дээрх хууль, журамд заасны дагуу холбогдох төлбөрийг төлсөн ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон. Манай компани уг газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагад захиалан гүйцэтгүүлж дуусгасан. Энэ ажилд багагүй хөрөнгө зарцуулсан. Гэтэл Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр А******* дугаартай тушаал гаргаж манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргажээ. Сайдын энэхүү илтэд хууль зөрчсөн шийдвэрийн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, багагүй хэмжээний эд хөрөнгийн хохирол учраад байна.
Энэхүү шийдвэрийг дараах үндэслэлүүдээр хууль зөрчиж гаргасан акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2-т “... захиргааны акт гаргахын өмнө эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдэл хүргүүлж тайлбар, санал гаргах боломжоор хангах” талаар заасан байна. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүй, манай компанид мэдэгдээгүй, санал, тайлбар гаргах боломж олгохгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан тушаал гаргасан нь хууль зөрчсөн ажиллагаа юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг бичгээр гаргахдаа захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана..” гэжээ. Дээрх шийдвэрийг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл буюу “Сайд эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана” гэсэн заалтыг удирдлага болгож гаргасан ба манай компанийн газар ашиглах эрхийг ямар үндэслэлээр цуцалж байгааг тодорхой заагаагүй байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаартай тушаалын “С” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “...“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаартай тушаалын “С” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.
Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг”, гаргахаар түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсад сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 5 дугаар зүйлийн 5.1 “Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, салбар хоорондын зохицуулалт хийх, үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж”, болон 6.1.5.1 “дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн” зэрэг хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд санамж бичиг байгуулсан. Кувейт улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаас ирүүлсэн албан бичгээр “Кубет-Монгол судалгааны төвийн одоо байгаа хашаанаас дотогш ямар нэг хувь хүн албан байгууллагад олгосон газар ашиглах зөвшөөрөлд шаардлагатай арга хэмжээ авч өгөх”-ийг хүссэн хүсэлт зэргийг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Т******* аманд байрлах “С” ХХК-ийн 2 га газрыг цуцалсан.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хуульд заасан эрхийн хүрээнд дээрх тушаалыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг үнэлээд хэргийн нөхцөл байдлыг цаашид судлах шаардлагатай байх боловч энэ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн гэж үзээд захиргааны байгууллагыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан байна.
Уг заалтыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд 2,0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар С ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж 2016/0160404 дүгээр гэрчилгээ олгожээ.
Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч С ХХК–ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгон, газар ашиглах гэрээг цуцалж тус компанид 2016 оны 9 дүгээр сарын 7-ний өдрийн 05******* дугаар албан бичгээр мэдэгджээ.
Нэхэмжлэгч талаас маргаан бүхий тушаалыг “...бид уг газар дээр багагүй мөнгө зарцуулсан байхад бидэнд мэдэгдээгүй, санал тайлбар гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн...”, хариуцагчийн зүгээс “...Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Кувейт Монголын Судалгааны төв болон Кувейтийн Эмирийн ордон байрлаж байгаа газарт хамаарч байх тул газар ашиглуулах боломжгүй, С ХХК нь газар ашиглах хүсэлт гаргаагүй...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр ирүүлсэн 637 дугаар албан бичигтээ “... С ХХК нь манайд хандалгүйгээр газар ашиглах эрхийг авсан...” гэсэн боловч шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архивт хийсэн баримт бичгийн үзлэгээр Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 380 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компаний газар ашиглах хүсэлтийг судлан давхцалгүй болохыг тодорхойлж яаманд хүргүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд уг албан бичгийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид газар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 87 дугаар тогтоолоор “Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хооронд 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийг баталсан байх бөгөөд уг санамж бичгийн 4 дүгээр зүйлд “Монголын тал тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай газраар хангана” гэж заасан байна.
Мөн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын санамж бичгийн гүйцэтгэх хөтөлбөр”-ийг баталсан байх бөгөөд уг хөтөлбөрт “1 дүгээр зүйл. Хөтөлбөрийн зорилго нь хоёр талын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх ба Кувейт, Монголын судалгааны төвийг Монголд байгуулах. 5 дугаар зүйлийн 3 дугаар заалт. Төв нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар болох Богдхан уулын зөвшөөрөгдсөн бүсэд байрлана. Төвийг байгуулах зөвшөөрлийг Монголын тал холбогдох хууль, журмын дагуу гаргана. 5 дугаар зүйлийн 4 дүгээр заалт. Төв нь эрдэм шинжилгээний төв лаборатори, бохир ус цэвэрлэх байгууламж, хүлэмж, эрдэм шинжилгээний ажилтнууд, төвийн ажилтнууд, хамгаалалтын албаны ажилтнуудын байр зэргээс бүрдэнэ. Кувейтийн дээд, өндөр түвшний төлөөлөгчид, олон улсын эрдэм шинжилгээний ажилтнууд, эрдэмтдийг байрлуулах байр судалгааны төвийн дэргэд байна” гэж заасан байна.
Монгол-Кувейтийн судалгааны төвөөс 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 6 дугаар албан бичгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хандан өөрийн ашиглаж байгаа 3,5 га газрыг 10,1 га талбайгаар нэмэгдүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр мөн оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Т******* аманд 10,1 га газрыг судалгаа шинжилгээ, аялал жуулчлалын зориулалтаар тус төвд 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэж 2015/251 дүгээр гэрчилгээ олгосон бөгөөд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А******* дүгээр тушаалаар тус төвийн 10,1 га газар ашиглах эрхийг мөн цуцалжээ.
Нэхэмжлэгч С ХХК-ийн ашиглаж байсан 2,0 га газар болон Монгол-Кувейтийн судалгааны төвийн ашиглаж байсан 13,62 га газар, одоогийн байдлаар эзэмшиж буй 3,5 га газар, Кувейтийн Эмирийн ордон байрлаж байгаа газар нь тус тус хоорондоо огт давхцалгүй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн агаарын зураг болон шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээс тодорхой харагддаг боловч Кувейтийн Эмирийн ордон байрлаж байгаа газарт албан ёсоор газар ашиглуулах шийдвэрийг хариуцагчийн зүгээс гаргаагүй нь шүүх шийдвэрлэхэд тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Өөрөөр хэлбэл 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт улсын Засгийн газар хоорондын санамж бичгийн гүйцэтгэх хөтөлбөр”-ийн 5 дугаар зүйлийн 4 дүгээр заалтад “Кувейтийн дээд, өндөр түвшний төлөөлөгчид, олон улсын эрдэм шинжилгээний ажилтнууд, эрдэмтдийг байрлуулах байр судалгааны төвийн дэргэд байна” гэж заасны дагуу Кувейтийн Эмирийн ордон баригдсан байна гэж үзэхээр байх боловч газар ашиглуулах албан ёсны шийдвэргүй болох нь шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хийсэн баримт бичгийн үзлэгийн явцад тогтоогдсон юм.
Иймд хариуцагчийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг цаашид судлан 2 орны хамтран ажиллах хөтөлбөрт тусгагдсаны дагуу Кувейтийн Эмирийн ордны газар ашиглах талбайн хэмжээг тодорхой болгож шийдвэрлэсний үндсэн дээр нэхэмжлэгч С ХХК-д хаана, ямар хэмжээтэй газар ашиглуулахыг шийдвэрлэх нь бодит байдалд нийцнэ гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаартай тушаалын “С” ХХК-нд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаартай тушаалын “С” ХХК-нд холбогдох хэсгийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж дахин шинэ акт гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд захиргааны байгууллага, албан тушаалтан болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А******* дугаартай тушаалын “С” ХХК-нд холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
Б.МӨНХ-ЭРДЭНЭ