Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2016/01090

 

2016 оны 10 сарын 20 өдөр Дугаар 151/ШШ2016/01100 Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Хас банк, Зуунмод салбарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 4-р хороо, 29-р бааз, АОС 1-1 тоотод оршин суух, 46 настай, эмэгтэй, РД:ЗЮ70030503, Гүн мэргэн овогт Тогоохүүгийн Шинэтуяа, Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, Номт 18-р байр 54 тоотод оршин суух 73 настай, эмэгтэй, РД:ЗЮ44020504, Харчин овогт Мэгжидийн Басбиш нарт холбогдох Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 28.394.225 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болон бусад хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энх-Амгалан, хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нар нь 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1300012257 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 30.000.000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн барьцаанд Төв аймаг зуунмод сум 1-р баг, Номт 18-р байр 54 тоот г000138256/Ү1427000642 гэрчилгээ болон улсын бүртгэлийн дугаар бүхий 30 мкв орон сууцыг барьцаалж зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлийг авсан өдрөөс хойш байнга явцын болон сар дамнасан хугацаа хэтрэлтүүдийг гаргаж байсан бөгөөд зээлдэгч Т.Шинэтуяагийн хүсэлтийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1300014561 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 1 жилээр сунгаж, 2016 оны 1 сараас 2016 оны 7 сар хүртэл хугацаанд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлж, хүү төлөх нөхцөлтэйгөөр өөрчлөлт оруулан зээлдэгч нарт боломж олгосон боловч төлбөрөө огт төлөөгүй. Зээлдэгч зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчсөн. 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар зээлдэгч нарын үндсэн болон нэмэлт гэрээний дагуу төлбөл зохих зээлийн төлбөр нь үндсэн зээл 24.681.810 төгрөг, зээлийн хүү 3.712.414 төгрөг, нийт 28.394.225 төгрөг байна. Мөн өмнө гаргасан нэхэмжлэл дээр бичсэний дагуу нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртлэх хугацааны зээлийн хүү 1.825.778, нэмэгдүүлсэн хүү 11.053 төгрөг нийт 1.836.831 төгрөг бодогдсон. Энэ төлбөрийг анхны нэхэмжлэлийн үнийн дүн дээр нэмж нийт 30.231.056 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч нарын банкинд барьцаалуулсан хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Хариуцагч Т.Шинэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд зээл авахдаа банкуудыг судалж үзсэн. Тухайн үед Хас банк сарын 1.7 хувийн хүүтэй, Хаан банк сарын 2 хувийн хүүтэй зээл гаргаж байсан болохоор би Хас банкнаас зээл авахаар болж материалаа бүрдүүлж өгөөд зээл авсан. Нэгэнт гарын үсэг зураад баталгаажсан гэрээ учраас би төлөх нь үнэн гэхдээ надад тухайн үед сарын 2.5 хувийн хүүтэй зээл өгсөн байна. Намайг анх зээл авахад зээлийн эдийн засагч 1.7 хувийн хүүтэй зээл өгнө гэж байсан болохоор би хүү нь 1.7 юм байна гэж бодсоноос 2.5 гэдгийг анзаарч мэдээгүй. Гэхдээ би гэрээний нөхцөл өөрчлүүлнэ гэж хүсэлт гаргаж байгаагүй. Миний бие Хас банкнаас 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 30 сая төгрөгийн зээл авсан. Үлдсэн зээлд 30 сая төгрөг хүүнд нь 7 сая гаран төгрөг нийт хүүнд нийт 22.500.000 төгрөг төлсөн. Банкнаас авсан зээлийнхээ 20 сая төгрөгийг найздаа зээлүүлээд алдчихсан юм. 2015 оны 9 дүгээр сард зээлийн төлөлт хийхдээ Хас банкны зээлийн эдийн засагч Саруулд энэ байдлаа хэлж байсан юм. Банкнаас намайг зээлээ төлөөч гэж ярьж байсан гэвч 2015 оны 12 дугаар сарын 31-ний орой нэгэнт намайг дуудаад зээлийн гэрээний нөхцөлийг танд ашигтайгаар шийдчихлээ ирээд гарын үсэг зурчих гэсэн. Түүнээс би гэрээний нөхцөлийг зөөлрүүлж өгөөч, зөвхөн хүүгээ төлмөөр байна гэж хүсэлт гаргаж байгаагүй. Хэдийгээр банк ашгийн байгууллага хүүгээ авах нь зүй ёсны хэрэг ч гэсэн намайг шүүхэд өгвөл өгчих хүүгээ зогсоолгоод зөвхөн үндсэн зээлээ төлмөөр байна. Илүү их мөнгө төлөөд өрөнд ороод байна гэж хэлж байсан. Санхүүгийн хүндрэл үүссэн талаараа би Хас банкинд удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл намайг олон сараар хүү бодож явуулчихаад, нэмэгдүүлсэн хүү бодож ээжийн чинь байрыг гээд дарамталсан ээж минь өвөөд хэвтчих юм бол энэ хүнийг асрах хүн байхгүй, өвчтэй хүүхэнтэйгээ 2-лаа хамт амьдардаг юм гэж хэлж байхад 3, 4-лээ ирээд байрыг чинь лацадна гар гэж сэтгэл санааны маш их дарамтанд учруулж байсан. Гэтэл энэ асуудлаас болоод миний ээжийн зүрх өвдөөд, дарамт нь ихсэж байсан. Та нар намайг шүүх өг энэ хүнийг битгий дарамтлаач, сэтгэл санааны маш их хохиролд оруулж байна хэлж байсан. Өөрийн санхүүгийн хүндрэлээ би нуугаагүй. 9 дүгээр сард хамаг юмаа шавхаад зээлээ төллөө үүнээс цааш хэцүү шүү гэж би хэлж байсан. Ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад шинэ бизнес эхлээд үсчингийн газар нээгээд түрээс аваад явж байгаач гэсэн зээлээ төлөхийг аль болох хичээсэн. Тэгэхэд банкнаас гэрээг танд ашигтайгаар шийдчихлээ зөвхөн хүү төлөхөөр гэрээний нөхцөлийг өөрчилсөн гэж надад хэлсэн. Гэрээнд гарын үсэг зурж байсан. Манай найз надаас 20.000.000 төгрөг аваад Солонгос явсан. Хамгийн гол нь найзаасаа авах 10.000.000 төгрөгөө хүлээсээр байгаад өөрөө ийм байдалд орчихлоо гэв. Хариуцагч М.Басбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкнаас мөнгө авсан л юм чинь төлнө гэж бодож байна. Би нэг мэдрэл муутай охиныхоо хамт байрандаа амьдардаг. Хүйтэн сэрүүний цаг эхэлж байгаа энэ үед байрнаас гараад хоёулаа хүүхдийнхээрээ явна гэхэд надад хүндрэлтэй байна. Банкнаас авсан нь үнэн юм чинь төлөх байх гэхдээ зээл авчихаад өөртөө хувцас авч өмсөөгүй, машинаа засуулаагүй, байр аваагүй, урин дулаан цаг ирэхээр өөрийнхөө байрыг ч гэсэн зарж байгаад төлбөрийг нь барагдуулна. Анх зээл авахад би гарцаагүй гарын үсэг зураад хамт авсан гэхдээ хэдэн төгрөг авсан, миний байрыг тавьсан эсэхийг би мэдээгүй. 2018 он хүртэл би тэтгэврийн зээл авчихсан. Энэнд тусалж байгаа ёр нь тэр. Би эд нараас мөнгө төгрөг харж байгаагүй. Хүний юм авсан чинь өгөлгүй яах вэ. Би 40 хэдэн настай ирээд байраа хувьчилж авч байсан юм. Энэ өвөл байрандаа өвөлжчих юм бол урин дулаан цаг ирэхээр засвар хийсэн байр зарагдчих байх. 30 гаран сая төгрөгт байраа зарчих юм бол зээлийг нь төлчих байх. Зээлийг нь төлчихөөд 5 ханатай гэр худалдаж аваад хашаанд амьдарна. Яахав өвчтэй охиноо дагуулаад айлаар амьдарна гэж байхгүй. Миний охин яваад л байгаа олон жижиг хүүхэдтэй, нөхөр нь олигтой хань болохгүй болохоор хэцүү юм гэв. Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч Хас банкны Зуунмод салбар тооцооны төв нь хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1300012257 дугаар, мөн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 28.394.225 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч нарын банкинд барьцаалсан барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 1.836.831 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилжээ. Талууд 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр №1300012257 тоот зээлийн гэрээ байгуулж, 365 хоногт 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө болон өрхийн хэрэглээний зориулалтаар 30.000.000 төгрөгийг, Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, барьцаанд М.Басбиш, Т.Эрдэнэтуяа нарын өмчлөлийн Төв аймаг, Зуунмод сум, 1-р баг, 18-54 тоотод байршилтай, 30м2 талбайтай, Г-000138256 дугаар гэрчилгээтэй, Ү-1427000642 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалан, зээлийн болон барьцааны гэрээнүүдийг нотариатаар баталгаажуулж, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн дээрх гэрээнүүд нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээг байгуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдээр тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд авч үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд тайлбарлахдаа, зээлдэгч нар нь зээл авсан боловч эргэн төлөлтийн хувиарын дагуу төлбөрөө төлөөгүй, мөн төлбөр төлөгчөөс хүсэлт гаргасны дагуу зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлтийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 36 сарын хугацаатай гэснийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 36 сараар сунгаж, 2018 оны 12 дугаар сарын 5-ны дуусах хугацаатай оруулсан боловч 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлбөр хийлгүйгээр зээлийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн тул мөн гэрээний заалтын дагуу шаардлага гаргаж байна гэжээ. Шүүх зээлийн гэрээг шинжлэн судлахад зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд хуулийн тусгай шаардлагыг хангасан, гэрээний нөхцөлийн хувьд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хоорондын харилцааг шууд зохицуулсан гэрээний нөхцөл, холбогдох заалтуудыг үндэслэн гэрээний 3.2.1-д зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр заасан, гэрээний 5.1.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол гэрээг дуусгавар болгож цуцлахаар заасан ба зээлдэгч Т.Шинэтуяа, М.Басбиш нар нь эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлж, төлбөрийг бүрэн биш дутуу төлж, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үндсэн зээл төлөлт хийгдээгүй, дансан дахь үлдэгдэл нь төлбөрт хүрэлцэхгүй тул хүү, нэмэгдүүлсэн хүүнд мөн бүрэн биш дутуу төлөгдөх байдлаар гэрээний үүргээ зөрчиж байсан нь хэрэгт авагдсан зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2015 оны 4 дүгээр сарын 01, 2015 оны 11 дүгээр сарын 10, 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн шаардах хуудас зэргээр тогтоогдож байна. Дээр дурдсан гэрээний заалтуудын агуулга нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гаргаагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байгаатай нийцэж байх тул зээлийн гэрээг цуцалж, гэрээг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв. Гэрээг цуцалж үүргийг тооцохдоо гэрээний 1.1-д зээлийн гэрээ нь жилийн 30 хувийн хүүтэй байх, 36 сарын хугацаатай байх, 4.1-т нэмэгдүүлсэн хүү тооцохоор заасан, зэрэг болон Иргэний хуульд банкны зээлийн гэрээг зохицуулахдаа Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор заасан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буюу мөнгөн төлбөрийн үүргийг буцаан гаргуулах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмж 2016 оны 7 дугаар сарын 01-нээс 2016 оны 9 дүгээр сарын 29-ний хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 1.836.831 төгрөгийг нэхэмжлэсэн бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигчид нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх үүрэгтэй, энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтын эхийг шүүхэд өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлэгдсэн хуулбарыг өгөх үүрэг болгож заасан байх тул хангах боломжгүй байна. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн зээл 13.682.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44230 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч энэ байдлаа шүүхэд баримтаар нотлоогүй, зээлсэн мөнгөө найздаа зээлүүлсэн гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг тус тус баримтлан Хас банкны Зуунмод салбар, хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нарын 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан №1300012257 дугаартай Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нараас үндсэн зээл 24.681.810 төгрөг, зээлийн хүү 3.712.414 төгрөг, нийт 28.394.225 /хорин найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан Хас банкны Зуунмод салбарт олгож, 1.836.831 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-д заасны дагуу зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 299921 төгрөгийг гаргуулж, Хас банкны Зуунмод салбарт буцаан олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т заасныг тус тус баримтлан Хас банкны Зуунмод салбар, хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нарын 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан №1300012257 дугаартай Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч Т.Шинэтуяа, М.Басбиш нараас үндсэн зээл 24.681.810 төгрөг, зээлийн хүү 3.712.414 төгрөг, нийт 28.394.225 /хорин найман сая гурван зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг гаргуулан Хас банкны Зуунмод салбарт олгож, 1.836.831 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-д заасны дагуу зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 299921 төгрөгийг гаргуулж, Хас банкны Зуунмод салбарт буцаан олгосугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ               Д.АЛТАНТУУЛ