Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2016/00018

 

Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 151/ШШ2016/01085 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Эрдэнэбилэгт холбогдох

9.500.000 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгчШ.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 13-нд Эрдэнэбилэг ахын эхнэр Цэндмаа нар над руу утсаар яриад 18.000.000 төгрөг 2 хоногийн хугацаатай зээлээч 20.000.000 төгрөг болгоод өгье гэхээр нь би байр авах гээд хадгалж байсан 18.000.000 төгрөгийг итгээд нэг нутгийн ах дүү шиг хүмүүс гээд зээлсэн. Тохирсон 2 хоногийн хугацаандаа мөнгөө өгөөгүй, энэ асуудлаас болж манай гэр бүлд маргаан үүссэн. Тухайн үед би хар буруу сэтгэл агуулаагүй хүнд тус болж байвал яах гэж зээлсэн. Би хөхүүл хүүхэдтэй, манай нөхөр намайг 2 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн гэсэн чинь яасан юм бэ өнөөдрийг хүртэл мөнгөө өгөхгүй байна. Намайг хэнд мөнгө зээлсэн юм, зээлсэн мөнгөө олж ир гэж уурлаад гэртээ оруулахгүй байсан учраас би Эрдэнэбилэг ахыг ээжийгээ сахиад эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзаад та надаас мөнгө зээлсэн л юм чинь мөнгө зээлсэн гэж бичиг хийлгээд өгчих хэд хоног ч гэсэн бүтэн нойртой хонох гэсэн юм гээд гарын үсэг зуруулж 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нотариатаар гэрчлүүлж, 08 дугаар сарын 01-ний өдөр гэхэд чиний данс руу мөнгө шилжүүлнэ гэсэн боловч 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн миний данс руу мөнгө шилжүүлж эхэлсэн. Би Тунгалаг гэх хүнийг танихгүй, мэдэхгүй ийм ч хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Миний мэдэж байгаа зүйл бол Эрдэнэбилэг, Цэндмаа хоёр надаас мөнгө зээлсэн. Би та хоёрт итгээд мөнгө зээлж байхад хүний итгэлийг эвдсэн энэ байдал чинь мөнгөнөөс ч илүү стрессэд оруулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Би хүнд мөнгө зээлээгүй байж зээлсэн гэж худлаа гүтгэх хүн биш. Та намайг дүү нараасаа ч илүү мэдэж байгаа байх. Би өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэн хэнээ мэдэхгүй биш хүү, алданги нэхэмжлэхгүйгээр үндсэн төлбөр 5.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Х.Ариунаагаас Т.Тунгалаг нь 1.800.000 төгрөг сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн юм. Тэгээд Х.Ариунаа өөрөө тэр мөнгөө Т.Тунгалагт дансаар болон бэлнээр өгсөн гэсэн. Т.Тунгалаг нь миний эхнэр Г.Цэндмаагийн холын хамаатан юм. Д.Эрдэнэбилэг миний ээж тэр үед хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж Г.Цэндмаа сахиуртай байсан юм. 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Х.Ариунаа нь Г.Цэндмаатай уулзах гээд чадалгүй надтай таараад манай нөхөр үнэмшихгүй байна. Төлбөр барагдуулах гэрээг үзүүлэх гэсэн юм. Хүүхэд уйлаад хөх чинээд байна гэж гуйгаад уйлаад байхаар нь паспорт байхгүй гэсэн чинь хурууны хээгээр гаргуулж Х.Ариунаа өөрөө бичээд надаар харуулсан юм. Намайг аваагүй байхад худал хэлж хуурч бичүүлсэн юм. Би Х.Ариунаагаас нэг ч төгрөг бэлэн болон бэлэн бусаар аваагүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: - Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2-д зааснаар Х.Ариунаагийн нэхэмжлэлтэй, Д.Эрдэнэбилэгт холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 

-Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 151/ШЗ2016/02987 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам давж заалдах гомдолдоо: ... 2015 оны 06-р сарын 13-ны өдөр Эрдэнэбилэгийн эхнэр Цэндмаа нь Х.Ариунаа руу утасдаж 18.000.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлж 2 хоногийн дараа 20.000.000 төгрөг болгож өгъе гэж авсан. Мөнгө авахад Эрдэнэбилэг, Цэндмаа нар хамт авсан. Гэтэл шүүх хуралдааны явцад гэрчээр Алтанзул гэдэг хүнийг оролцуулсан. Хариуцагч талаас Алтанзулыг гэрчээр оролцуулсан боловч Алтанзул нь мөн Х.Ариунаагийн таньдаг эгч байгаа юм. Алтанзул нь тухайн үед мөн Х.Ариунаа руу утасдаж чамд зээлэх мөнгө байна уу гэж асууж байсан. Х.Ариунаа нь Алтанзулд зээлээгүй Эрдэнэбилэг, Цэндмаа нар утасдаж ярьж авсан. Мөнгөө өгөхгүй хоёр байтугай хоносон болохоор 2015 оны 07-р сарын 20-ны өдөр нотариатаар гэрчлүүлж гэрээ хийж авсан байна. Хэрэгт авагдсан материал болон дансны хуулгаар Эрдэнэбилэг өөрөө банкаар дамжуулан Х.Ариунаагийн данс руу мөнгө хийж байсан. Үндсэн мөнгө 5.000.000 төгрөгийг аваагүй байгаа юм.

Гэтэл шүүх үндэслэхдээ 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2-д заасан Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсан тооцох үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. Нэхэмжлэгч Х.Ариунаагийн зүгээс нотлох баримтаар Эрдэнэбилэг гэдэг хүнээс данс руу шилжүүлж байсан дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн гэрч Алтанзул гэж хүний шүүх хуралдааны явцад хэлсэн мэдүүлгээр надруу ярьсан. Эрдэнэбилэг, Цэндмаа нар нь мөн надруу ярьж мөнгө авсан талаар хэлсэн. Шүүх энэ нотлох баримтыг үнэлж үзээгүй.

2. 2015 оны 07-р сарын 20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг хийсэн боловч Д.Эрдэнэбилэг нь мөнгө аваагүй гэсэн боловч энэ нь Д.Эрдэнэбилэг, Цэндмаа нар нь өөр хүнд өртэй байж Х.Ариунаагаас мөнгө авч тэр хүний өрийг дарсан үйлдэл хийсэн байна. Шүүх хуралдааны явцад Тунгалаг гэдэг хүнийг ярьсан тэр хүн өртэй байгаа гэж, мөн гэрч Алтанзул нь Д.Эрдэнэбилэг, Цэндмаа нараас 18.000.000 төгрөгийг авсан байдаг. Д.Эрдэнэбилэг, Цэндмаа, мөн Алтанзул гэх хүмүүс хамт явж байгаад Х.Ариунаагаас 18.000.000 төгрөг авч, Д.Эрдэнэбилэг, Цэндмаа, Алтанзул, Тунгалаг нар нь өмнө бие биендээ өртэй байсан тэр өрийг дарах үүднээс 18.000.000 төгрөг авсан гэрчийн мэдүүлгээр шүүх хуралдааны явцад нотлогдсон. Гэтэл шүүх зээлийг шилжүүлж өгсөн нь нотлогдохгүй байна гэж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1-д заасан Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56-р зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж заасан хэлцлүүдийг хийсэн гэж үзэх боломжтой юм. Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлсээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар шийдвэрлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөн шийдвэрлэж Х.Ариунаагийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа талуудын гаргасан нотлох баримтанд үндэслэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж заасныг зөв хэрэгжүүлээгүй байна.

Хэргийн материалаас үзэхэд хариуцагч Д.Эрдэнэбилэг нь хуульд заасан дээрх журмын дагуу татгалзлаа нотолсон, нотлох баримт гаргасан зүйл байхгүй байна. Хариуцагч өөрийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан, үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй байхад нотолгооны үүргийг нэхэмжлэгчид хуваарилж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч талууд өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргах журмын дагуу нэхэмжлэгч Х.Ариунаа нь Д.Эрдэнэбилэгт 18.000.000 төгрөг зээлдүүлсэн тухай Эрдэнэбилэгийн гарын үсэг бүхий бичмэл баримт, Хаан банкны депозит дансны хуулга зэргийг шүүхэд өгч холбогдох гэрч Алтанзулыг гэрчээр асуулгасан байхад шүүх тэдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг хэрхэн хэрэгжүүлж үнэлсэн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж зохигчдын нотолгооны үүргийг буруу хуваарилжээ.

Хариуцагч Д.Эрдэнэбилэг нь мөнгө авсан гэдгээ үгүйсгээгүй, Тунгалаг гэж хүн авсан талаар тайлбарлаж, хариуцагчаар татахыг хүсдэг, Тунгалаг мөнгийг авсан тухай бичмэл баримт шүүхэд ирүүлсэн нь уг баримтыг Тунгалаг гэгч бичсэн эсэх нь эргэлзээтэй, шүүх уг баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байхад шүүх чухам юуг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн ирүүлсэн банкны депозит дансны хуулгын баримтаар 3 удаагийн үйлдлээр Д.Эрдэнэбилэг Тунгалагаас гэсэн нэрээр 13 сая төгрөг нэхэмжлэгчид төлөгдсөн ба тухайн баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үнэлэх зарчимтай.

Иймээс анхан шатны шүүх 18 сая төгрөгийн зээлийн гэрээний харилцаа хэн хэний хооронд үүссэн, зээлийн гэрээний үүргийг хэн хариуцах талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй байна гэж дүгнэв.

Давж заалдсан гомдлыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор тогтов.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 151/ШШ2016/01085 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаасшүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдуламд олгохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ш.ТӨМӨРБААТАР