Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 150/2017/00137/и |
Дугаар | 001/ХТ2018/00106 |
Огноо | 2018-01-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/00106
О.Лийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаар магадлалтай,
О.Лийн нэхэмжлэлтэй
Н.Т, Д.Бнарт холбогдох
Үндсэн зээл, хүү 30 664 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Н.Тийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр, хариуцагч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Л Н.Т, Д.Бнартаа хамт ажилладаг өмгөөлөгч тул өндөр ёс зүйтэй гэж итгэн мөнгө зээлдүүлсэн. 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр, 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4.000 .000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр нийтдээ 18.000.000 төгрөгийг хариуцагч Н.Т, Д.Бнарт зээлдүүлсэн ба тухай бүрт нь гэрээний хугацааг сунгасан. Гэтэл 2014 оны 01 дүгээр сараас гэрээний үүргээ зөрчиж хүүгээ төлөхгүй байсан тул амлалтын бичиг гаргуулж авсан. Гэсэн ч мөнгөө өгөхгүй байсан тул Сэлэнгэ аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гаргаж О.Л нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой гэж шийдвэрлүүлсэн. Хариуцагч Д.Байгалмаатай утсаар ярихад “Шим” худалдааны төвд лангуу санал болгосон ч энэхүү лангуу нь “Хаан банк”-ны барьцаанд байдаг тул эзэмшил шилжүүлэх боломжгүй болсон. Эхний 3 гэрээнд заасан мөнгийг Д.Байгалмаагийн 5048066539 гэсэн дансуудад шилжүүлсэн. Иймд 30.664.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг авсан. Мөн 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөг, 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 4.000 .000 төгрөг шилжүүлэн авсан. 2014 оны 06 дугаар сарын 25-нд бүгдийг нь төлж барагдуулсан. Манай дансанд 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн 6.000.000 төгрөг орж ирээгүй. Гэрээний хугацаа дууссан хойно бид мөнгө төлж байсан бөгөөд 2012 оны 04 дүгээр сард хийсэн 3.000.000 төгрөгний гэрээнд эхний 03 сар хүү төлөөд гэрээний хугацаа дууссан үндсэн мөнгөө төлж байсан. 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 11.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хийсэн боловч уг мөнгө орж ирээгүй тул амлалтын талаар гэрээ байгуулсан. Хариуцагч бид 5.000.000, 3.000.000, 4.000.000 төгрөгийн төлөлтийг төлж дууссан. Харин 11.000.000 төгрөгийг 34.560.000 төгрөг болгож 2 дахин нэмэгдүүлсэн. Гэтэл гэрээний хугацаа дуусч хүү, алданги тооцоод 50 хувиас хэтрэхгүй 11.000.000 төгрөг 17.000.000 төгрөгөөр төлөгдөх ёстой байхад бид 34.560.000 төгрөг болгож төлсөн гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн, 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 77 дугаар зүйлийн 77.1, 82 дугаар зүйлийн 82.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар О.Лийн зээл, зээлийн хүү 30.664.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Лийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311.270 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаар магадлалаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 143 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч О.Лоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311.270 төгрөгийг Төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Н.Т хяналтын гомдолдоо: Иргэн О.Лийн нэхэмжлэлтэй Д.Бд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 664 000 гаргуулах тухай маргаантай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх ханган 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн 132 тоот магадлал гаргасныг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Дархан уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 132 тоот магадлалын хянавал хэсэгт: ...Болсон үйл баримт болон шүүхэд гаргасан талуудын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл хэрэгт зохигчдын хооронд хийгдсэн 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнээс 2013 оны 03-р сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ хүртэлх 7 удаагийн зээлийн гэрээ, гэрээний дагуу мөнгө шилжүүлж байсан банкны дансны хуулгууд, зээлийн төлбөрийг буцаан төлж байсан баримт, ХААН банкны орлогын мэдүүлэгүүд, Шим худалдааны төвийн орлогын ордерууд, бэлэн мөнгө авч байсан бүртгэлийн баримтууд , зээлийн эргэн төлөлтийн тооцоо, сум дундын прокурорын газраас ирүүлсэн мөрдөн байцаалтын тэмдэглэлүүд зэрэг баримтууд нотлох баримтаар авагдсан бөгөөд шүүх эдгээр нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1, 40,2-т зааснаар тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр болон тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. ...Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан гэрээ тус бүрийг тус тусад нь үнэлж дүгнээгүй ...гэжээ. Анхан шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор үнэлж шийдвэрээ гаргасан нь хуулийн үндэслэлтэй байхад давж заалдах шүүх хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07-р сарын 31-ний өдрийн 143 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 132 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч Д.Байгалмаа, Н.Т нарт холбогдуулж, үндсэн зээл 18 000 000 төгрөг, түүний хүү 12 664 000 төгрөг, нийт 30 664 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар татгалзаж” ...зээлийг бүрэн төлж барагдуулсан тул зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудлаар зохигчид мэтгэлцээгүй, хариуцагч үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байхад анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар буюу зохигчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан мэтгэлцэх зарчмыг зөрчжээ.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ тус бүрийн хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлт, үндсэн зээлийн нийт хэмжээ, биелүүлэх үүргийн хэмжээ зэрэг маргааны ач холбогдол бүхий байдлыг зааглаж, тодорхой дүгнээгүй, маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдэл зэрэг асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 132 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр төлсөн 311 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА