Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 50

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Б-гийн Тү- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******ийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорooс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Тү-д холбогдох 1923000100024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, аймаг сум баг хэсэг * дүгээр гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Отгон Тайж овогт Б-гийн Тү- /Регистрийн дугаар: ИР*******/

Шүүгдэгч Б.Тү- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч овогт Б-гийн Тү- нь 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 14-ний өдрүүдийн хооронд аймгийн сум баг ын хэсэг тоот хашаанд байрлах иргэн М.*******ын монгол гэрийн тооноор нэвтрэн орж HAIER маркийн 42 инчийн зурагт / удирдлагын хамт/ 1980 онд хийгдсэн хилэн материалтай орны аравчийг хулгайлсан хэргийн үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Гэртээ ирэхэд нь зурагт, аравч алга болсон байсан талаар мэдүүлсэн хохирогч М.*******ын “... 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ 15 цагийн орчим очиход монгол гэрийн өрх татсан, гэр дээр хүн тооноор орсон байдалтай гутлын мөр их байсан. Тэгээд хаалга гаднаас харагдахдаа цоожтой байгаа мэт харагдсан бөгөөд түлхүүрээр цоожоо онгойлгоод гэр дотроо ороход хаалганы цүүг хойноос нь тэгшлээд түлхэн гаргаж хаалга онгойлгож буцааж гадна талаас нь цүүг нь түлхэн хийсэн байсан. Тэгээд гэрээ харахад гэр дотроос 42 инч “Хайер” брэндийн ЛСД зурагт, мөн орны аравч аваад явсан байсан... “ гэсэн мэдүүлгээр, Б.Тү- ХХК-ны барьцаалдан зээлдэх газраас зурагт удирдлагын хамт барьцаалж 250000 төгрөг зээлснийг нотолсон 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, дээрх байдлыг баталж мэдүүлсэн иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын “... 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б.Тү- нь манай баазын салбарт HAIER брендийн 42 инчийн зурагтыг орны бүтээлгийн хамт 250.000 төгрөгөнд барьцаанд тавьсан байсан. Дараа нь цагдаагаас тухайн зурагт, бүтээлгийг хулгайн эд зүйл байна гээд хурааж авсан юм...” гэсэн мэдүүлгээр, барьцаалдан зээлдэх газрын ажилтан О.*******гийн “...2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр намайг ломбардны баазын салбарт ажиллаж байхад 11 цагийн үед байх HAIER маркийн зурагтыг орны бүтээлгэнд ороосон эрэгтэй хүн орж ирээд өөрийн иргэний үнэмлэх буюу Б-гийн Тү- гэж хүний нэрээр барьцаанд 250000 төгрөгөнд тавиад гарсан юм...” гэсэн мэдүүлгээр, болон эд мөрийн баримтаар хураагдсан зурагтыг өөрийн зурагт мөн байна гэж мэдүүлсэн хохирогч М.*******ын “Би тухайн ХХК-ны ломбарднаас хураан авсан зурагтыг хараад таньж байна. Энэ зурагт,... аравч манайх мөн байна...” гэсэн мэдүүлгээр яллагдагч Б.Тү-гийн “... 2019 оны 01 сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна шөнийн 02-03 цагийн үед би *******ын гэрийн тооноор нь ороод хойморт нь байсан зурагтыг аваад гэрийн дотор талаас нь цоожных нь цүүг юмаар хөшиж тэнийлгээд хаалгыг нь онгойлгоод гарсан. Тэгээд Шинэ хорооны 3-р буудлаас такси бариад Баазын “ ” ломбардны гадаа бууж үлдээд тэндээ өглөө болтол хүлээж байгаад ломбард онгойхоор *******ынхаас авсан зурагтаа өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд 250.000 төгрөгөөр тавьсан юм... гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч М.*******т 630000 төгрөгийн хохирол учирсан нь эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд зааснаар хэн боловч бусдын орон байранд халдах эрхгүй бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний байнга оршин суудаг орон байранд нэвтрэх нь хууль бус үйлдэл болно. Шүүгдэгч Б.Тү-гийн Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр гэрийн тооноор нэвтрэн орж эд зүйлийг нууц далд аргаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.Тү-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлжээ. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзлээ. Шүүгдэгч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хагацаагаар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хорих ялаа бүрэн эдэлж дууссан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэснийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд тэрээр өмнө гэмт хэрэг үйлдэж 2 удаа хорих ялаар шийтгэгдсэн боловч энэ байдалдаа дүгнэлт хийлгүйгээр дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б-гийн Тү-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Тү-г 02 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тү-д оногдуулсан 02/хоёр/ жил 1 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Тү-гийн тогтоол гарахын өмнө баривчлагдсан 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан HAIER маркийн 42 инчийн зурагт / удирдлагын хамт/ 1, 1980 онд хийгдсэн хилэн материалтай орны аравч 1 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.

7. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ