Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/13

 

Б.Тү-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.Төрболд Шүүгдэгч Б.Тү- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Тү- болон түүний өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлоор Б.Тү-д холбогдох 1923000100024 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Завхан аймаг Улиастай сум Товцог баг Залуучууд хэсэг 1 дүгээр гудамж 08 тоотод оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаатай хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6, 96.2.8, 96.2.9 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Отгон Тайж овогт Б-гийн Тү- /Регистрийн дугаар: ИР*****/

 Шүүгдэгч Б.Тү- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Отгонтайж овогт Б-гийн Тү-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Тү-г 02 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Тү-д оногдуулсан 02/хоёр/ жил 1 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Тү-гийн тогтоол гарахын өмнө баривчлагдсан 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, үүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан HAIER маркийн 42 инчийн зурагт / удирдлагын хамт/ 1, 1980 онд хийгдсэн хилэн материалтай орны аравч 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, үүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Б.Тү-гийн өмгөөлөгч Б.Энхжаргал миний бие Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр /шүүгдэгч Б.Тү- гардаж авсан/ хүлээн авч эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Тү- нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа болон хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан байдаг. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэснийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ” гэжээ. Мөн Б.Тү- нь өмнө нь 2 удаа хорих ялаар шийтгэгдсэн хэдий ч хулгайлах гэмт хэргээр анх удаагаа шийтгүүлж байгааг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-р зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж ... болно” гэж заасан байдлаас харахад Б.Тү-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ялыг хөнгөрүүлж болохоор байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Тү-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж өөрчилж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Тү- нь гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт болохоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна гэж дүгнэсэн. Хэдийгээр энэ нь анхан шатны шүүхийн бүрэн эрхийн асуудал ч гэсэн Эрүүгийн хуулийн 6.7дугаар зүйлийн 1.3 дахь зүйлд тодорхой нөхцөлүүдийг заагаад өгсөн байдаг. Хохирлоо төлсөн, хор уршигийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж ½ буюу 1 жил хүртэл хургацаагаар хорих ял оногдуулж хөнгөрүүлж болох байсан гэж үзэж байгаа. Хохирлоо төлсөн учирсан хор уршиг бол тухайн хохирогчтой төрөл садан энэ тооноор нар жаргаж буй зурагтай хохирлоо буцааж өгсөн бөгөөд хохирол хор уршиг арилсан гэж үзэж байгаа. Мөн хохирогч гомдол саналгүй гэдгээ бичиж өгсөн байгаа. Хувийн байдал нь өмнө нь 2 удаа шийтгүүлж байсан учраас хэргийг хөнгөрүүлж үзэх боломжгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Өмнө нь 2 удаа шийтгүүлэхдээ хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж байгаагүй, хулгайлах гэмт хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа. Тийм учраас энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлж 1 жил 1 сар болгож өгнө үү гэж хүсэж байна гэв. Шүүгдэгч Б.Тү- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Тү- 1985 оны 12 дугаар сард Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. Эрүүгийн хуулийн 17.2.1-ээр 2 жилийн ял авсан. Зурагт хулгайлсан гэмт хэрэгтээ хулгай хийх бодол байгаагүй тухайн үед ах, дүү, төрөл садан хамаатан учраас амьдрахын тулд хот явж ажил төрөл хийж очоод бас гэр орон байр замын зардал тэрийг хийх гэж авчаад дараа хотод очоод ажил төрөл хийж байгаад мөнгө төгрөгийг нь буцааж өгнө. Ломбарднаас зурагтыг нь аваад хохирлыг нь барагдуулна гэж бодож байсан ч тухайн үед боломж бололцоо нь болоогүй байж байгаад хохирогч маань цагдаад мэдэгдсэн. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна аа. Иймд хорих ялнаас минь бага ч гэсэн хөнгөлж өгнө үү гэж хүсч байна гэв. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол бол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон, бодит байдалтай нийцсэн гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тодорхой хэд хэдэн нөхцөлд хорих ялны доод хэмжээг ½-ээс багагүй ял оногдуулна. Энэ нь шүүхийн өөрийн эрх хэмжээний асуудал байдаг. Тэгэхээр шүүх 6.7 дугаар зүйлийн 1.3-ыг заавал хэрэглээгүй нь 2, 3 хэрэг байсан. Өөрөөр хэлвэл энэ нь тухайн шүүгчийн үзэмжийн асуудал байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх тул шүүгдэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Б.Тү- нь ганцаараа 2019 оны 01 дүгээр сарын 09-нөөс 14-ний өдрүүдийн хооронд Завхан аймгийн Улиастай сум Товцог баг Барилгачдын хэсэг 3-7 тоот хашаанд байрлах иргэн М.*******ын монгол гэрийн тооноор нэвтрэн орж HAIER маркийн 42 инчийн зурагт /удирдлагын хамт/ 1980 онд хийгдсэн хилэн материалтай орны аравчийг хулгайлсан болох нь хэрэгт цугларсан хохирогч М.*******, иргэний нэхэмжлэгч Д.******* нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Хэргийг шүүхээс зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүгдэгч Б.Тү-гийн өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах гомдолдоо ...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж ... болно” гэж заасан байдлаас харахад Б.Тү-д Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ялыг хөнгөрүүлж болохоор байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Тү-д оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж өөрчилж өгнө үү гэжээ. Анхан шатны шүүх Б.Тү-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл: шүүгдэгч Б.Тү-гийн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. Харин шүүгдэгч Б.Тү- өмнө нь гэмт хэрэг үйлдэж 2 удаа хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд энэ байдалдаа дүгнэлт хийлгүйгээр дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн зүйл, заалтыг хэрэглэх боломжгүй байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналд няцаалт хийсэн нь буруу биш байна. Тухайлбал: тухайн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хуулийн шаардлагуудыг хангасан боловч хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс оногдуулах хамгийн доод Эрүүгийн хуулинд заасан хорих ялаас доогуур /хөнгөрүүлж/ ял оногдуулах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тү-ийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тү-гийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Б.НАМХАЙДОРЖ