Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0493

 

П.Р-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 407 дугаар шийдвэртэй, П.Р-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 407 дугаар шийдвэрээр:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.4, 42 дугаар зүйлийн 42.2, 42.3, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн П.Р-т болон “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, “И” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг иргэн П.Раднаабазарт гаргаж өгөхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нөхөх олговор тохиролцсон байсан тохиолдолд "И” ХХК-иас газрыг нэхэмжлэгчид шилжүүлэхэд эзэмшил газрын хэмжээг багасгах нь хуульд нийцнэ гэж үзсэн. Тухайн хэрэг маргаан нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх явцад эзэмшил газрын хэмжээг багасгаснаас үүссэн бөгөөд эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор эргүүлэн авахтай холбоотой маргаан биш юм. "И” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхээр хүсэлт гаргасан нь гэрчилгээний хамт л хүчин төгөлдөр үйлчлэх газар эзэмших гэрээгээ дуусгавар болгосон үйл явдал болсон.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно. 42.3-т "Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна" гэж заасан.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах" гэж зааснаар Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, 2030 оны хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу авто зам төлөвлөгдсөн хэсгийг маргаан бүхий газраас хасч шилжүүлэхээр болсон нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно” гэж заасантай нийцсэн.

Иймд Нийслэлийн Засаг дарга нь хуулийн үндэслэл бүхий шийдвэр гаргасан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 0407 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч П.Р-аас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн П.Р-т болон “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “И” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р-т гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р-т гаргаж өгөхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Нэхэмжлэгч П.Р нь нэг гишүүнтэй “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд захирал гэдэг нь тогтоогдож байна[1].

          Анх “И” ХХК-нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/244 дүгээр захирамж, “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ”[2]-ний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10520 м.кв  газрыг “автобус бааз”-ын зориулалтаар ашиглаж байсан.

          “И” ХХК-иас өөрийн эзэмшлийн 12 машины авто гараж, контор, оффисын зориулалттай 2 өрөө байр, ажилчдын орон сууцыг “Н” ХХК-д худалдсан үндэслэлээр өөрийн ашиглаж байсан газраасаа 4130 м.кв газрыг хасах хүсэлтийг[3] Нийслэлийн газрын харилцааны газарт гаргаж, уг хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2004 оны 455, 2005 оны 55 дугаар захирамжаар[4] “И” ХХК-д 4072 м.кв газрыг эзэмших эрхийг олгож, баталгаажуулжээ.  

          Үүний дараа “И” ХХК-иас гаргасан “эзэмшиж буй газрынхаа кадастрын хэмжилтийг шинээр гаргаж, хэмжээг 5677.5 м.кв болгон өөрчлөн баталгаажуулах” хүсэлтийн[5] дагуу Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/224 дүгээр захирамжаар[6] “И” ХХК-нд Баянзүрх дүүргийн 16 дүгээр хорооны 5678 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар “аж ахуйн зориулалтаар” эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээг[7] олгож, газар эзэмшүүлэх гэрээг[8] байгуулжээ.

          Уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500[9] дугаар  захирамжаар  “орон  сууц”-ны  зориулалттай  болгож  өөрчилж, гэрчилгээ[10] олгожээ.

          “И” ХХК-ийн захирал П.Р нь Нийслэлийн газрын албанд хандаж 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “5678 м.кв орон сууцны зориулалттай “И” ХХК-ийн нэр дээрхи газрыг өөрийн буюу хувь хүний нэр дээр шилжүүлэх” хүсэлтийг[11] гаргасан.

          Гэтэл маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжаар[12] “И” ХХК-ийн газрыг тус компанийн захирал П.Р-т шилжүүлэхдээ талбайн хэмжээнд нь багасгасан өөрчлөлт оруулж, 4052 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрх иргэн П.Р-т олгосноор маргаан үүссэн.

          Хариуцагчаас нэхэмжлэгч П.Р-ын эзэмшиж байсан 5678 м.кв газрын хэмжээг 4052 м.кв болгож багасгасан үндэслэлийг “маргаан бүхий газрын зарим хэсэг нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор[13] батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн 2 дугаар зэргийн туслах замын трассд орсон, тодруулбал нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зарим хэсэг нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хорооллын туслах авто зам байхаар төлөвлөгдсөн” гэж тайлбарладаг бөгөөд энэ байдал нь хариуцагчаас ирүүлсэн зурган мэдээлэл[14], хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийг маргаан бүхий газартай давхцуулсан сансрын зурган мэдээлэл[15], хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчид  хүргүүлсэн  албан  бичиг[16], зөвлөлийн  хурлын тэмдэглэл[17], Нийслэлийн газрын албанаас “И” ХХК-нд хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03/3867, 2018 оны 10 дугаар 05-ны өдрийн  02-06/4321 албан бичиг[18] зэргээр тогтоогдож байна.

          Энэхүү маргааны хувьд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 7-д[19] заасан “Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө /258.9 га талбайд/” баталсны дагуу тодруулбал, дахин төлөвлөлт хийсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын зарим хэсэг тус төлөвлөлтийн хорооллын дундах авто зам барих хэсэгтэй давхцалтай болсон. Уг төлөвлөгөө буюу төслийн зорилго[20] нь одоо байгаа суурьшлын архитектур-орон зайн төлөвлөлт, барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, зам тээврийн үндсэн сүлжээ байгуулах,... аар байна.

          Иймээс маргааны тохиолдлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа дараах төрөлтэй байна. 12.1.5-д “нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах” гэсэн нөхцөл байдалтай адилтган үзэж болохоор байна.

          Иймээс хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг нийтийн эдэлбэр газарт авах тохиолдолд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.б-д заасан “нөхөх олговор олгох”, Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөн олговор олгох журам”-ын 1.2-д “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь эрх ашиг нь хөндөгдөж буй газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд энэхүү журмын 3.1-д заасан нөхөх олговрын үнэлгээний зүйлийг урьдчилан тохиролцож, үнэлсний үндсэн дээр олгох төлбөрийг нөхөх олговор гэж ойлгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчтэй урьдчилан тохиролцож, түүний газрыг зохих журмын дагуу үнэлсний үндсэн дээр нөхөн олговор олгох байдлаар түүний газрыг хэсэгчлэн эргүүлэн авах боломжтой.

          Мөн Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “..., нийслэл, ...ийн Засаг дарга газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшилд байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт ... төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг харилцан тохиролцож гэрээ байгуулсны дагуу тодорхой хугацаатайгаар төлбөртэй болон төлбөргүйгээр нийтийн эдэлбэр газраар ашиглах боломжтой байна.

          Гэтэл маргаан бүхий актаар хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг түүнтэй урьдчилан тохиролцож гэрээ байгуулаагүй, нөхөн олговор олгоогүй атлаа “хэсэгчилсэн төлөвлөгөөнд нийтийн эдэлбэр газар болсон” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газрын хэмжээг багасгах байдлаар эргүүлэн авсан үйлдэл нь дээр дурдсан хуулиудад нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн байх тул маргаан бүхий акт болон хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

          Анхан шатны шүүхээс дээрх маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч уг үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хуулийн хэрэглээний өөрчлөлт оруулав.

          Анхан шатны шүүхээс хуулийн нарийвчилсан зохицуулалтыг анхааралгүйгээр “бусдын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд эргүүлэн авах” тохиолдолд хэрэглэх хуулийн заалтыг “хэсэгчилсэн төлөвлөгөө буюу дахин төлөвлөлттэй холбоотойгоор нийтийн эдэлбэр газарт бусдын эзэмшлийн газрыг эргүүлэн авах” маргааны тохиолдолд хэрэглэсэн нь буруу байна.

          Тодруулбал, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд газрын нэгдмэл сангийн ангиллыг зааж, уг ангилалд “зам, шугам сүлжээний” болон “тусгай хэрэгцээний” газруудыг оруулж, мөн хуулийн 13 дугаар зүйлд “зам, шугам сүлжээний” газарт ямар газрууд хамаарах, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-д “зам, шугам сүлжээний газрыг нийтээр ашиглахаар”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Нийтийн эдэлбэр газарт зам хамаарахаар” зааж, харин 16 дугаар зүйлд “тусгай хэрэгцээний” газарт ямар газрууд хамаарахыг тус тусад зохицуулж, тусгай хэрэгцээний газарт зам, шугам сүлжээний газар хамаарахгүй байна.

          Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргах”, 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарах тохиолдолд уг газрыг нөхөх олговор олгох шийдвэр гаргах, эргүүлэн авахаар зохицуулсан.

          Маргааны тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын зарим хэсгийг улсын тусгай хэрэгцээнд аваагүй байтал анхан шатны шүүхийн шийдвэрт “бусдын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээний газарт авах болсон” тохиолдолд хэрэглэх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 42.3 дахь заалтуудыг хэрэглэсэн нь маргааны тохиолдолд хамааралгүй юм.

          Түүнчлэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн Засаг дарга нь “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх”-ээр, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хууль ...-д заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”-аар тус тус зааснаас үзэхэд төрийн өмчийн тодорхой нэг газрыг бусдын эзэмшилд тодорхой хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр олгох эсэх, эсхүл бусдын эзэмшилд олгогдсон газрыг цаашид “нийтийн эдэлбэр”-т ашиглахаар шийдвэр гаргах Засаг даргын бүрэн эрхийг шүүх үгүйсгэх боломжгүй байтал анхан шатны шүүхээс “Газрын тухай хуулийн дагуу 21.2.3, 21.2.4-т заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн газрынхан хэмжээг багасган, өөрчлөн эзэмшүүлсэн...гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй..” гэж дүгнэсэн нь буруу байгааг дурдах нь зүйтэй.

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 407 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 14 дүгээр зүйлийн 14.7.3.б-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Р-ын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн П.Р-т болон “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “И” ХХК-ийн эзэмшлийн 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р-т гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 5678 м.кв газрын гэрчилгээг П.Р-т гаргаж өгөхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

 

 


[1] Хэргийн 1-р хавтас 103-107 дахь тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 78-81 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 71 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 68-70 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 41-42 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 38-40 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 48 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 54-56 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 64-67 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 108 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 102 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 133-138 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 173 дахь тал

[14] Хэргийн 2-р хавтас 9-11 дэх тал

[15] Хэргийн 2-р хавтас 49-50 дахь тал

[16] Хэргийн 2-р хавтас 45-46, 198, 208 дахь тал

[17] Хэргийн 1-р хавтас 99-100 дахь тал

[18] Хэргийн 2-р хавтас 181, 182 дахь тал

[19] Хэргийн 1-р хавтас 173 дахь тал

[20] Хэргийн 1-р хавтас 183 дахь тал