Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 173

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Б.Билэгсайхан,

Шүүгдэгч Ш.Ч,

Нарийн бичгийн дарга Д.ЧимэдД нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ш.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1714001810258 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой багш мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.Ч,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ш.Ч нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үндсэн багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 дугаар тушаал гарган 25 багш, ажилтанд 8.750.000 төгрөгийн цалин олгож, багш, ажилтнуудаас буцаан хураан авч ашигласан.

2016 оны 2 дугаар сард ирцийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж, суралцагчдын хоолны мөнгөнөөс 7.433.500 төгрөг бэлнээр авч ашигласан.

Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч ашигласан.

2015, 2016 онуудад өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын утасны төлбөр болох 2.159.900 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний буюу нийт 68.343.400 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 4 дүгээр сард тус сургуульд яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас бүрэлдэхүүнтэй шалгалт ирж сургуулийн үйл ажиллагаа санхүүг шалгасан. 2017 оны 5 дугаар сард 2017/07, 2017/08, 2017/09, 2017/10, 2017/13 дугаартай актууд ирсэн. Уг актууд нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Ш.Чтэй холбоотой актууд байсан...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 123-124-р хуудас/,

Гэрч М.Эы мөрдөн байцаалтанд өгсөн ... “2017/08 дугаартай актаар захирал Ш.Ч нь 2015.06.15-ны өдрийн 48 дугаар тушаалаар 3 хүнийг 1.500.000 төгрөгийг, 2015.06.17-ны өдрийн 51 дугаартай тушаалаар 25 хүнийг гэрээт ажилтнаар ажиллуулах тухай тушаал гаргаж 8.750.000 төгрөгийг гаргаж хүн тус бүрээс өөрөө хураан авсан. Дотуур байрны суралцагчдын улирлын амралттай байх хугацааны ирц бүртгэлийг хуурамчааар үйлдэж хоолны мөнгийг бэлнээр гаргуулан авсан. Хөдөлмөрийн яамнаас нэмэлт санхүүжилт маягаар орсон 50 сая төгрөгийг хувь хүнд Ж.Гд 3.684.000, Т.Сад 2.701.600, З.Энхтуяад 4.846.500 төгрөгийг, Өрнөх трейд ХХК-д 4.350.000, Оптрон ХХК-д 4.150.000, Хос эрдэнэмандал ХХК-д 4.601.500, Цахирдэлбулаг ХХК-д 3.475.000, Орхон сарнай ХХК-д 4.358.400, Протон ХХК-д 4.294.000, Номын коллектор ХХК-д 4.900.000, Өврийн баян ус ХХК-д 4.365.000, Авралын гар ТББ-д 4.274.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Гар утасныхаа төлбөрийг төсвийн хөрөнгөнөөс төлдөг байсан нь илэрсэн ... бидний гаргасан актаар бол Баянхонгор аймгийн Политехникийн коллежид хохирол учирсан ...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-н 125-127-р хуудас/,

Гэрч Ж.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “би энэ удирдамжтай анх удаа танилцаж байна. 2016 оны 01 V сарын 10-25-ны хооронд би сумдад явж ажиллаагүй ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 136-р хуудас/,

Гэрч С.Тнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2015.12.23-ны өдөр манай хас банкны дансаар 4.900.000 шилжүүлсэн. Үүнээс би Чгийн өөрийнх нь дансад 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 900.000 төгрөгийг үнэмлэхний үнэнд шилжүүлсэн...би анзаараагүй гэрээ хийж тэмдэг дарж явуулсан” ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н142-р хуудас/,

Гэрч Н.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “Өрнөх трейд ХХК-г үүсгэн байгуулсан ... 2015.12.23-ны өдөр манай дансаар 4.350.000 төгрөг орж ирсэн. Тухайн өдрөө гаргуулан авсан ...” гэсэн мэдүүлэг/3-р хх-н 144-р хуудас/,

Гэрч С.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “Тэр хүүхэн надад хөдөөнөөс мөнгө шилжүүлж авах хэрэг байгаа юмаа туслаад дансаа ашиглуулаад гаргаад өгөөч гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Дараа нь над дээр гэрээ авч ирж тамга даруулж авсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 146-р хуудас/,

Гэрч Д.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “Ч докторын охин З надаас танай дансыг ашиглаад мөнгө гаргаж авмаар байна гэхээр нь зөвшөөрөөд Авралын гар ТББ-н дансны дугаарыг өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 149-р хуудас/,

Гэрч П.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “төрийн банкны дансанд 280.000 төгрөг орж ирсэн ... захиралд бэлнээр нь өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 164-р хуудас/,

Гэрч Д.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... “гар утсанд 280.000 төгрөг орсон гэж мэдээ ирсэн. Би өөрт бэлэн байсан 280.000 төгрөгөө Ш.Ч захирлын өрөө рүү оруулж өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 165-р хуудас/,

Гэрч Н.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “280.000 төгрөг байсан санагдаж байна. Би бэлнээр гаргуулан аваад захиралд өрөөнд нь оруулж өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 166-р хуудас/,

Гэрч Л.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “захирал Ч чиний данс руу мөнгө орсон байгаа шүү аваад ирээрэй гэж хэлсэн ... 280.000 орчим төгрөгийг гаргаж захирлын өрөөнд оруулж өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 167-р хуудас/,

Гэрч П.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “Ш.Ч ажил дээр таараад чиний данс руу мөнгө орсон байгаа яваад аваад ир гэж хэлсэн ... хүмүүстэй адил хэмжээний мөнгө л орсон байсныг авч өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 168-р хуудас/,

Гэрч Ж.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “захирал Ш.Ч залгаад дансанд мөнгө орсон байгаа бэлнээр авч ирж өг гэсэн. 280.000 төгрөг байсныг захирал Чд өрөөнд нь оруулж өгсөн... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 169-р хуудас/,

Гэрч Ө.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн ... захирал Ч дуудаж байна гэсэн өрөөнд нь орсон дансанд чинь мөнгө орсон байгаа аваад ир гэсэн. Миний дансанд мөнгө байгаагүй болохоор орсон мөнгийг нь авсан. Мөнгөө аваад өрөөнд нь оруулж өгөхөд шууд ширээн дээр тавиад авсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 170-р хуудас/,

Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “Захирал Ч залгаад дансанд чинь мөнгө орсон аваад ир гэсэн. 278.000 төгрөг байсан шиг санагдаж байна. Мөнгийг өрөөнд нь оруулж захиралд өгсөн” ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 171-р хуудас/,

Гэрч Я.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “яваад орсон чинь дансанд чинь 280.000 төгрөг орсон байгаа аваад ир гэж хэлсэн. 280.000 төгрөгийг аваад захирлын өрөөнд мөнгийг нь оруулж өгсөн” ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 172-р хуудас/,

Гэрч Б.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “2015 оны сүүлээр ээж над руу залгаад мөнгө гаргаж авах шаардлагатай байна таньдаг компани байна уу гэж асуусан” ... Д эгчтэй тааралдсан. Орхон сарнай гэдэг компани байгаа гэж хэлээд гаргаж авч болно гэсэн. Үүнээс 2-3 хоногийн дараа байх ээжид хэлээд компанийн нэхэмжлэх бусад баримтыг аваад Баянхонгор руу шуудангаар явуулсан ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 173-р хуудас/,

Гэрч Б.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “ээж надад 2015 оны сүүлээр байх оноос өмнө мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна. Таньж мэдэх компанитай хүн байгаа юу гэж асуусан ... У болно гэж хэлээд Авралын гар байхаа тийм нэртэй төрийн бус байгууллагын данс өгсөн. Би тэр талаарх мэдээллийг ээж рүү мессэжээр явуулсан. ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 174-р хуудас/,

Гэрч П.Пын мөрдөн байцаалтанд өгсөн ... “Оптрон ХХК-г УламБ гэх хүнээс авсан. 2015.12.23-ны өдөр дансанд 4.150.000 төгрөг орж ирсэн. 10 хувийг үлдээгээд 3.750.000 төгрөгийг шилжүүлсэн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 177-р хуудас/,

Гэрч Л.Цын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Цахирдэлбулаг ХХК-г үүсгэн байгуулагч юм. Манай компанийн дансанд МСҮТ-ээс орсон мөнгөнөөс 10 хувийг авч үлдээд нягтлан маань Ш.Ч захирлын данс руу шилжүүлсэн байсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 179-р хуудас/,

Гэрч Л.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Ш.Ч захирал таны дансанд мөнгө орсон аваад ир гэж хэлсэн. 280.000 төгрөг орсон байсан тэр мөнгийг бэлнээр авч Ч захиралд өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 181-р хуудас/,

Гэрч Г.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн ... багш ажилтай Энх-Амгалан бид хоёр нэг айлын бэрүүд. Энх-Амгалан надтай уулзаад мөнгө оруулж гаргах хэрэгтэй байна, дансны дугаараа өгчих гэсэн. Түүний хэлсний дагуу Өврийн баян ус ХХК-ний дансны дугаарыг өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 184-р хуудас/,

Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... чиний дансанд мөнгө орсон байгаа аваад ир гэж хэлсэн. 270.000 төгрөгийг аваад Чд бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 186-р хуудас/,

Гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...миний цалингийн дансанд 270.000 төгрөг ороход бэлнээр нь аваад аваачиж өгсөн. Манай ажилчид данс руу мөнгө орсон байна, Ч захиралд өглөө гэж ярьцгааж байсан ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 188-р хуудас/,

Гэрч Т.Сын мөрдөн байцаалтанд өгсөн “... МСҮТ-ээс миний данс руу мөнгө шилиж орж ирсэн байсан. Тэр мөнгийг бэлнээр өгсөн үү, дансаар шилжүүлж өгсөн үү санахгүй байна. Эхнэр мэдэж байгаа байх ...” гэсэн мэдүүлэг /3-р хх-н 190-р хуудас/,

Гэрч И.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Миний нөхрийг С гэдэг. Захирлын данс хэрэгтэй байна гэхээр нь дансаар мөнгө орж гарч байвал хэрэгтэй байх гэж бодоод нөхрийнхөө дансыг өгчихсөн ... захиралд 2.701.600 төгрөгийг дутаалгүй аваачиж өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 220-р хуудас/,

Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Т чиний дансанд мөнгө орсон байна захирал авч ирж тушаа гэнээ гэж хэлсэн. Мөнгөний хэмжээг тодорхой сайн санахгүй байна. Мөнгийг нь аваад Ч багшийн өрөөнд нь аваачиж өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 191-р хуудас/,

Гэрч Ц.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн “... Ч захирал надтай уулзаад данс руу мөнгө орчихсон байгаа аваад ир гэж хэлсэн. АТМ-ээс 300.000 төгрөг аваад Ч захиралд өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 195-р хуудас/,

Гэрч З.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Уранчимэг багш надтай уулзаад мөнгө шилжүүлж гаргах хэрэгтэй байна та гаргаад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь өөрийнхөө дансыг өгсөн. Данснаасаа бэлэн зарлагадаж гаргаад орж ирсэн бүх мөнгийг Ш.Ч захиралд аваачиж өгсөн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 201-р хуудас/,

Гэрч П.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн “...миний дансанд 283.500 төгрөг орж ирсэн байсан. Тэр дор нь захирал Ч дуудаад дансанд мөнгө орсон байгаа гаргаад аваад ир гэсэн түүний дагуу гаргаж бэлнээр өгсөн ... байрны хүүхдүүдийн амралттай байх хугацааны 7.433.500 төгрөгийг захирал Ч надаас бэлнээр авсан. ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 207-р хуудас/,

Гэрч Т.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “... Сургуулийн дууны клип хийхэд 1.500.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг захирал ингэж гаргасан юм шиг байна ... 2015 оны 6 сард байх 350.000 төгрөг орж ирсэн тэр мөнгийг захирал Ч өөрөө хураан авсан ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 212-213-р хуудас/,

Гэрч Н.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн “... дансаар 350.000 төгрөг орж ирсэн. Гэтэл захирал утсаар яриад данс руу чинь мөнгө хийсэн байгаа авч ирээд өгөөрэй гэсэн ... гэсэн мэдүүлэг /3-р хх-н 229-р хуудас/,

Гэрч Ж.Гы мөрдөн байцаалтанд өгсөн “... коллежийн нягтлан Цэвээнээ гэх хүн яриад Ч захирал данснаасаа мөнгө гаргаад өгөөч гэж байна гэхээр нь би тэгээ тэг гэж хэлээд дансны дугаараа өгсөн. Тэгтэл удаагүй данс руу 3.684.000 төгрөг орж ирсэн. Би буцаагаад дэлгүүрийнхээ худалдагч Гэрэлчимэгийн данс руу 3.540.000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 144.000 төгрөгийг орлогоос гүйцээж өгөөрэй гэж хэлсэн ... үлдэгдэл 144.000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос гүйцээж өгсөн ... гэсэн мэдүүлэг /4-р хх-н 55-56-р хуудас/,

Гэрч Ц.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017/13 дугаартай актын хувьд Ш.Ч багшийн барьдаг байсан 99442166 дугаарын гар утасны 2015-2016 оны төлбөр 2 159 000 /хоёр сая нэг зуун тавин есөн мянга/-н төгрөгийг төсвөөс төлдөг байсан. Би ямар учиртай мөнгө мобиком руу шилжүүлээд байгааг мэдэхгүй байж байгаад 2016 оны 08 дугаар сараас мэдээд төсвөөс төлдөг байсныг болиулаад өөрөөр нь төлүүлдэг болсон ... Энэ актын хувьд доорх тайлбарыг хийе. Манай сургуулийн нэмэлт 030037401 дансанд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 50 сая /тавин сая төгрөг/ орж ирсэн. Тэгэхэд нь би захирал Ш.Ч дээр орж манай дансанд 50 сая төгрөг орж ирсэн байна. Ямар учиртай мөнгө ороод ирэв гэхэд захирал Ш.Ч нь би яамнаас хөөцөлдөж байгаад 50 сая төгрөг дансруу хийлгэсэн гэхэд нь би ямар учиртай мөнгө вэ гэхэд захирал Ш.Ч нь надад тайлбарлахдаа 2016 он гараад сум болон аймгийн бүх сум багуудад мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг сурталчлах, ажил мэргэжилийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулах, түгээмэл мэргэжлүүдээр үйлчилгээ үзүүлэх зорилгоор удирдамж гарсан уг удирдамжын дагуу зарцуулах мөнгө байгаа юм гэж хэлсэн. Тэгэхэд нь би төрийн санд ийм их мөнгөний гүйлгээ хийхгүй. Та энэ удирдамжийн дагуу мөнгө гаргаж авахын тулд худалдан авалт хийх гэж байгаа компанитай гэрээ хийж нэхэмжлэл ирүүлж байж гүйлгээ хийнэ гэж хэлсэн. Тэгтэл 9 компанитай гэрээ хийгээд ирсэн байсан. Ингээд уг 9 компани 3 хувь иргэний дансанд доорх байдлаар мөнгийг шилжүүлсэн. ... Захирлын зүгээс энэ мөнгийг яаралтай авах шаардлагатай гэхэд нь би 50 сая төгрөгийг хэрвээ гаргах юм бол тендер зарлаж байж мөнгийг гаргах ёстой гэхэд он гараад 2016 онд удирдамжинд заагдсан ажлыг хийх юм яаралтай гаргаж авах хэрэгтэй байна гэхэд нь миний хувьд бараа материал нийлүүлэх гэж байгаа компаниас нэхэмжлэл, гэрээ хэрэгтэй. Тэгээд бас нэхэмжлэл нь 5 сая төгрөгнөөс бага байх хэрэгтэй тэгэхгүй бол худалдан авах ажиллагааны тендер болон шилэн дансанд заавал тусгагдаж байж мөнгө олгох ёстой болно гэж хэлсний үндсэн дээр 9 компаниас ирсэн нэхэмжлэл гэрээ нь 5 сая төгрөгнөөс бага мөнгөн дүнтэйгээр Ш.Ч багш материалыг бүрдүүлж оруулж ирж би шилжүүлэх болсон. Миний хувьд энэ 9 компанийн хүмүүстэй уулзаж гэрээ хийгээгүй надтай эдгээр 9 компани ямар нэгэн хүн ирж уулзаагүй. Надад гэрээ болон компани дансуудыг захирал оруулж ирж өгсөн. Би тэрнийх нь дагуу мөнгийг нь хийсэн бөгөөд нийт 38,767,900 төгрөг болж үлдэгдэл 11,232,100 төгрөгийг нь яах вэ гэхэд Ш.Ч багш Урнаа гэж багшид хэлж З.Энхтуяа гэж хүнийг олж ирж гэрээ хийж 4.846.500 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг болохоор манайд бараа материал нийлүүлдэг Ж.Г, манайд багш хийдэг И.Б багшийн нөхөр Т.С нарын дансанд хийсэн юм. Энэ 9 компани болон 3 иргэний дансанд зөвхөн мөнгө шилжүүлж дараа нь уг мөнгийг Ш.Ч багш авсан гэсэн. ... Актаар зөрчил заагдсан 7,433,500 төгрөгийн хувьд болохоор энэ мөнгө нь дотуур байрны хүүхдүүдийн хоолны мөнгө бөгөөд миний хувьд нярав Дарьд 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нийт 11,345,815 төгрөгийг 030037009 дугаар өөрийн сургуулийн үндсэн данснаас авч хүүхдүүдийн хоолны мөнгийг тараа гэж өгсөн байсан. Тэгтэл шалгалтаар нярав Дарь нь миний хүүхдүүдэд өг гэсэн хоолны мөнгөнөөс 3,912,350 төгрөгийг дотуур байрны хүүхдүүдэд өгөөд үлдэгдэл 7,433,450 төгрөгийг захирал Ш.Чд өгсөн талаар хэлсэн байсан. Миний хувьд мөнгийг хүүхдүүдэд тараасан гэсэн ойлголтой байсан. Учир нь байрны багш Уранчимэг, нярав Дарь нар нь хүүхдүүдэд мөнгийг бүрэн тараасан тухай 165 хүүхдийн гарын үсэг бүхий 4 хуудас жагсаалтыг өгсөн байсан ... Сургуулийн захирал Ш.Чгийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 51 дугаартай тушаалаар 25 нэр бүхий багш ажилчидыг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд сургуулиин хичээлийн болон дотуур баирны урсгал засвар, гадна тохижилтын ажлыг гүйцэтгүүлэхээр тушаал гарч хүн тус бүрийг 350,000 төгрөгөөр цалинжуул гэсний дагуу миний бие уг ажилчин, багш нарын картанд мөнгийг бодож 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр бүгдийг шилжүүлсэн. Ингэхдээ 25 багш ажилчдад шилжүүлэх 8,750,000 төгрөг буюу нэг хүнд шилжүүлэх 350,000 төгрөгнөөс холбогдох суутгал 1,648,640 төгрөгийг хасаж 23 албан хаагчид 283,500 төгрөг 2 алба хаагч буюу Ч.Пүрэвмаа, Б.Э нарт 290.430 гээд нийт 7,101,360 төгрөг шилжүүлсэн … Захирал Ш.Ч нь өөртөө буюу хувьдаа гар утас худалдаж авсан бөгөөд гар утасныхаа үнийг төл гэж надад үүрэг өгч би төлбөрийг сургуулийн төсвийн шуудан холбооны зардлаас гаргаж төлж байсан. Би захирал Ш.Чд ингэж таны гар утас худалдаж авсан төлбөрийг төлж болохгүй гэж 2-3 удаа хэлж байсан боловч Ш.Ч багш нь би өөрөө дараа нь төлчихнө одоогоор шуудан холбооны мөнгөнөөс төлж бай гээд төлүүлдэг байсан …гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 231-243/,

Шүүгдэгч Ш.Чгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 50.000.000 төгрөгийн хувьд би 2014 онд сургуулиа полтехникийн коллеж болгох тухай асуудлыг яаманд тавьж. Ингэхийн тулд сургалтын тоног төхөөрөмж, мэргэжлийн сурах бичиг, гарын авлагатай байх ёстой. Ингээд сургуульдаа номын сан байгуулсан. Оросын холбооны улсад байдаг хамтран ажилладаг хүмүүсдээ 16 мэргэжлээр 50.000.000 гаруй төгрөгийн сурах бичиг захиалсан байсан. Бсайхан сайд миний ажлыг дэмжээд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Энэ мөнгийг 7 хоногийн дотор гаргаж авахгүй бол буцааж татна гэсэн. Ингээд би бүх таньдаг хүмүүсээ цуглуулаад дансаар нь дамжуулаад 50.000.000 төгрөгийг гаргаж авсан. Орос улсад байгаа хүмүүс маань урьдчилгаа явуулах шаардлагатай гээд нийт 20.000 гаруй долларыг явуулсан. Одоо болтол би тэр хүмүүстэй холбоотой байдаг. Бүх мөнгө шилжсэний дараа Орос улсад очиж сурах бичгээ авчирахаар тохиролцсон байсан. Гэтэл 2017 онд би ажлаасаа халагдаж тэр хүмүүстэй харилцах эрх бүхий субъект биш болсон. Мөн 25 хүнээс нийт 8.000.000 төгрөг авсан нь үнэн. 2019 онд Олон улсын магадлан итгэмжлэгдсэн сургууль болохоор тохиролцож төлөвлөсөн байсан. Энэ чиглэлээр 5.000.000 доллар Индонез улс руу явуулах ёстой болоод багш нараас мөнгө хураасан. 50.000.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг аймаг, сумуудаар явж сургуулиа сурталчилах үйл ажиллагаанд зориулсан. Сургуулийн дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн хоолны мөнгө болох 7.400.000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ мөнгийг сургуулийн дотуур байрны шалыг солих зорилгоор авсан пракетин шалны төлбөрт өгсөн. Тухайн пракетин шалыг өмнө нь зээлээр авчихсан байсан. Би санхүүгийн сахилга зөрчсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үүний гол зорилго нь сургуулиа хөгжүүлэхийн төлөө байсан. Энэ санаачилсан ажлуудаасаа болоод би өөрөө ч санхүүгийн хувьд маш их хохирсон учраас өмгөөлөгч ч авч чадаагүй ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ... хохиролыг төлж барагдуулна … гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолууд /3-р хх-н 107, 6-р хх-н 100-101/

Баянхонгор аймаг дахь Политехникийн коллежийн 2015-2016 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналтын шалгалтын ажлын тайлан /1-р хх-н 132-154-р хуудас/,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2017/10, 2017/13, 2017/09, 2017/08 дугаартай актууд /1-р хх-н 17-24-р хуудас/,

Баянхонгор аймгийн магадлан итгэмжлэгдсэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 51, 49, 48 дугаарт тушаалын хуулбарууд /1-р хх-н 39-42-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 026 дугаартай шинжээчийн дүгнэлт /4-р хх-н 4-9-р хуудас/,

Шүүгдэгч Ш.Чгийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 48, 51/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Ш.Ч нь Баянхонгор аймгийн Политехникийн коллежийн захирлаар ажиллаж байхдаа 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үндсэн багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 дугаартай тушаал гарган 25 багш, ажилтанд 8.750.000 төгрөгийн цалин олгож, багш ажилтнуудаас буцаан хураан авч ашигласан,

2016 оны 2 дугаар сард ирцийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж, суралцагчдын хоолны мөнгөнөөс 7.433.500 төгрөг бэлнээр авч ашигласан,

Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч ашигласан,

2015, 2016 онуудад өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын утасны төлбөр болох 2.159.900 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний буюу нийт 68.343.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Политехникийн коллежийн 2015-2016 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналтын шалгалтын ажлын тайлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2017/10, 2017/13, 2017/09, 2017/08 дугаартай актууд, Баянхонгор аймгийн магадлан итгэмжлэгдсэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 51, 49, 48 дугаарт тушаалын хуулбарууд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 026 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч М.Эы, Ж.Б, Т, Н.Г, С.Д, Д.У, П.О, Д.Б, Н.Б, Л.Г, П.Э, Ж.Э, Ө.Т, А.Б, Я.Д, Б.А, Б.З, П.П, Л.Ц, Л.М, Г.А, Д.Б, Б.М, Т.С, И.Б, Б.Ц, Ц.Ц, З.Г, П.Дарь, Т.Б, Н.Г, Ж.Г, Ц.Ц нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ш.Чгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээн хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжигдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Ш.Ч нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хийсэн хууль бус үйлдлийн улмаас 68.343.400 төгрөгийн их хэмжэээний хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Билэгсайханаас шүүгдэгч Ш.Чд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ш.Чг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.Ч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт анх удаа холбогдсон ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.Ч нь гэмт хэргийн улмаас нийт 68.343.400 төгрөгийн хохирол учруулсанаас 2.160.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан ба үлдсэн хохирол болох 66.183.400 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үлдсэн хохирол болох 66.183.400 төгрөгийг шүүгдэгч Ш.Чгээс гаргуулж хохирогч байгуулгага болох Баянхонгор аймгийн Политехникийн коллеж /захирал Б.Б/-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Ч нь бусдад төлөх төлбөртэй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ш.Чгийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Шинэ төгөл хотхонд байрлах Г-0320001278 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, Ү-0320003348 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2015 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 10 хуудас, 2015 оны санхүүгийн тайлан 19 хуудас, 2016 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 16 хуудас, 2016 оны санхүүгийн тайлан 23 хуудас зэргийг Баянхонгор аймгийн Политехникийн коллежид буцаан олгож, орлогын мэдүүлэг 5 ш, гараар бичсэн баримт 2ш сургуулийн сүлд дууны клип бүхий сиди 1ш, Цагаан сар теле концертын бичлэг бүхий сиди 1ш зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Ш.Чгэээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 800.000 төгрөг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн/100900012005 тоот данс/-д олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ш.Чг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Чд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Чгийн засрал, хүмүүжилд хяналт тавих болон гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Чд мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ш.Чгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Чгээс 66.183.400 төгрөг гаргуулж хохирогч байгуулгага болох Баянхонгор аймгийн Политехникийн коллеж /захирал Б.Б/-д олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Чгэээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 800.000 төгрөг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн/100900012005 тоот данс/-д олгосугай.

9. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ш.Чгийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Шинэ төгөл хотхонд байрлах Г-0320001278 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, Ү-0320003348 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2015 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 10 хуудас, 2015 оны санхүүгийн тайлан 19 хуудас, 2016 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 16 хуудас, 2016 оны санхүүгийн тайлан 23 хуудас зэргийг Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд буцаан олгож, орлогын мэдүүлэг 5 ш, гараар бичсэн баримт 2ш сургуулийн сүлд дууны клип бүхий сиди 1ш, Цагаан сар теле концертын бичлэг бүхий сиди 1ш зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

11. Шүүгдэгч Ш.Ч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА