Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/56

 

Ш.*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Сүхбат

Шүүгдэгч Ш.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.*******д холбогдох эрүүгийн 2014000000437 дугаар хэргийг 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт Шархүүгийн *******, эмэгтэй, дээд боловсролтой багш мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, урьд ял шийтгэлгүй,

Ш.******* нь нийтийн албан тушаалд буюу Баянхонгор аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гаргаж 25 багш, ажилтанд 8750000 төгрөгийн цалин олгож улмаар багш ажилтнуудаас буцаан хураан авч 2016 оны 02 дугаар сарын 15-ны үед дотуур байранд амьдардаг суралцагчдын 2 дугаар сарын хоолны мөнгөнөөс 7433500 төгрөг бэлнээр авч Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч ашигласан. Мобиком компаниас хувьдаа худалдаж авсан гар утасны болон өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 030037009 дугаар данснаас 2.159.936 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлж, төсөвт их хэмжээний буюу нийт 68.343.436 төгрөгийг хохирол учруулсан, завшсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хатигин овогт Шархүүгийн *******д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Хатигин овогт Шархүүгийн *******д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Хатигин овогт Шархүүгийн *******г төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж байгууллагын хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар шүүгдэгч Хатигин овогт Шархүүгийн *******г тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу есөн сая долоон зуун ерэн хоёр мянган / 9.792.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялаас ноцтойгоор  зайлсхийвэл шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар шүүгдэгч Ш.*******гийн тодорхой албан тушаал эрхлэх  эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 512 дугаар зүйлийн 512.4-д зааснаар шүүгдэгч Ш.*******гээс дөчин найман сая долоон зуун дөчин есөн  мянга есөн зуун жаран гурван  / 48.749.963 / төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Политехник коллежид, гурван сая хоёр зуун мянган / 3.200.00 / төгрөг гаргуулж Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнд олгохыг олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар орлогын мэдүүлэг таван ширхэг, гараар бичсэн баримт хоёр ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Сүлд дууны СД, Цагаан сарын концерт бүхий СД, Политехник коллежийн 2015 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 10 хуудас, санхүүгийн тайлан 19 хуудас, 2016 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 16 хуудас, 2016 оны санхүүгийн тайлан 23 хуудас зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу Баянхонгор аймаг дахь Политехник коллежид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч Ш.*******гийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Шинэ төгөл хотхонд байрлах Г0320001278 дугаартай газар, Ү 0320003348 үл хөдлөх байрыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, төсөвт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Шархүүгийн ******* нь 1963 онд Баянхонгор аймагт төрсөн. Одоо 57 настай. Тэтгэвэрт гарсан. Миний бие өөрийн гэм буруугаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дугаар зүйлчлэлд шийтгэгдсэн юм. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 30.10 дугаар зүйлийн 4-д заасны дагуу дараах асуудлаар гомдол, хүсэлт гаргаж байна. Үүнд хавтас хэрэгт авагдсан мобикомын утсыг хувьдаа худалдан авч гар утасны болон өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөрийг МСҮТ-ийн данснаас 2.159.936 төгрөгийг төсвийн мөнгөөр төлүүлж их хэмжээний хохирол учруулсан ... гэсэн яллах дүгнэлтэд шийтгэгдсэн. Үүнд тайлбар өгөх хэрэгтэй юм. 2015, 2016 онуудад төсөвт шуудан холбооны зардалд 4.5 сая төгрөг тусгагдаж батлагдсан. Сар бүр 400-450,0 төгрөгийг зарцуулах ёстой. Энэ он жилүүдэд манай сургууль гадаад харилцаагаа өргөжүүлж сургуулийн дэргэд дадлагын плантаци байгуулах, олон улсын магадлан итгэмжлэлд орох, 2002 оны политехникийн дээд сургууль байгуулах зэрэг ажлуудад гадаадын олон улс орнуудын түншлэгчидтэй холбогдох шаардлага гарч ирсэн. Бид АНУ, ОХУ, Герман, Хятад, Сингапур, Малайз, Индонез, Австрали зэрэг улсуудтай харилцаа холбоотой ажиллаж байсан. Энэ хүрээнд утсан харилцаанд нэлээд зардал гарч байсан. Гэхдээ миний тухайн үед албан хэрэгцээнд ашиглаж байсан суурин утас шаардлага хэрэгцээ хангахгүй, үнэ төлбөр харьцангуй өндөр байсан учир суурин утасны хэрэглээгээ зогсоож, 99442166 дугаараар албаны бүх ажлыг амжуулж байсан. Суурин утас 70442686 дугаарыг ашиглаагүй юм. Дотоодын харилцагчид ч бас суурин утас ашиглах нь ховордож хүн бүр үүрэн телефоноор харилцдаг болсон. Ийм учраас 2015, 2016 онд захирлаар ажиллаж байх үеийн гар утас хэрэглэсэн зардал зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдаагүй гэдгийг шалгаж тодруулж өгөх талаар хүсэлт гаргаж байна. Албан ажлын хэрэгцээнд ашигласан юм. Миний хувьд сургуулийн ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх, цаг алдахгүй байх, зөвхөн суурин үедээ ажлаа гүйцэтгэхээс гадна томилолтоор гадаад, дотоодод ажиллахдаа ажлаа давхар гүйцэтгэх мөн төсөв зардлаа хэмнэх зорилгоор 99442166 дугаарыг ашиглаж байсан юм. Иймд албан хэрэгцээнд ашиглаж байсан утасны төлбөр, зардлыг гэмт хэрэг гэж үзсэн шийтгэх тогтоолыг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлж гомдол хүсэлт гаргаж байгааг үүгээр хүлээн авна уу, 2021 оны 7 сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/177 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.*******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд  дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад.;

Шүүгдэгч Ш.******* нь нийтийн албан тушаалд буюу Баянхонгор аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлаар /хуучнаар/ ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гаргаж 25 багш, ажилтанд 8750000 төгрөгийн цалин олгож улмаар багш ажилтнуудаас буцаан хураан авч Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч ашигласан,

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Мобиком компаниас хувьдаа худалдаж авсан гар утасны болон өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөрт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 030037009 дугаар данснаас 2.159.936 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлж нийт 50.909.936 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Дээрх үйл баримт нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч байгууллагын төлөөлөгч Б.Бат-Орших, гэрч М.Энх-Отгон, Д.Бадамгарав, Ж.Баярмаа, С.Тосонхүү, Н.Галдмаа, С.Долгормаа, Д.Ундраа, П.Оюунчимэг, Д.Баяр, Н.Болормаа, Л.Гиймаа, П.Эрдэнэчимэг, Ж.Эрдэнэдалай, Ө.Төгсгэрэл, А.Батхолбоо, Я.Дорж, Б.Ариунзаяа, Б.Золзаяа, Ц.Батсайхан, П.Пүрэвдулам, Л.Цэдэнжав, Л.Мягмарсүрэн, Л.Алгаа, Д.Бямбазундуй, Д.Мөнхтуяа, Т.Содовжамц, И.Батгэрэл, Б.Цэрэндэндэв, И.Цэрэнмаа, З.Гэрэлтуяа, П.Дарь, Т.Баяржаргал, Ш.Уранцэцэг, Н.Ганхүү, Ж.Гэрэлсайхан, Д.Цулбуур, Д.Уранчимэг, Ж.Гэрэлчимэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 026 дугаар дүгнэлт /4-р хх-ийн 4-9/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 213 дугаар дахин дүгнэлт /7-р хх-ийн 133-138/ болон  хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй,  шүүх хэргийг шийдвэрлэж, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай,  анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлт  дэх Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон хөнгөрүүлсэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь зөв  байна.

Мөн анхан шатны шүүх  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д  заасан төрөл хэмжээний хүрээнд  ял  оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  шүүгдэгч Ш.*******д  торгох ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин шүүгдэгч Ш.*******гийн “...өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын хэрэглээний төлбөр 2.159.936 төгрөгийг МСҮТ-ийн данснаас төлүүлсэн нь 2015, 2016 онд захирлаар ажиллаж байх үеийн гар утас хэрэглэсэн зардал зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдаагүй гэдгийг шалгаж тодруулах..., төсөв зардлаа хэмнэх зорилгоор 99442166 дугаарыг ашиглаж байсан...”-ыг дахин шалгаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.*******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Л.НЯМДОРЖ