| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 149/2016/00084/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-04-05 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 27
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Я.Туул
Д.Буянжаргал
Оролцогчид:
Прокурор Э.Энхбат
Ялтны өмгөөлөгч: А.Хандмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Ванчинсүрэнгийн Билэгдэмбэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020142 дугаартай, 149/2016/00084/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, халх, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд 1994 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хараа 1 дүгээр баг, Найрамдлын хэсгийн 1-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Ванчинсүрэнгийн Билэгдэмбэрэл /РД:МБ 94120812/
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч В.Билэгдэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Нарийн хөндий гэх газар Улаанбаатараас Сэлэнгэ аймаг чиглэл төв асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 96-98 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж С.Хүрэлсүхийн цолоодон явсан 31-30 УБВ улсын дугаартай “Тоёота
2.
приус-30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн К.Аман, Д.Мягмарсүрэн, Б.Цэндсүрэн нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, “Тоёота приус-30” маркийн автомашинд үлэмж хэмжээний хохирол буюу 10.698.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх В.Билэгдэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 12 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Боржигон овогт Ванчинсүрэнгийн Билэгдэмбэрэл нь согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчснөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар В.Билэгдэмбэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51/тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөч/ төгрөгөөр торгож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар В.Билэгдэмбэрэл нь торгох ялаас ноцтойгоор зайлхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулж,
-Энэ хэрэгт хураагдан ирсэн Toyota Landcriuser 80 загварын 96-98 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг №01089810 дугаартай гэрчилгээг өмчлөгчид нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч В.Билэгдэмбэрэл нь цагдан хоригдсон хугацаагүйг тус тус дурдаж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар В.Билэгдэмбэрэлээс бусдын эд хөрөнгө эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 11.053.050 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 27А-05 тоотод оршин суух /РД:ТД-87092711/, Боржигон овогт Сумъяагийн Хүрэлсүхэд олгуулж,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар энэ зам тээврийн ослоос учирсан гэмтлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан В.Билэгдэмбэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
“...Өрх дотор тодорхой эрхэлсэн ажилтай хүн байхгүй бөгөөд аав Б.Ванчинсүрэн нь харвалтын улмаас хэвтэрт, ах В.Билэгжаргал нь сэтгэцийн өвчтэй тул байнгын хүний асаргаанд байдаг тул ар гэрээ тэжээхийн тулд хадлангийн газар үзэж яваад осол аваар хийсэн.
2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нарийн хөндий гэх газарт 96-98 УБЗ дугаартай Landcriuser 80 маркийн автомашин жолоодож явахдаа өөрийн анхаарал болгоомжгүйгээс 31-30 УБВ дугаартай Toyota prius-30 машиныг мөргөсөн. Тухайн үед миний бие согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд зөвхөн ингэний хоормог нэг аягыг уусан. Хэрэг гарсны дараа миний цуснаас шинжилгээ авсан бөгөөд уг шинжилгээгээр цусанд этилийн спирт илрээгүй болохыг шинжээчийн дүгнэлт нотолсон. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс өгсөн торгуулийн хэмжээг хөнгөрүүлэн шийдэж өгнө үү...” гэжээ.
3.
Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...В.Билэгдэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Нарийн хөндий гэх газар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргаж, 3 хүний биед хүндэвтэр гэмтэл, Тоёота приус-30 загварын тээврийн хэрэгсэлд 10.698.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн үед В.Билэгдэмбэрэл нь айлаас ингэний хоормог нэг аягыг уугаад гарсан өөр архи пиво уугаагүй, айлд ороход ингэний хоормог нэг аягыг өгөхөөр нь сонирхоод уусан гэж тайлбарладаг. В.Билэгдэмбэрэл согтууруулах зүйл уусан эсэхийг хангалттай сайн тогтоогоогүй байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэж хийсвэр дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж шийдсэнд гомдолтой байна. Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах 2016.04.25-ны өдрийн А/138, А/131 тоот журмын 1.6-д Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно гэж заасан байдаг. Гэтэл шинжээчийн 2016.01.06-ны өдрийн 5793 тоот дүгнэлтээр В.Билэгдэмбэрэлийн цусанд этилийн спирт илрээгүй байдаг. Шүүх хурал дээр шинжээч эмч хүний биед тодорхой хугацааны дараа хөлс, амьсгалаар этилийн спирт гадагшлах боломжтой гэсэн. Түүнээс биш тийм хэмжээний архи уусан хүн тэдэн цагийн хугацаанд цусанд спирт байна гэж нарийн тайлбар өгөөгүй ээ. В.Билэгдэмбэрэлийн цусыг 2-3 хоногийн дараа авч шинжилгээнд явуулаагүй тухайн өдрөө л авсан. Үнэхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол цусанд тодорхой хэмжээгээр спирт байх ёстой. Тэгэхлээр В.Билэгдэмбэрэл согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломж байхад шүүх анзаарч үзэлгүй шийдсэнд гомдолтой байна. Иймээс В.Билэгдэмбэрэлд холбогдох хэргийн зүйчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн, хөнгөн хэрэг гарснаас хойш Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирлын хувьд чадах чинээгээрээ төлөх болно...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ:
Энэ гэмт хэрэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Драйвер багажаар согтолтын зэрэг тогтоосон байдал хохирогчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг заавал нотлох баримтад үнэлэх шаардлагагүй. Шинжээчийн дүгнэлтээр спиртийн зүйл илрээгүй ч гэсэн бусад нотлох баримтууд хангалттай байдаг. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Тодорхойлох нь:
В.Билэгдэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Нарийн хөндий гэх газар Улаанбаатараас Сэлэнгэ аймаг чиглэл төв асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 96-98 УБЗ улсын
4.
дугаартай “Тоёота ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж С.Хүрэлсүхийн цолоодон явсан 31-30 УБВ улсын дугаартай “Тоёота приус-30” маркын тээврийн хэрэгслийг мөргөж, “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн К.Аман, Д.Мягмарсүрэн, Б.Цэндсүрэн нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, “Тоёота приус-30” маркийн автомашинд үлэмж хэмжээний хохирол буюу 10.698.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх В.Билэгдэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 12 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Боржигон овогт Ванчинсүрэнгийн Билэгдэмбэрэл нь согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчснөөс бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар В.Билэгдэмбэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01/нэг/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51/тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 /арван хоёр сая хоёр зуун дөч/ төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
В.Билэгдэмбэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Нарийн хөндий гэх газар Улаанбаатараас Сэлэнгэ аймаг чиглэл төв асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн 96-98 УБЗ улсын дугаартай “Тоёота ланд крузер-80” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчин эсрэг урсгалд орж С.Хүрэлсүхийн жолоодон явсан 31-30 УБВ улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан иргэн К.Аман, Д.Мягмарсүрэн, Б.Цэндсүрэн нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, “Тоёота приус-30” маркын автомашинд үлэмж хэмжээний хохирол буюу 10.698.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Хүрэлсүх, шүүгдэгч В.Билэгдэмбэрэл, шинжээч Д.Золзаяа нарын өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 225-231-р ху/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн /хх-ийн 35-36-р ху/, Б.Цэндсүрэн /хх-ийн 41-42-р ху/, Н.Аман / хх-ийн 73-74-р ху/, гэрч С.Одгэрэл /хх-ийн 80-р ху/, Ц.Төмөр-Очир /хх-ийн 82-83-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8-р ху/,Шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹36 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ¹08 шэ/333 тоот дүгнэлт /хх-ийн 93-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ¹08 шэ/334 тоот дүгнэлт /хх-ийн 96-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ¹9171 тоот дүгнэлт /хх-ийн 102-р ху/ Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн
5.
¹9142 тоот дүгнэлт /хх-ийн 99-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан, тухайн гэмт хэргийн хэргийн гэм буруугийн асуудлаар ялтан болон түүний өмгөөлөгч нар ямар нэгэн гомдол саналгүй байна.
Ялтан В.Билэгдэмбэрэлийн өмгөөлөгч А.Хандмаагийн гаргасан давж заалдах гомдлын дагуу В.Билэгдэмбэрэлд холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад Монгол Улсын Эрүүл Мэнд Спортын сайд, Хууль Зүйн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар А/138, А/131 тоот тушаалаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно…” гэж заасан бөгөөд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ¹5793 тоот “Билэгдэмбэрэл 21/эр” гэсэн хаягтай цусанд спиртийн агууламж илрэхгүй байна…” гэсэн дүгнэлт гарсан байна.
Гэвч тухайн гэмт хэрэг 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг 38 минутын орчимд гарсан бөгөөд мөн журмын 2.3-д заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 20 минутад хөндлөнгийн гэрчийг байлцуулан согтуурал шалгах багажаар В.Билэгдэмбэрэлийн согтуурлын хэмжээг шалгахад 0.45 промиль гарсан нь уг журмын 2.5-д “…Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ…” гэсэн заалттай тохирч байгаа, гэмт хэрэг гарснаас хойш 07 цаг гаруй хугацааны дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 04 цаг 10 минутанд В.Билэгдэмбэрэлээс шинжилгээнд цусны дээж авсан /хх-ийн 109-р ху/ бөгөөд энэ хугацаанд цусанд агуулагдсан спирт арилах буюу ялгарах боломжтой болох нь химийн шинжээч Д.Золзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Амьд хүний тухайд бодисын солилцоо нь тасралтгүй явагдаж байгаа учраас биеэс нь тодорхой хугацааны дараа шээсээр, хөлсөөр, амьсгалаар ялгарч гарах бүрэн боломжтой…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 228-р ху/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул В.Билэгдэмбэрэлийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, В.Билэгдэмбэрэлд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхийг хүссэн ялтан В.Билэгдэмбэрэл болон түүний өмгөөлөгч А.Хандмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан В.Билэгдэмбэрэл болон түүний өмгөөлөгч А.Хандмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Д.БУЯНЖАРГАЛ