Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0491

 

  

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 378 дугаар шийдвэртэй, Д.Д-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын /Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар/ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны явцад, шүүх маргаан бүхий газар дээр очиж хэмжилт хийхдээ дутуу хийсэн, цэцэрлэгийн зоорийн давхар луу орж гарч буй хэсгийн хэмжилтийг аваагүй байгааг тэмдэглүүлж, холбогдох талбайг нийт барилгажих талбайд оруулан тооцох хүсэлтийг гаргасан. Уг зоорийн давхарын орц гарцын асфальтсан зам болон хашлагын талбайг, мөн барилгын консол, довжоо зэргийг хэмжиж үзвэл нийтдээ эдэлбэр газрын 87 хувиас илүүд нь барилгажсан байна. Энэ нь Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-ын “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэсэн заалт болон норм дүрмийг зөрчсен. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны тушаалаар сургалт, хүмүүжлийн байгууллагад мөрдөх шаардлагад заасан шаардлагуудыг зөрчсөн.

Мөн иргэн Э.Б-т олгогдсон 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2016/16-19 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь цэцэрлэг, сургалтын төвийн норм дүрмийг хангасан нийт 1705 м2 газрын 258 м2 талбайд барилгажихаар зааж өгсөн захиргааны акт байсан. Гэвч 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь өмнөх даалгаврын хэмжээнээс хэд дахин томоор баталсан байна. Гэтэл уг даалгавар гарахаас 10-хан хоногийн өмнө, Хот Байгуулалт, Хөгжлийн газраас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 03/779 дугаартай албан бичгээр иргэн Э.Б-т 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг ба тус албан бичгийг нотлох баримтаар өгсөөр байхад шүүх үнэлээгүй орхигдуулсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын хувьд иргэн Э.Б нь холбогдох зөвшөөрлүүдээ хууль дүрэм журамд заасны дагуу авсан гэж үзсэн нь хэт нэг талыг баримталсан үндэслэл болсон

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам" ын дагуу хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчээс санал авах байсан гэж маргасан боловч гуравдагч этгээд нь өөрийн эзэмшил газар дээрээ сургалтын төвийн зориулалттай барилга барьсан, нэхэмжлэгч барилга бариагүй, өмчлөгч биш тул санал авах шаардлагагүй гэж шүүх дүгнэсэн. Гэвч тус журмын 4 дүгээр зүйлд хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс гэж заасан ч газрын хувьд газрын өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас санал авч холбогдох норм, дүрэмд нийцүүлэн төлөвлөлтийг хариуцагч байгууллага хийдэг байхад шүүх нэг талыг барьж дүгнэлт гаргасан.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хувьд: Барилгын тухай хууль, Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу улсын комисс авсан гэж шүүх дүгнэсэн. Уг журамд улсын комисс барилгыг хүлээн авахад санал авахыг, норм дүрмийг тусгаагүй гэжээ. Гэтэл уг комиссын бүрэлдэхүүн нь холбогдох мэргэжлийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Норм, дүрэмд заасан зай хэмжээ зөрчигдсөн, мөн түүнчлэн батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан зориулалтыг өөрчилсөн, барилгажих талбайг хэтрүүлсэн зэрэг зөрчлийг комиссын гишүүд илрүүлэн уг барилгыг хүлээн авахгүй, зөрчлийг арилгуулах чиг үүрэгтэй боловч зөрчлийг арилгуулалгүй хүлээж авсан нь хууль бус юм.

Иймд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0387 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.5 дах заалтыг зөрчсөн байх тул уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Д.Д-ээс “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын /Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар/ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

            1.“Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Архитектур төлөвлөлтийн даалгавраар[1] 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай гуравдагч этгээд Э.Б нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, орон сууцны 84 дүгээр байрны урд талд 1062 м2 талбайд сургалтын төвийн зориулалттай 3 давхар /зоорьтой/ барилга барихаар төлөвлөж, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулжээ.

            Нэхэмжлэгч Д.Д-ээс тус Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар “...журмын дагуу хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчээс санал авах байсан” гэж маргасан бөгөөд давж заалдах гомдолдоо “ ...журмын 4 дүгээр зүйлд хөрш, залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс гэж заасан ч газрын хувьд газрын өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас санал авч холбогдох норм, дүрэмд нийцүүлэн төлөвлөлтийг хийдэг... ” гэжээ.

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана”, 4.2-т “Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно”, 4.2.1-д “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад”, 4.3.1-д “...дор дурьдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс”, 4.3.1.1-д “2-4 давхар барилгад 15 метр” гэж тус тус заажээ.

            Тус журамд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авахаар заасан байх бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Д нь өөрийн өмчлөлийн уг газартаа 16 давхар орон сууц барихаар 2017 оны 04 дүгээр  сарын 24-ний өдрийн  МЗХ2017/07-27 дугаар  Архитектур  төлөвлөлтийн даалгаврыг[2]  батлуулсан хэдий ч өөрийн эзэмшил бүхий газартаа барилга, байгууламж бариагүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болоогүй нь талуудын тайлбар, мөн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар[3] тогтоогдож байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            2. Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

            Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаар дүгнэлтээр[4] “...Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 2 давхар хүчин чадал бүхий сургалтын төвийн зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт хийсний үндсэн дээр тус барилгыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч нь тус дүгнэлтийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан барилгын норм ба дүрмийг заавал мөрдөхөөр заасан байхад цэцэрлэгийн барилгын нормд 2 давхар байх заалтыг зөрчиж 3 давхар барилга барьсан нь хууль, дүрэм зөрчиж барилгаа барьсан” гэж маргажээ.

            Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс

ажиллуулна” гэж тус тус заажээ.

Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан 25 хүний бүрэлдэхүүнтэй Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь тухайн барилга, байгууламжид 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаанд тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг хийж, мөн өдрөө комиссын хурал хийж, комиссын гишүүдээс үүрэг, даалгавар өгч, уг үүрэг даалгаврын биелэгдсэн байдалд үндэслэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо иргэн Э.Б-ийн сургалтын төвийн барилгыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, иргэн Э.Б-ийн “Сургалтын төв”-ийн барилгыг байнгын  ашиглалтад  оруулах  комиссын  хурлын тэмдэглэл[5], 2019 оны  10  дугаар

сарын 28-ны өдрийн 2019/519 дүгээр дүгнэлт[6] зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Хэрэгт авагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар[7], барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ[8], барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл[9] зэргээс үзэхэд маргаан бүхий уг дүгнэлтийг дээрх хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан гэж үзэхээр байх бөгөөд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “Барилгын зураг төсөл дараах шаардлагыг хангасан байна: эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”,14 дүгээр зүйлийн 14.1-д “Барилга байгууламж дараах шаардлагыг хангасан байна”, 14.1.1-д “зураг төслийн дагуу баригдсан байх”, 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.3-д “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж тус тус заажээ.

Гуравдагч этгээд Э.Б-т Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/562 дугаар захирамжаар[10] Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 1705 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, үйлчилгээний орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ. Э.Б нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эзэмшил газрынхаа зориулалтыг зоорийн давхар бүхий цэцэрлэг, сургалтын төв болгож өөрчлөх хүсэлт[11] гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/282 дугаар захирамжаар дээрх газрын зориулалтыг цэцэрлэг, сургалтын төвийн зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ[12] олгосон.

Э.Б нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж “...2-3 давхар хувийн цэцэрлэг /зоорийн давхар бүхий/ барихаар төлөвлөж байгаа тул архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгнө үү” гэх хүсэлтийг[13] хүргүүлсний дагуу 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр МЗХ2016/16-19 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар[14] олгосон.

Дээрх архитектур төлөвлөлтийн даалгаварт тодотгол хийлгэх хүсэлт[15] гаргасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар[16] олгосон. Дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийг үндэслэж, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 430/2018 дугаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл[17] олгосны дагуу уг барилга байгууламжийг барьж, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дүгээр дүгнэлтийн дагуу ашиглалтад оруулжээ.

            Эдгээр үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн “Норм, дүрэмд заасан зай хэмжээ зөрчигдсөн, мөн түүнчлэн батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан зориулалтыг өөрчилсөн, барилгажих талбайг хэтрүүлсэн зэрэг зөрчлийг комиссын гишүүд илрүүлэн уг барилгыг хүлээн авахгүй, зөрчлийг арилгуулах чиг үүрэгтэй боловч зөрчлийг арилгуулалгүй хүлээж авсан нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

 


[1] 1 хавтаст хэргийн 83-84 дэх тал

[2] 1 хавтаст хэргийн 65-66 дахь тал

[3] 1 хавтаст хэргийн 161-170 дахь тал

[4] 1 хавтаст хэргийн 46-49 дэх тал

[5] 1 хавтаст хэргийн 50-55 дахь тал

[6] 1 хавтаст хэргийн 46-49 дэх тал

[7] 1 хавтаст хэргийн 63 дахь тал

[8] 1 хавтаст хэргийн 56 дахь тал

[9] 1 хавтаст хэргийн 50-55 дахь тал

[10] 1 хавтаст хэргийн 104 дэх тал

[11] 1 хавтаст хэргийн 102 дахь тал

[12] 1 хавтаст хэргийн 95 дахь тал

[13] 1 хавтаст хэргийн 60 дахь тал

[14] 1 хавтаст хэргийн 61 дэх тал

[15] 1 хавтаст хэргийн 58 дахь тал

[16] 1 хавтаст хэргийн 63 дахь тал

[17] 1 хавтаст хэргийн 56-57 дахь тал