Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0533

 

А.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу А.Б-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож,

        Төрийн албаны тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 104 хоногийн олговор 5,115,331 (таван сая нэг зуун арван таван мянга гурван зуун гучин нэг) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож,

        Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1-т заасныг баримтлан ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагч Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.А давж заалдах гомдолдоо: “Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 388 дугаар тогтоолыг ирүүлж, биелэлтийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгасан.

        Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны хурлыг зохион байгуулж хамт олны хуралд Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг танилцуулж А.Б гарын үсэг зурж танилцсан боловч мэдээгүй, хараагүй, мэдэгдээгүй байж байгаад захиргааны акт гаргасан, ажлаас чөлөөлж Захиргааны ерөнхий хууль зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

        А.Б анх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, сул орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон.

        Нэхэмжлэгч А.Б-ийн “амралтын тооцоогоо хийж амралтын мөнгөө авмаар байна” гэх хүсэлтийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлж, эцэслэн тооцоо хийж амралтын мөнгийг нь олгосон.

        Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч А.Б-аас “Говь-Алтай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай“ нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Нэхэмжлэгч А.Б Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар уг албан тушаалаас 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн, үүнээс хойш төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогджээ.

        Үүний дараа Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны даргын 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар А.Б тус албаны орон нутаг, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр түр томилогдсон байна.

        Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3-д зааснаар тухайн болон бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхөх, боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс томилох учиртай.

        Тийнхүү томилох боломжгүй тохиолдолд мөн хуулийн 27.1.4-д зааснаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан иргэдээс зохих журмын дагуу томилох ёстой.

        Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулах бүрэн эрхийн хүрээнд Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албанд хийсэн хяналт шалгалтаар тус Ажлын албаны орон нутаг, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд төрийн албаны шалгалт өгөөгүй А.Б-ийг томилсныг тогтоож, улмаар тухайн шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох, зөрчлийг арилгах чиглэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 388 дугаар тогтоолыг Ажлын албанд хүргүүлжээ.

        Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хүний эрхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн хууль бус актыг гарахаас өмнөх байдалд сэргээн тогтоох боломжтой.

        А.Б маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, журмын дагуу буюу төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн албаны төв байгууллагаас явуулсан сонгон шалгаруулалтад оролцоогүй байхдаа түр томилогдсон зэрэг нь түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүйг харуулж байна.

        Энэ тохиолдолд нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй. Тодруулбал, хариуцагч албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 /энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх/, 61 дүгээр зүйлийн 61.1.6 /Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх/-д заасан нийтлэг баталгаагаар хангаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 /ээлжийн амралттай байгаа/-т зааснаар ажил үүргээ гүйцэтгээгүй, ээлжийн амралттай байхад нь албан тушаалыг хэвээр хадгалаагүй гэж буруутгах үндэслэлгүй.

        Нөгөөтээгүүр, хариуцагч албан тушаалтан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 388 дугаар тогтоол, ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах талаар А.Б-д мэдэгдэж байсан нь Тэргүүлэгчдийн Ажлын албаны хурлын 2019 оны 12 дугаар сарын 31, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдийн тэмдэглэлээр тогтоогджээ.

        Эдгээрээс дүгнэн үзэхэд маргаан бүхий захиргааны актын улмаас А.Б-ийн хөдөлмөрлөхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор байна.

        Анхан шатны шүүх энэ талаар дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь ойлгомжгүй болжээ.

        Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг анхаараагүйг тэмдэглэх нь зүйтэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг нэгтгэж “1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн “Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж, 5, 6 дахь заалтын дугаарыг “3, 4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

                                                ШҮҮГЧ                                                       Ц.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР