Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00107

 

 ““Н Ю””   ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01817 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2001 дугаар магадлалтай,

““Н Ю”” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

С.Г, З.Д, ““Э И”” ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 99 900 333 төгрөг, зээлийн хүү 37 437 317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 407 897 төгрөг, хохирол буюу нотариатын үйлчилгээний хураамж 17 100 төгрөг, нийт 139 762 647 төгрөгийг гаргуулах, барьцааны болон батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амгаланбаатар, Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Г, З.Д нар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр "“Н Ю”" хадгаламж зээлийн хоршоотой ЗГ/20161002-7777 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 100 000 000 төгрөгийн зээлийг шуурхай зээлийн зориулалтаар, жилийн 35.88 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. ЗГ/20161002-7777 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдон 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр "“Э И”" ХХК-тай БДГ/20161002-7777 тоот зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгч С.Г, З.Д нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй байна. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх үндсэн зээлийн үлдэгдэл 99 900 333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 23 099 621 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 94 903 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 17 100 төгрөг, нийт 123 111 957 төгрөгийн өртэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай хоршоо 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлж шүүхэд хандсан. С.Г, З.Д нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 99 900 333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37 437

317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2 407 897 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17 100 төгрөг, нийт 139 762 647 төгрөгийн хохирлыг гаргуулж, БГ/20161002-7777 тоот барьцааны гэрээний дагуу С.Г, З.Д нарын зээлийн барьцаанд байгаа Ү-0000000000дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар байр, 8/Г тоотод байрлах орон сууц, Ү-2203025526 улсын бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Ерөнхий сайд Амарын гудамж, 22 дугаар байр, 8/Г тоотод байрлах орон сууцыг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хамтран хариуцагч "“Э И”" ХХК-ийн арилжааны банкууд дахь харилцах дансыг битүүмжилж, батлан даалтын гэрээний дагуу зээлийн төлбөрийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: "“Н Ю”" хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй “Э И” ХХК болон иргэн С.Г, З.Д нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн гаргасан журмыг зөрчиж хэт өндөр хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01817 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч С.Г, З.Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл 99 900 333 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37 437 317 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2 407 897 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 17 100 төгрөг, нийт 139 762 647 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н Ю”хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршоонд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу /14200/, ерөнхий сайд Амарын гудамж 22 дугаар байрны 8/Г тоотын 105.69 м.кв талбайтай орон сууц, мөн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу /14200/, ерөнхий сайд Амарын гудамж 22 дугаар байрны 8/В тоотын 132.24 м.кв талбайтай орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Г, З.Д нар үүргээ гүйцэтгэж чадахгүй бол үндсэн үүрэг гүйцэтгэгч С.Г, З.Д нарын гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр төлбөрийг батлан даагч "“Э И”" ХХК-ийн эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгө, борлуулалтын орлого, түрээсийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч "“Н Ю”" ХЗХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч С.Г, З.Д нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар үүргийг гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал С.Г, З.Д нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож, батлан даагч "“Э И”" ХХК-иас үндсэн үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч "“Н Ю”" ХЗХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1 069 822 төгрөгөөс /139.762.647 төгрөгт ногдох/ 865 763 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 213 059 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Г, З.Д нараас 865 763 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч "“Н Ю”" ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2001 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 205 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив хяналтын гомдолдоо: Ннйслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2001 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас ЗГ/20161002-7777 Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 99 900 333 /ерин есөн сая есөн зуун мянга гурван зуун гучин гурван/ төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 23 099 621 /хорин гурван сая ерин есөн мянга зургаан зуун хорин нэгэн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 94 903 /ерин дөрвөн мянга есөн зуун гурван/ төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 17 100 /арван долоон мянга нэг зуун/ төгрөг нийт 123 111 957 /нэг зуун хорин гурван сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д заасан журмыг зөрчсөн үйлдэл болсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6-д заасан журмыг баримтлалгүйгээр хэргийг шийдвэрлэж хариуцагч нарын гүйцэтгэх ёстой үүрэг болох 123 111 957 /нэг зуун хорин гурван сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун тавин долоон/ төгрөг дээр нэмж 16 650 690 /арван зургаан сая зургаан зуун тавин мянга зургаан зуун ерин/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан болон давж заалдах шүүхээс хариуцагч нараас 139 762 647 /нэг зуун есөн сая долоон зуун жаран хоёр сая зургаан зуун дөчин долоон/ төгрөг гаргуулахаар шийдвэрийн үнийн дүнгээс 16 650 690 /арван зургаан сая зургаан зуун тавин мянга зургаан зуун ерин/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/01817 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн 2001 дугаар магадлал өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 16 650 690 /арван зургаан сая зургаан зуун тавин мянга зургаан зуун ерин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ““Н Ю”” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч С.Г, З.Д нараас нийт 139 762 647 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах, хариуцагч ““Э И”” ХХКомпанид холбогдуулан хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй бол батлан даалтын гэрээний дагуу зээлийн үүргийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул залруулж, хариуцагч ““Э И”” ХХКомпанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “.Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.” гэж заажээ.

Үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн үүргийг гаргуулж, барьцааны зүйлээс үүргийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон нөхцөл байдал бий болоогүй байхад батлан даагч ““Э И”” ХХКомпаниас үүргийг хангуулахаар нэгэн зэрэг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг зөрчжээ. Иймд хариуцагч ““Э И”” ХХКомпанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

Харин энэ шийдвэр нь батлан даалтын гэрээний дагуу батлан даагчид холбогдуулан нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

С.Г, З.Д нар нь 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ““Н Ю”” Хадгаламж зээлийн хоршоотой гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 2,99 хувийн хүүтэй зээлж авсан, зээлийн үүргийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгө барьцаалж, ипотекийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

Шүүх зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг дүгнэж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451, 456, 165, 166 дугаар зүйлд нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүх зээлдэгч нарын хариуцах үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон, зохигчдын хооронд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан  ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулах шаардлагыг хангасан нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна.

Талууд хуулийн хүрээнд гэрээг байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, гэрээний 2.6.-д “...хэтэрсэн хугацааны хүү...” төлөхөөр тохирсон тул “...зээлийн хүү хэт өндөр, ...нэхэмжлэлийн шаардлагыг хоёр удаа нэмэгдүүлснийг үндэслэлгүй гэж үзэж, 16 650 690 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахыг...” хүссэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2001 дүгээр магадлалын нэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/01817 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ““Э И”” ХХКомпанид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 241 205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                      ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА