Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00203

 

“Д НББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 789 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар магадлалтай,

“Д НББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй

Б.Б, П.Цнарт холбогдох

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 45 663 904 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Б, П.Цнарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №99140517 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний хавсралт №1 Зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн төлөлт хийхээр харилцан тохиролцож 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Дархан сум 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 35 дугаар байрны 87 тоот 39 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 99140517 дугаартай зээл сунгалтын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 29,809,604 төгрөг, зээлийн хүү 13,767,761 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,086,539 төгрөг нийт 45,663,904 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг мөнгийг барьцаа хөрөнгөнөөс албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б, П.Цнар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 991140517 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж зээлийн байгуулж 30,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай барьцаанд Дархан сум 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 35 дугаар байрны 87 тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 99140517 дугаартай зээл сунгалтын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан гэж байна. Гэтэл энэхүү сунгалтын гэрээг хамтран зээлдэгч П.Цминий хувьд огт мэдэхгүйгээс гадна хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү сунгалтын гэрээг би мэдэхгүй, гэрээнд огт гарын үсэг зураагүй учраас сунгалтын гэрээг хүчингүй болгож өгнө үү. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан болон зээлийн сунгалт нэмэлт гэрээний талаар хамтран зээлдэгч П.Цнадад албан ёсоор огт мэдэгдээгүйгээс гадна П.Цнамайг шүүх дуудахад л зээлийн сунгалтын гэрээтэй гэдгийг мэдсэн болно. Бид 10 удаагийн төлөлтөөр нийт 14,116,432 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлд дурджээ. Гэтэл энэхүү төлөлтөөс хэдэн төгрөг нь үндсэн зээлд хэдэн төгрөг нь зээлийн хүүнд хэдэн төгрөг нь нэмэгдүүлсэн хүүнд төлсөн нь тодорхойгүй байна. Энэ төлөлтийн талаар бид Д НББСБ-аас төлсөн хуулга гаргуулахад 11,119,032 төгрөг төлсөн гарч байгаа нь дээрх бидний төлсөн гэх 14,116,432 төгрөгийн үнийн дүнд хүрэхгүй дутаж байна. Зөрүү 2,997,400 төгрөг гарч байгаа нь чухам хаашаагаа юу төлсөн нь мэдэгдэхгүй байна. 2015 оны 10 дугаар сарын 21-нд зээлийн сунгалтын гэрээг байгуулснаас хойш 1,500,000 төгрөг төлснийг зээлийн хүүнд тооцон төлүүлсэн зэрэг нийт 1,804,802 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс хасуулах хүсэлтэй байна. Бидний тооцооллоор үндсэн зээлийн үлдэгдэл 25,067,798 төгрөг, зээлийн хүү 3,696,712 төгрөг, нийт 28,764,510 төгрөгийг төлөхөөр гарч байна. Иймээс Д НББСБ-аас нэхэмжилсэн үнийн дүнгээс 16,899,394 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас татгалзах зүйл байхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 789 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Б, П.Цнараас 43,101,822 төгрөгийг гаргуулж Д НББСБайгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,562,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,269 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, П.Цнараас тэмдэгтийн хураамж 373,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д НББСБ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 35 дугаар байрны 87 тоот 39,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Б, П.Цнараас 43,101,822 төгрөгийг гаргуулж Д НББСБайгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,562,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хариуцагч Б.Б, П.Цнараас 42.277.572 төгрөгийг гаргуулж Д НББСБайгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 3.386.322 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын хариуцагч Б.Б, П.Цнараас улсын тэмдэгтийн хураамж 373.459 төгрөг гаргуулж гэснийг369.338 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч П.Ц-гаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229.637 төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргаж олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б, П.Цнар хяналтын гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 789 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаартай магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167,5, 172 дугаар зүйлийн 172,2-т заасныг удирдлага болгон хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсангүй. Шүүх тооцоолол дээрээ дараах байдлаар алдааг гаргасан байдаг. Үүнд: (Зээл төлсөн хуулганаас харагдах) Бидний 2015/06/04-ний өдөр төлсөн 10 714,00 төгрөг, 2015/07/16-ны өдөр төлсөн 78 700,00 төгрөг, 2015/09/10-ны өдөр төлсөн 215 388,00 төгрөг, Нийт 304 802,00 төгрөгний төлсөн төлбөрийг нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүнд тооцсон тооцоог үндсэн зээлээс хасч өгсөнгүй. Учир нь бидний хооронд байгуулсан үндсэн Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүнд тооцон авч төлүүлсэн нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Энэхүү төлбөрийн талаар анхан шатны шүүх огтоос дурьдаагүйгээр шийдвэрлэсэн. Гэтэл бид үндсэн Зээлийн гэрээний хугацаа дууссан үед нэмэгдүүлсэн хүүг ганцхан удаа л төлнө гэж ойлгож гэрээг байгуулсан байдаг. Энэ нэмэгдүүлсэн хүүг бид гэрээний хугацаа дуусах үед буюу Анхан шатны болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр шийдвэрлэсэн. Иймээс бид энэхүү 304 802,00 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах тухайгаа анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд тайлбарлаж өгсөөр байтал шүүх дахин шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий гарсангүй гэж үзэж байна. (Хэрэв үндсэн зээлээс хассан тохиолдолд түүнд бодогдох хүүний тооцоололд өөрчлөлт орох нь магадлалтай) Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалаас 304 802,00 төгрөгийг хасч, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар шийдвэр гаргахдаа Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй боловч магадлалын тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

            Д НББСБ нь хариуцагч Б.Б, П.Цнараас үндсэн зээл 29 809 604 төгрөг, зээлийн хүү 13 767 761 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 086 539 төгрөг нийт 45 663 904 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн хангуулах 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

            Анхан шатны шүүх хариуцагч нараас 43 101 822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, ....үүргийг ...барьцааны зүйлээс хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааг буруу тогтоосон алдааг зөвтгөж ...42 277 572 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцсэн байна.

            Зохигчид нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээл, барьцааны гэрээ, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу 30 000 000 төгрөгийн зээлийг авсан үйл баримт, зээлдэгч 14 116 432 төгрөгийг буцааж төлсөн талаар маргаагүй байна. Харин зээлийн гэрээний хугацааг сунгасан эсэх, биелүүлээгүй үндсэн зээлийн хэмжээ үндэслэлтэй эсэхийг маргажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, зээлийн гэрээг талууд сунгаагүй, зээлийн гэрээний 2.6-д заасан “...Үндсэн зээлийг хугацаандаа төлөөгүй өдрийн маргааш өдрөөс эхэлж ...нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар тооцно” гэсэн тохиролцоог үндэслэж, гэрээний хугацаанд хугацаа хэтрүүлж төлсөн үүрэгт нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зөрчөөгүй байна. Иймд “...гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүүд тооцож авсан 304 802 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах”-ыг хүссэн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй болно.

            Хариуцагч нар гэрээ байгуулсны үндсэн дээр зээлийн мөнгийг хүлээж авсан тул мөнгийг буцааж төлөх үүрэгтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр гэрээгээр үүрэг хүлээсэн тул энэ үүргээ биелүүлэх ёстой байна.          

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа баримтлах хуулийн зохицуулалтыг орхисон, улсын тэмдэгтийн хураамж төлөх этгээдийг тодорхой бус үлдээсэн байх тул залруулж өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:       

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 136 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 789 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад: “...43 101 822 ...гэснийг ...42 277 572 ...гэж, ...2 562 082...гэснийг ...3 386 322...“ гэж, 2 дах заалтад... 373 459... гэснийг  ... 369 338...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.” гэж өөрчилж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 9 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА