Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 789

 

Нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2014 оны 10 сарын 20-ны өдөр №99140517 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний хавсралт №1 “Зээл эргэн төлөлтийн хуваарийн” дагуу хэсэгчлэн төлөлт хийхээр харилцан тохиролцож 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай барьцаанд Дархан сум 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол,  35 дугаар байрны 87 тоот 39 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан. Мөн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 99140517 дугаартай зээл сунгалтын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 29,809,604 төгрөг, зээлийн хүүгийн авлага 13,767,761 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,086,539 төгрөг нийт 45,663,904 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг мөнгийг барьцаа хөрөнгөнөөс албадан гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Баасанжав, П.Цогзолмаа нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...бид 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 991140517 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж зээлийн гэрээний хавсралт 1 “Зээл эргэн төлөх хуваарийн дагуу” хэсэгчлэн төлөлт хийхээр харилцан тохиролцож 30,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай барьцаанд Дархан сум 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 35 дугаар байрны 87 тоот 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж зээл авсан нь үнэн болно.

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 99140517 дугаартай зээл сунгалтын гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан гэж байна. Гэтэл энэхүү сунгалтын гэрээг хамтран зээлдэгч П.Цогзолмаа миний хувьд огт мэдэхгүйгээс гадна хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь

-энэхүү сунгалтын гэрээг би мэдэхгүй байна

-энэхүү сунгалтын гэрээнд би огт гарын үсэг зураагүй

-энэхүү сунгалтын гэрээг хүчингүй болгож өгнө үү.

Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан болон Зээлийн сунгалт нэмэлт гэрээний талаар хамтран зээлдэгч П.Цогзолмаа надад “ албан ёсоор огт мэдэгдээ”-гүйгээс гадна П.Цогзолмаа намайг шүүх дуудахад л Зээлийн сунгалтын гэрээтэй гэдгийг мэдсэн болно.

Бид 10 удаагийн төлөлтөөр нийт 14,116,432 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэлд дурджээ.

Гэтэл энэхүү төлөлтөөс хэдэн төгрөг нь үндсэн зээлд хэдэн төгрөг нь зээлийн хүүнд хэдэн төгрөг нь нэмэгдүүлсэн хүүнд төлсөн нь тодорхойгүй байна. Энэ төлөлтийн талаар бид Дэвжих нэхий ББСБ-аас төлсөн хуулга гаргуулахад 11,119,032 төгрөг төлсөн гарч байгаа нь дээрх бидний төлсөн гэх 14,116,,432 төгрөгийн үнийн дүнд хүрэхгүй дутаж байна. Зөрүү 2,997,400 төгрөг гарч байгаа нь чухам хаашаагаа юу төлсөн нь мэдэгдэхгүй байна.

2015 оны 10 дугаар сарын 21-нд Зээлийн сунгалтын гэрээг байгуулснаас хойш 1,500,000 төгрөг төлснийг зээлийн хүүнд тооцон төлүүлсэн зэрэг нийт 1,804,802 төгрөгийг үндсэн зээлийн төлөлтөөс хасуулах хүсэлтэй байна.Учир нь сунгалтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас харахад Дэвжих нэхий ББСБ-аас нэхэмжилсэн үндсэн зээл

зээлийн үлдэгдэл 29,809,604 төгрөг, зээлийн хүүгийн авлага 13,767,761 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,086,539 төгрөг нийт 45,663,904 төгрөгийн тооцоолол алдаатай харагдаж байх тул бид өөрсдийн төлөх бодит төлбөрийг дараах байдлаар тооцооллоо.Үүнд бидний тооцооллоор үндсэн зээл 25,067,798 төгрөг, зээлийн хүү 3,696,712 төгрөг, нийт 28,764,510 төгрөгийг төлөхөөр гарч байна. Иймээс Дэвжих нэхий ББСБ-аас нэхэмжилсэн үнийн дүнгээс 16,899,394 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагаас татгалзах зүйл байхгүй” гэв.

                                                                

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ нь хариуцагч Б.Баасанжав, П.Цогзолмаа нарт холбогдуулан үндсэн зээл 29,809,604 төгрөг, зээлийн хүү 13,767,761 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,086,539 төгрөг нийт 45,663,904 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар нь “...Зээлийн гэрээний хугацаа дууссан ба зээлийн гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан гэрээнд П.Цогзолмаа гарын үсэг зураагүй тул уг гэрээ хүчингүй. Иймд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаанд төлсөн төлбөрийг зээлийн үлдэгдлээс хасаж өгнө үү. Зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 28,764,510 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх 16,899,394 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч Б.Баасанжав, П.Цогзолмаа нар нь Дэвжих нэхий ББСБ-аас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №99140517 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээгээр хариуцагч нар нь  30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд тэдний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003005981 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 35 дугаар байрны 87 тоот 39,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид зээл, болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Зээл сунгалтын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргадаг ба хариуцагч П.Цогзолмаа нь “...зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Зээл сунгалтын гэрээнд би гарын үсэг зураагүй, ийм гэрээ байгуулагдсан гэдгийг мэдээгүй. Зээлийн гэрээг сунгасан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ...” гэж маргаж буй үндэслэлээ тайлбарласан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч П.Цогзолмаагийн гаргасан хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2542 дугаартай захирамжаар “гэрээнд зурсан гарын үсэг П.Цогзолмаагийнх мөн эсэх талаар тогтоолгохоор шинжээч томилсон” бөгөөд Шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлтэнд “...2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Дэвжих нэхий” ББСБ-тай П.Цогзолмаа нарын хооронд байгуулсан зээл сунгалтын гэрээнд зурсан гарын үсэг нь П.Цогзолмаагийн гарын үсэг биш байна” гэсэн ба нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй болно.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т “ бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 56 дугаар зүйлийн 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”  гэж зааснаар 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Зээл сунгалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зохигч талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №99140517 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нар нь №99140517 дугаартай зээлийн гэрээний хугацаанд буюу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 130,000 төгрөг, зээлийн хүүд 10,060,630 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 304,802 төгрөг,нийт 10,495,432 төгрөгийг , гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 895,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1,226,000 төгрөг нийт 3,621,000 төгрөгийг тус тус төлсөн ба бүгд 14,116,432 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн болох нь дансны гүйлгээ үлдэгдэл хуулга /хх-15-16/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан учир 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлсөн 3,621,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй байна. Тодруулбал: зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш  төлсөн 3,621,000 төгрөгийг зээлийн үлдэгдэл 29,870,000 төгрөг /30,000,000-130,000/-өөс хасах нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлд нийцнэ.

Хариуцагч нар нь “...зээлийн гэрээний хугацаа дуусснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэл байхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нар нь үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 Хариуцагч Б.Баасанжав, П.Цогзолмаа нар нь гэрээний хугацаа дууссанаас хойших хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 895,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1,226,000 төгрөгийг тус тус төлсөн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 29,870,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 28,370,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 27,475,000 төгрөг, 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 26,249,000 төгрөг байна.

Иймд хариуцагч нараас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдэл 29,870,000 төгрөгт 15 хоногийн хүү 448,050 төгрөг /3% :30 хоног = нэг өдрийн хүү 0,1%, нэг өдрийн хүүний төлбөр 29,870 төгрөг *15 хоног = 448,050/, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдэл 28,370,000 төгрөгт 2 сар 7 хоногийн хүү 1,900,790 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдэл 27,475,000 төгрөгт 2 сар 27 хоногийн хүү 2,390,325 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 26,249,000 төгрөгт 12 сар 22 хоногийн хүү 10,027,118 төгрөг, нийт 14,766,283 төгрөгийн хүүг  нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 2.6-д “нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний байна...” гэж заасан байх тул хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 2,086,539 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймээс хариуцагч Б.Баасанжав, П.Цогзолмаа нараас үндсэн зээлийн төлбөр 26,249,000 төгрөг, түүний хүү 14,766,283 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,086,539 төгрөг нийт 43,101,822 төгрөгийг гаргуулан Дэвжих нэхий ББСБайгууллагад олгож, нэхэмжлэлийн үлдэх 2,562,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч талууд 2014 оны 10 дүгээр сарын 20-ны өдөр 99140517 тоот барьцааны гэрээ байгуулсан ба уг гэрээнд “Банк зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2003005981 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 35 дугаар байрны 87 тоот 39,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх  эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Б.Баасанжав, П.Цогзолмаа нараас 43,101,822 төгрөгийг гаргуулан Дэвжих нэхий ББСБайгууллагад олгож,  нэхэмжлэлийн үлдэх 2,562,082 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,269 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баасанжав, П.Цогзолмаа нараас тэмдэгтийн хураамж 373,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дэвжих нэхий ББСБ-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2003005981 дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 35 дугаар байрны 87 тоот 39,0 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА