Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00183

 

 

Т.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00108 дугаар магадлалтай,

Т.Аийн нэхэмжлэлтэй

Баян-Өлгий аймаг дахь МСҮТд холбогдох

Баян-Өлгий аймаг дахь МСҮТийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь МСҮТийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч И.Жанболатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймаг дахь МСҮТийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар "Ажилдаа хариуцлагагүй хандаж, эрхэлсэн ажлаасаа зөрчил гаргасан нь санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон" үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 06 тоот дүгнэлт танилцуулга, Сургуулийн дотоод журмын 3.8, 9.3.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь миний хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж байгаа учир эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Ажил олгогчийн зүгээс намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" үндэслэлээр буруутгаж байгаа бололтой. Миний хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Энэ үндэслэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж миний зөрчигдсөн эрхийг хамгаалж Баян-Өлгий аймаг дахь МСҮТийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан тус төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сард тус байгууллагын 2014-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Санхүү хяналт, аудитын алба хяналт шалгалт хийсэн. Үүнд сургуулийн агуулахад хадгалагдаж буй сургалтын материал, багаж, хэрэгсэл, хангамжийн материалыг газар дээр нь шалган, санхүүгийн тайлан, анхан шатны бичиг баримтын бүрдүүлэлт, төсөв, хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийсэн. Энэхүү санхүүгийн хяналт шалгалтаар бараа материалтай холбоотой 10506200 төгрөг, 2010-2015 оны тэтгэмжийг зохих журмаар олгоогүй анхан шатны санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлэн буюу мөнгөний хүсэлт, зарлагын дугааргүй, үндсэн баримтгүй мөнгө шилжүүлсэн зэрэг шагнал урамшуулал, буцалтгүй тусламжтай холбоотой 38784600 төгрөг, ур чадварын нэмэгдэлтэй холбоотой 26773519 төгрөг, нийтдээ 67572919 төгрөгийн зөрчил илрүүлснээс 4049800 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мөрдөн сургуулийн санхүүгийн бичиг баримтын бүрдүүлэлт, мөнгөний хүсэлт, зарлагын баримт, мөнгөн шилжүүлэг, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулж байх, эд хариуцагчийн хөтөлж байгаа анхан шатны болон агуулахын бүртгэлийг шалган заавар зөвлөгөө өгөх, баталгаажуулахыг хариуцан ажиллах нь сургуулийн Ерөнхий нягтлан бодогч болон тооцооны нягтлан бодогч нарын үүрэг бөгөөд тэдний хариуцлагагүй байдал, ажилдаа хайнга хандсаны улмаас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрч эрх бүхий байгууллагын шийдвэрээр акт тавигдсан. Иймээс байгууллагын удирдлагын зүгээс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчин ажлын хариуцлага алдаж, ажил олгогчийн итгэлийг алдсан нь Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаар тогтоогдсон тул Ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нарт хариуцлага тооцон Т.Аийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Мөн Т.А нь 2003 оноос 2008 он хүртэл багшаар ажиллахдаа 5 жилд нэг удаа олгох тэтгэмжийг аваагүй атлаа 5-6 жил өнгөрсний дараа буюу 2014 онд нягтлан бодогчийн цалингаар тооцоолон байгууллагын төсөвт суулган санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлэн 5226600 төгрөгийн тэтгэмж авсныг санхүүгийн хяналтаар илрүүлэн зөрчилд тооцсон байна. Энэ нь нягтлан бодогч байгууллагын хөрөнгө мөнгийг хариуцан ажилладаг албан тушаалтны хувьд албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал олгосон гэж үзэхээр байна. Иймээс ажлын хариуцлага алдсаны улмаас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрч акт тавигдсан, ажил олгогчийн итгэлийг алдсан нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон учраас Т.Аийг МСҮТийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн тул гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй болно гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Баян-Өлгий аймаг дахь МСҮТийн захирлын 2017 оны 3 сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Тыныбайн Т.Аийг Баян-Өлгий аймаг дахь МСҮТийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00108 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч И.Жанболат хяналтын гомдолдоо: 2017 оны 2 дугаар сард тус Баян-Өлгий аймгийн МСҮТийн 2014-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Санхүү хяналт, аудитын алба хяналт шалгалт хийж, 67572919 төгрөгийн зөрчил илрүүлснээс манай байгууллагад 4049800 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Манай байгууллагын туслах нягтлан бодогч нь байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулж байх, эд хариуцагчийн хөтөлж байгаа анхан шатны болон агуулахын бүртгэлийг шалган заавар зөвлөгөө өгөх, баталгаажуулахыг хариуцан ажиллах үндсэн үүрэгтэй болохыг ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байгаа.  Т.А нь 2003 оноос 2008 он хүртэл багшаар ажиллахдаа 5 жилд нэг удаа олгох тэтгэмжийг ажилласан жил нь хүрээгүй байхад 6 жил өнгөрсний дараа буюу 2014 онд байгууллагын төсөвт суулган санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлэн 5226600 төгрөгийн тэтгэмж авсныг санхүүгийн зөрчилд тооцсон байна. Байгууллагын санхүүгийн албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох нь зохисгүй бөгөөд туслах нягтлан бодогчийн байгууллагын хөрөнгө мөнгийг хариуцан ажилладаг албан тушаалтны хувьд албан тушаалаа ашиглан ашигтай байдал бий болгосон гэж үзэхээр байна. Хэрэв 5 жилийн тэтгэмжээ авах хүсэлттэй байсан бол 2008 онд эрх бүхий байгууллага, шүүхэд гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Мөн туслах нягтлан бодогч Т.А нь хариуцсан ажилдаа буюу байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад үзлэг шалгалт хийх үүрэгтээ хариуцлагагүй хандаж ямар ч хэрэгцээ, шаардлагагүй бараа, материалыг нийлүүлсэн талаар эд хөрөнгийн тооллогод тусгаагүй, олон жил байгууллагын санхүү, хөрөнгө, мөнгийг хариуцсан ажилласан хүний хувьд албан тушаалтнуудын шахааны бараа, материал нийлүүлсэн асуудалд зохих хяналт тавиагүй байдлыг Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаар зөрчилд тооцсон, хөрөнгө хариуцсан ажилладаг ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.5-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 06 дугаартай танилцуулгыг манайд хүргүүлсний маргааш буюу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн сургуулийн санхүүгийн албан тушаалтнуудыг оролцуулсан хурал хийж, Ерөнхий нягтлан бодогч, туслах нягтлан бодогч, нярав нарт санхүүгийн хяналт шалгалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж зохих арга хэмжээг авах болсноо мэдэгдсэн ба хурлын явцыг бэхжүүлэн тэмдэглэлд туслах нягтлан бодогч Т.А гарын үсэг зурахаас татгалзсан. Т.А нь Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын танилцуулгыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзсэн бол танилцсан өдрөөс эхлэн хуулийн хугацаанд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ч гомдол гаргаагүй. Т.Аийн гаргасан зөрчлийг тогтоосон Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг хэн ч хүчингүй болгоогүй хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба уг эрхийн актаар зөрчил тогтоогдсон учраас түүнийг үндэслэн гаргасан ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт байгууллагын эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бүртгэлд хяналт тавих эрх бүхий санхүүгийн нягтлан бодогч болох туслах нягтлан бодогч хамаардаг. Энэ нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын байрын тодорхойлолтоор нотлогдож байна. Байгууллагын зүгээс Т.Аийг байгууллагад хохирол учруулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй байтал анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 135.3, 135.4-т заасан  хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.2-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил ологчийн итгэлийг алдсан болон захирлын зөвшөөрөлгүйгээр хөрөнгө бэлтгэж бусдад шилжүүлсэн нь тогтоогдсон байх нь тусдаа хоёр үндэслэл байхаар тусгасныг шүүх анхаараагүй. Шүүх маргааны үндэслэлд хамаарахгүй зүйлд хариуцагчийг буруутгаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа төдийгүй давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх үйлдэлд дүгнэлт хийгээгүй мөртлөө шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэе гэжээ.

ХЯНАВАЛ:

Т.А нь Баян-Өлгий аймаг дахь МСҮТд холбогдуулан тус төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Ажил олгогчийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 6 тоот дүгнэлт танилцуулга, сургуулийн дотоод журмын 3.8, 9.3.2 заалтуудыг тус тус баримталж, Т.Аийг ажилдаа хариуцлагагүй хандаж, зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр тус төвийн тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Шүүх хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацаа, ажил олгогчийн итгэл алдсан үйлдэл тогтоогдоогүй талаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Санхүүгийн хяналт, аудитын улсын ахлах байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 06 тоот дүгнэлтэд “...2010-2015 оны тэтгэмжийг зохих журмаар олгоогүй, анхан шатны санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн, мөнгөний хүсэлт, зарлагын дугааргүй, үндсэн баримтгүй, мөнгө шилжүүлсэн, ...буцалтгүй тусламж, ур чадварын нэмэгдлийг буруу тооцсон, ...нэг удаагийн тэтгэмжийг авсан гэх зөрчил”-д тооцооны нягтлан бодогч Т.А ямар буруутай, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй нь хэрхэн уялдаж, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан талаар хариуцагч нотолж чадаагүй байна. Түүнээс гадна уг актыг Т.Ад танилцуулаагүй, гомдол гаргах, тайлбар гаргах боломжоор хангаагүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

            Дээрх актаас гадна Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар албан бичиг, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр 2014, 2015 онд тус байгууллагын санхүүгийн тайланд аудит хийхэд санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, төсвийн үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, ...заавар журмын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн гэж зөрчилгүй санал дүгнэлтийг гаргаж байсан байх ба уг баримтыг үгүйсгэх өөр баримт хэрэгт байхгүй байна./хх-72, 73/

Т.А нь ажил олгогчийн 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 83 дугаар тушаалаар туслах нягтлан бодогчийн албан тушаалд томилогдсон, уг албан тушаалыг “тооцооны нягтлан бодогч” гэж нэрлэж, ажлын байрны тодорхойлолт нь “тооцооны нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарь” батлагдсан, тийм учраас ажил олгогч нь нэхэмжлэгчийг тооцооны нягтлан бодогчийн ажил үүргээс чөлөөлсөн тушаал гаргажээ. 

            Иймд хариуцагчийн гомдолд дурдсан ...туслах нягтлан бодогч гэх албан тушаал тус байгууллагад байхгүй бөгөөд “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу дүгнэж чадаагүй, ...ажилтны гаргасан үйлдэл тогтоогдсон...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, “...нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон...” шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/ 00108 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА