Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2017/00108

 

А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаар шийдвэртэй, А-гийн нэхэмжлэлтэй, Б аймаг дахь МСҮТ-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, Б аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: “...Б аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар "Ажилдаа хариуцлагагүй хандаж, эрхэлсэн ажлаасаа зөрчил гаргасан нь санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон" үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Санхүүгийн хяналт,  аудитын албаны улсын ахлах байцаагчийн 06 тоот дүгнэлт танилцуулга, Сургуулийн дотоод журмын 3.8, 9.3.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ажил олгогчийн намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь миний хууль ёсны ашиг сонирхлыг илт зөрчиж байгаа учир эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Ажил олгогчийн зүгээс намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон" үндэслэлээр буруутгаж байгаа бололтой. Миний хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Энэ үндэслэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж миний зөрчигдсөн эрхийг хамгаалж Б аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан тус төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “2017 оны 2 дугаар сард тус байгууллагын 2014-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Санхүү хяналт, аудитын алба хяналт шалгалт хийсэн. Үүнд сургуулийн агуулахад хадгалагдаж буй сургалтын материал, багаж, хэрэгсэл, хангамжийн материалыг газар дээр нь шалган, санхүүгийн тайлан, анхан шатны бичиг баримтын бүрдүүлэлт, төсөв, хөрөнгийн зарцуулалтад хяналт шалгалт хийсэн. Энэхүү санхүүгийн хяналт шалгалтаар бараа материалтай холбоотой 10506200 төгрөг, 2010-2015 оны тэтгэмжийг зохих журмаар олгоогүй анхан шатны санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлэн буюу мөнгөний хүсэлт, зарлагын дугааргүй, үндсэн баримтгүй мөнгө шилжүүлсэн зэрэг шагнал урамшуулал, буцалтгүй тусламжтай холбоотой 38784600 төгрөг, ур чадварын нэмэгдэлтэй холбоотой 26773519 төгрөг, нийтдээ 67572919 төгрөгийн зөрчил илрүүлснээс 4049800 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг мөрдөн сургуулийн санхүүгийн бичиг баримтын бүрдүүлэлт, мөнгөний хүсэлт, зарлагын баримт, мөнгөн шилжүүлэг, өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулж байх, эд хариуцагчийн хөтөлж байгаа анхан шатны болон агуулахын бүртгэлийг шалган заавар зөвлөгөө өгөх, баталгаажуулахыг хариуцан ажиллах нь сургуулийн Ерөнхий нягтлан бодогч болон тооцооны нягтлан бодогч нарын үүрэг бөгөөд тэдний хариуцлагагүй байдал, ажилдаа хайнга хандсаны улмаас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрч эрх бүхий байгууллагын шийдвэрээр акт тавигдсан. Иймээс байгууллагын удирдлагын зүгээс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д заасныг зөрчин ажлын хариуцлага алдаж, ажил олгогчийн итгэлийг алдсан нь Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаар тогтоогдсон тул Ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нарт хариуцлага тооцон А-ийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Мөн А нь 2003 оноос 2008 он хүртэл багшаар ажиллахдаа 5 жилд нэг удаа олгох тэтгэмжийг аваагүй атлаа 5-6 жил өнгөрсний дараа буюу 2014 онд нягтлан бодогчийн цалингаар тооцоолон байгууллагын төсөвт суулган санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлэн 5226600 төгрөгийн тэтгэмж авсныг санхүүгийн хяналтаар илрүүлэн зөрчилд тооцсон байна. Энэ нь нягтлан бодогч байгууллагын хөрөнгө мөнгийг хариуцан ажилладаг албан тушаалтны хувьд албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал олгосон гэж үзэхээр байна. Иймээс ажлын хариуцлага алдсаны улмаас байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанаас зөрчил илэрч акт тавигдсан, ажил олгогчийн итгэлийг алдсан нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон учраас А-ийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн тул гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүй болно.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар Б аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 3 сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, А-г Б аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэг. 2017 оны 02 дугаар сард тус Б аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2014-2016 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Санхүү хяналт, аудитын алба хяналт шалгалт хийсэн. Энэхүү санхүүгийн хяналт шалгалтаар нийтдээ 67572919 төгрөгийн зөрчил илрүүлснээс манай байгууллагад 4049800 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. Туслах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтоор байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулж байх, эд хариуцагчийн хөтөлж байгаа анхан шатны болон агуулахын бүртгэлийг шалган заавар зөвлөгөө өгөх, баталгаажуулахыг хариуцан ажиллах нь түүний үүрэг юм. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хяналт шалгалтаар туслах нягтлан бодогч А нь 2003 оноос 2008 он хүртэл багшаар ажиллахдаа 5 жилд нэг удаа олгох тэтгэмжийг ажилласан жил нь хүрээгүй байхад 6 жил өнгөрсний дараа буюу 2014 онд байгууллагын төсөвт суулган санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлэн 5226600 төгрөгийн тэтгэмж авсныг санхүүгийн зөрчилд тооцсон байна. Энэ нь нягтлан бодогч байгууллагын хөрөнгө мөнгийг хариуцан ажилладаг албан тушаалтны хувьд албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна. Хэрэв 5 жилийн тэтгэмжээ авах хүсэлттэй байсан бол 2008 онд эрх бүхий байгууллага, шүүхэд гомдол, хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан ч ямар ч арга хэмжээ авахгүй байгаад 2014 онд тус байгууллагын захирал Г болонгуут тэтгэмжийг авсан. Нөгөө талаар А нь багшаар ажилласан хугацаа нь 5 жил хүрээгүй байхад тэтгэмж авсан, харин ч зөөлөн хандаж акт тавиагүй болох нь шүүхэд гэрчээр асуугдсан санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Х гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. 

Мөн туслах нягтлан бодогч А нь хариуцсан ажилдаа буюу байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад үзлэг шалгалт хийх үүрэгтээ хариуцлагагүй хандаж ямар ч хэрэгцээ, шаардлагагүй бараа, материалыг нийлүүлсэн талаар эд хөрөнгийн тооллогод тусгаагүй, олон жил байгууллагын санхүү, хөрөнгө, мөнгийг хариуцан ажилласан хүний хувьд албан тушаалтнуудын шахааны бараа, материал нийлүүлсэн асуудалд зохих хяналт тавиагүй байдлыг Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгаар зөрчилд тооцсон, хөрөнгө хариуцан ажилладаг ажилтны хувьд ажил олгогчийн итгэлийг алдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл шүүх дээрх байдалд дүгнэлт хийхдээ Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг захирал миний бие А-д гардуулан өгөөгүй, түүний гомдол гаргах эрхийг хаасан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь хяналт шалгалтыг би хийгээгүй учраас гарсан актыг А-д танилцуулах үүрэг хүлээхгүй. Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 06 дугаартай танилцуулгыг манайд хүргүүлсний маргааш буюу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн сургуулийн санхүүгийн албан тушаалтнуудыг оролцуулсан хурал хийж миний бие албан ёсоор байгууллагын Ерөнхий нягтлан бодогч, туслах нягтлан бодогч, нярав нарт санхүүгийн хяналт шалгалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж зохих арга хэмжээг авах болсноо мэдэгдсэн ба хурлын явцыг бэхжүүлэн тэмдэглэл хөтөлсөн ч туслах нягтлан бодогч А хуралд оролцсон атлаа тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзсан. Аээс бусад оролцсон хүмүүс бүгд гарын үсэг зурсан. Энэхүү тэмдэглэлийг хариуцагч талаас нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн болно. Ямар ч байгууллагын хурлын явцыг бэхжүүлсэн тэмдэглэлд хурал удирдсан болон тэмдэглэл хөтөлсөн хүн гарын үсэг зурдаг бөгөөд бусад оролцогсод гарын үсэг зурах албагүй. Нөгөө талаар А-д заавал гарын үсэг зуруулах үүргийг ямар ч хуулиар байгууллагад хүлээлгээгүй байтал шүүх үндэслэлгүйгээр А-гийн гарын үсэг зурахаас татгалзсан үйлдэлд байгууллагыг буруутгаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Хэрэв А нь Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын танилцуулгыг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэх бол танилцсан өдрөөс эхлэн хуулийн хугацаанд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ч гомдол гаргаагүй. Хариуцагч талаас дээрх танилцуулгыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч хэргийн материалтай танилцсан атлаа “мэдээгүй, хараагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдрийн байдлаар А-гийн гаргасан зөрчлийг тогтоосон Санхүү хяналт, аудитын албаны 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хяналт шалгалтын танилцуулгыг хэн ч хүчингүй болгоогүй хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба уг эрхийн актаар зөрчил гаргасан нь тогтоогдсон учраас түүнийг үндэслэн гаргасан ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн санхүүгийн улсын байцаагч өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан эрхийн актыг эрх бүхий этгээд хүчингүй болгоогүй мөн нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх хууль бус эрхийн акт гэж дүгнэх боломжгүй юм. 

Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт байгууллагын эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бүртгэлд хяналт тавих эрх бүхий санхүүгийн нягтлан бодогч болох туслах нягтлан бодогч хамаардаг. Энэ нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын байрын тодорхойлолтоор нотлогдож байна. 

Байгууллагын мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилладаг ажилтнуудын буруутай үйлдлээс болж байгууллагад хохирол учирсан тохиолдолд буруутай этгээдээр учирсан хохирлыг арилгуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 134, 135 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх тухай гэрээ байгуулахаар хуульчилсан. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс туслах нягтлан бодогч А-ийг байгууллагад хохирол учруулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй байтал шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн хуулийн заалтыг ажил олгогч зөрчсөн байна’’ хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэнд туйлын их гомдолтой байна. Туслах нягтлан бодогчийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалд байгууллагад хохирол учруулсан талаар дурдаагүй, энэ үндэслэлээр ажилтныг чөлөөлөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд маргааны үндэслэлд хамаагүй зүйлд хариуцагч байгууллагыг буруутгаж хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн нь гомдол гаргах шалтгаан болж байна. Нөгөө талаар хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн А-тэй 2017 оны 1 дүгээр сард байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар тусгасныг шүүх анзаараагүй байна. Мөн шүүх үзэхдээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан хариуцагчийн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасанд нийцээгүй гэжээ. Тэгэхээр шүүхийн шийдвэрээс үзэхэд ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажилтанд ямар ч тохиолдолд хариуцлага тооцох ёсгүй мэтээр ойлгогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлд ажил олгогчид хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг олгосон ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг хуульчилсан байхад энэхүү эрхээ эдэлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйлдэлд шүүх үндэслэлгүйгээр ажил олгогчийг буруутгаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх маргааны үндэслэлд хамаарахгүй зүйлд хариуцагчийг буруутгаж хуулийг илт буруу, дур зоргоороо тайлбарлаж хэрэглэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байгаа төдийгүй шударга ёсны хэмжүүр болсон шүүх хуулийг иймэрхүү байдлаар тайлбарлан хэрэглэвэл хууль ёсны зарчим алдагдахад хүрнэ.

Гурав. Туслах нягтлан бодогч А-ийг ажлаас нь чөлөөлсөн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.8, 9.3.2 дахь заалтыг тус тус баримталсан. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.3.2-т “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил ологчийн итгэлийг алдсан, захирлын зөвшөөрөлгүйгээр хөрөнгө бэлтгэж бусдад шилжүүлсэн нь тус тус тогтоогдсон" бол ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болохоор журамлагдсан. Гэтэл шүүх захирлын зөвшөөрөлгүйгээр хөрөнгө бэлтгэж бусдад шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзжээ. Хариуцагч талаас А-ийг захирлын зөвшөөрөлгүйгээр хөрөнгө бэлтгэж бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.2-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил ологчийн итгэлийг алдсан болон захирлын зөвшөөрөлгүйгээр хөрөнгө бэлтгэж бусдад шилжүүлсэн нь тогтоогдсон байх нь тусдаа хоёр үндэслэл байхаар тусгасныг шүүх анхаараагүй. Нэгэнт туслах нягтлан бодогчийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж зөрчил дутагдал гаргасан нь хөндлөнгийн хяналтаар буюу Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын танилцуулгаар нотлогдон тогтоогдож байхад үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна. 

 

А нь Б аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, тус төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргажээ.

 

Ажил олгогч Б аймаг дахь МСҮТийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 6 тоот дүгнэлт танилцуулга, сургуулийн дотоод журмын 3.8, 9.3.2 заалтуудыг тус тус үндэслэн, ажилдаа хариуцлагагүй хандаж, эрхэлсэн ажлаасаа зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр тус төвийн тооцооны нягтлан бологч А-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

 

Ажилтан А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т нийцсэн ба нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “ажил олгогчийн итгэлийг алдсан ямар нэгэн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй” гэж, харин ажил олгогч “А нь ажилдаа хариуцлагагүй хандаж, эрхэлсэн ажлаасаа зөрчил гаргасан нь Санхүүгийн хяналт, аудитын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэж тайлбарлаж, шүүхэд мэтгэлцжээ. 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасныг үндэслэл болгосон боловч тус зүйлд заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үйл баримтаа нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй байна. Ажил олгогчоос “2010-2015 оны тэтгэмжийг зохих журмаар олгоогүй, анхан шатны санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлсэн, мөнгөний хүсэлт, зарлагын дугааргүй, үндсэн баримтгүй, мөнгө шилжүүлсэн зэрэг шагнал урамшуулал, буцалтгүй тусламжтай холбоотой 38784600 төгрөг, ур чадварын нэмэгдэлтэй холбоотой 26773519 төгрөг, нийтдээ 67572919 төгрөгийн зөрчил илрүүлснээс 4049800 төгрөгийн төлбөрийн акт тогтоосон. 2003 оноос 2008 он хүртэл багшаар ажиллахдаа 5 жилд нэг удаа олгох тэтгэмжийг аваагүй атлаа 5-6 жил өнгөрсний дараа буюу 2014 онд нягтлан бодогчийн цалингаар тооцоолон байгууллагын төсөвт суулган санхүүгийн бичиг баримтыг дутуу бүрдүүлэн 5226600 төгрөгийн тэтгэмж авсан” гэсэн үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн боловч анхан шатны шүүх Санхүүгийн хяналт, аудитын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх үйл баримтыг ажилтны ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгтэй нь харьцуулан зөв дүгнэж, А-ийг урьд эрхэлж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй болжээ. 

 

Ажил олгогчийн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан үндэслэлтэй нийцээгүй, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзнэ. 

Иймээс дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК