Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2016/06203

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хаягт байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хаягт байрлах “*******” ХХК болон

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхор асрамжийн 48 тоот хаягт оршин суух******* овогтын //,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхор асрамжийн 48 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Галбадрахын Од // нарт холбогдох,

 

“5,429,375 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй,

“15,109,375 төгрөг  гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Б. нь 2013 оны 10 дугаар сард эхнэрийн хамт манай компанийн байранд ирж 302,875 м.кв бүхий халаалтын систем буюу халаадаг шал хийлгэх хүсэлт гаргасан.

Ийнхүү тэдний хүсэлтийг үндэслэн манай компани Б.ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах, хувийн өмчийн байшингийн 302,875 м.кв талбай бүхий БНСУ-ын Caleo брэндийн ЕСО стандарт шилдэг технологийн шалны халаалтын систем угсарч, ашиглалтад оруулах, Б. нь 14,929,375 төгрөгийг төлөхөөр хэлэлцэн тохирсон.

Талууд хэлэлцэн тохирсон ёсоор гүйцэтгэх захирал Д.Ганбат нь ажилтан , нарын хамт 2013 оны 10 дугаар сарын 11-нээс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэлцэлт ажлыг хийж гүйцэтгэн, иргэн Б.д 2 жилийн баталгаат хугацааны баримтын хамт хүлээлгэн өгсөн.

Иргэн Б.ийн хэлэлцэж тохирсон ёсоор төлбөл зохих дүнгээс 9,500,000 төгрөгийг түүний эхнэр бэлнээр төлсөн.

Иргэн Б. нь бичгээр гэрээ байгуулах тухай хэлэхэд шаардлагагүй хэмээж, харин баталгаат хугацааны баримтыг авъя гэсэн.

Нэгэнт манай компани Б. нар амаар хэлэлцэн тохирч, төлбөл зохих дүнгийн 63,63 хувийг төлсөн хүчин төгөлдөр хэлцэл байх тул хэлцлийг бичгэн хэлбэрт оруулаагүй ба баталгаат хугацааны баримтыг 24 сараар үйлдэж өгсөн.

Шалыг бүрэн бүтэн, иж бүрэн ажиллагаатайгаар хүлээн авсан өдрөөс хойш төлөх төлөх байсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэхэмжлэл гаргах хүртэл 467 хоног өнгөрөөд байна.

Б. нь 467 хоногийн турш 5,429,375 төгрөгийг маань төлөлгүй компанийг хохироохын зэрэгцээ гүтгэх, далайлган сүрдүүлж байх тул арга буюу шүүхэд хандаж байна.

Энэ 467 хоногт манай компани 5,429,375 төгрөг болон түүнээс олох байсан ашиг, иргэн Б.д шаардлага хүргүүлж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо руу удаа дараа очсон шатхууны зардал, утасны ярианы төлбөр, шүүхийн зардлаар давхар хохирхын зэрэгцээ сэтгэл санааны нөхөж баршгүй гүтгэлэг, сүрдүүлэг дор байна.

5,429,375 төгрөгийг төлөөгүй болох нь прокурорын тогтоолоор харагдаж байгаа. Бид нийт 9,500,000 төгрөг авсан. Хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй санаатай үйлдэл гаргасан тул бид цагдаад өргөдөл гаргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажлаа гүйцэтгэсэн бол мөнгөө шаардах эрхтэй. Хэлцэл Б.тэй хийгдсэн. Төлбөр мөнгийг Б., Г.Од нараас гаргуулах нь зүйтэй.

Иймд үлдэгдэл төлбөр болох 5,429,375 төгрөгийг иргэн Б.ээс гаргуулан “*******” ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Одоос анх 5,000,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан тухай баримтыг хэрэгт хавсаргуулсан. Үүний дараа 4,500,000 төгрөгийг Д.Батөмнх гэдэг хүнээг өгч явуулсан байсан. Энэ мөнгийг авсны дараа Б. нь компани дээрээ баримтыг үйлдэж өгөөч гээд “*******” ХХК-ийн нэмүү өртгийн албан татварын падаан бэлэн мөнгө хүлээн авсан падаан, кассын орлогын ордер зэргийг 2 хуваагаад 7,500,000 төгрөг, 7,500,000 төгрөгөөр нь гарын үсэг зуруулж авсан. Үүнийгээ үндэслээд 10 хувь төлбөрөө төлсөн гэдэг учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. 9,500,000 төгрөг өгчихөөд бүрэн төлсөн гээд хуурч мэхлэн залилаад байна гэсэн гомдол гаргасан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч дүүргийн прокурор шалгаад Б.ийг үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэсэн тогтоол гарсан. Иймд 5,4 сая төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “*******” ХХК болон хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2013 оны 10 дугаар сард уг компаниар 2 байшинд шалны халаалт хийлгэсэн. Б. өөрөө төлбөрийг 100 хувь төлсөн. Компанийн нэмүү өртгийн албан татварын падаан авсан. Төлбөрийг 100 хувь барагдуулсан учраас нэхэмжлэгч тал санхүүгийн бүх баримтыг өгсөн. Баталгаат хугацаа 2 жилээр өгсөн. Ажил гүйцэтгэлийн гэрээ хийе гэхэд цахилгаан халаалт бол электрон бараатай адил гэдэг үндэслэлээр гэрээ хийгээгүй. Баталгаат хугацаандаа доголдол гараад, мэргэжлийн байгууллага 2 удаа дүгнэлт гаргасан. Үүнд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, онцгой байдлын галын байцаагчийн дүгнэлт байгаа. Энэ шалны халаалт нь гал гарах бүрэн нөхцөл байдал үүссэн. Цахилгааны утаснууд нь хайлаад наалдсан. Баталгаат хугацаандаа асуудлаа яагаад шийдээгүй вэ гэхээр зугатаад байдаг. Б. өдөр шөнөгүй утасдаад дарамтлаад байдаг гэсэн байсан. Би олон утасдсан. Би 3 нялх хүүхэдтэй. Гэрт хүйтэн болдог, хүүхэд өвддөг, ханиад хүрдэг, шалны халаалт ажилладаггүй. Эхний жил өдөр болгон ярьдаг байсан. Хавар болохоор намар болъё гэдэг. Халаалалтад гаргасан дүгнэлтийн хамгийн сүүлд энэ ажлыг техникийн паспортод заасны дагуу мэргэжлийн байгууллага гүйцэтгэх шаардлагатай гэсэн байдаг. “*******” ХХК-ийн гэрчилгээнд уг компаний үйл ажиллагаа бичээстэй байгаа. Уг компанид цахилгаан угсралт хийх тусгай зөвшөөрөл байхгүй. Уг шалны халаалтын гарал үүслийг харуулаач гэж 3 жил шаардсан боловч харуулаагүй. Гүтгэлэгийн шинжтэй байна. Нэхэмжилж байгаа мөнгийг өгөх үндэслэл байхгүй. Гал, цахилгаан үнэхээр аюултай. Би үр хүүхэд, гэр бүл, эд хөрөнгөдөө санаа зөвж байна гэв.

 

Хариуцагч “*******” ХХК, түүний төлөөлөгч Б. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Б. миний бие 2013 онд ажилчдын орон сууцыг барьж, цахилгаан халаалтын системийг хийлгүүлэх, паркетан шал шахуулахаар “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаттай харилцан тохиролцож, ажлыг 2013 оны 10 дугаар сард эхлүүлсэн.

Ажил эхлэхийн өмнө миний бие Д.Ганбатад “...ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя, хэзээ байгуулах вэ” гэхэд тэрээр “...манай цахилгаан халаалт чинь гэр ахуйн цахилгаан бараа шиг баталгаат хуудсаараа нотлогдоод явдаг учир гэрээ байгуулах шаардлагагүй...” гэж хэлсний үндсэн дээр бид бичгээр гэрээ байгуулалгүй ажлыг эхлүүлсэн.

Миний гэр бүлийн үн Г.Од нь ажлын хөлс болох нийт 14,929,375 төгрөгийн 7,512,500 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, үлдэгдэл 7,416,875 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус компанид бэлнээр кассын орлогоор тушааж харилцан тохиролцсон ажлын хөлсийг зуун хувь төлсөн.

Шалны цахилгаан халаалтыг зуун хувь халааж эхлэхэд цахилгаан утаснууд нь хоорондоо наалдан галын аюул үүсгэх эрсдэл үүсгэсэн бөгөөд зарим хэсэгтээ огт халахгүй, тохируулсан дулаанаас хэтэрч халах, угсарч өгсөн удирдлага нь огт ажиллахгүй зэрэг чанарын доголдол удаа дараа гарсан тул миний бие Д.Ганбат захиралд тавьсан шалны халаалтаа засах эсхүл шинээр өөр халаалт тавьж өгөхийг хүсэхэд тэрээр “...та санаа зоволтгүй одоо дулаараад хавар болж байгаа учир хэр халж байгааг мэдэх боломжгүй, намар хүйтрэхээр дахин шалгъя засаг өгье” гэх хэлэн зугатсаар өнөөг хүрсэн. Энэ хугацаанд бид арга барагдаж халаалт эвдэрсэн удирдлагыг өөрийн зардлаар гурван удаа сольсон.

2015 оны 02 дугаар сард миний бие, Д.Ганбат захирал руу ярьж шалны цахилгаан халаалтын системээ хүйтрэхээс өмнө засаж өгөх эсвэл сольж өгөхийг дахин хүсэхэд чанарын доголдлыг баталгаат хугацаандаа засаж өгөх биш бүүр намайг төлбөрөө дутуу төлсөн гэж худал нэхэмжлэл гаргасан байна. “Минжит харк булаг” ХХК-ийн гаргаж өгсөн баталгаат хугацаа хоёр жил бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 11-нд дуусна.

Миний бие манай байшинд тавьсан БНСУ-ын Caleо гэх шалны цахилгаан халаалтын гарал үүслийн бичиг, гаалиар хэзээ, яаж, хаанаас орж ирсэн талаарх бичиг баримттай танилцъя гэхээр Д.Ганбат захирал ерөөсөө гаргаж өгөөгүйг зориуд дурдмаар байна.

“*******” ХХК-ийн худалдсан шалны цахилгаан халаалт чанарын доголдолтойн улмаас манай гэрийн халаалт муу халж бид хоёр жил дараалан зутруу өвөлжин хохироод байна.

Иймд халаалтын систем нийлүүлж угсрах ажлын хөлсөнд төлсөн нийт 14,929,375 төгрөг, халаалтын эвдэрсэн удирдлагыг солиход өөрөө гаргасан 180,000 төгрөгийг тус тус “*******” ХХК-иас гаргуулна, шалны халаалтыг нь буцааж өгнө гэв.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “*******” ХХК-ийн БНСУ-ын Caleo брэндийн ЕСО стандартын шилдэг технологийн шалны халаалтын системийг иргэн Б.ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хоёр хаус байшингийн 302,875 м.кв талбайд угсран суурилуулж хүлээлгэн өгсөн.

Манай энэхүү бүтээгдэхүүн нь олон улсын ISO 9001,2008 чанарын гэрчилгээтэй, бид хоёр жилийн баталгаа өгсөн бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүн чанарын ямар ч зөрчилгүй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд “Алт богт” ХХК-тай ямар нэгэн харилцаанд оролцоогүй. Иргэн Б.ийн гэрт халаалт хийхээр тохирсон. Тухайн нэхэмжлэлтэй хэрэгт “*******” ХХК нь хамааралгүй. 14,929,375 төгрөгийг буцаан авъя гэж шаардаж байна. Энэ мөнгийг “*******” ХХК-иас шилжүүлээгүй. Б.ийн эхнэр Г.Одоос авсан. “*******” ХХК-иас бид мөнгө шилжүүлж аваагүй учир төлөхгүй. 14,000,000 төгрөгийг ч иргэн Б.ээс тоолж аваагүй. Үлдэгдэл 5,429,375 төгрөгийг төлөөгүй гэдгийг цагдаагийн байгууллага, прокуророос тогтоосон. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 14 сая төгрөгийг “*******” ХХК-иас авсан юм байхгүй. Иргэн Г.Одоос 5 сая төгрөг авсан. Хүнээр дамжуулж 4,5 сая төгрөг авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Шалны халаалт галын аюултай байна гээд байна. Хавтаст хэрэгт ISO 9001,2008 гээд олон улсын стандартаар баталгаажсан Баталгаажуулалтын гэрчилгээ байгаа. Шалны халаалтын тухай 2 удаагийн шинжээчийн дүгнэлт байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт байна. Шүүхээс томилогдсон Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт байгаа. Уг дүгнэлтэд шалны халаалт галын аюул байхгүй. Хэрэглэгчийн утас өөрөө буруу байна гэсэн дүгнэлт гаргасан. Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл нь эдгээрээр няцаагдаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК болон Д.Болд, Г.Од нарт холбогдуулан, 5,429,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгчээс халаалтын систем нийлүүлж угсрах ажлын хөлсөнд төлсөн 14,929,375 төгрөг, халаалтын удирдлага солиход зарцуулсан 180,000 төгрөг, нийт 15,109,375 төгрөг  гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.ийн өмчлөлийн гэх Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Асрамж гудамж 48 тоот хаягт байрлах хувийн сууцанд БНСУ-ын Caleo брэндийн шалны халаалтын системийг угсрах, хариуцагч Б. нь уг ажлын хөлс 14,929,375 төгрөгийг “*******” ХХК-д төлөхөөр талууд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

“*******” ХХК нь дээр дурдсан шалны халаалтын системийг Б.ийн хувийн сууцанд угсарч өгөх, Б. нь уг ажлын хөлсөнд 14,919,375 төгрөг төлөхөөр талууд хэлэлцэн тохирсноос үзэхэд зохигчдын хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар, гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлж болно. Гэтэл шалны халаалтын систем суурьлуулсан ажлын хөлсийг хэзээ хэрхэн төлөх талаар талууд нарийвчлан тохироогүй байх тул гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлцсэний эцэст ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төлөх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцнэ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсний эцэст, гэрээний дагуу хэлэлцэн тохирсон хөлсийг захиалагчаас шаардах эрхтэй.

 

Гэвч дээрх шалны халаалтын системийг угсарч, ашиглалтад оруулж, талууд ажил хүлээлцсэн эсэх нь нотлогдож тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “*******” ХХК нь хэлэлцэн тохирсон хөлсийг гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Ажил гүйцэтгэгч тал болох “*******” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Асрамж гудамж 48 тоот хаягт байрлах хувийн сууцанд БНСУ-ын Caleo брэндийн шалны халаалтын системийг 2013 оны 10 дугаар сард угсран суурьлуулсан, харин шалны халаалтын системийн ажиллагаа доголдолтой байгааг засах талаар захиалагч тал болох Б. шаардаж байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх боловч үүгээр талууд ажил хүлээлцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Хэдийгээр, борлуулагч “*******” ХХК-ийн тамга дарагдаж, хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэг зурагдсан, худалдан авагч “*******”ХХК-г төлөөлж хүлээн авсан этгээд гарын үсэг зурсан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 7,512,500 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 7,416,875 төгрөгийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан”  хэрэгт авагдсан боловч хариуцагч “*******” ХХК болон Г.Од нь нэхэмжлэгч “*******” ХХК-тай шалны халаалтын систем угсруулах, ашиглалтад оруулах талаар хэлцэл хийгээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч “*******” ХХК-ийн нийт 15,109,375 төгрөг  гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр, “*******” ХХК-ийн тамга дарагдаж, хүлээлгэн өгсөн Д.Ганбат гарын үсэг зурсан, худалдан авагч “*******” ХХК,  түүнийг төлөөлж хүлээн авагч Г.Од гарын үсэг зурсан 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 7,512,510 төгрөгийн, 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 7,416,875 төгрөгийн шалны халаалт, дулаан тохируулагчийн үнийг бичсэн зарлагын падаан, 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 7,416,875 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 7,512,500 төгрөгийг тус тус “*******” ХХК-иас “*******” ХХК-д төлсөн “*******” ХХК-ийн тамга дарагдаж, кассын няравын гарын үсэг зурагдсан Кассын орлогын ордер тус тус хэрэгт авагдсан болохыг дурдаж байна.

 

Мөн түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч Б.ийг 5,429,375 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг цагдаа, прокурорын байгууллагаас тогтоосон гэж маргасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол нь хариуцагчийг төлбөрийн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан, хариуцагч “*******” ХХК болон Б., Г.Од нараас 5,429,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч “*******” ХХК-иас нийт 15,109,375 төгрөг гаргуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 101,820 төгрөг, хариуцагч “*******” ХХК сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,497 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА