Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 498

 

“Минжит харз булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06203 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК,

Хариуцагч “Алт болд” ХХК, Б.Дэмбэрэл, Г.Од нарт холбогдох,

 

5 429 375  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

15 109 375 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бат-Эрдэнэ,

Хариуцагч, хариуцагч “Алт болд” ХХК-ийн төлөөлөгч Б.Дэмбэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, Л.Бат-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Дэмбэрэл нь 2013 оны 10 дугаар сард эхнэрийн хамт манай компанийн байранд ирж 302.875 м.кв бүхий халаалтын систем буюу халаадаг шал хийлгэх хүсэлт гаргасан. Ийнхүү тэдний хүсэлтийг үндэслэн манай компани Б.Дэмбэрэлийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах, хувийн өмчийн байшингийн 302.875 м.кв талбай бүхий БНСУ-ын Caleo брэндийн ЕСО стандарт шилдэг технологийн шалны халаалтын систем угсарч, ашиглалтад оруулах, Б.Дэмбэрэл нь 14 929 375 төгрөгийг төлөхөөр хэлэлцэн тохиролцсон.

Талууд хэлэлцэн тохиролцсон ёсоор гүйцэтгэх захирал Д.Ганбат нь ажилтан Э.Таравчамба, Ч.Ганзориг нарын хамт 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэлцэлт ажлыг хийж гүйцэтгэн, Б.Дэмбэрэлд 2 жилийн баталгаат хугацааны баримтын хамт хүлээлгэн өгсөн. Б.Дэмбэрэлийн хэлэлцэж тохиролцсон ёсоор төлбөл зохих дүнгээс 9 500 000 төгрөгийг түүний эхнэр бэлнээр төлсөн. Б.Дэмбэрэл нь бичгээр гэрээ байгуулах тухай хэлэхэд шаардлагагүй хэмээж, харин баталгаат хугацааны баримтыг авъя гэсэн.

Нэгэнт манай компани Б.Дэмбэрэл нар амаар хэлэлцэн тохиролцож, төлбөл зохих дүнгийн 63.63 хувийг төлсөн хүчин төгөлдөр хэлцэл байх тул хэлцлийг бичгэн хэлбэрт оруулаагүй ба баталгаат хугацааны баримтыг 24 сараар үйлдэж өгсөн. Шалыг бүрэн бүтэн, иж бүрэн ажиллагаатайгаар хүлээн авсан өдрөөс хойш төлөх байсан 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нэхэмжлэл гаргах хүртэл 467 хоног өнгөрөөд байна.

Б.Дэмбэрэл нь 467 хоногийн турш 5 429 375 төгрөгийг төлөлгүй компанийг хохироохын зэрэгцээ гүтгэх, далайлган сүрдүүлж байх тул арга буюу шүүхэд хандаж байна. Энэ 467 хоногт манай компани 5 429 375 төгрөг болон түүнээс олох байсан ашиг, Б.Дэмбэрэлд шаардлага хүргүүлж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо руу удаа дараа очсон шатахууны зардал, утасны ярианы төлбөр, шүүхийн зардлаар давхар хохирохын зэрэгцээ сэтгэл санааны нөхөж баршгүй гүтгэлэг, сүрдүүлэг дор байна. 5 429 375 төгрөгийг төлөөгүй болох нь прокурорын тогтоолоос харагдаж байгаа. Бид нийт 9 500 000 төгрөг авсан. Хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй санаатай үйлдэл гаргасан тул бид цагдаад өргөдөл гаргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажлаа гүйцэтгэсэн бол мөнгөө шаардах эрхтэй. Хэлцэл Б.Дэмбэрэлтэй хийгдсэн. Төлбөр мөнгийг Б.Дэмбэрэл, Г.Од нараас гаргуулах нь зүйтэй. Иймд үлдэгдэл төлбөр 5 429 375 төгрөгийг Б.Дэмбэрэлээс гаргуулан “Минжит харз булаг” ХХК-д олгож өгнө үү.

Хариуцагч Г.Одоос анх 5 000 000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан тухай баримтыг хэрэгт хавсаргасан. Үүний дараа 4 500 000 төгрөгийг Д.Батөмнх гэдэг хүнээс өгч явуулсан байсан. Энэ мөнгийг авсны дараа Б.Дэмбэрэл нь компани дээр баримтыг үйлдэж өгөөч гээд “Минжит харз булаг” ХХК-ийн нэмүү өртгийн албан татварын падаан, бэлэн мөнгө хүлээн авсан падаан, кассын орлогын ордер зэргийг 2 хуваагаад 7 500 000 төгрөг, 7 500 000 төгрөгөөр нь гарын үсэг зуруулж авсан. Үүнийгээ үндэслээд 10 хувь төлбөрөө төлсөн гэдэг учраас Цагдаагийн байгууллагад “9 500 000 төгрөг өгчихөөд бүрэн төлсөн гээд хуурч мэхлэн, залилаад байна” гэсэн гомдол гаргасан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Дүүргийн прокурор шалгаад Б.Дэмбэрэлийг үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэсэн тогтоол гарсан гэжээ.

Хариуцагч, хариуцагч “Алт болд” ХХК-ийн төлөөлөгч Б.Дэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 10 дугаар сард уг компаниар 2 байшинд шалны халаалт хийлгэсэн. Б.Дэмбэрэл өөрөө төлбөрийг 100 хувь төлсөн. Компанийн нэмүү өртгийн албан татварын падаан авсан. Төлбөрийг 100 хувь барагдуулсан учраас нэхэмжлэгч тал санхүүгийн бүх баримтыг өгсөн. Баталгаат хугацаа 2 жилээр өгсөн. Ажил гүйцэтгэлийн гэрээ хийе гэхэд цахилгаан халаалт бол электрон бараатай адил гэдэг үндэслэлээр гэрээ хийгээгүй. Баталгаат хугацаандаа доголдол гараад, мэргэжлийн байгууллага 2 удаа дүгнэлт гаргасан. Үүнд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Онцгой байдлын галын байцаагчийн дүгнэлт байгаа.

Энэ шалны халаалт нь гал гарах бүрэн нөхцөл байдал үүссэн. Цахилгааны утаснууд нь хайлаад наалдсан. Баталгаат хугацаандаа асуудлаа яагаад шийдээгүй вэ гэхээр зугатаад байдаг. Б.Дэмбэрэл өдөр, шөнөгүй утасдаад дарамтлаад байдаг гэсэн байсан. Би олон удаа утасдсан, 3 нялх хүүхэдтэй, гэрт хүйтэн болдог, хүүхэд өвддөг, ханиад хүрдэг, шалны халаалт ажилладаггүй. Эхний жил өдөр болгон ярьдаг байсан. Хавар болохоор намар болъё гэдэг. Халаалалтад гаргасан дүгнэлтийн хамгийн сүүлд энэ ажлыг техникийн паспортод заасны дагуу мэргэжлийн байгууллага гүйцэтгэх шаардлагатай гэсэн байдаг.

“Минжит харз булаг” ХХК-ийн гэрчилгээнд уг компанийн үйл ажиллагаа бичээстэй байгаа. Уг компанид цахилгаан угсралт хийх тусгай зөвшөөрөл байхгүй. Уг шалны халаалтын гарал үүслийг харуулаач гэж 3 жил шаардсан боловч харуулаагүй. Гүтгэлэгийн шинжтэй байна. Нэхэмжилж байгаа мөнгийг өгөх үндэслэл байхгүй. Гал, цахилгаан үнэхээр аюултай. Би үр хүүхэд, гэр бүл, эд хөрөнгөдөө санаа зовж байна гэжээ.

Хариуцагч, хариуцагч “Алт болд” ХХК-ийн төлөөлөгч Б.Дэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Дэмбэрэл миний бие 2013 онд ажилчдын орон сууцыг барьж, цахилгаан халаалтын системийг хийлгүүлэх, паркетан шал шахуулахаар “Минжит харз булаг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаттай харилцан тохиролцож, ажлыг 2013 оны 10 дугаар сард эхлүүлсэн. Ажил эхлэхийн өмнө миний бие Д.Ганбатад “...ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя, хэзээ байгуулах вэ гэхэд тэрээр ...манай цахилгаан халаалт чинь гэр ахуйн цахилгаан бараа шиг баталгаат хуудсаараа нотлогдоод явдаг учир гэрээ байгуулах шаардлагагүй...” гэж хэлсний үндсэн дээр бид бичгээр гэрээ байгуулалгүй ажлыг эхлүүлсэн.

Манай гэр бүлийн хүн Г.Од нь ажлын хөлс болох нийт 14 929 375 төгрөгийн 7 512 500 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, үлдэгдэл 7 416 875 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус компанид бэлнээр кассын орлогоор тушааж харилцан тохиролцсон ажлын хөлсийг зуун хувь төлсөн. Шалны цахилгаан халаалтыг зуун хувь халааж эхлэхэд цахилгаан утаснууд нь хоорондоо наалдан галын аюул үүсгэх эрсдэл үүсгэсэн бөгөөд зарим хэсэгтээ огт халахгүй, тохируулсан дулаанаас хэтэрч халах, угсарч өгсөн удирдлага нь огт ажиллахгүй зэрэг чанарын доголдол удаа дараа гарсан тул миний бие Д.Ганбат захиралд тавьсан шалны халаалтаа засах эсхүл шинээр өөр халаалт тавьж өгөхийг хүсэхэд тэрээр “...та санаа зоволтгүй, одоо дулаараад хавар болж байгаа учир хэр халж байгааг мэдэх боломжгүй, намар хүйтрэхээр дахин шалгаад засч өгье...” гэж хэлсээр өнөөг хүрсэн. Энэ хугацаанд бид арга барагдаж халаалт эвдэрсэн удирдлагыг өөрийн зардлаар гурван удаа сольсон.

2015 оны 02 дугаар сард миний бие, Д.Ганбат захирал руу ярьж шалны цахилгаан халаалтын системээ хүйтрэхээс өмнө засч өгөх эсхүл сольж өгөхийг дахин хүсэхэд чанарын доголдлыг баталгаат хугацаандаа засаж өгөх биш, намайг төлбөрөө дутуу төлсөн гэж худал нэхэмжлэл гаргасан байна. “Минжит харз булаг” ХХК-ийн гаргаж өгсөн баталгаат хугацаа хоёр жил бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дуусна.

Миний бие манай байшинд тавьсан БНСУ-ын Caleо гэх шалны цахилгаан халаалтын гарал үүслийн бичиг, гаалиар хэзээ, яаж, хаанаас орж ирсэн талаарх бичиг баримттай танилцъя гэхээр Д.Ганбат захирал ерөөсөө гаргаж өгөөгүйг зориуд дурдмаар байна. “Минжит харз булаг” ХХК-ийн худалдсан шалны цахилгаан халаалт чанарын доголдолтойн улмаас манай гэрийн халаалт муу халж бид хоёр жил дараалан зутруу өвөлжин хохироод байна. Иймд халаалтын систем нийлүүлж угсрах ажлын хөлсөнд төлсөн нийт 14 929 375 төгрөг, халаалтын эвдэрсэн удирдлагыг солиход өөрөө гаргасан 180 000 төгрөгийг тус тус “Минжит харз булаг” ХХК-иас гаргуулна, шалны халаалтыг нь буцааж өгнө гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, Л.Бат-Эрдэнэ нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн тухайд, “Алт болд” ХХК-тай ямар нэгэн харилцаанд оролцоогүй. Б.Дэмбэрэлийн гэрт халаалт хийхээр тохиролцсон. Тухайн хэрэгт “Алт болд” ХХК нь хамааралгүй. 14 929 375 төгрөгийг буцааж авъя гэж шаардаж байна. Энэ мөнгийг “Алт болд” ХХК-иас шилжүүлээгүй. Б.Дэмбэрэлийн эхнэр Г.Одоос авсан. “Алт болд” ХХК-иас бид мөнгө шилжүүлж аваагүй учир төлөхгүй. 14 000 000 төгрөгийг ч Б.Дэмбэрэлээс тоолж аваагүй. Үлдэгдэл 5 429 375 төгрөгийг төлөөгүй гэдгийг цагдаа, прокурорын байгууллагаас тогтоосон.

Шалны халаалтын тухайд, 2 удаагийн шинжээчийн дүгнэлт байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт байгаа. Уг дүгнэлтэд шалны халаалт галын аюул байхгүй. Хэрэглэгчийн утас өөрөө буруу байна гэсэн дүгнэлт гаргасан. Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл нь эдгээрээр няцаагдаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч “Алт болд” ХХК болон Б.Дэмбэрэл, Г.Од нараас 5 429 375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК-иас нийт 15 109 375 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Алт болд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 101 820 төгрөг, хариуцагч “Алт болд” ХХК сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 497 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талууд ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлнө гэж тохиролцсон. Захиалагч Б.Дэмбэрэл нь бүтээгдэхүүний чанарын талаар маргадаг боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02-07-98/1467 дугаартай дүгнэлт, шүүхээс томилогдсон шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 9/172 дугаартай дүгнэлтүүдээр “…Б.Дэмбэрэл нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан техник ашиглалтын болон аюулгүй ажилллагааны дүрмийг мөрдөх, өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах үүргээ зөрчиж, шалны халаалтын төхөөрөмж суурилуулсан өөрийн байрны цахилгаан шугам сүлжээний угсралтад сонгосон цахилгаан дамжуулах утсаа буруу сонгосноос шаардлага хангахгүй халалт үүсч хайлан, автомат пускатель буун, тохируулга алдагдаж байсан байна...”
гэсэн өөрийг нь буруутгасан дүгнэдтүүд гарч байсан байна. Иймд манай гомдлын үндэслэлийг хянан үзэж, манай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн уг хэсгийг хүчйнгүй болгож, 5 429 375 төгрөгийг хариуцагч  Б.Дэмбэрэлээс гаргуулан олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК нь хариуцагч “Алт болд” ХХК болон Б.Дэмбэрэл, Г.Од нарт холбогдуулан 5 429 375 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, ажлын хөлсөнд төлсөн 14 929 375 төгрөг, халаалтын удирдлага солиход зарцуулсан 180 000 төгрөг, нийт 15 109 375 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

            Нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК нь хариуцагч Б.Дэмбэрэлийн хүсэлтээр түүний өмчлөлийн хувийн сууцанд шалны халаалтын систем угсарч суурилуулах ажлыг 2013 оны 10 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд гүйцэтгэснээр зүүн, баруун хоёр байшингийн нийт 302,875 м.кв талбайд 14 929 375 төгрөгийн ажил гүйцэтгэн, хоёр жилийн баталгааны хуудас гаргасныг хариуцагч Г.Од гарын үсэг зурж хүлээн авсан, халаалтын систем ашиглагдаж байгаа үйл баримт тогтоогдсон ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар байгуулагдсан гэж дүгнэсэн  шүүхийн дүгнэлт зөв, “Минжит харз булаг” ХХК, иргэн Б.Дэмбэрэл, Г.Од нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ.  

            Хэрэгт авагдсан талууд гарын үсэг зурсан “Хоёр жилийн баталгаа” нэртэй 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн баримт /хх-27, 33/, зохигчдын тайлбараар шалны халаалтын системийг суурилуулсныг захиалагч тал хүлээн авч, ашиглаж байгаа нь тогтоогдсон байна.

Иймд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн ажил гүйцэтгэгч “Минжит харз булаг” ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй бөгөөд 9 500 000 төгрөгийг бэлнээр авснаа зөвшөөрч үлдэгдэл 5 429 375 төгрөг шаардсаныг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Шүүх захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч ашиглаж байгаа хэргийн үйл баримтыг анхааралгүй ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Дэмбэрэл нь “Алт болд” ХХК-ийг төлөөлж сөрөг нэхэмжлэл гаргасан ч /хх-25,26/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Билэгсайхан /хх-129/ байхаас гадна “Минжит харз булаг” ХХК, “Алт болд” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, харин иргэн Б.Дэмбэрэл, Г.Од нартай гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Иймд “Алт болд” ХХК-ийг төлөөлж Б.Дэмбэрэлийн гаргасан ажлын хөлсөнд төлсөн 14 929 375 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй  бөгөөд шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв болно. 

             Харин хариуцагч талаас гаргасан “шалны халаалтын удирдлага нь эвдэрсэн, утас нь халж наалдсан” гэх тайлбар нь ашиглалтын явцад илэрсэн ажлын доголдолтой холбоотой байх бөгөөд энэ талаар утсаар мэдэгдэж, доголдлыг арилгахыг шаардаж байсныг ажил гүйцэтгэгч үгүйсгээгүй боловч баталгаат хугацаанд доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгаж, түүнтэй холбоотой гарсан зардал 180 000 төгрөгийг “Минжит харз булаг” ХХК-иар нөхөн төлүүлж, хариуцагч Б.Дэмбэрэл, Г.Од нарт олгох зүйтэй.

            Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажлын доголдолтой холбоотой хэсгийг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй, нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан шийдвэрийн заалтад зохих өөрчлөлтийг оруулна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/06203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.Дэмбэрэл, Г.Од нараас 5 429 375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК-д олгож, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагч “Алт болд” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, 180 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, “Алт болд” ХХК-д олгон, үлдэх 14 929 375 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, нэхэмжлэгч Б.Дэмбэрэл, Г.Од нараас 101 820 төгрөгийг гаргуулж, “Минжит харз булаг” ХХК-д,  нэхэмжлэгч “Минжит харз булаг” ХХК-иас 6050 төгрөгийг тус тус гаргуулж, “хариуцагч Алт болд” ХХК-д тус тус олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 101 820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ