Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2016/04933

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол, *******-ийн байр хаягт байрлах “Монос дэлгэрэх” ХЗХ /хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,, тоотод оршин суух, Их монгол овогт Отгоны Туяа /РД:ИМ64082367/-д холбогдох,

 

“Зээлийн төлбөрт 51,974,766 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монос дэлгэрэх” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ХЗХ нь гишүүн тай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №75 тоот зээлийн гэрэ, барьцааны №60 тоот гэрээ байгуулж , дугаартай, 30 м.кв талбайтай, **************,*******,ны тоот, 2 өрөө орон сууц барьцаалж, -т барьцааны гэрээг бүртгүүлж, 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээл төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн №75 тоот зээлийн гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр дуусгавар болох байсан боловч зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй зээлдүүлэгчид хүндрэл учруулж байгаа болно.

Иймд “Монос дэлгэрэх” ХЗХ нь гишүүн тай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн зээлийн дүнг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд үндсэн зээл 27,500,000 төгрөг, хүү, 20,958,432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,516,333 төгрөг, нийт 51,974,766 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн барьцаанд байгаа , дугаартай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, “Монос дэлгэрэх” ХЗХ-оос 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 75 тоот зээлийн гэрээгээр 30 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй авсан.

30  сая төгрөгөөс 12,889,900 төгрөгийг төлсөн байхад 51,974,766 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасан. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээ дахин сунгагдаагүй, Иргэний хуулийн 72.3, 72.7-д заасны дагуу сунгасан гэж үзэх боломжгүй. 30,000,000 төгрөгийг 64,864,666 төгрөг болтлоо өгсөх үндэсгүй гэж үзэж байна. Зээлийг төлж чадахгүй боллоо хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлт гаргасаар байтал хүүг зогсоогоогүй. 2015 оны зун тоосгоор бартер хийе гэж санал гаргаж байсан. Тоосго авахаар хоршоонд хүндрэлтэй гээд миний саналыг хүлээн аваагүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монос дэлгэрэх” ХЗХ нь хариуцагч д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 51,974,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч нь “Монос дэлгэрэх” ХЗХ-той 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №75 дугаартай зээлийн гэрээ, №60 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж, 30,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, д 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон тус ХЗХ-ны Кассын орлогын №100 дугаартай ордер зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зээлийн барьцаанд хариуцагч нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, 6- тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөөр орон сууцыг барьцаалжээ.

Дээр дурдсан барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан, гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Зээлдэгч нь уг зээлийг авснаас хойш үндсэн зээлээс 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 500,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, хүүнд 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 10,389,900 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 27,500,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 9,055,516.67 төгрөг байсан бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хүүгийн үлдэгдэл 20,958,432.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,516,333 төгрөг байгаа болох нь хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй“,

мөн хуулийн  452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…..”,

453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-т “Зээлдэгч энэхүү гэрээний 2.1.4-т заасан хугацаанд /12 сар/ зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх өдрийг дараах өдрөөс эхлэн Иргэний хуулийн 453.1-д заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр тохиролцов.” гэж заасан байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага учраас гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсоныг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Монос дэлгэрэх” ХЗХ нь гаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 51,974,766 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон                 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч гаас 51,974,766 төгрөг гаргуулж, “Монос дэлгэрэх” ХЗХ-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******, 6- тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдсан үнийн дүнгээс 51,974,766 төгрөг гаргуулж “Монос дэлгэрэх” ХЗХ-нд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Монос дэлгэрэх” ХЗХ нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 417,824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монос дэлгэрэх” ХЗХ-нд олгосугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА