Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1945

 

"ХХ" ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04933 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч "ХХ" ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Хд холбогдох

 

Зээлийн төлбөрт 51 974 766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Хгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "ХХ" ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ХЗХ нь гишүүн Хтай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр №75 тоот зээлийн гэрээ, барьцааны №60 тоот гэрээ байгуулж ХХХХХХХХ, ХХХХХХХХХХ дугаартай, 30 м.кв талбайтай, ХХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХХ тоот, 2 өрөө орон сууц барьцаалж, ҮХЭХУГ-т барьцааны гэрээг бүртгүүлж, 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээл төлөх хуваарийн дагуу зээлдэгчийн №75 тоот зээлийн гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, зээлийн төлбөрийг бүрэн төлснөөр дуусгавар болох байсан боловч зээлдэгч Х нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байгаа болно.

Иймд зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн зээлийн дүнг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд үндсэн зээл 27 500 000 төгрөг, хүү 20 958 432 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 516 333 төгрөг, нийт 51 974 766 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээлийн барьцаанд байгаа ХХХХХХХХХХ, ХХХХХХХХХХХХХХХ дугаартай, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууц бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие, "ХХ" ХЗХ-оос 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 75 тоот зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй авсан. 30 000 000 төгрөгөөс 12 889 900 төгрөгийг төлсөн байхад 51 974 766 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасан. Зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээ дахин сунгагдаагүй, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 72.7 дахь хэсэгт заасны дагуу сунгасан гэж үзэх боломжгүй. 30 000 000 төгрөгийг 64 864 666 төгрөг болох үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийг төлж чадахгүй боллоо хүүг зогсоож өгөөч гэсэн хүсэлт гаргасаар байтал хүүг зогсоогоогүй. 2015 оны зун тоосгоор бартер хийе гэж санал гаргаж байсан. Тоосго авахаар хоршоонд хүндрэлтэй гээд миний саналыг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Хгаас 51,974,766 төгрөг гаргуулж, "ХХ" ХЗХ-нд олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Х нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХХ тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, худалдсан үнийн дүнгээс 51 974 766 төгрөг гаргуулж "ХХ" ХЗХ-нд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Х давж заалдах гомдолд: Анхан шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. "ХХ" ХЗХ нь Хтай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 75 тоот гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 12 889 900 төгрөгийг төлж барагдуулсан. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Гэрээ дахин сунгагдаагүй.

Гэрээний хугацаанд төлсөн 12 889 900 төгрөгийг үндсэн зээлээс хасалт хийлгүй хүүд тооцон авсныг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл, бүхий шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар хэдий хугацааны, хэдэн төгрөгийн зээл, хүүг тооцоолж бодолгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 51 974 766 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэрт төлөхөөр заагдсан 51 974 766 төгрөг дээр төлсөн 12 889 900 төгрөгөө нэмэхэд 30 000 000 төгрөгийг 64 864 666 төгрөг болгож төлөхөөр болж байна.

Иймд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “ХХ" ХЗХ нь хариуцагч Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 51 974 766 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.  

 

“ХХ" ХЗХ 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Хгийн өмчлөлийн ХХХХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХХХ тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан түүнд 30 000 000 төгрөг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон болох нь зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. Зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэгт заасан уг төрлийн гэрээг бичгээр байгуулах шаардлагад нийцжээ.

 

Гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд хариуцагч Х нь зээлийн гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлээс 2 500 000 төгрөг, хүүд 10 389 900 төгрөг, нийт 12 889 900 төгрөг төлж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 27 500 000 төгрөг, хүүнээс төлөгдөөгүй үлдсэн 4 736 663 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Зээлдэгч Х нь гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1 022 400 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 550 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 250 000 төгрөг, нийт 2 322 400 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу тооцож үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнээс илүү гарч байх тул шүүх нэхэмжлэгч “ХХ" ХЗХ-ны шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

           

Нэхэмжлэгч “ХХ" ХЗХ нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд / хх 4 / тул зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хариуцагч зээлийг 12 сарын хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг гэрээгээр хүлээсэн тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.   

 

            Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр бичгээр байгуулагдсан, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах хуулиар тавигдах шаардлагыг хангасан, зээлдүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардсан нь зөв байна.

 

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417 824 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                             

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                         А.МӨНХЗУЛ