Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 28 өдөр                                     120/ШШ2017/0017                                                                   Өмнөговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ………... дугаар баг, … дүгээр гудамжны ..... тоотод оршин суух Ч овогт П.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга /албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б-д холбогдох,

“Боловсрол, Соёл, Урлагийн Газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Боловсрол, Соёл, Урлагийн Газрын төсвийн мэргэжилтэний ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, хариуцагч Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн Боловсрол соёл урлагийн газарт төсвийн мэргэжилтнээр ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал гаргаж сахилга, хариуцлага хүлээж байгаагүй.

Гэтэл даргын 2017 оны 03 сарын 27-ны өдрийн Б/05 тушаал гарч боловсрол соёл урлагийн газрын бүтэц орон тоог цөөрүүллээ гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Манай байгууллагын бүтэц орон тоог цөөрүүлэх,

 

D:\Захиргаа\ерөнхий\шийдвэр\П.Батцэцэг.docx

миний ажлын байрыг цомхотгох эрх зүйн үндэслэл, шинэ нөхцөл үүсээгүй байхад зөвхөн намайг ажлаас чөлөөлөхийн тулд өмнө нь батласан байсан 2017 оны 01 сарын 10-ны өдрийн а/01 тоот тушаалыг хүчингүй болгож, дахин 2017 оны 03 сард орон тоог цөөрүүлэн баталсан. Байгууллагын хүү цөөрүүлж баталсан тушаалаа үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн нь зөвхөн надад зориулсан, төсвийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байна. Мөн намайг ажлаас халсан эсхүл цомхотгосон эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв ажлаас халсан бол надад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэхгүй байсан байх. Хэрэв цомхтголд оруулсан бол надад мөнгөн тэтгэмж олгох байсан ч би ажлаасаа чөлөөлөгдөөд гурван cap болох гэж байхад надад мөнгөн тэтгэмж гэж нэг ч төгрөг олгогдоогүй байгаа нь цомхтгол нэрийн дор намайг ажлаас халсан шийдвэр болсон төдийгүй миний ажлын байрыг цомхтголд оруулах шаардлагагүй байсныг харуулж байна.

П.Б миний бие бага насны гурван хүүхэдтэй бөгөөд бага хүүхэд маань хоёр настай байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж байгаа нь миний Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан эрх боломжийг хязгаарласан гэж үзэхэд хүргэж байна. Би энэхүү тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байсан бөгөөд энэ талаарх гомдлоо аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2017 оны 04 сарын 25-ны өдөр гаргасан боловч албан ёсоор шийдвэрлэсэн эсэх, эсхүл гомдол шийдвэрлэх хугацааг сунгасан талаар надад албан ёсоор тодорхой хариу мэдэгдээгүй болно. Би захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сонсох ажиллагаа хийж ажлаас чөлөөлөх тухай яригдсан. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дахиж бүтэц  орон тоог шинэчилэн байгуулахдаа миний орон тоог хасаж баталсан. Бүтэц орон тоог дур зоргоороо өөрчилж баталдаггүй хуулийн дагуу оны эхэнд нэг удаа батлах ёстой байдаг. 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дахин сонсох ажиллагаа явуулж ажлаас халсан тушаал гаргасан. Тэр үед миний ах нас бараад ажил явдал нь 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дуусаад 03 дугаар сарын 27-ны өглөө ажилдаа ирээд ажлаас халагдсан тушаалаа авсан.

Миний орон тоог хасах ямар ч шалтгаан байгаагүй. Намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байж шийдвэрээ огт хэрэгжүүлээгүй. Ажлаас чөлөөлөх нэрийн дор намайг ажлаас халсан гэж үзэж байгаа. Ажлаас чөлөөлсөн бол тэтгэмжийг нь өгөөд гаргах ёстой байдаг. Гэтэл бүтэн сар хүлээгээд тэтгэмжээ гаргаж өгөөгүй. Боловсрол соёл, спортын яамнаас тодруулга авч Дэнсмаа гэдэг хүнээс утсаар асуухад намайг бүтцийн өөрчлөлтөнд орсон тухай огт мэдээгүй байсан. Бүтцийн өөрчлөлтөнд орсон тэтгэмжтэй холбоотой ямар ч бичиг ирээгүй. Ийм бичиг ирсэн ч яам хүлээж авах боломжгүй байгаа.

Бүтэц орон тооны өөрчлөлт хийх шаардлага байхгүй, энэ талаар тэтгэмжийн мөнгө тавигдаагүй байгаа гэсэн. Боловсрол соёл, урлагын газраас тайлбар гаргахдаа төсвийн мэргэжилтний орон тоо байхгүй гэж хэлээд байгаа. Энэ орон тоо байхгүй биш байгаа. Нотлох баримтаар бол байхгүй гэдэг нь тогтоогдоогүй. Төрийн албанд олон жил ажилласан хүний хувьд ийм байдалд огт орж байгаагүй аль ч намын үед ажиллаж байсан. Түр зуур даргаар тавигдсан хүн үзэгнийхээ үзүүрээр хүний амьдралыг ингэж хохироож байгаад харамсаж байна.

Иймд Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Боловсрол, Соёл, Урлагийн Газрын төсвийн мэргэжилтэний ажилд эргүүлэн тогтоолгож, миний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Боловсрол, Соёл, Урлагын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2а дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтыг үндэслээд тус газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан гаргасан юм.

Улсын Их Хурлын 2016 оны “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 47 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.а дахь заалтад “бүх шатны төсвийн захирагч нарт салбар болон байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах зэргээр орон тоо, цалин хөлс, урсгал зардлыг бууруулах, батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх эрхийг олгох', Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" 147 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ‘'төсвийн байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүргийг хянан үзэж төрийн албан хаагчдын ачааллыг нягтруулах, орон тоог бууруулж, цалингийн санг хэмнэж ажилласны үр дүнд хэмнэгдэх цалингийн зардлыг бусад төрийн албан хаагчдын үр дүнгийн нэмэгдэл, урамшуулалд зарцуулдаг болох гэсэн.

Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “Төсвийн бусад байгууллагын дарга захирал, эрхлэгчид тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Мөн хуулийн 16.5.3-т “Батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо. ажилчдын цалин хөлсийг тогтоох” гэж төсвийн шууд захирагчид эрх олгосон учир миний бие байгууллагын даргын хувьд өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд уг шийдвэрийг гаргасан юм. Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан нөхцөлүүдээс сонгож хэрэглэх боломж олгосон заалт тул үүний дагуу уг тушаалын 2 дугаар зүйлд П.Б-ийн ажилласан хоногийн цалин болон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг холбогдох хууль журмын дагуу тооцож олгуулахаар шийдвэрлэсэн боловч цалингийн санд мөнгө байхгүй, яамнаас шийдэж өгөөгүй учир олгоогүй байгаа.

Байгууллагын даргын хувьд хуульд заасан эрхийнхээ хүрээнд 2017 оны 01 сарын 10-нд А/01 тоот тушаалаар байгууллагынхаа бүтэц, орон тоог батлаж, мөн оны 3 сарын 22-ны өдрийн А/15 тушаалаар өмнө тушаалаа хүчингүй болгож бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Батцэцэгийг боловсрол соёл, урлагын газрын өмнөх даргын тушаалаар ажилд авсан байдаг. Аймгийн Засаг даргын Тамгын газраас цалинг олгож байсан. Батцэцэгийг ажиллуулахаар манай байгууллагад өр үүсэх байсан тул орон тоог багасгаж ажилласан. Манай байгууллагад урьд нь 2 хоёр орон тоо дутуу байсан тул цалинг олгож ажилласан. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 411 тоот бичгээр яаманд хандсан төсвийн мэргэжилтний орон тоог нэмэгдүүлэх хүсэлт явуулаад хариу ирээгүй. Цалингийн санд төсвийн мэргэжилтэний цалин байхгүй гэдгийг яам мэддэггүй юм билээ. Яамнаас орон тоог хэтрүүлэхгүй, хүн цомтгохгүй ажил гэж чиглэл өгсөн.

Яам манай байгууллагын орон тооны дээд хязгаарыг тогтоож өгдөг, яамнаас манай байгууллагын төсвийн зарлагын 2017 оны хуваарилалтыг ирүүлснийг нотлох баримтаар өгсөн байгаа. Сүүлийн жилүүдэд төсвийн мэргэжилтний орон тоо аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоонд орж байсан, аймгийн Засаг даргаас манай байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн батласан шийдвэр гараагүй, манайд ирүүлээгүй. Орон тоонд байхгүй, цалингийн санд мөнгө байхгүй, ажлын байрны тодорхойлолт байхгүй, хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан учраас төсвийн мэргэжилнийг ажлаас чөлөөлсөн гэж ойлгож байгаа.

 Иймд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаар тушаал нь хуулиар олгогдсон эрхийн дагуу хуульд нийцүүлж гаргасан шийдвэр тул П.Б-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь “Боловсрол, Соёл, Урлагийн Газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Б-н 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Боловсрол, Соёл, Урлагийн Газрын төсвийн мэргэжилтэний ажилд эргүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж ихэсгэсэн[1].

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч П.Б нь Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн б/20 дугаар тушаалаар Боловсрол, Соёл, Урлагийн Газрын төсвийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдож, Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд[2] нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “төрийн албанд ажиллах хугацаандаа алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргаагүй, бага насны хүүхэдтэй байсан, байгууллагын бүтэц орон тоог цөөрүүлэх, миний ажиллаж байсан ажлын байрыг цомхотгох нөхцөл байдал үүсээгүй байхад байгууллагын дарга төсвийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж ажлаас чөлөөлсөн нэрийн дор үндэслэлгүйгээр ажлаас халсан нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн” гэж тайлбарлан маргасан.

Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнэ/-ын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалаар[3] Монгол Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоолын 1 дэх заалтын 2-ийн “а”, Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 5 дахь заалтын 1-ийг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсгийг тус тус үндэслэн тус газарт төсвийн мэргэжилтнээр ажиллаж байсан П.Б-г 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний ажилласан хоногийн цалин болон амралтын мөнгө, 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн мөнгийг тооцож олгохыг нягтлан бодогчид зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчаас уг маргаан бүхий актын үндэслэлийг “Яамнаас төсвийн зарлагын 2017 оны хуваарилалтыг ирүүлсэн, үүнд 2017 оны төсөвт төсвийн мэргэжилтэний орон тоо, цалин тусгагдаагүй байсан учир 2016 оны 411 тоот албан бичгээр яаманд хүсэлт явуулсан боловч хариу ирүүлээгүй, төсвийн мэргэжилтэний орон тоо, цалингийн санд мөнгө байхгүй, П.Б-г ажиллуулахаар манай байгууллагад өр үүсэх байсан тул байгууллагын даргын хувьд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд байгууллагын бүтэц орон тоог багасган дахин шинэчлэн баталж, П.Б-г орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлсөн” гэх агуулгаар тайлбарласан.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус заасан болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоолын 1 дэх заалтын 2-ийн “а” /бүх шатны төсвийн захирагч нарт салбар болон байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах зэргээр орон тоо, цалин, хөлс, урсгал зардлыг бууруулах, батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх эрхийг олгох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасан/, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 5 дахь заалтын 1 /төсвийн байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүргийг хянан үзэж төрийн албан хаагчдын ачааллыг нягтруулах, орон тоог бууруулж, цалингийн санг хэмнэж ажилласны үр дүнд хэмнэгдэх цалингийн зардлыг бусад төрийн албан хаагчдын үр дүнгийн нэмэгдэл, урамшуулалд зарцуулдаг болох чиглэлээр холбогдох эрх зүйн актуудад өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосон/ заалтуудыг үндэслэн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын “төсвийн мэргэжилтэн”-ний албан тушаалаас нь нэхэмжлэгч П.Б-г чөлөөлсөн Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Б/-ын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаал үндэслэлгүй байна гэж үзлээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын бүтэц, дүрэм болон аймаг, нийслэлийн боловсролын газрын ажиллах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/315 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ын Гуравын 3.1-д “Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална”, 3.2-т “Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай хуульд зааснаар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийг батлах эрх Өмнөговь аймгийн Засаг даргад олгогдсон байна.

Дээрх хууль, журамд заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Боловсролын газрын бүтэц, орон тооны хязгаар, ажиллах журмыг батлах тухай” а/566 дугаар захирамжийг гаргасан бөгөөд уг захирамжийн хавсралтуудаар Боловсролын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг удирдах ажилтан 2, гүйцэтгэх ажилтан 13, үйлчилгээний ажилтан 5, нийт 20 орон тоотой байхаар, түүн дотор нэхэмжлэгчийн ажиллаж байсан “төсвийн мэргэжилтэн” 1 орон тоотой байхаар баталсан, энэ захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] нотлогдож байна.            

Мөн хариуцагчаас ирүүлсэн баримт[5] /яамнаас ирүүлсэн Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагын газрын төсвийн зарлагын 2017 оны хуваарилалт гэх/-аас үзвэл Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагын газрын нийт ажиллагсдад олгох цалин, хөлс болон нэмэгдэл урамшуулалын зардалд 163 365.0 төгрөг байхаар, ажиллагсдын орон тооны хязгаарыг удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 14, үйлчилгээний ажилтан 3, нийт 18 орон тоотой буюу төрийн захиргааны албан хаагч 15, төрийн үйлчилгээний бусад албан хаагч 3 байхаар тогтоосон байх ба Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнэ/-ын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг төсвийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлснөөр уг төсвийн мэргэжилтэний гүйцэтгэж байсан ажлыг тус газрын нягтлан бодогч хэрэгжүүлж байгаа болох нь хэрэгт авагдсан Боловсрол соёл, урлагийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл[6] болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдсон.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын бүтэц, орон тоо /орон тооны жишиг, хязгаарыг тогтоох/-г батлах эрх бүхий этгээдүүдээс бүтэц, орон тоог болон маргаан бүхий төсөв хариуцсан мэргэжилтэний орон тоог хассан шийдвэр гаргаагүй, аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Боловсролын газрын бүтэц, орон тооны хязгаар, ажиллах журмыг батлах тухай” а/566 дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа, төсөв хариуцсан мэргэжилтэний чиг үүрэг хэвээр хадгалагдан уг ажлыг тус байгууллагын нягтлан бодогч хэрэгжүүлж байгаа болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн ажиллаж байсан төсвийн мэргэжилтэний орон тоо хасагдаагүй байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлвэл төсвийн мэргэжилтэний орон тоог хассан шийдвэр эрх бүхий этгээдээс гаргаагүй байхад Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын даргад “байгууллагын орон тоог цомхотгох, тийм үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх” эрхгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасныг хариуцагч зөрчиж үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн гэж үзлээ.

Мөн хариуцагч “цалингийн санд төсвийн мэргэжилтэнд өгөх цалин байхгүй, П.Б-г ажиллуулахаар манай байгууллагад өр үүсэх байсан, уг ажлыг нягтлан бодогчид давхар хийлгүүлэхээр зөвлөлийн хурлаар шийдсэн тул байгууллагын даргын хувьд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны А/01, А/15 дугаар тушаалуудыг баталсан” гэж тайлбарласан.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.9-д зааснаар төсвийн шууд захирагч нь дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох бүрэн эрхтэй боловч Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нь хуульд заасан дээрх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн тогтоох талаар дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрөлийг авсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна “Бүтэц, орон тоо батлах тухай” 2017 оны А/01, А/15 дугаар тушаалуудыг[7] батлан гаргахдаа мөн хуулийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэснийг зөрчсөн тул хариуцагчаас гаргасан тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн акт болохын хувьд хуульд нийцсэн, тушаалын баримталсан хуулийн заалт нь бодит үндэслэлтэйгээ тохирсон байх атал Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Бат-Эрдэнэ/-ын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар, Монгол Улсын Их Хурлын 2016 оны “..төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 47 дугаар тогтоолуудын холбогдох заалтыг баримталсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр П.Б-н төрийн алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Б/-ын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, П.Б-г Боловсрол, Соёл, Урлагийн Газрын төсвийн мэргэжилтэний албан тушаалд эргүүлэн тогтоож, Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газраас түүний ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх олговор 6.582.088 /зургаан сая таван зуун наян хоёр мянга наян найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилт хийхийг Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан П.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн Газрын дарга /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Б/-ын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Б-г Боловсрол, Соёл, Урлагийн Газрын төсвийн мэргэжилтэний албан тушаалд эргүүлэн тогтоосугай.

 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа /2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал/-ны цалинтай тэнцэх олговор 6.582.088 /зургаан сая таван зуун наян хоёр мянга наян найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-т олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих бичилт хийхийг Өмнөговь аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газарт даалгасугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 4-5, 35, 74 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас

[5] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас