Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00227

 

Б.Өийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2214 дүгээр магадлалтай,

Б.Өийн нэхэмжлэлтэй

“С А”ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс “С А”ХХК-д гадаад харилцааны менежерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2016 оны 11 дүгээр сард маркетинг борлуулалтын албаны даргын албан тушаалд томилон ажилласан ч энэ талаар тушаал шийдвэр гаргаагүй. Би 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орой гэнэт ухаан алдан унасан ба маргааш нь ажил руугаа залгахад захирал Н.Мөрөн бие чинь зүгээр юм уу өнөөдөр амарчих гэсэн тул тэр өдөр ажиллаагүй буцсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажилласан боловч бие дээрдээгүй тул захиралдаа хэлж толгойн зургаа авахуулахаар болж, эмнэлгээр явсан. 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа очиход захирал чамайг ажиллуулахгүй, удахгүй тушаалыг чинь гаргана ирж аваарай гэсэн тул ажилдаа очиж чадаагүй. Эмнэлэгт өгсөн шинжилгээгээр тархины усан хаван, венийн судасны цүлхэнт гэсэн онош гарсан ба өнөөдрийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж байна. Б.Ө нь өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хагалгаанд орж одоогоор эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд эмнэлгийн актыг байгууллагад хүргүүлж, өөрөө нэг хувийг канондож авч байсан. Акттай эмнэлэгт байх хугацаанд ажлаас халсан тушаал гаргаагүй. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр захиралд тусламж хүсэх болон урт хугацааны чөлөө авах тухай өргөдөл, 02 дугаар сарын 24-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай өргөдөл тус тус гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр захирал Н.Мөрөнтэй утсаар холбогдоход тушаал чинь гарсан ирж ав гэснээр өөртэй нь уулзан тушаалаа авсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захирал Н.Мөрөн өөрөө чөлөө өгчихөөд ажил тасалсан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй. Иймд Б.Өийг гадаад харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “С А”ХХК-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн “С А”ХХК-д гадаад харилцааны менежерийн албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр захирлын 17/08 тоот тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халах үндэслэл нь Б.Ө 2017 оны 01 дүгээр сарын 04, 06, 07, 09-ний өдөр ажилдаа ирээгүй, өмнө нь хэд хэдэн удаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болно. Тушаалыг хүний нөөцийн ажилтан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.Өт хүлээлгэж өгсөн. Хөдөлмөрийн хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Утсаар ярьсан тэмдэглэл дэх дуу хоолой Н.Мөрөн захирал мөн эсэх нь тогтоогдохгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Өийг “С А”ХХК-ийн гадаад харилцааны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “С А”ХХК-иас 3 284 440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Өт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Өийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “С А”ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, түүний төлсөн 168 350 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулан буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “С А”ХХК-иас 67 501 төгрөгийг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2214 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх хяналтын гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв үнэлээгүй: Нэг. Нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Мөн хариуцагч тал утсанд бичигдсэн ярианы дуу хоолой захирал Н.Мөрөнгийнх биш гэж маргадаг боловч бичлэгт Б.Ө нь компанийн удирдах албан тушаалтантай уулзахдаа 02 дугаар сарын 24-ний өдөр өргөдөл гаргасан, эмчилгээтэй байсан тул 03 дугаар сарын 24-нийг хүртэл ирж уулзаж амжсангүй, юу болсон талаар хариугаа авах, компанийн зүгээс халагдах тушаал гарсан, танилцах талаар мэдэгдсэн бичлэг тул энэ өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч авсан гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ. Тус бичлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5. “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.”-д гэж заасныг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 Шүүх хэргийн оролцогч гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2 Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.Б.Ө нь бичлэг хийж байгаа талаар урьдчилж мэдэгдээгүй, бичлэг нь бүрэн эсэх, нөгөө талаар тагнах, чагнах эрх бүхий этгээд хийгээгүй, гүйцэтгэх ажиллагааны журам зөрчсөн нотлох баримтыг шүүх хүлээн авч үзлэг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Нөгөө талаар бичлэгт хэний хоолой байгаа эсэхийг тогтоогоогүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бичлэгийг хууль бус болох, нотлох баримтаас хасах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Хоёр. Өвчтэй байсан талаар мэдэх боломжгүй байсан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч Б.Ө нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захирал Н.Мөрөнтэй утсаар холбогдож эмнэлэгт биеэ үзүүлэх талаар мэдэгдэн, 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 09, 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 01 дүгээр сарын 20, 01 дүгээр сарын 21-ээс 01 дүгээр сарын 28, 01 дүгээр сарын 30-аас 02 дугаар сарын 22-ыг хүртэлх хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн акттай байсан болох нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн тайлбарласан тайлбар, эмнэлгийн магадлагаа, тодосгогч бодистой толгойн компьютерт томографийн шинжилгээ, иргэний эрүүл мэндийн дэвтэр, зүрхний бичлэг хийлгэсэн баримтуудаар тус тус тогтоогджээ.” гэжээ. Б.Ө нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр захирал Н.Мөрөнтэй утсаар холбогдож эмнэлэгт биеэ үзүүлэх талаар мэдэгдсэн гэдэг шүүхийн үндэслэх хэсэгт заасан үйл баримт тогтоогддоггүй. Зөвхөн нэхэмжлэгчийн нэг талын тайлбарыг үндэслэжээ. Нөгөө талаар 2017 оны 01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 09-ний өдрийн эмнэлгийн магадлагааг тухай үедээ “С А”ХХК болон түүний удирдлагуудад өгөөгүй, шүүхэд 2017 оны 05 дугаар сард анхан шатны шүүх хуралд гаргаж өгсөн нь аливаа үйл хэргийн дараа нь болж буй нотлох баримт нь нотлох чанараа алдах юм. Өөрөөр хэлбэл, “С А”ХХК нь Б.Өийг өвчтэй гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь тус байдлаар нотлогддог. Гэтэл шүүх тус нотлох баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Гурав. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээлгэж өгсөн тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарладаг, тушаалыг гардуулсан талаар М.Шинэжаргал гэрчээр мэдүүлсэн боловч тайлбар нь баримтаар нотлогдоогүй” гэжээ. Гэрчийн мэдүүлэгт 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тушаал танилцуулсан болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.Ө нь “С А”ХХК дээр очиж уулзсан болох нь түүний бичсэн өргөдлөөс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл Б.Ө нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “С А”ХХК-д өргөдөл бичсэн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заасныг зөрчсөн атал шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 2214 дүгээр магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

            Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ө хариуцагч “С А”ХХК-д холбогдуулан, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах” нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Б.Өийг ажлаас чөлөөлсөн хариуцагч “С А”ХХКомпанийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийн 17/08 тоот тушаалын үндэслэл, нэхэмжлэгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирээгүй, ажилтанг ажил тасалсан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байх тул “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн...” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогч ажлаас халсан тушаалыг ажилтанд гардуулж өгсөн үеэс шүүхэд гомдол гаргах хугацааг тоолдог бөгөөд хариуцагч 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 17/08 тоот тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгснийг баримтаар нотлоогүй байна. Нэхэмжлэгч нь тушаал гарсныг мэдээгүй учраас чөлөө олгохыг хүссэн өргөдлийг ажил олгогчид 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гаргаж байснаас үзэхэд “...ажлаас халсан тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан...” гэх гэрч М.Шинэжаргалын мэдүүлэг үндэслэл муутай байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 128 дугаар зүйлийн 128.12, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан эмнэлгийн магадлагаа, тодосгогч бодистой толгойн компьютерт томографийн шинжилгээ, эрүүл мэндийн дэвтэр, зүрхний бичлэг хийсэн баримт зэргээр нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 04, 06, 07, 09-ний өдрүүдэд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдсон, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх гар утсаар хийсэн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1-д нийцсэн дүгнэлтийг хийжээ. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/02344 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2214 дүгээр  магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 68 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИБАЯР

                                   ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА