Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 36

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                Даргалагч

                                Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

                                Шүүгчид                             Я.Туул

                                                                    Д.Буянжаргал

                     Оролцогчид

                           Прокурор                            А.Золзаяа

                              Хохирогчийн төлөөлөгч    Б.Алтантуяа

                              Ялтны  өмгөөлөгч             Ч.Мөнгөнцэцэг, Н.Цэцэгмаа

                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар    оролцож, 

  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн  даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Ж.Эрдэнбат нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бадарчийн Баярмаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618020170 дугаартай, 149/2017/00029/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд 1969 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Энхтайвны 24 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлгүй, группт байдаг, оюуны хөнгөн хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бадарчийн Баярмаа. /РД: М3-69090163/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч Б.Баярмаа нь 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сум 9 дүгээр баг Энхтайваны 24 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Бадарчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Баярмаад  холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 29 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Баярмааг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дах хэсэгт заасныг баримтлан Б.Баярмааг 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаад оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт т заасныг баримтлан Б.Баярмаагийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 197 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 94.5 см урттай, бор хүрэн өнгийн хугархай модон таяг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгаж,

-Б.Баярмаа нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдан,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баярмаад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, эдлэх ялыг нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж

 


 шийдвэрлэжээ.

 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяа би Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг гардаж аваад зөвшөөрөхгүй учир дараах гомдлыг гаргаж байна.

2016 оны 8 дугаар сарын 18-нд миний аавын бие муудаж эмнэлгийн байгууллагаас тусламж авч, хэвтэж эмчлүүлж байгаад нас барсан. Тэр үед ах, дүү бид аавыгаа өндөр даралттай байдаг тул цус харвасан гэж ойлгож байсан. Гэтэл Цагдаагийн байгууллагаас шалгаж гадны нөлөөтэй нас барсан байна гэж тухайн үед хамт байсан мэдрэл муутай дүү Б.Баярмааг маань хорьж шалгасан. Бид тухайн үед аав маань нас барж, дүүг маань сэжиглэж байгаад маш их хүнд байдалд орсон. Ингээд энэ хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжиж дүү Б.Баярмааг маань Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар гэдэг зүйл ангиар ял шийтгэж 10 жил 01 сарын хорих ял оногдуулсанд туйлын их харамсаж байгаа учир давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие ах дүү 9 хүний төлөөлөл болж энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Энэхүү гомдлыг ч мөн бүгдээрээ зөвлөлдөж байгаад гаргаж байгаа болно. Төрийн хуулийг бид хүндэтгэж байгаа. Ор үндэсгүйгээр дүү Б.Баярмааг энэ хэрэгт шалгаагүй байх гэдгийг ч ойлгож, итгэж байгаа. Өндөр настай аавыгаа ч бид үгүйсгэж байгаа зүйл биш шүү гэдгийг хэлмээр байна. Гэхдээ хуулийн хүнлэг, энэрэнгүй ёсыг энэ удаад дүүд минь хэрэглэж өгөөч гэж хүсч байгаа юм. Учир нь аав маань 80 гарсан өндөр настай хүн, ер нь Зүүнхараад байдаг байсан боловч бид хотод өөрсдийнхөө хажууд байлгадаг байсан. Дүү Б.Баярмаа маань оюун ухааны хомсдолтой /мэдрэл муутай/ учир том эгчийг бараадан Зүүнхараад байлгадаг боловч аав, Б.Баярмаа хоёр байнга 2 биенийгээ гээд л хаана ч байсан хоёулаа байхыг хүсдэг. Ийм учраас зуны дэлгэр цаг болсон учир аав Зүүнхараад гэртээ ирсэн байсан юм. Ер нь аав маань дандаа л Б.Баярмаагаа гэж биднээс мөнгө төгрөг авч Б.Баярмаад өгч, Б.Баярмааг биднээс өмөөрч байдаг байсан. Харин Б.Баярмааг архи уухаар аав дургүй, үүнээс болж аав маань уурлаж Б.Баярмааг зодож цохисон юм болов уу? тэгээд л энэ хэрэг гарсан болов уу? гэж бид ойлгож байна.

Дүү Б.Баярмаа 2016 оны 8 дугаар сарын 22-ноос одоог хүртэл 8 сар гаран цагдан хоригдож байгаа. Бид хааяа эргэлтээр ордог боловч янз янзын юм яриад өөр хүн аавыг зодсон гэж худал, үнэн нь мэдэгдэхгүй юм ярих юм. Гэхдээ бид хуулийг хүндэтгэж байгаа учир урьд өмнө буруу зөвийн талаар огт гомдол гаргаж байгаагүй болно. Одоо бид аавыгаа яаж ч зөвтгөөд, Б.Баярмааг яаж ч буруутгаад аав маань босож ирэхгүй болохоор мэдрэл муутай, мөн бие муутай энэ дүүгээ олон жилийн ял эдлүүлээд яахав уучилж явъя л гэж бид ярилцсан, хойшид ч энэ талаар ямар нэг гомдол гаргахгүй гэдгээ хэлэх нь зүйтэй байх.

Өнөөдөр бид Давж заалдах шатны шүүхээс дараах зүйлийг хичээнгүйлэн хүсэж байна.

-Дүү Б.Баярмааг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар ял оногуулсныг хөнгөрүүлэн зүйлчилж өгөөчээ.

-Аав маань Б.Баярмааг оюун ухааны хомсдолтой, мэдрэл муу хүн шүү гэж ер нь харьцдаггүй, эрүүл бидэнтэй харьцаж байгаа юм шиг л байдаг. Энэ байдал нь хэрэг гарахад нөлөөлсөн юм болов уу?, аав архи уулаа гэж эхэлж зодож цохиод байлгахгүй байсан юм байна. Тэгээд л Б.Баярмаа аавыг зодож цохисон юм болов уу? гэж бодох юм бид. Энэ хоёр урьд нь ийм байдал огт гаргаж байгаагүй болохоор бидэнд үнэхээр хүнд байна. Тэгэхээр хохирогч аавын маань буруутай байдал энэ хэрэг гарахад нөлөөлж гэж бодож байна.

Мөн дүү Б.Баярмаа нь оюун ухааны хомсдолтой болохоор аавтай маргаж зодолдсон ч үхчихнэ гэж санахгүй, аав маань өндөр настай биеэ хамгаалж чадахгүй хүн шүү гэдгийг ухамсарлан ойлгох чадваргүй хүн шүү дээ. Тэгэхээр та бүхнээс дээрх байдлуудыг ойлгож зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, бид буруутай гэдгийг ойлгож байгаа учраас ял оногдуулсан ч хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч  Н.Цэцэгмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Цэцэгмаа би, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар хорих ялаар шийтгүүлсэн ялтан Боржигон овогт Бадарчийн Баярмаагийн хууль ёсны эрх ашигийг нь хамгаалж, /давж заалдах шатнаас/ өмгөөлөгчөөр нь ажиллаж байгаа билээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Б.Баярмааг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг өмгөөлөгч би, дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх, 29 дугаартай шийтгэх тогтоолынхоо  Тодорхойлох нь хэсэгт : “Шүүгдэгч Б.Баярмаа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 18- нд шилжих шөнө ... өөрийн гэртээ төрсөн эцэг 81 настай Г.Бадарчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохиж зодон санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг онгдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Баярмаагийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр болон яллагдагчаар байцаагдахдаа үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор хүрэн өнгийн 1 ширхэг хугархай таяг зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлахад давхар нотлогдож байна.” хэмээн дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын нэг болох Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 897 тоот дүгнэлтээр:

Б.Баярмаа нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисах эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй”  байсан байна. Б.Баярмаа нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг өөрийн сэтгэц, оюун ухааны түвшинд ойлгох чадвартай байсан байна. Б.Баярмаа нь болсон явдлыг өөрийн сэтгэц, оюун ухааны түвшинд тусган авч, өөрийн сэтгэц, оюун ухааны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. гэж тогтоогдсон. Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 144 тоот дүгнэлтээр: ... Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисах эмгэгтэй хүний оюуны түвшин 50-59 байдаг, IQ-55% хадгалагддаг.

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дээрх 897, 144 тоот дүгнэлтүүдээс харахад, миний үйлчлүүлэгч Б.Баярмаа аливаа асуудлыг өөрийн 50-59 хувийн түвшинтэй оюун ухаанаар өөрийн сэтгэц, оюун ухааны түвшинд тусган авдаг болох нь тогтоогдсон байна.

Эрүүл хүний оюун ухааны түвшинг 100 хувь гэж үзвэл түүний тал хувь буюу   50-59 хувийн оюун ухааны түвшинтэй миний үйлчлүүлэгч Б.Баярмааг /мөн зохих хэмжээгээр архидан соггуурсан байсан/ өөрийн төрсөн эцэг Б.Бадарчийг “81 настай юм, биеэ хамгаалж чадахгүй байгаа юм гэдэг” дүгнэлтийг хийх бодит чадвартай байсан гэж анхан шатны шүүх дүгнэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн  91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилж ял оноосныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан” гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгч Б.Баярмаа сэтгэцийн өвчтэй, мөн тухайн үед архи ууж согтсон байсны улмаас хохирогч Б.Бадарчийг “биеэ хамгаалж чадахгүй байгаа”-д дүгнэлт өгөх чадваргүй байсан болох нь нотлох баримтаар хангалттай тогтоогддог тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийг шүүгдэгчид ашигтайгаар хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон зүйлчилж өгнө үү. Түүнчлэн Б.Баярмаа урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, биеийн эрүүл мэнд, сэтгэцийн байдал тааруу, ахимаг настай, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяа санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 55 дүгээр зүйлийн 55.1 дэх хэсгийг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оноож, 29 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Жич: Шүүгдэгч Б.Баярмаагийн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор хүрэн өнгийн 1 ширхэг хугархай таяг зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад давхар нотлогдож байна гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байгааг анхаарч үзнэ үү. Хохирогч Б.Бадарчийг Б.Баярмаа цохиж зодсон гэх мэдүүлгийг хамгийн анх түүний төрсөн эгч Б.Цэцэгээгээс мөрдөн байцаагч авахдаа Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт заасан эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, эдлүүлээгүй байна. Мөн Б.Баярмаа нь төрсөн эцэг Б.Бадарчийгаа таягаар зодож байсныг харсан үзсэн гэрч байхгүй байхад эд мөрийн баримтаар хураагдсан таягаар нотлогдож байгаа мэтээр шүүх дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг би Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Баярмаагийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж эрх зүйн тусалцаа үзүүлэн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн оролцож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Баярмааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ял оногдуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч Б.Баярмаагийн сэжигтнээр болон яллагдагчаар байцаагдсан хавтаст хэргийн 166, хавтаст хэргийн 169, 170 дугаар  хуудасанд байгаа мэдүүлгүүдийг голлон үндэслэн яллах саналаа явуулсан. Мөн шүүх шүүдэгч Б.Баярмааг сэжигтэн болон яллагдагчаар тооцон байцаалт авахдаа хуульд заасан шаардлагыг хангаж түүнд хуульд заасан эрх үүргийг нь болон хуулийн зүйл заалтыг тайлбарлан өгсөн, мөн өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг авсан зэрэг нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн.

Өмгөөлөгчийн хувьд дээрх мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд ... хохирогч Г.Бадарч нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны орой 20-21 цагийн үеэс эхлээд Б.Баярмаад уурлан чи яагаад гэртээ хүн оруулдаг юм гээд таягаар толгой руу нь цохисон, үснээс нь  зулгаасан, хөнжлөөс нь татсан, гуя руу нь цохисон, гэрээсээ хөөсөн, 01 цагийн үед дахин уурлаж шалны модны хугархайгаар цохисон орондоо ороод хэвтэхээр л хөнжлийг нь татаж шалны мод болон таягаар зодож цохисон ... тэгэхээр нь нүд рүү баруун гараараа цохисон, маажсан гэж сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд тодорхой мэдүүлсэн байдаг.

Үүнээс үзэхэд Б.Баярмаагийн сэтгэл санаа нь гэнэт хүчтэй цочрон давчидсан хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж, тухайн үед өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон ба өөрт учирч болох хор уршгаас өөрийгөө хамгаалан хохирогч Г.Бадарчийн толгойн тус газар цохиж гэмтэл учруулснаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзэж байна. Б.Баярмааг оройны 20 цагаас эхлээд үүрийн 04-05 цаг хүртэл унтуулахгүй таяг, шалны модоор цохиж, үснээс нь зулгааж гэрээсээ хөөж байгаа үйлдэл нь угийн сэтгэцийн өвчтэй, оюун ухааны хомсдолтой хүнийг ... сэтгэцийн хувьд цочролд оруулан хохирогчийн зүгээс хүчирхийлэл үзүүлэн хүчээр дарлаж байгаа үйлдэл мөн гэж үзэж байна. Дээрх Б.Баярмаагийн үйлдэл нь гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжгүй гэж үзвэл шүүгдэгч Б.Баярмаагийн өндөр настай эцэг Г.Бадарчийн биеэ хамгаалж чадахгүйг байгааг мэдсээр байж амь насыг хохироосон үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсныг:

-Хэрэг гарахад хохирогчийн өөрийн буруутай үйлдэл нөлөөлсөн,

-Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай хэдий ч оюун ухааны хомсдол сэтгэцийн өвчтэй болох нь шинжээчийн удаа дараагийн дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.Баярмаа нь хохирогчийг өндөр настай биеэ хамгаалах чадваргүй гэдгийг ухамсарлан ойлгох чадваргүй,

-Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн Б.Баярмаад холбогдох хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж давж заалдсан гомдол,

-Б.Баярмаа нь өөрийн аав Г.Бадарчийг алах ямар нэг санаа зорилго агуулаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдпын улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн,

-Мөн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж шийтгэх  тогтоолд өөрчлөлт оруулан өгөхийг хүсье...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Ч.Мөнгөнцэцэг өмгөөлөгчийн гомдолд хариу тайлбар хэлэхэд Улсын дээд шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн тайлбараар сэтгэцийн үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан үедээ хийсэн үйлдэлд Б.Баярмаагийн үйлдэл нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл сэтгэхүйн байдал нь алдагдсан, өөрийн үйлдлээ удирдах чадваргүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан Б.Баярмаагийн аавтайгаа удаан хугацааны турш маргалдаж, зодолдон аавынхаа нүдэн тус газар цохьсон байдаг. Арга ядаад гарыг нь маажсан. Хэсэг хугацааны дараа аавыгаа тайвшруулах зорилгоор оронд нь оруулж унтуулсан гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгддэг. Б.Баярмаагийн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

                                                Тодорхойлох нь:

 

 Б.Баярмаа нь 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сум 9 дүгээр баг Энхтайваны 24 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Бадарчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож санаатай алсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.Баярмаад  холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 29 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Баярмааг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дах хэсэгт заасныг баримтлан Б.Баярмааг 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаад оногдуулсан 10 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаагийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс ,2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 197 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцож,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баярмаад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, эдлэх ялыг нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж

 


 шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байна.

 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяа, ялтан Б.Баярмаагийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, Н.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.Баярмаад холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад:

  Б.Баярмаа нь 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг Мандал сум 9 дүгээр баг Энхтайваны 24 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эцэг  81 настай Г.Бадарчтай маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд  халдан зодож “хүнийг санаатай алсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяагийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 28-29, 2-р хх-ийн     28-46-р ху/, гэрч Б.Цэцэгээ /1-р хх-ийн 32-р ху/, Б.Хандаа /1-р хх-ийн 34-р ху/, Ю.Чинбат /1-р хх-ийн 35-р ху/, О.Оюунцэцэг /1-р хх-ийн 36-р ху/, С.Батцэнгэл /1-р хх-ийн 37-р ху/, Б.Батмөнх /1-р хх-ийн 43-р ху/, Б.Бат-Өлзий /1-р хх-ийн 45-р ху/, Т.Батзул /1-р хх-ийн 47-р ху/, Т.Саран /1-р хх-ийн 51-р ху/, Х.Эрдэнэтуяа /1-р хх-ийн 53-р ху/, О.Мөнхжаргал /1-р хх-ийн 55-р ху/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 65-69-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 08 дүгээр сарын 30-ны өдрийн 7540 тоот дүгнэлт /1-р хх-ийн 76-р ху/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 897 тоот дүгнэлт /1-р хх-ийн 138-143-р ху/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /1-р хх-ийн 146-148, 150-151-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэдийгээр Б.Баярмаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай боловч “Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисах эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэг өвчтэй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 897 тоот  дүгнэлтэнд:

“…1.Б.Баярмаа нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисах эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. “Оюуны хөнгөн хомсдол” хэмээх сэтгэцийн эмгэг нь төрөлхийн удамшлын байх боломжтой…,

   2.Б.Баярмаа нь “Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисах эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Б.Баярмаад албадан эмчилгээ хийлгэх шаадлагагүй байна. Харин цаашид харьяа сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байж, тогтмол үзүүлж байх шаардлагатай байна…, гэх /1-р хх-ийн 138-143-р ху/, шинжээч С.Байгалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “…2016 оны 09 дүгээр сарын 02-нд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдсэн оюун ухааны түвшин тогтоох сорилоор IQ=55%-тай гарсан, мөн сэтгэцийн үзлэгийг үндэслэн оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисан эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна гэж комиссын гишүүд санал нэгтэй дүгнэлт гаргасан. Оюуны хөнгөн хомсдолтой хүн бусдыг аялдан дагалдах хандлагатай байдаг…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 150-151-р ху/, гэрч С.Батцэнгэлийн мөрдөн байцаалтанд өгсөн “…Б.Баярмаа нь оюун ухааны дунд зэргийн хомсдол өвчний учир 70% группт байдаг. 1998 оноос хойш Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч болон өрхийн эмчийн хяналтанд байх болсон. 2008 онд Б.Баярмаа Улаанбаатар хотын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмгэг сэтгэцийн дүгнэлт хийлгэж, 2009 оноос хойш 70%-ийн хугацаагүй группд оруулсан. Б.Баярмаа нь сэтгэцийн хувьд эрүүл бус, “Оюун ухааны хомсдол” гэх сэтгэцийн өвчтэй, гэхдээ хурцадмал байдалд орж байгаагүй. Б.Баярмааг түүний аав Г.Бадарч гуай байнга авчирч үзүүлдэг байсан…”.  гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37-р ху/, гэрч Б.Цэцэгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн “…Б.Баярмаа 02 настай байхдаа таталт өгөөд одоо сэтгэцийн хувьд эрүүл бус болчихоод байгаа юм…, Сэлэнгэ аймгийн болон Мандал сумын нэгдсэн эмнэлгийн хяналтанд байдаг, сэтгэцийг нь үзүүлэхэд оюун санаа нь бүрэн хөгжөөгүй гэж байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-33-р ху/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэг буюу “…хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж…, хүнийг санаатай алах…” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг гэмт этгээд ухамсарлаж,  гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь  ашиглах хэлбэрээр илрэх бөгөөд тухайн  гэмт хэргийг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол, шинж тэмдгийн архисах эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэг өвчтэй байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Баярмаа нь хохирогч өндөр настан Г.Бадарчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг ухамсарлан ойлгож, энэ байдлыг нь гэмт хэрэг үйлдэхдээ зориуд ашигласан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Б.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт   зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг  мөн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь  дахь Сум дундын  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1,2,3 дахь заалтуудыг  өөрчлөн найруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь  дахь Сум дундын  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1,2,3 дахь заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 1 дэх заалтыг:

“1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 91.1 дэх хэсэг болгон өөрчилж,  шүүгдэгч Боржигон овогт Бадарчийн Баярмааг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэж,

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.1 хэсэгт заасныг баримтлан Б.Баярмааг 06 жил 09 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Б.Баярмаад оногдуулсан 06  жил 09 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн Хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                ШҮҮГЧИД                              Я.ТУУЛ

                                                                               Д.БУЯНЖАРГАЛ