Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 37

 

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                                Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

Д.Буянжаргал

Оролцогчид:

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг оролцож,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн,  шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолтой,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд, Боржгин овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн нарт холбогдох эрүүгийн 201518020362 хэргийн дугаартай, 149/2016/0020/Э индекстэй 2 хавтастай хэргийг хохирогч, хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгч Т.Ганболд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Ихтамир суманд 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 6-141 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ “Авто стандарт”грүппийн захирал ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд /РД:ХМ-74052337/,    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1956 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн 3 дугаар байр 30 айлын 10 тоотод оршин суух энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржгин овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн /РД:ЧЕ-56122370/

 

         Прокурорын яллах дүгнэлтэд бичигдснээр:

   “...Яллагдагч Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, “Хонин нуга” гэх газар амарч байхдаа З.Янсансүрэн нь Т.Ганболдод “Д.Пүрэвдорж нь намайг усанд яв гэж хэлсэн, мөн тамхи хулгайлсан гэж хэллээ” гэж хэлснээс болж Т.Ганболд нь Д.Пүрэвдоржид хандаж “миний ахыг дээрэлхлээ, тамхины хулгайч гэж хэлсэн гэлүү” гэж хэлснээс хувийн таарамжгүй харьцаа үүсэн маргалдаж, улмаар З.Янсансүрэн нь Д.Пүрэвдоржийг унагаан баруун гарын ядам хурууг нь хугалсан, Т.Ганболд нь баруун хавирга руу нь өшиглөж 6 дугаар хавиргыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

    Анхан шатны шүүх Т.Ганболд, З.Янсансүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 17 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Аврагч овогт Түргэнтөрийн Ганболд, Боржгин овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн нарыг бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ганболдыг 03 жил 10 хонигийн хугацаагаар хорих ялаар, З.Янсансүрэнг 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Ганболд, З.Янсансүрэн нарт оногдуулсан ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэн,

-Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдаж,

-Хохирогч Д.Пүрэвдорж нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашдаа зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний цжурмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэг зааснаар З.Янсансүрэнгийн эзэмшлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Нефт”-ийн 3-10 тоот хаягт байрлах 29м.кв орон сууцыг битүүмжилсэн иөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Т.Ганболдод оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж 01 жил 02 сарын хугацаагаар, З.Янсансүрэнд оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж 01 жил 02 сарын хугацаагаар тус тус хянан харгалзуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Т.Ганболд, З.Янсансүрэн нарт  хяналт тавихыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгаж,

-Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Т.Ганболд, З.Янсансүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

    Хохирогч Д.Пүрэвдорж болон түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

         “...Миний бие нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт Хонин нуга гэдэг газар амарч байхдаа, хамт амарч байсан Т.Ганболд, З.Янсансүрэн нарт зодуулсны улмаас Т.Ганболд миний баруун талын 6 дугаар хавиргыг өшиглөж хугалсан, З.Янсансүрэн нь баруун гарын ядам хурууг хугалсан. Үүний улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээр шийдвэрлэгдэж чадахгүй, хохирогч миний бие 2015 оноос хойш өнөөг хүртэл чирэгдэн туйлдаж, хохирсон дээрээ улам хохирсоор явна.

Мандал сум дахь сум дундын шүүхийн 201.01.25-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсгийг зөрчснөөр хохирогчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна. Тухайлбал шүүх хуралдаан дээр бидний гаргаж өгсөн 607.000 төгрөгийн хохирлын нотлох баримтыг хэлэлцэлгүй орхигдуулсан, хохирлын 607.000 төгрөг шүүхийн шийтгэх тогтоолд огт тусгагдаагүй талаар шүүхий тогтоол уншиж танилцуулсны дараа шүүгчээс асууж лавлахад өмгөөлөгч М.Төмөрцэцэг битгий өг иргэний журмаар тусад нь шийдвэрлэнэ биз битгий өг гэж хэлснээс үүдэлтэйгээр шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нар одоо хүртэл хохирлоо өгөхгүйгээр барахгүй шүүгдэгч Т.Ганболд чи надад ял өгүүлдэг хэн бэ гэж загнах боллоо.

Улмаар шүүгдэгч З.Янсансүрэн шүүх хуралдаан дээр хавиргыг чинь би хугалсан болъё гэж мэдүүлэх болсон. Шүүгдэгч Т.Ганболд хорирлоо огт төлөхгүй, хэргээ хүлээхгүй үргэлж хохирогч Д.Пүрэвдоржийг хэл амаар доромжилж байгаа зэрэг хохирогчийг хэтэрхий доромжилж басамжилж байгаа үйлдэл болно.

Шүүгдэгч Т.Ганболд миний хавирга руу май чи гээд өшиглөсөн энэ үед би амьсгаа авч чадахгүй болсон миний нүд харж байсан, чих сонсож байсан.  Т.Ганболдын өшиглөлтийн үр дагаврыг би өөрийн бие дээр амссаны үндсэн дээр хэлж байна. Энэ бүхнийг тухайн газар дээр байсан долоон гэрчээс таван гэрч нь гэрчилж байгаа. Гэтэл Т.Ганболд хохирлоо төлөхгүй, хэргээ хүлээхгүй, үргэлж намайг хэл амаар доромжилж байдагт гомдолтой байгаа талаараа шүүх хуралдаан дээр ярисаар байтал шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар оноосон 03 жил 10 хоногийн хорих ялыг 01 жил 02 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял оноож.

Миний нотлох баримтаар гаргаж өгсөн хохирлын баримтыг шүүх хүлээн авсан атлаа шүүхийн тогтоолдоо тусгаагүйд маш их гомдолтой байна. Өмнө нь шүүх ямар ч үндэслэлгүйгээр хэргийг мөрдөн байцаалтад шилжүүлж байсны улмаас хэрэгт ямар ч өөрчлөлт ороогүй, харин хохирогч олон хоног сараар сэтгэл санаа эдийн засгийн хувьд чирэгдэн туйлдан хохирч байсныг анхаарч үзэхийг хүсье.

Хохирогч шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нарт гомдолтой гэж шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсээр байтал хохирогчид учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй /шүүгдэгч нар өнөөг хүртэл хохирлоо төлөхгүй загнаж дарамталсаар/ байхад гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, хохирогчийг тохуурхан даажигнаж байгаа шүүгдэгч Т.Ганболд, З.Янсансүрэн нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсанд маш их гомдолтой байна.

Иймд  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017.01.25-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлүүлэх саналтай байна...” гэжээ.

 

Улсын яллагч хохирогч Д.Пүрэвдорж болон түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хариу талбартаа:

   ...Шүүгдэгч З.Янсансүрэн нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Пүрэвдоржид хэрэгт баримтаар авагдсан 1650.000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан. Харин хохирогч Д.Пүрэвдорж шүүх хуралдаан эхлэх үе шатанд 607.000 төгрөгний баримт гаргаж өгсөн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “Иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлэн шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх  шатанд гаргаж болно” гэж заасан ба хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч З.Янсансүрэн нь нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Д.Пүрэвдорж дараа авах боломжтой талаар илэрхийлсэн. Иймд шүүх хэлэлцэхгүй орхисон. Тиймээс 17 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэжээ.

 

Тэнсэгдсэн ялтан Т.Ганболд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

…Сум дундын шүүхийн 2016 оны 08 сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжаар Т.Ганболд, З.Янсансүрэн нарт Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ байдалтай тохирсон эсэх, дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг  хамарч чадсан эсэхийг дахин мухарлаж тогтоох шаардлагатай гэж заасан.

Пүрэвдорж нь нэгэнт хүн гүтгэсэн баримт нь өөрийн гараар бичсэн баримтаар нотлогдсон, зэвсэг ашиглан танхайрсан нь бусдын мэдүүлэг болон өөрийнх нь удаа дараагийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд мөрдөн байцаалтад хэргийг буцаасан  боловч мөрдөн байцаагч, прокурор нар ямар ч ажиллагаа хийгээгүй. Иймд энэ хүн  гэмт хэрэг үйлдчихээд ял завших гээд байна. Шүүхийн шатанд эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй юм.

…Нөгөө талаар хохирогч гэх Пүрэвдоржийн эмийн сангаас авсан гэх мөнгөний баримт хуурамч гэж үзэж байна. Эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хувь хүн дээр бус компани дээр  заавал олгодог. …Мөнгө олгосон баримтаа талоноор өгдөг болсон, падаанаар эмийн сан үйлчилдэггүй. Иймээс эрүүгийн хэргийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, Пүрэвдоржид хүн гүтгэсэн, танхайрсан, эрүүгийн хэргийн баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үйлдлүүдийг эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

 Өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 …З.Янсансүрэн Ганболдтой бүлэглэж Пүрэвдоржийг зодоогүй, ганцаараа харилцан зодолдож Пүрэвдоржийн хавирга болон хурууг нь хугалснаа хүлээн зөвшөөрдөг. Хохирлоо бүрэн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшдэг, нас 60 гарсан зэргийг харгалзан үзэж хэрэглэж болох Эрүүгийн хуулийн  98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэнгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээр тухайн хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Ганболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ганболдын хэргийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

Тодорхойлох нь:

 

Т.Ганболд, З.Янсансүрэн нар нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр, “Хонин нуга” гэх газар амарч байхдаа З.Янсансүрэн нь Т.Ганболдод “Д.Пүрэвдорж нь намайг усанд яв гэж хэлсэн, мөн тамхи хулгайлсан гэж хэллээ” гэж хэлснээс болж Т.Ганболд нь Д.Пүрэвдоржид хандаж “миний ахыг дээрэлхлээ, тамхины хулгайч гэж хэлсэн гэлүү” гэж хэлснээс хувийн таарамжгүй харьцаа үүсэн маргалдаж, улмаар З.Янсансүрэн нь Д.Пүрэвдоржийг унагаан баруун гарын ядам хурууг нь хугалсан, Т.Ганболд нь баруун хавирга руу нь өшиглөж 6 дугаар хавиргыг нь хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан...” гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Т.Ганболд, З.Янсансүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 17 дугаартай шийтгэх тогтоолоор:

Аврагч овогт Түргэнтөмөрийн Ганболд, Боржгин овогт Зундуйдовдонгийн Янсансүрэн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 01 жил 02 сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Хохирогч Д.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа, ялтан Т.Ганболд, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.Ганболд, З.Янсансүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно...” гэж заажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх  хохирогч Д.Пүрэвдоржийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох 607.000 төгрөгийн нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэлгүйгээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн ...Миний хохирол бол хуруу, хавирга шүү дээ, Тэрийг эмчилж өгөөгүйд бол гомдолтой л байна, Тэр 607.000 төгрөгийг хэзээ өгсөн ч яах вэ...” гэсэн мэдүүлэгт  бодитойгоор дүн шинжилгээ хийлгүй, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хэрхэн арилгасан болон  түүнд учирсан хохирлыг хэрхэн барагдуулсан нь тодорхойгүй байхад шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж  өнгөц дүгнэлт хийж, Т.Ганболд, З.Янсансүрэн нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж, хохирогч Д.Пүрэвдорж нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашдаа зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр  хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Түүнчлэн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул ялтан Т.Ганболд болон түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 322 дугаар зүйлийн 322.1, 325  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Ганболд, З.Янсансүрэн нарт урьд авсан  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах,эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                   Д.БУЯНЖАРГАЛ