Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 47

 

Т.Га-, З.Ян- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжав, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар магадлалтай 201518020362 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжавын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Т.Га-,

2. Монгол Улсын иргэн, 1956 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй З.Ян- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч З.Ян-, Т.Га- нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр З.Ян-, Т.Га- нарыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг сануулж, шүүгдэгч З.Ян-, Т.Га- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтыг “...шүүгдэгч Т.Га-, З.Ян- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 болгон өөрчилж, Т.Га-, З.Ян- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр З.Ян-, Т.Га- нарыг 1 жил тэнссүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж Т.Га-од холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулахаар гомдол гаргаж байна. Хохирогч Д.Пү- нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахаасаа өмнө баталгаа гэх бичгийн баримтаараа Т.Га-од бус З.Ян-д зодуулж, хавиргаа хугалуулсан гэдгээ бичсэн байдаг. Харин өргөдөл гаргахдаа өмнө нь бичиж өгсөн баримтаа үгүйсгэж Т.Га-, З.Ян- нарт зодуулсан гэж бичсэн байдаг. /1хх-ийн 134, 135/

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Д.Пү- нь Т.Га-од бус З.Ян-д зодуулж, хавирга, хурууны ясаа хугалуулсан гэдгээ хавтаст хэрэг уншаад, өмнөх шүүх хуралдааны явцаас ойлгосон, тиймээс Т.Га-од холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, З.Ян-д хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч мэдүүлсэн байдаг. Мөн хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байгаагаас түүний мэдүүлгийг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байна.

Хэргийн газарт байсан 7 гэрчийн 6 нь Т.Га- Д.Пү-ийг өшиглөхийг хараагүй буюу өшиглөөгүй, хажууд нь зогсож байсан гэж мэдүүлсэн, гагцхүү хэрэг гарснаас хойш жил гаруйн дараа Д.Пү-той ажил хэргийн түнш болсон Р.Ха- анхны тайлбар, 2 удаагийн мэдүүлгээсээ буцаж, Т.Га- өшиглөсөн гэж мэдүүлсэн. Гэрч Р.Ха- “...Т.Га- хажууд нь зогсож байсан. Би цохиж зодож байхыг нь хараагүй” гэж мэдүүлж байснаа 1 жилийн дараа 4 дэх удаагаа мэдүүлэг өгөхдөө өмнөх 3 тайлбар, мэдүүлгээсээ буцаж “...Т.Га- 1-2 удаа өшиглөсөн” гэдэг. Тиймээс Р.Хаш-Эрдэнийн мэдүүлэг эргэлзээтэй бөгөөд бусад гэрчийн мэдүүлгээр нотлогддоггүй.

Шүүгдэгч З.Ян-гийн мэдүүлгийг шинжлэхэд Т.Га- зодоонд оролцоогүй, Т.Га- Д.Пү-ийг цохисныг “хараагүй, өшиглөөгүй” гэж мэдүүлсэн бөгөөд Д.Пү-ийн хавирга, хурууг өөрөө хугалж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн байна. Түүний Д.Пү-ийг зодсон үйлдэл нь хохирогчийн болон 7 гэрчийн мэдүүлгээр шууд нотлогдож байгаа юм. Үүнээс дүгнэхэд Д.Пү-ийг Т.Га-, З.Ян- нар бүлэглэж зодоогүй бөгөөд З.Ян- нь ганцаараа зодсон. Бүлэглэж зодсон гэх хохирогчийн мэдүүлэг нотлогдохгүй, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байхад шүүх Эрүүгийн хуулийн 11.4 зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хохирогч 3 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдлыг анхаарч үзнэ үү. Хохирогч Д.Пү- шүүгдэгч Т.Га-ыг уургаар цохиж толгойг нь хагалсан, уургаа хугалсан, өшиглөсөн талаар хэлдэг. Өөрөөр хэлбэл танхайн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Үүнийг шалгуулах гэхээр ердөөсөө шалгаж өгдөггүй. Гэрч Р.Ха- худал мэдүүлэг өгч шүүгдэгчийг гүтгэсэн. Үүнийг мөн шалгаагүй.  Хэрэг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэд хэдэн удаа буцсан. Шүүгдэгч Т.Га-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Хэргийн үйл баримтыг харахад тухайн үед 3 хүний дунд маргаан, зодоон болсон байдаг. Хохирогч загасанд яваад ирэхэд Т.Га- маргалдан, сүүлд нь З.Ян- барьцалдаад унаж байхад хохирогчийн баруун хавирга хугарсан. Тухайн үед рашаанд явж байсан гэрчүүд бүгд хэлдэг. Шинжээчийн дүгнэлт болон рентген зургаас харахад хохирогчийн баруун 6 дугаар хавирга, мөн баруун гарын ядам хурууны шивнүүр яс хугарсан байдаг. Хэрэг шийдвэрлэх хугацаа сунжирсан тул гэрч, хохирогч нар сүүлдээ залхан шүүгдэгч З.Ян- хохирогчийн ясыг би хугалсан гэж мэдүүлсэн. Шүүгдэгч З.Ян- хохирогч Д.Пү-гийн баруун хавирга болон шивнүүр ясыг хугалах боломжгүй. Хохирогч Д.Пү- шүүгдэгч З.Ян- намайг доороо оруулан гарыг минь мушгиж байхад миний баруун хавирга руу өшиглөсөн гэж тогтвортой мэдүүлдэг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Т.Га-, З.Ян- нар Д.Пү-ийг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан нь нотлогддог. Хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаах ажиллагаа хангалттай хийгдсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Т.Га-, З.Ян- нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Д.Пү-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Ян-, Т.Га- нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон уг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичиг, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч Д.Пү-ийн “Миний санаж байгаагаар З.Ян- гуай миний хурууг барьчихсан, Т.Га- хажуугаар өшиглөсөн” гэх тогтвортой мэдүүлгүүд болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Га- нь өөрийн ах З.Ян-д дээрэлхүү хандсан гэх шалтгаанаар хохирогч Д.Пү-той маргалдах явцад шүүгдэгч З.Ян- нь Т.Га-ыг өмөөрч Д.Пү-той ноцолдож түүний баруун гарын ядам хурууг мушгиж шивнүүр ясыг хугалсан, Т.Га- нь Д.Пү-ийн цээж рүү өшиглөж 6 дугаар хавиргыг хугалсан хэргийн үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжавын гаргасан “Т.Га-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батжавын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН