Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 38

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

           Даргалагч

Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид                             Я.Туул

                                                                          Д.Буянжаргал

  Оролцогчид:

                                  Прокурор                            А.Энхтуяа

                                  Шүүгдэгчийн өмгөөлөгч    Р.Атарцэцэг

Хохирогч                            Ж.Нямцэрэн

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар    оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Нолхоосүрэн даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан, 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 121 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тогооч овогт Батжаргалын Уламбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201618000358 дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 08-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, дээд боловсролтой, төмөрлөгийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 5 дугаар баг, 3 дугаар хэсгийн 131 тоотод оршин суудаг, гэмт хэрэгт холбогдох үедээ “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит компанид үнс зайлуулах төхөөрөмжийн машинист ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Тогооч овогт Батжаргалын Уламбаяр /РД:МЬ-90110810/.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч Б.Уламбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд техникийн хувьд бүрэн бус буюу урд их гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, жолооны механизмын тохиргоо алдагдсан 40-14СЭҮ улсын дугаартай “Avante XD” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “ Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,”

15.1 дэх хэсэгт заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна:

а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно;

б/замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Шунхлай” ШТС-ын зүүн  талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг дайрч амь насыг нь хохироосон мөн зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Б.Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 121 дугаартай шүүхийн шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Уламбаярт холбогдох 201618000358 тоот эрүүгийн хэргийг Аймгийн Прокурорын газраар дамжуулан мөрдөн байцаалтанд буцааж,

-Шүүгдэгч Б.Уламбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

-Хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 00978666 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 962875 тоот жолооны үнэмлэх зэргийг хэргийн хамт буцаан хүргүүлж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг гардан авснаас хойш 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

…Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасныг хянавал: Шүүгчийн захирамжийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

1.Хэргийн газрын үзлэгт жолооч нарын жолоодон явсан тээврийн хэрэгслүүдийн тоормозны мөр авагдаагүй, мөн тээврийн хэрэгслүүдийн дугуйны мөрнүүдийг бэхжүүлээгүй гэсэн байх ба энэ нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болохыг дурьдаагүй байна.

Цаг хугацааны хувьд хэрэг учрал 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр болсон тул гэмт хэрэгт холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслийн тоормозны мөрийг дахин бэхжүүлэх боломжгүй, мөн мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Батбаатар мэдүүлэхдээ “....замын хажуу зүүн гар талаас хүний хөл орж ирэхээр нь тоормоз гишгэсэн /хх-ийн 150 дахь тал/, яллагдагч Б.Уламбаяр мэдүүлэхдээ “....машины тоормоз гишгэсэн бол газар байгаа хүний дээгүүр нь гарах байсан      /хх-ийн 163 дахь тал/, шууд л машиныхаа жолооны хүрдийг баруун гар тийш нь огцом дараад буцааж зүүн тийш нь дарахад машин замын хажуугийн хальтиргаан дээр шарваж бүтэн эргээд “Шунхлай” ШТС-ын урд талын боржур дээр машины зүүн талын 2 дугуй даваад зогссон /хх-ийн 162 дахь тал/ гэснээс үзэхэд яллагдагч Ц.Батбаатар нь талийгаачид тулж ирээд тоормоз гишгэсэн, харин ялладагч Б.Уламбаярын тухайд тоормоз огт гишгээгүй нөхцөл байдал харагдаж байх тул эдгээр нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийх боломжтой байсан байна.

2.Жолооч Ц.Батбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өмгөөлөгч Д.Даваасүрэнгийн хамт сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...буугаад харахад газар хэвтэж байсан эмэгтэйн тархи нь задарсан, цацагдсан цус нь урсаж байсан...” гэх мэдүүлэг байгаа нь хохирогчид ямар нэгэн гэмтэл учирсныг тодорхойлсон байхад шинжээчийн дүгнэлт нь жолооч Ц.Батбаатар нь хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэсэн нь үндэслэлтэй эсэх гэжээ.

Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтаар жолооч Ц.Батбаатарын мэдүүлэгт “...би хүнийг тээврийн хэрэгслийн зүүн урд талын дохио, толь, урд гупер хэсгээрээ мөргөсөн” /хх-ийн 150 дахь тал/ гэдэг ба 2016 оны 12 дугаар сарын       13-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр Ц.Батбаатарын жолоодож явсан 68-62 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримт олдоогүй, өөрөөр хэлбэл талийгаачийн тархи задарснаас болж үүссэн мэт зүйл илрээгүй байна /хх-ийн 61 дэх тал/. Харин шүүгчийн захирамжинд дурьдсан Ц.Батбаатарын дээрх мэдүүлэг нь Б.Уламбаяр талийгаачийг дайрсны дараахь зам дээр үүссэн нөхцөл байдлыг дүрслэн мэдүүлсэн нь тодорхой байдаг.

Талийгаачийг 2 тээврийн хэрэгсэл мөргөсөн бөгөөд гэм буруугийн асуудлыг нэг мөр шалгаж тогтоохын тулд 2 жолоочийн хэнийх нь үйлдлээс талийгаачид чухам ямар гэмтэл учруулсныг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилон дүгнэлт гаргуулах явдал нь хууль зүйн хүрээнд хийгдэх зайлшгүй ажиллагаа ба шинжээчийн дүгнэлтээр талийгаачид эхний мөргөлтийн үед үүссэн зулгаралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоосон байна. Харин мөрдөн байцаалтын явцад уг хөнгөн гэмтэл нь Ц.Батбаатарын жолоодож явсан тээврийн хэрэгслийн мөргөлтийн улмаас үүссэн болохыг тогтоосон байна.

3.Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №05, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №18 тоот дүгнэлтүүд нь “...гавал ясны орой хэсгийн ил хугарал, эрүү ясны далд хугарал, тархины няцрал зэрэг гэмтэл нь дарагдал, үрэгдлийн үед үүснэ. Талийгаачид үүссэн зулгарал гэмтлүүд нь эхний мөргөлт, уналтын үед үүссэн байх боломжтой, гавал ясны ил хугарал, эрүү ясны хугарал нь дараа нь үүссэн байх боломжтой...” гэж дүгнэхдээ цаг хугацааны хувьд ямар дарааллаар үүссэн гэж дүгнэсэн болохыг тогтоолгохоор дурьдсан байна.

Шинжээчийн дүгнэлтэнд талийгаачид учирсан олон тооны гэмтлүүдийг цаг хугацааны хувьд ямар дарааллаар үүссэн болохыг тодорхой дурьдсан ба дээрхээс өөрөөр хэрхэн тогтоох нь ойлгомжгүй байна.

4.Жолооч Б.Уламбаярыг машинаараа дайрснаас хохирогчид гавал ясны ил хугарал, эрүү ясны хугарал үүссэн гэж үзэж байгаа бол уг машины дугуйнаас хохирогчийн цуснаас өөр эд эрхтэнээс наалдсан эсэхийг дахин нарийвчлан тогтоох.

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “Ниссан” маркийн саарал өнгийн 68-62 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гупер хуучин гэмтэлтэй, зүүн урд хэсэг доод талд шинэ хагархай, зүүн дохионы гэрэл байхгүй, карлан урд хэсэг дотогш хонхойсон, зүүн толь хугарсан, зүүн хойд гупер хуучин гэмтэлтэй, тээврийн хэрэгслийн баруун талын хэсэг ямар нэг гэмтэл эвдрэл байхгүй, уг тээврийн хэрэгслийн гадна талд цус мэт зүйлээр бохирлогдсон газар үгүй байв" гэж дурьдсан байна./хх-ийн 61 дэх тал/

Харин мөн өдөр “AVANTE” маркын 40-14 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “ тээврийн хэрэгслийн зүүн доод гупер хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, хатаж цацагдсан, тээврийн хэрэгслийн зүүн доод хормой хэсгээр зүүн урд дугуйнаас хойд дугуй хүртэл цус мэт зүйлээр бохирлогдсон, зүүн хойд дугуйны обуд, зүүн хойд дугуйны арын гупер хэсгийн доод хэсэг, зүүн талын хаалганы доод хэсэг, явах эд ангийг хамгаалсан суурьны хэсэг, зүүн талын яндангийн хэсэг, яндан нэлэнхүйдээ, эд ангийн суурины доод хэсэг, банкны урд хэсэг, баруун хойд дугуйн ар хэсэг, баруун талын их бие хэсэг, зүүн урд дугуйны шаврын хаалтанд тус тус цус мэт зүйлээр бохирлогдож, цацагдаж хатсан байсныг дурьдаж, гэрэл зургаар бэхжүүлсэн байх тул дээрх тээврийн хэрэгслүүдэд дахин үзлэг хийх шаардлагагүй баина./хх-ийн 62-64 дэх тал/

5.Жолооч Ц.Батбаатарын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “Би тээврийн хэрэгслийн гэрлээ ойрын гэрэл дээрээ тавьчихсан явж байхдаа 40-14 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гялбаанд орсон..” гэж мэдүүлснээс харахад жолооч Ц.Батбаатар нь жолооч Уламбаярын машины гялбаанаас бол хохирогчийг мөргөсөн байж болох эсэх, мөн жолооч Б.Уламбаяр нь Ц.Батбаатарыг машиныхаа гэрлийг хол дээр тавьснаас болж гэрлийн гялбаанд орж хохирогчийг хараагүйгээс дайрсан гэх мэдүүлгүүдийн зөрүүг арилгах гэжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлд зааснаар яллагдагч нь мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй ба эсрэгээрээ өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлэх үүрэг хүлээхгүй юм.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох Ц.Батбаатар, Б.Уламбаяр нарын мэдүүлгээс үзэхэд хэн аль нь тээврийн хэрэгслийн холын гэрлийг асааж явснаас гэрлийн гялбаанд орж талийгаачийг мөргөсөн талаар мэдүүлдэг.

Хэрэг учрал болох үед Б.Уламбаярын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэрч И.Цэрэнноров мэдүүлэхдээ “..Уламбаяр нь гэрэл шилжүүлэх талаар эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлд гэрлээрээ дохьж мэдэгдсэн" гэсэн ба жолооч нарын хэн аль нь эсрэг урсгалын тээврийн хэрэгсэл холын гэрлээ асааж явсан гэснээс өөрөөр нотлох баримт байхгүй, харин 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлтээр жолооч Ц.Батбаатар нь МУЗХД-ийн 15.1 б/д заасан замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана гэсэн заалтыг зөрчсөн, жолооч Б.Уламбаяр нь 15.1 б/д заасан замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана гэснийг зөрчсөн гэх дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжтой юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1-д “сэжигтэн яллагдагчаас бусад урьд байцаагдсан этгээдүүдийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нүүрэлдүүлэх байцаах эрхтэй” гэж заасан тул Б.Уламбаяр, Ц.Батбаатар нарыг, эсвэл гэрч И.Цэрэнноровыг Ц.Батбаатар, Б.Уламбаяр нартай нүүрэлдүүлэн байцаах зэргээр мэдүүлгийн зөрүүг арилгах боломжгүй тул шүүгдэгч нарт ашигтайгаар буюу жолооч нарын хэн аль нь тээврийн хэрэгслийн гэрлийг замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тохируулж яваагүй буюу холын гэрлээ асааж явнаас гэрлийн гялбаанд орсон гэж үзэх үндэслэлтэй байна.

6.Жолооч Ц.Батбаатар нь Б.Уламбаярын машины гэрлийн гялбаанаас болж хохирогчийг дайрсан гэж байгаа бол 2 жолооч нар хохирогчийг богино хугацаанд дайрсан байж болохоор харагдаж байгаа тул хохирогчийг 2 тээврийн хэрэгсэл ямар хугацаанд дайрсан эсэхийг нарийвчлан тогтоохыг дурьдсан байна.

Ц.Батбаатар нь талийгаачийг эхэлж мөргөсний дараагаар эсрэг урсгалаар явсан Б.Уламбаяр талийгаачийг дахин мөргөсөн үйлдэл нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон тул шүүгчийн захирамжийн уг заалтыг мөн хүлээн авах боломжгүй байна.

7.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоолынхоо 3-рт “Талийгаач Ж.Чимэгмаагийн биед эхний мөргөлт уналтын үед үүссэн байх боломжтой хэвлий, баруун шуу, зүүн шуу, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун өвдөг, баруун шилбэ,, нурууны баруун доод хэсгийн зулгарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх" гэсэн асуултанд шинжээч нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны 61 тоот дүгнэлтэндээ зөвхөн прокурорын тавьсан асуултанд хариулж дээрх гэмтлүүдийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэдгийг тодорхойлж өгсөн байна.

Энэ дүгнэлт нь зөвхөн прокурорын тавьсан асуултанд хариулсан дүгнэлт болохоос биш жолооч Ц.Батбаатарыг гэм буруугүй гэж нотлох баримт гэж үзэх учир дутагдалтай байна. Иймд Ц.Батбаатарын гэм буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоох гэжээ.

Зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр жолооч Ц.Батбаатар нь МУЗХД-ийн 15.1, а, б-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон боловч Ц.Батбаатар нь тээврийн хэрэгслээр талийгаачийг мөргөсний улмаас хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангалгүй, өөрөөр хэлбэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах, амь насыг хохироосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тул түүнийг эрүүгийн хариуцлагад татах хууль зүйн үндэслэл алга байна. Иймд мөрдөн байцаалтын явцад нэгэнт шалгагдаж тогтоогдсон нөхцөл байдлыг дахин шалгуулахаар дурьдсан нь үндэслэлгүй юм.

8. Осол болсон талаар Цагдаагийн байгууллагад 2016 оны 12 дугаар сарын 09- ны 20 цаг 43 минутанд мэдэгдсэн байхад ажпын хэсэг 2016 оны 12 дугаар сарын 09-ний 21 цаг 40 минутанд үзлэг хийж эхэлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа ба хэргийн газрын үзлэг хийхдээ цаг хугацаа алдсан эсэх, ослын дараа хэргийн газрыг цаг хугацааны хувьд хэзээ хамгаалалтанд авсан нь тодорхойгүй гэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл аливаа хэрэг учралын талаар цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу үзлэгт оролцох ажпын хэсгийг бүрдүүлэх, дуудан ирүүлэх нь цаг хугацаа шаардах тул хэрэг учралын талаар дуудлага ирсэн даруйд хэргийн газарт ажлын хэсэг очиж үзлэг хийх боломжгүй ба дээрх тохиолдолд дуудлага ирүүлснээс хойш цаг орчмын дараа үзлэгийг эхлүүлсэн нь хэргийг шийдвэрлэлт болоод шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

9. Иргэний нэхэмжлэгчээр “Бэрс капитал” ХХК-г тогтоогоогүй мөртлөө “Бэрс капитал” ХХК-с Б.Уламбаярт холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй гэсэн албан тоот хавсаргасан байгаа нь ойлгомжгүй зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг нотолж чадаагүй байна.

Яллагдагч Б.Уламбаярын гэмт хэрэг үйлдэх үедээ жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь “Бэрс капитал" ХХК-с авсан зээлийн барьцаанд байсан, тэрээр авсан зээлээ цаг хугацаанд нь хэвийн төлж байсан тул мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгслийг битүүмжилсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг эзэмшигч байгууллагаас хуулийн байгууллагад гаргах санал хүсэлт үгүй, эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй тухай хүсэлтийг албан бичгээр ирүүлсэн байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д“гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ", 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Дээд      шүүхийн 15 дугаар тогтоолын 3.1. “Энэ зүйлийн 117.1 д заасан “иргэний нэхэмжлэл гаргах эрх” нь эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эсэхийг өөрөө шийдвэрлэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэгддэг тул хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хэнийг ч нэхэмжлэл гаргуулахаар албадах ёсгүй” гэсэн тул “Бэрс капитал” ХХК-г иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй явдал нь шүүхэд чухам яагаад ойлгомжгүй байгаа болохыг тайлбарлаагүй байна.

10.Мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 тоот прокурорын тогтоолыг яллагдагч болон түүний өмгөөлөгчид 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр танилцуулаад “тогтоолыг зөвшөөрөхгүй бол дээд шатны прокурорт 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж заасан мөртлөө 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь яллагдагч, түүний өмгөөлөгчийн дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь хязгаарлаж хуулийг ноцтой зөрчсөн болохыг дурьдах нь зүйтэй гэжээ.

Ц.Батбаатарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэх ажиллагаа цөм Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан хугацааны дотор явагдсан бөгөөд прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хэргийн талаар гарсан хүсэлт, гомдлыг шүүхэд шууд шилжүүлнэ.” гэсний дагуу Б.Уламбаярын өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно.”, 103 дугаар зүйлийн 103.4.Хүсэлтийг хангаагүй явдал нь байцаан шийтгэх ажиллагааны тухайн болон өөр үе шатанд түүнийг дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.” гэж заасан байна.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл:

Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгдэгч Б.Уламбаярын өмгөөлөгчөөс гаргасан “гомдол гаргах эрхийг хязгаарласан тухай” хүсэлтийг хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамжийг уншин сонсгосон байх боловч хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаах захирамжиндаа өмгөөлөгчийн хүсэлтэнд дурьдсан үндэслэлийг заасан нь туйлын ойлгомжгүй байна.

Дээрхээс дүгнэн үзвэл Б.Уламбаярт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж тогтоогдсон нөхцөл байдлыг дахин шалгуулахаар цагдаагийн газарт буцаасныг хүлээн авах боломжгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

         

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

н.Батбаатарын хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Талийгаач 2 хүүхэдтэй. Нэг нь насанд хүрээгүй байгаа. Энэ хүүхдүүдийн тэтгэлгийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Талийгаачийн буяны ажилд зориулсан мөнгө нөхөн төлүүлээгүй байгаа гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

…Мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараагаар прокурорын шатанд санал хүсэлт гаргасан. Тухайн гаргасан хүсэлт нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 03 сарын 06-ны өдөр гаргасан прокурорын тогтоолыг 03 дугаар сарын 09-ний өдөр өмгөөлөгч болон Б.Уламбаяр бид хоёрт танилцуулсан. Ингээд өмгөөлөгчийн зүгээс н.Батбаатарт холбогдсон үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь өмгөөлөгч миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна, мөн байцаан шийтгэх ажиллагаа дутуу явагдсан гэж үзэж байна. Ингээд хүсэлт, саналаа бичээд прокурорын газар өгөхөд прокурор 3 сарын 14-ний өдөр хариу өгөхдөө яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн учир хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна гэсэн хариуг албан бичгээр өгсөн. Гэтэл 3 сарын 9-ний өдөр танилцуулсан энэхүү н.Батбаатарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь 3 сарын 09-ний өдөр гарч, яг энэ өдрөө шүүхэд шилжүүлэгдсэн байсан. Тэгэхээр яллагдагч болон өмгөөлөгчийн эрх маш ихээр зөрчигдөж байгаа. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр заалтыг прокурор ярьж байна. Хэрэг шүүхэд шилжүүлсний дараа хүсэлт гаргасан талаар. Гэтэл би шүүхэд шилжсний дараа хүсэлтээ гаргаагүй. Прокурорын шатанд байхад нь энэ тогтоол, хэргийн материалтай танилцаад гомдлоо өгсөний дараа 7 хоноод хариу өгөхдөө шүүхэд шилжсэн байна, таны энэ санал хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байгаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар олгогдсон өмгөөлөгч болоод ялтны эрхийг маш ихээр зөрчиж байгаа гэж үзсэн. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа би  өмгөөлөгч ялтан аль ч шатанд санал хүсэлт гаргах эрхтэй гэдэг байдлаар нь хүсэлт гаргасан. Тэгээд энэ байдлыг шүүх тал бүрээс нь хянан үзсэн байх гэж бодож байна. Би хоёр үндсэн асуудлаар гомдол гаргадаг.

1.Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдсан гэсэн асуудал,

2.н.Батбаатарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж удаа дараа санал хүсэлтээрээ гаргасан.

Шүүх хүсэлтийг судлаад үндэслэлтэй дүгнэлт гаргаж, хэргийг мөрдөн байцаалт руу буцаасан шийдвэрийг гаргасныг хүндэтгэн үзэж байгаа. Мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг прокурор үндэслэлгүйгээр буцаалаа гэсэн тайлбар хэлж байна.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд  байцаан шийтгэх ажиллагаа хийгдсэний дараа 3 машины мөр гарсан байдаг. Яг талийгаачийн цусан дээр гарсан мөр мөн үү? биш үү? гэдгийг шинжлэн судлаагүй байна. Энэ нь  хэргийг шийдвэрлэхэд их ач холбогдолтой асуудал. Яагаад гэхээр н.Батбаатар нь талийгаачийг анх мөргөсөн байдаг, ямар нэгэн байдлаар хүчтэй мөргөснөөр тэр хүн эсрэг талын урсгал руу шидэгдсэн байгаа. 06 тоот шинжээчийн дүгнэлтэнд н.Батбаатар буруутай, энэ осол гарахад нөлөөлсөн байна. Мөн хохирогч осол гарахад  согтолттой байсан нь бас осол гарахад нөлөөлсөн гэсэн шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Гэтэл прокурор н.Батбаатарын үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож байгаа нь нэмэлт шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдснаар хохирогчид үүссэн гэмтэл нь анхны мөргөлтөөр үүссэн байх боломжтой юу? гэж асуусан асуулт нь хөтөлсөн байдалтай байсан. Талийгаачид үүссэн гэмтэл эхний мөргөлтөөр үүссэн гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр эхний мөргөлтөөр үүссэн гээд дүгнэлт гарсан даруй прокурор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд зааснаар хүндэвтэр хүнд гэмтэл гарах ёстой, гэтэл энэ хүн дээр хөнгөн гэмтэл гарсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл мэргэжлийн автын шинжээч энэ ослыг гаргахад н.Батбаатарын буруутай үйлдэл нөлөөтэй байна гэсэн байхад үүнийг авч үзэхгүйгээр н.Батбаатарт зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Энд н.Батбаатарын үйлдэл холбогдол зайлшгүй байх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцсаны дараа гомдолтой явдаг. н.Батбаатарын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 150 дугаар хуудаст байгаа. Энэ мэдүүлэгтээ “...мөргөчихөөд буугаад харахад талийгаачийн цус урсаад тархи нь задарчихсан байсан...” гэсэн мэдүүлгийг өмгөөлөгчтэйгээ хамт өгсөн байдаг. Энэ мэдүүлгээр н.Батбаатар нь талийгаачийг нилээд хүчтэй мөргөсөн нь харагддаг. Шинжээчийн дүгнэлтээр хүчтэй мөргөсний улмаас энэ гэмтлүүд гарах боломжтой гэж үзсэн байгаа. Тэгэхээр эсрэг талын урсгал руу ортол тэр хүн хатуу биетэд мөргүүлээд хатуу биет дээр унах хүртэлх гэмтлийг авах боломжтой гэсэн үг. Б.Уламбаяр талийгаачийн амь нас нь хохирчихсон байхад тэр газраар нь явсан юм болов уу? гэсэн сэдэл хэргийг уншиж үзэхэд төрүүлээд байдаг. Тэгэхээр н.Батбаатар гэдэг хүн энэ хэрэгт зайлшгүй холбоотой гэдэг асуудал гарч байна. Энэ хоёр хүний хэнийх нь буруутай үйлдлээс болоод энэ хүний амь нас хохирсныг  дахиж тогтооё гэсэн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй юм.

 н.Батбаатарын үйлдлээс болоод хөнгөн гэмтэл учирсан гэсэн асуудлыг тавиагүй, шинжлэх ухааны үүднээс тархинд үүссэн гэмтлээс бусад нь хөнгөн гэмтэл байна, энэ гэмтлийг н.Батбаатар учруулсан байна гэж үзээд үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. н.Батбаатар нь “...талийгаачийг мөргөчихөөд буугаад харахад тэр хүний тархи задарчихсан байсан...” гэсэн учраас үүнийг бол н.Батбаатарын үйлдлээс болсон гэж үзэх боломжтой. Тулга гэдэг хүн ослыг анх хараад цагдаад дуудлага өгсөн. Ингээд дуудлага өгсний дараа хугацаа алдаж, үзлэг хийсэн. Яг үзлэг хийсэн тэмдэглэлийг харахад 20 цаг 40 минутанд дуудлага өгөөд 21 цаг 45 минутанд очиж үзлэг хийсэн байдаг. Бүтэн цаг өнгөрсний дараа очиж үзлэг хийсэн байдаг. Тэгвэл талийгаачийг дараагийн Б.Уламбаяр дайраад унагаасан гэж үзэх юм бол, талийгаач зүгээр мөргүүлээд унасан бол тэр цаг хугацаанд босоод явчих боломжтой байсан. Гэтэл тэр газраа хэвтээд байна гэдэг маань тодорхой хэмжээнд гэмтэл аваад босох чадваргүй тэр хүн нас барчихсан байсан гэсэн шалгуур үзүүлэлт энэ дээр гарч ирж байна. Тийм болохоор н.Батбаатарын үйлдэл холбогдол зайлшгүй байх ёстой гэсэн асуудлыг өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Дараагийн дугаарт “Бэрс Капитал” компаний нэр дээр  эзэмших эрх  явдаг. Шүүгчийн захирамжинд иргэний нэхэмжлэгчээр  тогтоох ёстой гэсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс харахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйл Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгждэггүй, бусад газар Улаанбаатар хотод энэ заалт эрүүгийн шүүх хурал дээр хэрэгждэг заалт. 499.4-т байдаг “Тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч ” гэж заасан байдаг. Тэгэхээр энэ заалтаар  “Бэрс Капитал” ХХК-г хариуцагчаар татах ёстой. Яг энэ заалтаар бол тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэний нэр дээр байна, тэр хүн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг арилгадаг юм байна лээ. Манайд энэ заалт хэрэгждэггүй. Энэ заалтаа барьвал “Бэрс Капитал” Иргэний нэхэмжлэгчээр бус иргэний хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгч миний хувьд үзэж байна гэж хүсэлтэндээ бичсэн байгаа.

Талийгаачийг мөргөж унаснаас хойш Б.Уламбаярын дайрч гарах прокурорын ярьж байгаагаар мөргөх, мөргөх биш харин зайлж гарах үйлдэл хийхдээ толгойг нь дайраад гарсан уу? эсвэл тархи задраад цус урссан байсан дээр энэ машин гарч явсан уу? гэдгийг мөрдөн байцаалтын шатанд нарийвчлан шалгаж байж өнөөдөр энэ хоёр жолоочийн чухам хэн нь энэ хүний амь насанд хүрсэн талаар тогтоож байж энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг. Тэгэхээр энэ цаг хугацааг тогтоогоогүй байдаг. Тулга гэдэг хүнийг дахин гэрчээр асуух хэрэгтэй гэж өмгөөлөгч миний хувьд үздэг. Яагаад гэвэл Б.Уламбаяр “...надад утас алгаа дуудлага өгөөдхөөчээ..., түргэн дуудаад өгөөчээ...” гэхэд би аль хэдийн цагдаа дуудчихсан, дуудлага өгчихсөн байгаа гэж мэдүүлдэг. Мөн миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсгээр давхар зүйлчлэгдээд явдаг, энэ асуудал дээр зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ хүсэлтэндээ бичсэн. Яагаад гэхээр энэ хүн цагдаагийн байгууллага иртэл тэнд байсан, тэр газрыг хамгаалаад зогсож байсан, цагдаа дохиураа өргөөд яв гэхэд нь явсан зэргээс харахад энэ зүйлчлэл байх ёсгүй юмаа гэсэн байдлуудаар улсын яллагчийн гаргаад байгаа тайлбар дээр хариу өгч байна гэв.

 

Тодорхойлох нь:

 

 Б.Уламбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд техникийн хувьд бүрэн бус буюу урд их гэрлийн тусгалын чадлын хэмжээ, тохиргоо, жолооны механизмын тохиргоо алдагдсан 40-14 СЭҮ улсын дугаартай “Avante XD” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 “ Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ:

а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,”

15.1 дэх хэсэгт заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна:

а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно;

б/замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана” гэснийг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Шунхлай” ШТС-ын зүүн   талын буюу Сэлэнгэ-Дархан чиглэлийн төв асфальтан зам дээр явган зорчигч Ж.Чимэгмааг дайрч амь насыг нь хохироосон, мөн зам тээврийн осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.Уламбаярт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 121 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Уламбаярт холбогдох 201618000358 тоот эрүүгийн хэргийг Аймгийн Прокурорын газраар дамжуулан мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Улсын яллагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 04 тоот эсэргүүцлийн дагуу Б.Уламбаярт холбогдох хэргийг бүрэн хэмжээнд шинжлэн судлахад: Уг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотловол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болон гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд болсон 2 ослын улмаас явган зорчигч Ж.Чимэгмаа нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд Прокуророос уг осолд холбогдсон Ц.Батбаатарт холбогдох хэргийг “түүний үйлдлийн улмаас талийгаачид хөнгөн гэмтэл учирсан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг дахин нягтлан шалгах шаардлагатай байна.

Ц.Батбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний орой 20 цагийн орчимд     68-62 УБЦ улсын дугаартай “Ниссан” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “…харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна:, а/ … хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана…” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч  Ж.Чимэгмааг дайрч зам тээврийн осол гаргасан нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа бөгөөд Ц.Батбаатарын дээрх үйлдлийн дараа тухайн цаг мөчид Б.Уламбаяр зам тээврийн осол гаргаж талийгаачийг мөргөсөн байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа, дээрх 2 ослын улмаас талийгаач нас барсан, хоорондоо шалтгаант холбоотой, эхний осол нь дараагийн осол гарах болсон үндэс байж болох байдал хэргийн материалаас харагдаж байхад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь сайтар харьцуулан шинжлэн судлаж дүгнэлт өгөлгүйгээр хөнгөн зэргийн гэмтэл нь түрүүнд учирсан байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Ц.Батбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийн энэ талаар дурьдсан хэсэгт заасан ажиллагааг явуулах шаардлагатай байна.

Харин шүүгчийн захирамжинд дурдсан бусад ажиллагаануудыг хийх шаардлагагүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийн заалтуудыг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 121 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны  04 дүгээр сарын 18-ны өдрийн 04 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 121 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны  04 дүгээр сарын 18-ны өдрийн 04 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Уламбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд гомдол гаргах,эсэргүүцэл бичихгүй болохыг дурьдсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ