Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 448

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б.Ч, Х.Э, Д.Б, М.Н, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нар,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Гуравдагч этгээд: “О” ХХК,

Гуравдагч этгээд: “М” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэр, түүнийг үндэслэн олгосон **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 тоот “тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны  05 дугаар шийдвэрээр олгогдсон **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Н.Б, Н.А, өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, иргэдийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нар оролцов. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчБ.Ч, Х.Э,Б.Ч, Х.Э, Д.Б, М.Н, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Байдраг, Мандалын голын хамгаалалтын бүсэд буюу усан сан бүхий газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй "О ХХК-ийн **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын ГУУ-н Кадастрын хэлтсийн даргын 930 тоот шийдвэрээр 2010.08.31-ний өдөр "*******" ХХК-д олгож, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 тоот шийдвэрээр "О" ХХК-д шилжүүлсэн.

Ашигт малтмалын газрын ГУУ-н Кадастрын хэлтсийн даргаас 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо болон тусгай зөвшөөрлийг "О" ХХК-д шилжүүлэн олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14,11.1.16, 25.1.7-д заасныг зөрчсөн. 

Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь 2011, 2015 онуудад олборлолт явуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, бусад зөвшөөрөл, баримт бичиггүйгээр ажилласан нь Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.6,27.1.11,35.3.3,35.3.4,35.3.7,35.4, 37.2-т заасныг тус тус зөрчсөн.

Ашигт малтмалын газар 2010 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.16, 25.1.7-д заасныг зөрчсөн.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа тул Ашигт малтмалын газрын ГУУ-н Кадастрын хэлтсийн даргын 2010.08.31-ний өдрийн 930 тоот шийдвэр, түүнийг үндэслэн олгосон **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 

“... Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2010 оны 930 тоот шийдвэрээр шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус юм.

Уг хууль бус шийдвэрийг гаргахдаа иргэдийн эрхэд шууд халдсан атлаа 5 жилийн дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хууль бус шийдвэрээ үндэслэн 294 тоот шийдвэрийг гаргажээ. Иймээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 294 тоот шийдвэр нь илт хууль бус байна. 

-Нутгийн иргэд, оршин суугчид өөрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлэхэд оролцох ганц боломжид нь халдаж олборлох эрх олгохдоо хуульд үндэслээгүй.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15-д заасан чиг үүргийг огт хэрэгжүүлээгүй.

- Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг болон дагаж мөрдөх журмын тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

 “...Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 05 тоот “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай” шийдвэр гарч **-****** тусгай зөвшөөрлөөр олгогдсон 1130.73 гектар талбайн 5 гектарыг буцааж авахдаа хэзээ хэрхэн, ямар үндэслэлээр олгогдсон нь тодорхойгүй ******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлд 254.32 гектар талбайг бүртгэсэн байна. 

Тусгай зөвшөөрөлтэй талбайн багахан хэсгийг буцааж өгсөн нь дахин өөр тусгай зөвшөөрөл үүсгэх үндэслэл болохгүй, ямар нэгэн шийдвэргүйгээр шинэ тусгай зөвшөөрөл бий болгох нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4.2 дахь заалтыг зөрчсөн. 

Иймээс **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу “М” ******* нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа өөрийн эзэмшлийн талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг  Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаж байна гэж үзэж 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэрээр **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг “М” ******* ХХК-д олгосон нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм.

Нэхэмжлэгчийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх талаар дүгнэлттэй байхад шаардлага хангаагүй баримт, материалыг үндэслэн хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлэлгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус байна гэж тайлбарласан хууль зүйн үндэслэлгүй юм.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. “М” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын **-****** тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл гаргасаны дагуу хуульд  заасан дагуу хянан шалгах ажиллагааг хийж, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дах хэсгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын **-****** тоот тусгай зөвшөөрлийг “О” ХХК-д шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн байна. 

3.Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу хүсэлт гаргасныг хүлээн авч мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 55.6 дах хэсгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Н.Б нар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбарт:

“...Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд:

1. Захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн тухайд юун түрүүнд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тогтоох шаардлагатай байдаг /ЗХШХШТХ-ийн 52.5.1/ . Нэхэмжлэгч нь ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрхэн зөрчигдсөн, зөрчигдөж буй талаар тодорхой баримт ирүүлээгүй байдаг.

2. “О” ХХК нь энэхүү тусгай зөвшөөрлийг 2015 оны 4 дүгээр сарын 16-нд “М” ХХК-аас зохих журмын дагуу шилжүүлэн авсан болно. Ийнхүү шилжүүлэн авахдаа манай компани ямар нэгэн хууль, тогтоомж зөрчөөгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлд заасан журмын дагуу шилжүүлсэн. Ашигт малтмалын газраас тухайн үед хуулийн дагуу асуудлыг хянаж, судалж үзээд тусгай зөвшөөрөл шилжүүлэх шийдвэр гаргасан.

3. **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн Кадастрийн хэлтсийн даргын 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 930 тоот шийдвэр нь гарснаасаа хойш 6 жил болоод байгаа тул хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг ч шүүх харгалзан үзэх биз ээ.

4. “О” ХХК-ны эзэмшлийн ордын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийгдсэн байгааг нотолсон баримт буюу энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.*******гийн шалгасан шалгалтын дүгнэлт хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага ханган авагдсан байгаа.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Захиргааны актыг илт хууль бусад тогтоох үндэслэлүүдийг тодорхой дурдсан байдаг бөгөөд эдгээр үндэслэлүүдээс нэг нь ч нэхэмжлэлийн үндэслэлтэй нийцэхгүй байгаа буюу ийм нөхцөл байдал үүсээгүй. 

Гуравдагч этгээдийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  бичгээр хариу тайлбарууд, нотлох баримтуудыг хангалттай гаргасан, шүүх ч нотлох баримтуудыг бүрдүүлсэн ба 930 шийдвэр нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал байхгүй нь нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй болно. 

Нөгөө талаар **-****** тусгай зөвшөөрлийг илт хууль бусад тооцуулах талаарх асуудлыг 2 жил орчим үргэлжилж байгаа **-****** тусгай зөвшөөрлийн талаарх маргаанаас тусад нь, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэж байж шийдвэрлүүлэх шаардлагатай юм...” гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК нь хариу тайлбартаа: 

“...“М” (*******) ХХК нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг Мандалын голын адаг нэртэй газарт ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан онцгой эрхийн дагуу **-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг АМГ-ын ГУУКХ-ын дарга 2010 оны 930 дугаар шийдвэрийн үндсэн дээр эзэмшиж байсан.

Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн  2015 оны 294 дүгээр шийдвэрээр **-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг “О” ХХК-д Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шилжүүлсэн.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нарын субъектив эрх нь хөндөгдөөгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-д нэхэмжлэл гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ гэж заасан бол тус хуулийн 3.1.3-д нэхэмжлэл гэдгийг “... зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...” гэж тодорхойлсон. Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн ямар байдлаар зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нар зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо “нутгийн иргэдийн эрх” гэж тодорхойлсон байх ба нутгийн иргэдийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх сумын ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт хуулиар болон итгэмжлэлээр олгогдоогүй.

 Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Сумын Засаг дарга, ИТХ болон 2, 3 дугаар багийн иргэд “М” (*******) ХХК-д 2010 онд **-****** дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоныг мэдэж байсан.

Нэхэмжлэгч нарын хувьд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийсэн боловч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй байна.

Нэхэмжлэгч нар тус талбайд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй учраас цуцлах ёстой анхнаас нь олгох ёсгүй байсан гэсэн тайлбарыг хийдэг. Ашигт малтмалын тухай хуульд энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох үндэслэл огт байхгүй. 

Түүнчлэн Мандалын голын адаг нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд “Ж” ХХК-ийн захиалгаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг “Т” ХХК-аар хийлгэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж ажилласан байдаг. “Ж” ХХК нь тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоноос нь хойш манай компанитай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан этгээд юм. 

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109.2, 54.1.3, 54.1.5, 54.1.8-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: 

“...******* ХХК болон “О” ХХК-д Ашигт малтмал газрын тосны газар тусгай зөвшөөрөл олгодог газар болон Уул уурхайн яам нь зөвшөөрөл олгохдоо ямар нэгэн гаж нөлөө гархааргүй газарт зөвшөөрөл олгож баймаар юм.

Гол ус болон голын эхэнд зөвшөөрөл олгоно гэдэг нь маш буруу. Баянхонгор аймгийн иргэдийн хүсэлтийг биелүүлэх хэрэгтэй юм шиг санагдсан. Заавал хүн ба мал амьтан үхэж үрэгдсэний дараа арга хэмжээ авах ёстой юм шиг яриад байна. Эрсдлийг ирэхээс нь өмнө арга хэмжээ авмаар юм байна...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

ИргэнБ.Ч, Х.Э, Д.Б, М.Н, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хгаас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан, 

“Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх”, 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх  тухай”шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох, 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны  05 дугаар шийдвэрээр олгогдсон **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.

  Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна  үйл баримтын бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Хэргийн талаар товчхон: 

Хэрэгт авагдсан баримтаар анх Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандалын голын адаг” нэртэй 1130,73 га уурхайн эдэлбэр газарт **-******1 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг “М” ХХК-нд олгожээ . 

Уг тусгай зөвшөөрлийг хэрэгжүүлэх шатанд Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэд эсэргүүцлээ илэрхийлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцээд “...2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Алт олборлолтын үйл ажиллагааг зогсоох тухай “09 дүгээр тогтоол , 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаар ...тогтоолуудыг гаргасан.

Эдгээр тогтоолуудыг хүчингүйд тооцуулахаар “М” ХХК, болон түүний туслан гүйцэтгэгч “Ж” ХХК-иас Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэн хянаад “М” ХХК, “Ж” ХХК-иудын “Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “...2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дүгээр тогтоол, 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 36 дугаар тогтоолуудыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ .

Энэхүү шүүхийн тогтоол, бусад хүчин зүйлийг тооцон Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцээд 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2  тоот тогтоолоор Байдраг, Түй, Шар усан голын ай савд хамаарах газар нутгийг тусгай хамгаалалтад авсаныг “М” ХХК-иас “манай тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн хамгаалалтад авсан нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” тул илт хууль бус актад тооцуулахаар мөн 

 Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандахад,  шүүх  хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэн хянаад “М” ХХК-ийн  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байжээ .

Гэтэл “М” ХХК-иас  Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандалын голын адаг” нэртэй 1130,73 га уурхайн эдэлбэр газарт олгосон **-******1 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлөө гуравдагч этгээд “О” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхээр хүсэлт гаргасаныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн авч тус хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр **-******1 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд “О” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ . 

Үүнийг нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэнБ.Ч, Х.Э, Д.Б, М.Н, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг дарга нараас эс зөвшөөрч  тус шүүхэд  “...**-******1 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргаан акт болохыг тогтоолгох...” нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан хэлэлцэж байх хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны  05 дугаар “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай” шийдвэр гарч маргаан бүхий **-******1 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын  Мандалын голын адаг” нэртэй 1130,73 га уурхайн эдэлбэр газраас 5 га газрыг буцаан авч шинээр 254.32 га газарт **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ . 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “... ашиглалтын тусгай зөвшөөрлийг анхнаасаа олгосон нь нутгийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байна..., Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Усны тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгээгүй байхад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон,...маргаан бүхий актууд болон **-******, **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “илт хууль бус захиргааны акт”, 9.1.9-д заасан “өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж маргажээ.

Хариуцагчаас “... анх “М /*******/” ХХК-нд 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр **-******1 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 24, 25 дугаар зүйлүүдэд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлага, өргөдлийн материалыг нь хянаад тусгай зөвшөөрлийг олгосон”

гэж маргаж байна. 

Хоёр: “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрүүлэх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

2.1. Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нарын эрхэд халдсаны улмаас тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь дараах байдлаар тогтоогдож байна. 

 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 оны/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ тогтоохыг” хэлнэ гэж,  4 дүгээр зүйлийн 4.1-д “Шинээр байгуулах болон одоо ажиллаж буй үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх бөгөөд энэхүү үнэлгээний хүрээнд төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоож дүгнэлт гаргана” гэж заасан байна. 

Харин **-****** тоот тусгай зөвшөөрлийг 2010 оны 930 тоот шийдвэрээр анх олгоход болон олгосноос хойшхи хугацаанд хуулийн дээрх нөхцөл шаардлагыг хангасан буюу төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тогтоосон, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг хэрхэн авах талаар эрх бүхий байгууллагын дүгнэлтгүй байгаа нь уг төслийг хэрэгжүүлэхэд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын  санал өгөх, хяналт тавих, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгаль орчинд учирах хортой нөлөөллийг багасгуулах зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэжээ. 

Өөрөөр хэлбэл ашигт малтмал олборлох явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөлөл урьдчилан тодорхойлогдоогүй, тодорхойлуулах талаар эрх бүхий байгууллагаас тавьсан нөхцөл шаардлагыг хангаагүй хүсэлтийг хүлээн авч ашигт малтмал ашиглах эрх олгосны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь удаа дараа олборлолт явуулж нэхэмжлэгч иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан гэж үзэхээр байна. 

Иймээс нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж шаардсан нь иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд учирч болох хор хөнөөлийг урьдчилан тогтоох зорилготой байхад түүнийг үл тоомсорлон ноцтой үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргасан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай /1998 оны/ хуулийн 3.1.1, 4.1, 5 дугаар зүйлийн 5.4.8-т “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэд, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн саналыг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгана” гэж заасны дагуу тэдний эрхээ хамгаалуулах үндсэн баримт бичиг мөн гэж маргаж байгааг үгүйсгэх боломжгүй. 

2.2. Хариуцагч нь “М” ХХК-нд 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр  **-******1 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заасныг үндэслэл болгожээ.

Гэтэл Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай” хуулийг батлан гаргасан. Уг хуулиар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хил заагийг тогтоох, хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх журмыг тус тус Засгийн газар батлан гаргахаар хуульд зааж өгсөн.

Учир нь уг хуулийн гол агуулга  нь гол, мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглож, цаашид дээрх хуулиар хориглосон бүсэд тусгай зөвшөөрөл олгохгүй бөгөөд геологи уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхгүй байх үзэл санааг хууль тогтоогчид  энэ хуулинд тусгажээ. 

Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг; Усны тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.2-т “ усны сав газар” гэж гадаргын ус хурах талбай, газрын доорхи ус агуулсан чулуулаг бүхий орчинг;   3.1.3-д “усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газрыг;  3.1.4-д“онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг; ойлгоно гэж хуулийн нэр томъёогоор нэрлэн тодорхойлжээ.

Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.5-д ”Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” байхаар хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий **-******1 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандалын голын адаг”, Тэгшин орд нь урсац бүрэлдэх сав газрын эхэд хамаарагдаж байх бөгөөд Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу усан сан бүхий газарт хамрагдаж байна 

Усны хэрэг эрхлэг газраас “Тэгшийн гол нь Байдраг, Мандалын голын бэлчирт оршин бөгөөд олон жилийн цэвдэг тархсан нутаг байна. Энэ нь газрын доорхи усны нөхөн сэлбэгдэлд гол нөлөөлөл үзүүлэхээс гадна Байдраг, Мандалын голын урсац, газар доорхи ус хоёр нь гидравлик  холбоотой гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд олборлолтын үйл ажиллагаа явуулахад цэвдэг гэсэж Мандалын болон Байдрагийн голын тэжээгдэлд сөрөгөөр нөлөөлнө” гэх дүгнэлтийг  гаргаж байжээ.

Мөн Байдраг голын эхэнд Мандалын гол цутгадаг бөгөөд Байдрагийн гол нь Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч Баянхонгор аймгийн нутгаар хойноос урагш чиглэн урсаж Жаргалант, Заг, Бууцагаан, Бөмбөгөр, Баацагаан сумдын нутгаар дайран өнгөрч говийн Бөөнцагаан /295 км/, Адгийн цагаан  нуурт /310 км/ усаа нийлүүлдэг. 

Энэ тохиолдолд Мандалын гол нь өөрөө усны сан бүхий усны эх бүрэлдэх газарт хамрагдаж байхад хариуцагчаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай” хуулийг илтэд зөрчин усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөл олгох зайлшгүй шааардлага байхгүй байхад нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад “М” ХХК-нд 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр  **-******1 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Энгийнээр хэлбэл хуулийн  4 дүгээр зүйлийн 4.3-д заасан “хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолыг гарах хүртэл олгохгүйгээр, түдгэлзүүлэх, хүлээх ёстой байсан бөгөөд гол мөрний болон Усны тухай хууль зэргээр нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байхад түүнийг үл хайхран ашиглалтын тусгай зөвшөөрлийг яаравчлан олгосон нь буруу байна.

2.3. Хариуцагчаас олгосон **-****** тоот ашигт малтмалын ашиглаллтын тусгай зөвшөөрлийн улмаас уугуул иргэд буюу тухайн нутаг орны экосистемтэй гүнзгий холбогдсон иргэдийн  зөрчигдөж болзошгүй эрх ашиг хөндөгдөхөөр байгаа талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт зайлшгүй гаргуулах шаардлагатай байсаар атал захиргааны байгууллага болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч төсөл хэрэгжүүлэх гэж буй хуулийн этгээдийн хэн аль хуульд тусгайлан заасныг үл тоомсорлосон байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтээр 4.6.3-д “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэх” гэж заасныг хангасан тохиолдолд тухайн төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг шинжээчид шийдвэрлэх, хэрэв боломжгүй гэж үзсэн тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үндэслэл бүрдэхээргүй буюу хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулах төсөлд тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн үндэслэлгүй болно.  

Ийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө ... байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах” гэж заасан шаардлагыг хуульчилсан байна.   

2.4. 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн ****/*/** дугаартай Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг “Мандалын голын адаг” нэртэй газарт байх “Тэвш” , “Мандал”-ын ордыг ашиглах төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлтээр  “...“Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай” хуулийг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх шаардлагатай...” гэж дүгнэсэн бөгөөд нарийвчилсан үнэлгээ хийлгэх үндэслэлдээ “...Мандал, Тэвшийн ордод олборлолт хийх эсэх талаар дүгнэлт гаргах, ордыг ашиглах явцад байгаль орчинд учруулах нөлөөллийг нарийвчилсан үнэлгээний үндсэн дээр тодорхойлох,...төсөл хэрэгжих тухайн нутагт амьдарч буй иргэд, сум, аймгийн төр захиргааны байгууллагад төслийн цар хүрээ, байгаль орчинд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөллийг дэлгэрэнгүй танилцуулах...”  зэргийг тусгажээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед нарийвчилсан үнэлгээний талаар гуравдагч этгээд болох “М” /*******/  ХХК болон “О” ХХК-иудаас Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан хийгдсэн гэж нэрлэн заах боловч энэхүү нарийвчилсан үнэлгээг хийсэн гэх “Тулга байгаль” ХХК-ийн шинжээч Ц.с “...миний хувьд хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй, баяжуулалтын олборлолтын технологийг өөрчлөх шаардлагтай гэж бичиж байсан..., манай компанийн хувьд нэгтэж , албан ёсоор хавтасласан зүйл байхгүй. Уг нь журмаар бол нарийвчилсан үнэлгээ хийсэн компани нарийвчилсан үнэлгээг батлуулах ёстой байсан..., Бид нар нарийвчилсан үнэлгээ хийж байхдаа Баянхонгор аймагт байх талбай дээр очиж үзэх талаар хэлж байсан боловч нэг ч удаа очуулаагүй. Уул уурхай явуулах боломжгүй байх магадлалтай газар байсан тул компанийг төлөөлөн явж байсан Н.А гэдэг залууд энэ талаар олон удаа хэлж байсан“ гэх мэдүүлэг , “Тулга байгаль” ХХК-ийн захирал Б.О “...манай компаний хувьд нарийвчилсан үнэлгээг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар оруулж батлуулаагүй гэсэн. Нарийвчилсан үнэлгээний тайланг хийж дуусгаагүй байхад нь “Ж” ХХК-ийн хүмүүс өөрсдөө файлаар нь аваад явсан гэсэн...” гэх мэдүүлэг , зэргээс үзэхэд Байгаль орчин нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг холбогдох хууль журмын хүрээнд батлуулаагүй болох нь тогтоогдож байх тул шүүх уг баримтын нотолгооны ач холбогдлыг үнэлэхгүйгээр орхих нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 сарын 20-ны өдрийн 04 тоот шийдвэр болон 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 04 тоот шийдвэрүүдээр “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй. 

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд тус яамнаас энэ бүсэд орсон алтны шороон ордын тусгай зөвшөөрөлтэй талбайд дээрх дүгнэлтийг гаргахгүй байгаа” гэсэн нотлох баримтуудын талаар нэгэнт дүгнэлт хийсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна. 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5-д заасныг зөрчин,  хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглосон хууль  хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад “М” ХХК-нд 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр **-******1 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь анхнаасаа хуульд заасан хүрээнд бий болоогүй, эрх зүйн илт алдаатай, захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчин хуулиас гадуур бүрэн эрхээ хэтрүүлэн гаргасан эрх зүйн акт байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 9.1.9-д заасан “өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн”, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах, хуульд заасан үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм. 

Гурав: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр “Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх  тухай” шийдвэр нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

3.1. Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай” хуулийг батласантай холбогдуулан Засгийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг батлах тухай 299 дүгээр тогтоол , 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг хэсэгчлэн тогтоох тухай 194 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан. 

Энэ тогтоолоор Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан гол мөрний урсацын дийлэнх хэсэг буюу 70 гаруй хувь нь бүрэлдэн бий болдог “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн зааг”-ийг бүсчлэлийн кодоор кодлон дугаарласан 18 аймгийн 109 талбай, 6958 цэгийн газарзүйн солбицол, талбай тус бүрийн хилийн урт /км/, талбай /км.кв/, харъяалах аймаг, сумаар нь нэг бүрчлэн тогтоосон байна. 

Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоох ажлыг Монгол орны бүх аймаг, сум, суурин газарт хүрч ажиллан Усны тухай хуулийн 16.1.5-д заасны дагуу 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамжийг гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд хүлээн авч нэгтгэн боловсруулсан байна.

Энэхүү мэдээллийн санд тухайн төсөл хэрэгжих Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутаг “Тэвш”, “Мандал”-ын ордын Мандалын гол нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай” хуулиар үйл ажиллагаа явуулах эрх нь хязгаарлагдсан байсан болно. 

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид хуралдан 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Алт олборлолтын үйл ажиллагааг зогсоох тухай” 09 тоот , 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 36 тоот  тогтоолуудыг батлан гаргажээ. 

Эдгээр тогтоолуудаар дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулахаар **-******1 тоот тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг хориглосоныг шүүх хянан хуульд нийцсэн үндэслэл бүхий эрх зүйн акт болохыг тогтоосон шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна . 

3.2. Маргаан бүхий **-******1 тоот тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахыг тухайн бүс нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдлага болон орон нутгийн иргэд эс зөвшөөрсөөр байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлйн 49.3-т заасныг үндэслэн “М” ХХК-ийн **-******1 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “О” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн нь  хууль бус байна .

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай” хуулийн дагуу гарсан Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 тоот тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны лавлагаа , Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт  зэргээс харагдаж байна. Харин Ашигт  малтмалын газрын Кадастрын хэлтэс дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5-д зааснаар хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэгт холбогдох арга хэмжээ авахаар байгааг анхаараагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн  49 дүгээр зүйлийн 49.6.1-д заасантай нийцээгүй.

**-******1 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон  шийдвэр нь анхнаасаа хууль зөрчиж гарсан илт хууль бус акт тул түүнийг шилжүүлсэн шийдвэр нь мөн адил илт хууль бус шинжийг агуулж байгаа илт хууль бус акт гэж үзэв.

Нөгөө талаар гуравдагч этгээд “О” ХХК-нд маргаан бүхий тусгай зөвшөөрлийг эзэмших хуулиар хамгаалагдах эрх хууль ёсны эрх ашиг үүсээгүй байна. Учир нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүх хууль ёсоор үүссэн эрхийг хамгаалах болохоос хууль бусаар үүссэн эрхийг хамгаалах үндэсгүй юм.  

Дөрөв: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс олгосон **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

 “О” ХХК-иас маргаан бүхий **-******1 тусгай зөвшөөрөл бүхий талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийг  2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасныг тус байгууллага хүлээн авч хянаад 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар “Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах тухай” шийдвэрээр **-******1 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Баянхонгор аймгийн Жаргалант сумын  Мандалын голын адаг” нэртэй 1130,73 га уурхайн эдэлбэр газраас 5 га газрыг буцаан авч, 254.32 га газарт шинээр **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. 

Хэдийгээр энэ үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Энэ хуулийн 55.2-55.4-т заасан “шаардлага хангасан бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрөлд зохих өөрчлөлтийг тусгах бөгөөд ингэснээр талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөнд тооцно.”, 55.6-д “Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авсан тухай зохих байгууллагад мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ” гэж тус тус заасантай нийцэж байгаа мэт боловч бодит байдалд эрх зүйн ямар нэг ач холбогдолгүй байна. 

Гэтэл хариуцагч Ашигт  малтмалын газар маргаж буй тусгай зөвшөөрлийг 2 хувааж, шинээр **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бий болгохдоо хуулийн ямар зүйл, заалтыг баримталсан, эрх зүйн ямар үндэслэлээр шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шинээр тусгай зөвшөөрөл бий болгосон шийдвэр гараагүй байгаа нь  Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчмыг баримтлана гэсэнтэй нийцэхгүй байна.  

Уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэхэмжлэгч иргэн Ю.Бгийн өвөлжөө, хаваржаа байрлаж байсан нь олборлолтод өртсөн гэдгийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд тайлбарлаж байх бөгөөд тусгай зөвшөөрөл бүхий талбайг хувааж шинээр бий болгосноор нэхэмжлэгчийн эрхэд халдсан захиргааны байгууллагын үйлдэл хэвээр үргэлжилж байна. Илт хууль бус захиргааны акт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тул түүнийг үндэслэж гарсан дараа дараагийн актууд нь мөн хүчин төгөлдөр бус байдаг.

Тиймээс илт хууль бус Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэрээр “М” ХХК-нд олгосон **-******1 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувааж олгогдсон **-****** тоот ашиглалтын зөвшөөрөл нь мөн илт хууль бус захиргааны акт болох юм. 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд тусгагдсан зөрчлүүд арилаагүй байгаа төдийгүй Ашигт  малтмалын газрын Кадастрын хэлтэс зураг зүйн шүүлт хийхдээ “хориглосон талбайтай давхцалтай” гэдгийг тогтоосон атлаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, шинээр тусгай зөвшөөрөл бий болгосон зэрэг захиргааны байгууллагын хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, шийдвэр гаргах ажиллагаа нь анхнаасаа алдаатай байгаа нь илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл болж байна.

Тав: Гуравдагч этгээд М” ХХК болон “О” ХХК-ийн “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч нарын субьектив эрх зөрчигдөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй...” гэх тайлбарыг доорх үндэслэлээр шүүх дүгнэлээ.

5.1. “Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч нарын субьектив эрх зөрчигдөөгүй” гэх талаар:

Монгол Улсын Үндсэн хуулиар  Монгол Улсын иргэн “...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй...” Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ...” гэж тогтоон хуульчилсан байна. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар иргэн байгаль орчныг хамгаалах талаар “...байгаль орчинд хортой нөлөөлснөөс эрүүл мэнд, эд хөрөнгөндөө учирсан хохирлыг түүгээр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх болон байгаль орчинд хортой нөлөөлсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардах, байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах...” эрхийг эдлэхээр, харин Төр нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэхээр хүлээжээ. 

Түүнчлэн уг хуулийн 17 дугаар зүйлийн 2-ийн 4-т “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” эрхийг Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргад олгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан тул иргэнБ.Ч, Х.Э, Д.Б, М.Н, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нар Төрийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар дээрх хуульд заасан эрхээ эдэлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ю.Б нь Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн байнгын оршин суугч  бөгөөд мөн сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 07 тоот шийдвэрээр түүнд Мандалын “*** *****”  нэртэй газар хаваржаа, Мандалын “Тэгш”  нэртэй газар өвөлжөөний зориулалтаар тус тус 0.7 га газар эзэмшүүлжээ.

Түүний хуулиар баталгаажуулан олгосон эзэмшил газар дээрх хаваржааны газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан, одоо тухайн газар дээрээ амьдрах боломжгүй болсоныг болон тусгай зөвшөөрлийн нийт талбайд хэд хэдэн айл амьдардаг болохыг гуравдагч этгээдээс хүлээн зөвшөөрч байна .   

Мөн Байдраг, Мандалын гол нь нийлж 5 сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч Бөөн цагаан нуурт цутгаж  тухайн нутагт амьдарч буй хүн, мал ундаалдаг төдийгүй Жаргалант сумын нутагт орших Байдраг, Мандалын голын бэлчир нь цэвдэгийн тархалттай бүс бөгөөд энэ нь гэсэж, хайлах тохиолдолд гол горхи тасрах, улмаар тухайн газрын ургамлын бүрхэц муудаж хуурай гандуу орчин бүрдүүлдэг  болох нь баримтаар тогтоогдож байна. Иймээс нутгийн иргэд өөрсдийн амьдардаг газар, ундаалдаг ус, эрүүл мэндэд халдсан хууль бус шийдвэрээс хамгаалуулахаар хандсан нь дээрх хуулиудад нийцэж байна гэж үзэв.

5.2. “Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх тухайд: 

Хэдийгээр нэхэмжлэгч нар 2011 оноос хойш дээрх маргаан бүхий тусгай зөвшөөрлийн ашиглалтын үйл ажиллагааг зогсоох талаар хуульд заасан арга хэмжээнүүдийг авч байсан боловч хариуцагчийн эрх хэмжээг хуулиар хориглосоор байхад  хуулиас давж “...“Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг хэсэгчлэн тогтоосон Засгийн газрын тогтоол гараагүй байсан..” гэх шалтгаанаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад илтэд хууль эрх зүйн үндэслэлгүй хууль бус акт гаргасан. Улмаар дараа дараагийн эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт гаргах үндэс суурийг тавьсанд нэхэмжлэгч нарын зүгээс өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй  гэж үзэж  шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах нь шудрага ёсонд нийцэхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан акт, байгуулсан гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацаа гаргах тасалдсан гэж үзэхээргүй байна.

5.3. “Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй” гэх тухайд: 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүй нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн хүн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг шийдвэрлүүлэх ажиллагаа бөгөөд нэгэнт энэ тохиолдолд хариуцагч тухайн шаардлагыг хүлээн авч хариу өгсөн байгаа  нь өөрөө урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсанд тооцохоор байна. 

Шүүхээс энэхүү хүсэлтийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байхаас гадна  урьдчилсан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн, нэмэгдүүлсэн тохиолдолд бүрт гаргах хуулийн зохицуулалт байхгүй болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд , шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “О”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар  зэргээр  **-******1 тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон нутгийн өөрөө удирдах байгууллага болон Байгаль орчны улсын байцаагчийн удаа дараагийн албан шаардлага, эрх зүйн актуудыг үл хайхран олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь тухайн хуулийн этгээдийг Монгол Улсад хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй хууль болон Төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй Захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэрт хэрхэн ханддаг болохыг харуулж байгааг дурьдах нь зүйтэй.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2, 49 дүгээр зүйлийн 49.10, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч иргэнБ.Ч, Х.Э, Д.Б, М.Н, Ю.Б, Баянхонгор аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг дарга нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 930 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн олгосон **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 294 дүгээр шийдвэр,  **-****** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төргөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй. 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.БАТБААТАР

                                        ШҮҮГЧИД                      Н.ДОЛГОРСҮРЭН

                                                                    Ц.МӨНХЗУЛ