Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2016/00949

 

                                  

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Д.Э- ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч:  Д.С- т холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 10,587,126 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          
    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-, өмгөөлөгч Р.Оюунцэцэг, хариуцагч Д.С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
                                                          
        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 сарын 25-ны өдөр өөрийн хашаа байшинг барьцаалж Капитал банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсан. Би банкнаас дээрхи зээлийг авч Сайханбаяртай зээлийн гэрээ хийж зээлдүүлсэн. Тэрээр банкны зээл болон зээлийн хүүг сар бүр төлөх, бас надад сар бүр хүү 300,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Сайханбаяр банкны зээлийн хүүг төлж байгаад 2014 оны 5 сарын 21-нд 500,000 төгрөгийн төлөлт хийгээд түүнээс хойш зээл төлөөгүй байсан. Сайханбаяр мөнгөө төлөхгүй байсан тул банк надаас зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 13,367,054 төгрөг нэхэмжлэн шүүхэд хандсан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс 2015 оны 2 сарын 26-нд 1411 тоот шийдвэр гарч уг мөнгийг би банкинд төлөхөөр болсон. Би шүүхэд хандан Д.С-аас банкны зээлийн үлдэгдэл 6,400,000 төгрөг, надад төлөх хүү 4,500,000 төгрөг, бүгд 10,900,000 төгрөгийг нэхэмжилсэн байсныг Д.С- төлнө гэж зөвшөөрч, 2015 оны 2 сарын 09-нд  1022 тоот шүүгчийн захирамж гарсан. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж Сайханбаяр 10,761,700 төгрөгийг төлсөн. Тэр мөнгийг би бүгдийг нь банкинд төлсөн. Банкны зээлээс үлдсэн 3,387,126 төгрөгийг Д.С- төлөхгүй байсан учраас би  төлсөн.
 2013 оны 7 сарын 26-наас хойш 2 жилээр тооцон 15,000,000 төгрөгөөс сард 300,000 төгрөгөөр тооцож 24 сарын хүү бүгд 7,200,000 төгрөг, банкны зээлээс үлдсэн 3,387,126 төгрөг нийт 10,587,126 төгрөгийг нэхэмжилсэн гэв.

    Хариуцагч Д.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 7 сард Э-атай уулзаж Хас банкинд байсан зээлийн үлдэгдлийг хааж 1,263,300 төгрөгийг төлж Капитал банкнаас Э-аар 15,000,000 төгрөгийн зээл авхуулаад хүнсний дэлгүүрийнхээ үйл ажиллагаанд зарцуулсан. 2013 оны 7 сарын 26-нд бид гэрээ хийж Капитал банкны зээл, хүүг би төлөхөөр тохиролцсон. Ингээд 2014 оны 5 сарын 21-нийг хүртэл Э-ийн зээл, хүүг төлж байсан ба Мэргэжлийн хяналтын газраас манай 8 нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг хурааж авснаас дэлгүүрийн орлого муудаж зээлийг төлж чадахгүй болсон. Э- нь намайг шүүхэд өгч 10,900,000 төгрөг нэхэж шийдвэр гүйцэтгэлийн албанд 2015 оны 10 сарын 06-нд 10,761,700 төгрөгийг төлсөн. Үүнээс гадна Капитал банкинд зээлийг төлж байсан. Нийт 20,000,000 төгрөг гаруй төгрөг төлсөн. Капитал банкны зээлийн үлдэгдэл 3,272,000 төгрөгийг зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна. Дэлгүүр болон өөрт байгаа бүх хөрөнгөө зарж Э-ыг хохиролгүй болгосон тул 7,200,000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэв. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:
 
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 
  
Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч Д.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон хохиролд 10,587,126 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Шүүх хуралдааны үед хариуцагч Д.С- нэхэмжлэлийн шаардлагаас 3,272,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч 7,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож эвлэрэн хэлэлцэх санал гаргасан боловч нэхэмжлэгч Д.Э- эвлэрхгүй гэсэн тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Э- нь 2013 оны 7 сарын 25-ны өдөр Капитал банкнаас 15,000,000 төгрөгийг сард 2,6 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, уг  мөнгийг хариуцагч Д.С-т зээлүүлж, түүнд 2013 оны 7 сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 сарын 26-ны өдрийн 1411 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2015 оны 2 сарын 09-ний өдрийн 1022 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, “Аяга Фермер” ХХК-ийн бланк дээр бичигдсэн талуудын хооронд байгуулсан 2013 оны 7 сарын 26-ны өдрийн “Тодорхойлох баримт” зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож, талууд энэ талаар маргаагүй байна. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагджээ.
    
Хэрэгт 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн тухай “Аяга Фермер” ХХК-ийн бланк дээр бичигдсэн 2013 оны 7 сарын 26-ны өдрийн 2 өөр агуулгатай “Тодорхойлох баримт” авагдсан ба хариуцагч талаас гаргасан эх хувь баримтанд зээлийн хүүд сард 300,000 төгрөгийг зээлдэгчээс зээлдүүлэгчид төлөх талаар тусгагдаагүй, нэхэмжлэгч талаас гаргасан хуулбар хувь баримтанд “...үүний тулд сар бүр 300,000 төгрөг өгөхөөр тохиролцов...” гэж бичигдсэн байна.
    
Нэхэмжлэгч Д.Э- Капитал банкинд зээлийн гэрээний үүрэгт төлөх 6,500,000 төгрөг, талууд тохиролцож үйлдсэн “Тодорхойлох баримт”-ын дагуу 2013 оны 7 сарын 25-ны өдрөөс 2014 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл 15 сарын 300,000 төгрөгийн хүүд 4,500,000 төгрөг, нийт 10,900,000 төгрөг нэхэмжилснийг Д.С- төлөхөөр хүлээн зөвшөөрснийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 сарын 09-ний өдрийн 1022 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар шийдвэрлэжээ.
    
    Хариуцагч Д.С- нь 2013 оны 10 сарын 01-ний өдрөөс 2014 оны 5 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 10 удаа нийт 7,163,600 төгрөгийг Д.Э-ийн зээл, зээлийн хүүд, 2015 оны 10 сарын 06-ны өдөр 10,761,700 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд тус тус төлсөн нь Капитал банкны орлогын баримтууд, 2015 оны 10 сарын 06-ны өдрийн Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдсон байна.
    
Нэхэмжлэгч Д.Э- нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2013 оны 7 сарын 26-ны өдрөөс хойш 24 сарын зээлийн хүү гэж 7,200,000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнээс 2013 оны 7 сарын 26-ны өдрөөс 2014 оны 10 сарын 26-ны өдөр хүртэлх 15 сарын хүүд 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
    
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ болох “Тодорхойлох баримт”-д уг гэрээний хугацааг буюу 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчид буцаан төлөх хугацааг тодорхойлж заагаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1.-д “Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ“ гэж заажээ.

Зохигчдын тайлбараар 2014 оны 5 сарын 21-ний өдрөөс хариуцагчаас Капитал банкинд 500,000 төгрөгийг төлснөөс хойш нэхэмжлэгч Д.Э- зээлээ төлөхийг хариуцагчаас шаардаж байсан ба ингэж шаардсанаас хойш 2014 оны 6 сарын 21-ний өдрийн дотор хариуцагч Д.С- зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Үүнээс үзэхэд гэрээний үүргээ биелүүлэх хуульд заасан хугацаа дууссанаас хойш  зээлийн хүү тооцох талаар талууд тохиролцоогүй, нөгөө талаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь хуульд зааснаар нэхэмжлэгчийг шаардсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дууссан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү тооцон нэхэмжлэх эрхгүй байна.

2013 оны 7 сарын 01-ний өдрийн Хас банкны орлогын баримтаар 1,263,226 төгрөгийг хариуцагч Д.С-аас /хх-ийн 35 талд/ нэхэмжлэгчид төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Э- нь зээлийн үлдэгдэлд  3,272,000 төгрөгийг төлсөн нь  Капитал банкны 2016 оны 4 сарын 29-ний өдрийн орлогын /хх-ийн 53 талд/ мэдүүлгээр нотлогдож байх тул  Д.С-аас  өмнө нь төлсөн 1,263,226 төгрөгийг хасч тооцож үлдэх 2,008,774 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 8,578,352 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
    
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйпийн  115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

         1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар хариуцагч Д.С-аас 2,008,774 /хоёр сая найман мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,578,352 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,400 төгрөгийг улсын орлогод хэвэр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47,090 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ